Профессор Ч.Пүрэвдоржийн “Амьдралын төлөөс” бүтээлийг Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан, Япон хэлнээ хөрвүүлэн гаргалаа. Монгол яруу найрагчид уран бүтээлээ гадаад хэлээр орчуулж, олон улсын зах зээлд нэвтрүүлэх нь “Өдрийн од” мэт үзэгдэл билээ. Түүний эл бүтээлийг Монгол судлаач, Кимүра Аяако хөрвүүлсэн байна. Номын нээлтийн ёслолын үйл ажиллагаанд Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал О.Энхжавхлан, Монгол судлаач Ю.Н.Кручкин, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл зохиол судлаач О.Самбуудорж тэргүүтэй Монголын уран зохиолын салбарын “Акулууд” оролцлоо.
Түүхийн нэгэн цагт морьтон Монголчууд дэлхийн талыг эзэлж, сүр хүчээ гайхуулж байсан бол өнөөгийн Монголчууд ном, бүтээлээрээ дэлхийг байлдан дагуулаасай гэх чин хүсэл өвөрлөж, өөрийгөө умартаж, өрөөлийн мэдлэгийг тэлэхээр бүтээлээ туурвисан эрхэм профессор танаараа Монгол Улсын Боловсролын их сургуулийнхан үргэлж бахархаж явдаг шүү”
"Амьдралын төлөөс" номын зохиолч Ч.Пүрэвдорж: “Монгол, Япон гэх хоёр улс “гар барьж”, сэтгэл зүрхээ нэгтгэсний 50 жилийн ойд гайхамшигт бүтээл туурвиж байгаа нь энэ. Өөрийн яруу найргийн номоо Японд хэлэнд хөрвүүлж, хэвлүүлэн, тус улсад худалдаалах нь нэр төрийн хэрэг. Япон Монголын ард түмэн олон зүйлээрэй холбоотой билээ. Ялангуяа яруу найргийг төрийн хэмжээнд хүндэтгэдэг ард түмэн гэдгээрээ онцлог. Тухайлбал, Японы эзэн хаан жил бүр яруу найргийн баяр тэмдэглэдэг. Харин Монголын нууц товчооны 20-30 хувь яруу найргаар бичигдсэн байдаг. Эл бүтээлийг Күрүма Аяако орчуулсан. Түүний хувьд өөрийн амьдралаа Монголтой холбосон судлаач эмэгтэй. Дэлхийн хөгжлийг тэргүүлж яваа Япон Улсад Монголын зохиолчдын бүтээл хэвлэгдэж гарах нь хоёр орны ард түмэн ойлголцох “Утсан хэлхээ”-г нэмж буй явдал юм. Энэ утас хэдий нарийнхан ч гэсэн тросс шиг бат бөх байгаасай гэж хүсэж байна. Мөн би байхгүй болсон ч ирээдүй хойч үе минь энэ үйлийг үргэлжлүүлэн, цар хүрээг нь тэлээсэй хэмээн хүсье” гэв.
Монгол судлаач, ОХУ-ын иргэн Ю.Н.Кручкин “Монголын яруу найраг дэлхий даяар алдарших ёстой гэж би бодож байна. Бид үүгээр зогсохгүй цаашдаа Ч.Пүрэвдорж гуай болон бусад зохиолчдын шүлгийг орчуулахад чадах чинээгээрэй хичээнэ ээ. Иргэд нь ном их уншдаг улс хөгжингүй, аз жаргалтай байдгийг судалгаагаар тогтоосон. Жишээлбэл, Норвеги, Шинэ Зеланд, Япон зэрэг орнуудын иргэд ном сайн уншдаг аж. Тэгэхээр ном бүтээл туурвиж буй зохиолчид Монголын ард түмнийг аз жаргалтай амьдрахад амиа хайрлахгүй зүтгэж байгаа гэхэд хилсдэхгүй” хэмээлээ.
Ташрамд дурдахад маргааш төв талбай дээр болох номын баярт профессор Ч.Пүрэвдоржийн “Амьдралын төлөөс” яруу найргийн номыг худалдаалах юм байна.
Номын нээлтэд оролцсон эрхмүүдийн гэрэл зургийг хүргэж байна.