Вольфрам буюу гянтболдын үнэ гуравдугаар сарын сүүлийн долоо хоногт 32 хувиар өсөж, бүх цаг үеийн түү хэн дээд хэмжээнд хүрчээ. 2025 оны эхнээс хойш өнөөг хүртэл гянтболдын үнэ нийтдээ 557 хувиар өсөж, 65 хувийн агууламжтай баяжмал нь тонн тутамдаа 130 мянган ам.доллар даваад байна. Хятадын экспортын хязгаарлалт болон олон улс дахь зэр зэвсгийн эрэлт нэмэгдэж буй нь уг металлын үнэ ийн огцом нэмэгдэхэд нөлөөлж буй гэнэ. “XXI зууны дайнд асар их металл ашигладгийг Ойрх Дорнодын мөргөлдөөн тод харууллаа” гэж BMO-ийн шинжээчид онцолжээ.
Өнгөрсөн оны сүүлчээр Хятадын зарим түүхий эдийн экспорт тэг болж бууран, улмаар олборлолтын квотыг хязгаарласан. АНУ-тай худалдааны маргааны улмаас Бээжин өнгөрсөн жилийн хоёрдугаар сард гянтболдын зарим бүтээгдэхүүнийг экспортын хяналтын жагсаалтад нэмсэн байдаг. Тэгвэл саяхан АНУ 12 тэрбум ам.долларын чухал ашигт малтмалын нөөц бүрдүүлэхээр болж, үүнд гянтболд тэргүүлж буй аж. Гэвч Хятадаас бусад оронд энэ төрлийн металлын шинэ уурхайнууд 5-8 жилийн дараа нээгдэх төлөвтэй бөгөөд 2028 он хүртэл нийлүүлэлтийн хомсдол 17 хувиар эрэлтийг давна хэмээн таамаглажээ.
Гянтболд нь зэвсэг, хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн гол металлын нэг юм. Манай урд хөрш гянтболдын хамгийн том нөөцтэй улс ба АНУ-ын Геологийн албаны мэдээллээр дэлхийн нийт үйлдвэрлэлийн 79 хувийг тэд дан гаараа эзэлж байна. Монгол Улс сүүлийн найман жилийн хугацаанд 5500 тонн гянтболд экспортолсон бөгөөд 65 хувийн агуулгатай баяжмалын жишиг үнэ 2025 оны нэгдүгээр сард 19.5 мянган ам.доллар байсан бол жилийн эцэст 45, улмаар 2026 оны гуравдугаар сард 110 мянган ам.доллар хүрч өссөн байна.
Г.Сансар