Манай улс төсвийнхөө 30 гаруй хувийг уул уурхай салбараас бүрдүүлдэг. Түүнчлэн нийт экспортын 90 орчим хувийг эрдэс бүтээгдэхүүн эзэлж, захиран зарцуулж буй гурван төгрөг тутмын нэгийг нь эл салбараас босгодог гэсэн үг. Эрдэс баялгийн нийлүүлэлтийн дийлэнх нь түүхий нүүрс, зэс. Зөвхөн нүүрс, зэсэд тулгуурласан борлуулалтыг өөрчлөх, бусад ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлага бий. Эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд эрж хайна, олборлоно. Тэгвэл одоогоор улсын хэмжээнд ашигт малтмалын ашиглалтын 1700, хайгуулын 2900 нийт 4600 гаруй тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр үйлчилж байгаа аж. Энэ нь нийт газар нутгийн 4-5 хувьтай тэнцэхүйц хэмжээ бөгөөд сүүлийн 10 орчим жил бараг өөрчлөгдөөгүй дүн юм.
Харин уул уурхай салбар өндөр хөгжсөн, экспортын орлогод нь газрын хэвлийн баялаг, түүний бүтээгдэхүүн томоохон байр суурь эзэлдэг Канад, Австрали зэрэг улсад нийт нутгийнхаа 60-70 хувьтай тэнцэхүйц хэмжээний талбайд хайгуул болон ашиглалтын лиценз олгосон байдаг аж. Бидний асуудал бол тусгай зөвшөөрөл олгохдоо нэг бол харам, эсвэл ямар ч хяналтгүй хандаж ирсэнд байдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Нэмээд хайгуул, ашиглалтын ажил хийхэд орон нутгийнхантай үл ойлголцох, ажил удаашрах бүр огт “хөдөлж” чадахгүй байх явдал түгээмэл. Эдгээрийн үр дагавараар шинэ ашигт малтмалын эрэл мухардах, нөөцийн мэдээлэл бүрдүүлэх, баталгаажуулах зэрэгт ахиц гарахгүй байна. Эл асуудлыг хэрхэн шийдэж, ашиглах, олборлох эрдэс бү тээгдэхүүний нэр, төрлөө олшруулж болох бол.
Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-аас хайгуулын салбарт ахиц гарч, тусгай зөвшөөрлийн тоог нэмэгдүүлэх зорилгоор боломжит бүх хэлбэрээр сонгон шалгаруулалт явуулж буйг мэдээллээ. Энэ хүрээнд 2025 оны хоёрдугаар хагасаас эхлэн долоо хоног тутам, хайгуул хийх 10 хүртэлх талбайн мэдээллийг бэлтгэн, санал болгосон гэв. Ингэснээр аж ахуйн нэгжүүд бүхий л төрлийн ашигт малтмал хайх, цаашид ашиглах нөхцөлийг бүрдүүлж байгаа аж. Энэ тухай АМГТГ-ын Хайгуул, ашиглалтын газрынхан “Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас 2026 оныг эдийн засгийг өргөтгөхөд чиглэсэн эрх зүйн шинэчлэлийн жил болгон зарласан. Хууль эрх зүйн орчныг шинэчлэх нь салбарыг тогтвортой хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилготой. Үүний тулд АҮЭБЯ, АМГТГ, Үндэсний геологийн алба хамтран 21 аймагт Ашигт малтмалын тухай болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр хайгуулын тусгай зөвшөөрлийг олон төрлөөр олгох, эрлийн ажлыг эрчимжүүлэх, чухал ашигт малтмалын зохицуулалтыг шинээр бий болгох зэрэг санал гарсан. Мөн уул уурхайн салбараас орон нутагт хүртэх өгөөжийг нэмэгдүүлээч гэсэн хүсэлт олон байна. Тухай бүрийг нь бид нэгтгэн хуулийн төсөлд тусгахаар ажиллаж байна. Хэрэв одоо мөрдөж буй эрх зүйн орчныг өөрчлөхгүй бол 2050 он гэхэд л уул уурхайн салбарт шинэ хөрөнгө оруулалт огт орж ирэхээ болих эрсдэл бий. Түүнчлэн тусгай зөвшөөрлийг олон төрлөөр олгох, хайгуул хийх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор өнгөрсөн улиралд гэхэд л улсын хэмжээнд 300 орчим талбайд хайгуулын сонгон шалгаруулалт зарласан. Хамгийн их хөрөнгө зарцуулдаг, эрсдэлтэй хэмээн тооцогддог газрын тосны хайгуулд одоогоор 20 орчим компани ажиллаж, уламжлалт газрын тос эрж байна. Нэг үеэ бодвол хайгуулын ажил эрчимжсэн гэж болно. Цаашид ч бид хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдтэй нээлттэй хамтран ажиллана” гэлээ. Мөн АҮЭБЯ-наас “Монгол Улсын нийт газар нутгийн 80 орчим хувь нь улсын тусгай хамгаалалттай болон бусад хууль тогтоомжоор үл хөндөх газар байна. Тиймээс үлдсэн 20 хувьд л бид ашигт малтмалын хайгуул, олборлолт, ашиглалт, үйлдвэрлэл явуулах боломжтой. Гэхдээ эдгээр бүс нутгийн дийлэнх нь илэрцгүй гэдгийг анхан шатны эрэл, судалгаагаар тогтоосон юм билээ. Тиймээс улсын тусгай хамгаалалттай бүс болон “Урт нэртэй” хуулиар хамгаалагдсан нутгийг эргэн харах шаардлагатай. Ерөөсөө л эхний ээлжид хайгуул хийх боломжийг маш өргөн хүрээнд олгох шаардлагатай. Уг нь уул уурхай бол асуудал бага үүсгэдэг, орлого их олдог салбар. Хамгийн гол нь олсон орлогын хуваарилалт, зарцуулалтаас үүдсэн маргаанаас л эл салбарын нэр хүнд “унасан”. Тиймээс хуваарилалтыг зөв хийж, орон нутгийнхан, уугуул иргэдийн амьжиргааг дэмжиж, илт үр ашиг нь харагддаг бол бид ашиглалт, хайгуулын зөвшөөрлийн сөрөг үр дагавар гээд маргалдаад байх шаардлагагүй. Тухайн орчны маш бага талбайд уул уурхай эрхэлж байхад л иргэд том хохирол амсах нь хэмээн эсэргүүцдэг. Тиймээс иргэдтэйгээ ойлголцож, зөв мэдээллээр хангаснаар бид хайгуулыг үр дүнтэй явуулна.Энэ талаар ажиллаж л байна” гэлээ.
Төрийн байгууллагаас нь хайгуулын ажил урагшилж байна, сонгон шалгаруулалтыг олон талбайд зарласан, ажил идэвхтэй явагдаж байна гэсээр. Харин хувийн хэвшлийнхэн болон төрийн бус байгууллагынхан, иргэд өөр байр суурь илэрхийлж байна. Тухайлбал, Монголын геологийн холбооны гүйцэтгэх захирал М.Ариунболд “АМГТГ-аас зөвхөн сонгон шалгаруулалтаар хайгуулын талбайд үйл ажиллагаа явуулах боломж олгох нь учир дутагдалтай. Үүн дээр нэмээд өргөдлөөр талбай олговол зохино. Ерөөсөө суурь судалгаа хийсэн, эсэхээс үл шалтгаалж шинэ талбайд ч өргөдлөөр ажиллуулах хэрэгтэй. Ингэснээр компаниуд, хөрөнгө оруулагчдад илүү боломж үүснэ. Өргөдлөөр талбай хуваарилах ажлыг хуульд тусган, мэдээллийг нь нээлттэй болгоосой. Бас орон нутгийнхантай ойлголцохоо больсон, ажил хийхэд улам хүндрэлтэй боллоо. Энэ асуудал тав, арван жилийн өмнөхөөс ч илүү ноцтой байдалд хүрлээ. Хувийн, төрийн өмчит ч бай компани ажил хийхээр очмогц л иргэд нь ч, нутгийн удирдлагын байгууллагынхан ч хөөдөг.
Өөрдсөө дур мэдээд, ямар ч зөвшөөрөлгүйгээр ажил хийхээр очдог нэг ч компани байхгүй. Гэтэл орон нутгийнхан огт халгаадаггүй. Зөвхөн ашигт малтмал олох бус, усны, газрын хагарлын, геохимийн зэрэг олон төрлийн судалгаа байдаг. Гэтэл алийг нь ч хийлгэдэггүй, маш их дарамт учруулдаг. Үүнийг л цэгцэлмээр байна. Төрийн байгууллагаас, салбарын яамнаас, АМГТГ-аас төлөөлөн орон даяар явж сургалт, сурталчилгаа хийж, мэдээлэл өгөх нь зүйтэй. Хайгуулын ажлаас өмнө мэдээллийн аян хийе. Бас нэг журам мөрдөж, нэг хууль шинээр батлах гэсээр байтал цаг хугацаа өнгөрөөд, ажиллах, ашиг олох боломжоо алдчихдаг. Гэтэл дэлхий дахинд аж үйлдвэрлэл, уул уурхайн салбар асар хурдан хөгжиж, өгөөжөөрөө бүтээн байгуулалт хийж, иргэдийнх нь амьжиргаа дээшилсээр. Гэтэл бид хэлэлцээд л, хуулиа шинэчилнэ, сайжруулна, эрх зүйн орчноо боловсронгуй болгоно гэсээр олон жил өнгөрлөө” хэмээв.
Хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг хумьсан, шинээр олголгүй удсан зэрэг нь наймаа, хууль бус солилцоо гаарсантай холбоотой гэдэг. Нэг хүн, нэг компани тусгай зөвшөөрөл олныг авч борлуулах, хөрөнгө олох хэрэгсэл төдийгөөр ашиглаж ирсэн, мөн их, бага ямар ч хэмжээний ажил хийсэн хөрс, байгаль сүйдэлдэг, нөхөн сэргээлт хийдэггүй гэсэн асуудал дагуулдаг. Тэгвэл ашигт малтмалын 10 ба түүнээс дээш тусгай зөвшөөрөл эзэмшдэг нийт 11 компани байгаа аж. Үүнээс хамгийн олон нь МАК болон “Эрдэнэс критикал минералс” тус бүр 25 лиценз эзэмшдэг аж. Мөн 2025 оны хагас жилийн байдлаар 215 тусгай зөвшөөрлийг банкууд барьцаалсан байснаас Худалдаа, хөгжлийн болон “Голомт”, ХААН зэрэг томоохон таван банк 56 хувийг нь эзэмшиж байна. Харин ББСБ болон бусад банк 94 тусгай зөвшөөрөл эзэмшиж, нийт барьцааны 44 хувийг авчээ. Зөвшөөрлөө барьцаалах нь буруу биш бөгөөд банкуудын хувьд эрсдэлээ бууруулах, зээлдэгч нартаа итгэх итгэл болдог гэнэ. Харин ББСБ-ууд тусгай зөвшөөрлөөр дамжуулж жижиг хэмжээний зээл олгон, санхүүгийн системийн ачааллаас үүрэлцэж, хөрөнгө оруулалтыг баталгаажуулдаг хэмээн санхүүгийн шинжээч О.Бат-Очир ярив.
Манай улс албан ёсоор 1998 оноос хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд энэ хугацаанд нийт 14 000-ыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд хуваарилсан гэсэн статистик бий. 100 хайгуулын зөвшөөрөл авч, эрлийн ажил хийж, судалж байж нэг нь л ашиглалтынх болж иржээ. Тиймээс ийм эрсдэлтэй салбарт төсвийн хөрөнгөөр байнга хайгуул хийх боломжгүй. Харин хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхнийг урих, хамтран ажиллах шаардлагатай гэсэн үг. Гэтэл хууль, эрх зүйн орчин тогтвортой биш, орон нутгийнхантайгаа үл ойлголцдог, журам, тогтоолоо биелүүлдэггүй, төрийн албаныхан нь хүнд суртал гаргадаг гээд асуудал мундахгүй. Бас эдгээр асуудлаа засаж сайжруулна гэсээр цаг алддаг. Үүнийг даруй засаж залруулах сан. Түүнчлэн хайгуул хийх боломжтой бүс нутгийн мэдээллийг нэг цэгт төвлөрүүлэх шаардлага үүсээд байна. Одоо бол мэдээлэл нь тал талд байгаа бөгөөд заримыг нь Үндэсний геологийн албанд хандаж байж, цаасан хэлбэрээр олж авдаг. Олон улсад (нууцлах шаардлагатайгаас бусад) геологийн бүх тайлан, зураглалыг бүрэн цахимжуулж, хэн ч хаанаас ч үзэх боломжоор хангаж өгчээ. Мэдээлэл нээлттэй байх тусмаа сонирхол татаж, тэр хэрээр орд илрүүлэх боломж өсөн, улмаар эдийн засгийн өгөөж дээшилдэг гэнэ. Мөн зарим мэдээллээ төлбөртэй болгож, сонирхсон хүмүүст нь борлуулж, ашиг олдог аж.
С.Дулам