ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Инновац, хамтын ажиллагааны салбарын эрхлэгч, доктор Н.Эрдэнэ-Очиртой ярилцлаа. Тус хүрээлэнгийнхэн 2020 оноос хойш “Өв соёлын голомт” төсөл хэрэгжүүлж буй юм.
-“Өв соёлын голомт” төслийнхөө талаар мэдээлэл өгөхгүй юү. Өдгөө аль шатандаа явна вэ?
-ШУА-ийн Археологийн хүрээлэн нь “Голомт” банк, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийнхэнтэй хамтран “Өв соёлын голомт” төслийг 2020 оноос эхлүүлсэн юм. Төслийн хүрээнд Туулын Хар Түнэ хэмээх эртний хотын туурьд археологийн малтлага, судалгааг явуулсан. Өмнө нь Хэрэйдийн Тоорил хааны өргөө байсан хэмээн судлаачид үзэж байжээ. Гэтэл хотын шороон хэрэм бүхий үндсэн хэсэг нь Киданы үед, түүний дотор орших томоохон барилга нь XV-XVI зууны үед хамаарах сүм байсныг тогтоосон юм.
Өнгөрсөн онд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судалгааны баг Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутагт орших Хархул хааны балгасын бүсэд сорилын малтлага явуулж, буддын шашны эртний сүмийн туурийг анх удаа нээн илрүүлсэн юм. Ер нь Хархул хааны балгасын судалгаа 1980-аад оноос эхтэй бөгөөд Н.Сэр-Оджав, Д.Баяр, Д.Цэвээндорж, Б.Энхбат нарын судлаач жижиг хэмжээний малтлагыг хэд хэдэн удаа хийсэн байдаг. Нэрт археологич Н.Сэр-Оджав Хархул хааны балгасыг гурваас доошгүй цаг үед бүтээгдсэн хэмээн тодорхойлжээ. Малтлагаар илэрсэн дээврийн ваар, нүүр ваар, тамгатай, тамгагүй тоосго зэрэг олон төрлийн барилгын материал нь Хархорумын олдвортой төстэй. Тийм учир зарим барилга, байгууламжтай нь нэг цаг үед холбогдоно хэмээн үзсэн байдаг.
Хожим 2017-2019 онд Монгол-Германы хамтарсан экспедиц Хархул хааны балгасын орчмын бүсэд судалгаа явуулж, олон чухал дүгнэлт гаргасан. Судалгааг цаашид үргэлжлүүлэх шаардлагатай байсан тул 2022 онд БШУЯ-ны, 2023 онд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн санхүүжилтээр судалгааны ажлыг үргэлжлүүлсэн юм. Үүний үр дүнд хотын умард хэсэгт гадуураа явган хэрэмтэй, олон барилга, байгууламж бүхий буддын шашны томоохон сүмийн туурь, баганын боржин чулуун суурь, бурхан дүрсэлсэн ногоон паалантай дээврийн нүүр ваар зэргийг илрүүлсэн. Бид энэ тухай Эрдэм соёлын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Н.Амгалан ламд мэдэгдэж, тэрбээр дурсгалтай биечлэн танилцсанаар Аюуш бурхны дүрстэй, дээврийн нүүр ваар бүхий буддын шашны томоохон сүмийн туурь болохыг тогтоосон юм. Ийнхүү 2024 оноос “Өв соёлын голомт” төслийг Хануй голын савд орших Хархул хааны балгаст хэрэгжүүлэхээр тогтсон.
-Уг төслийг хэрэгжүүлэхийн давуу тал, гол ач холбогдол нь юу бол?
-Мэдээж олон талын ач холбогдолтой. Сүүлийн үед төр засгаас соёлын өвийн олон талт судалгааг хэрэгжүүлж, эрдэм шинжилгээний байгууллагуудыг бодлогоор дэмжиж байна. Монголд жил бүр нээлтийн чанартай, археологийн олон дурсгал нэмэгдсээр байгаа. Тэр бүгдийг улсаас санхүүжүүлэх боломжгүй. Тиймээс хувийн байгууллагууд энэ орон зайг нөхөж буйг маш зөв гэж боддог.
-Манай улсын төвийн бүс буюу Хангайн нуруу, Хануй голын сав нутгаар нүүдэлчдийн олон үеийн түүх, археологийн дурсгалт газрууд бий гэдэг. Үүний нэг нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутагт орших Хархул хааны балгас шүү дээ. Тэнд малтлага хийх явцад барилгын материал үйлдвэрлэх 40 орчим зуух илрүүлсэн гэж сонссон.
-ШУА-ийн Археологийн хүрээлэн ХБНГУ-ын Боннын их сургуультай хамтран 2017-2019 онд Хархул хааны балгасын бүсэд явган хайгуул, геомагнетикийн судалгаа хийж, хотын бүтэц, зохион байгуулалтыг тодруулан, дэвсгэр зураг гаргасан юм. Хайгуулаар анх удаа Хануй голыг түшиглэн барьсан барилгын материал үйлдвэрлэх 40 орчим зуух илрүүлж, түүнээсээ хоёрыг нь малтан судалсан. Тэдгээр зуух нь Хархорумынхтай харьцуулахад урдаа нэмэлт галын камертай, илүү боловсронгуй бүтээснээрээ онцлогтой.
-Огтлолцсон олон өргөн чөлөө, цэгцтэй барьсан барилгууд, зохион байгуулалттай олгосон газраас нь тухайн үед хот төлөвлөлт өндөр түвшинд байсныг харж болно гэх юм билээ. Түүнчлэн эл хотын ерөнхий зохион байгуулалт Монголын эзэнт гүрний нийслэл Хорхорумынхтай төстэй гэсэн байх аа?
-Геомагнетикийн судалгаа бидэнд маш чухал үр дүн харуулсан. Дөрвөн замын уулзварууд, тэдгээрийг дагуулан цэгцтэй барьсан хэрэм хашаа, эзэмшил газрууд, олон тооны барилга, байгууламжийн туурь байсан. Энэ нь маш нарийн төлөвлөлтийн дагуу барьсан том хот байсныг гэрчилнэ. Одоогоор хотын бүсэд 7-8 дөрвөн замын уулзвар, огтлолцсон өргөн чөлөө, түүнийг дагасан олон барилга, байгууламж, сүм хийд, ордон, эзэмшил газар илрүүлснээс гадна тодорхой үйл ажиллагаа явуулж байсан дүүргүүдэд ч хуваах боломжтой. Тухайлбал, хотын зүүн өмнөд хэсгээс төмрийн баас, төмөр бэлдэц түүвэр байдлаар илэрсэн нь гар урчуудын дүүрэг байсныг илэрхийлнэ. Мөн төслийн хүрээнд Хархорум хоттой харьцуулах боломж бүрдэж байна. Эл хотын Цогт их сүм хотынхоо баруун хойно байрладаг. Хархул хааны балгас ч баруун хойно буюу хотын хойморт байрлаж байж. Сүмээс зүүн урагш хотын төв, дөрвөн замын уулзвар, баруун урагш Эрдэнэзуу хийд байна. Уг хийдийн доор Түмэн амгалант ордон бий гэж үзэж байгаа. Хархул хааны балгас ч мөн адил. Сүмээс зүүн урагш гадуураа өндөр шороон хэрэмтэй маш том ордны туурь бий. Энэ хоёр хот хоорондоо нэлээд төстэй төлөвлөлттэй гэсэн үг.
-Тус сумд 1968 онд Мал аж ахуйн машинт станц байгуулж байжээ. Үүнээс үүдэн хотын ихэнх хэсэг тариалангийн бүсэд сүйдсэн гэх юм билээ. Энэ нь археологийн үнэт олдворуудыг илрүүлэхэд хүндрэл учруулав уу?
-1968 онд Мал аж ахуйн машинт станц байгуулж, атар газар хагалсан гэдэг. Хархул хааны балгас буюу эртний хот оршиж байсан Хануй голын хөндий бол хот байгуулахад хамгийн тохиромжтой, экологийн тэнцвэр нь одоо хүртэл алдагдаагүй бүс нутаг юм. Би ахмад тракторч Х.Баасанжав гуайтай уулзаж байлаа. Тэрбээр “Тракторын хутга 26 см гүнд газар хагалдаг. Тэр үед балгасын орчимд тогоо, ваар, сав гэх мэт олон зүйл “гарч ирдэг” байсан. Бид балгас руу ойртуулаад орхидог байсан” гэж хуучилж байлаа. Хот хаа хүртэл үргэлжилж байсан нь тодорхойгүй. Эртний хотын бүсэд олон жил газар хагалсан. Ингэхдээ тариан талбайг ч мөн цэвэрлэсэн. Сум байгуулахад хотын тууриас чулуу ихээр зөөсөн байхыг үгүйсгэхгүй. Тухайлбал, сумын хуучны арван жилийн сургуулийн үүдэнд баганын хоёр боржин суурь одоо хүртэл байдаг шүү дээ.
2023 онд сүмийн малтлагаас илрүүлсэн дээжийг бид Япон руу илгээж шинжлүүлэхэд 1224-1275 он буюу XIII зуунд холбогдоно гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр энэ хот одоогоос 800-гаад жилийн тэртээд холбогдоно гэхээр нурсны дараах үйл явц нь нэг удаагийнх бус, хэдэн зуун жилээр хэмжигдэх болж байна.
-Тэгэхээр Хархул хааны балгас XIII зуунд хамаарна гэсэн үг үү?
-Урьдчилсан байдлаар XIII зууны үед холбогдоно гэж үзэж байна. Он цагийг энэ жил дахин тогтооно, дээж шинжлүүлнэ. Ер нь Цогт их сүмтэй ойролцоо гэж үзэж байгаа. Бүтэц, зохион байгуулалтын хувьд хоёр дахин багасгасан хувилбар нь байж болох юм. Цогт их сүм таван давхар асар дээвэртэй, 90 метрийн өндөртэй байсан. Хархул хааны балгасын сүм нь 34 баганатай байж. Тэгэхээр багадаа хоёр давхар дээвэртэй, 40 метрээс багагүй өндөртэй сүм гэж үзэж болохоор. Мөн баруун, зүүн талаараа тус бүр дөрвөн дугантай, урдаа үүдний сүмтэй, тойроод явган шороон хэрмэн хашаатай байжээ. Хашааны зүүн хойд хэсэгт ахуйн зориулалттай хоёр барилгын суурь бий. Эл сүмийн зүүн талд мөн явган шороон хэрэмтэй бас нэг томоохон сүмийн туурь байгааг илрүүлсэн. Хархул хааны балгас хэмээх эртний хот магадгүй XIII зууны бурхан шашны томоохон төв байсныг үгүйсгэхгүй. Түүнийг дагасан худалдаа, эдийн засгийн том төв байх магадлалтай юм.
-Малтлага, судалгааны үед илрүүлсэн сонирхолтой, ач холбогдол бүхий ямар ямар олдворууд байгаа бол?
-2024 оны малтлагын явцад нийт 34 баганын боржин суурь илрүүлсэн. Сүмийн гол хэсэгт шүтээний төв байх боломжтой танхим маягийн том орон зай буйг тогтоосон. Сүмийн суурийг маш сайн хүчитгэжээ. Тухайлбал, захын баганаас гадагш 1.5 метрийн зайд шороо дагтаршуулсан. Үүнийг газрын өнгөн хөрснөөс дээш 1.6 метр өндөрлөж, гадуур нь тоосгоор хашсан байв. Эл хашлагаас гадагш 12 метрийн урт зайд 30 см-ийн зузаан шороо дагтаршуулж, сүмийн тойрсон хэсгийг бэхжүүлжээ. Тэгэхээр нүсэр суурь болох нь ойлгогдоно. Зарим боржин чулуун баганын сууринд дунджаар 50 см-ийн голчтой ёзоор үлдсэн байв. Дээврийн ваар их зузаан, хүнд, дэлний чимэглэлүүд нь бүгд паалантай бөгөөд хоёр төрлийн нүүр ваар илэрсэн юм. Нэг нь Аюуш бурхны, нөгөө нь бурхан багшийг гуутайгаар дүрсэлсэн байв. Аюуш бурхантай нүүр ваарын голч нь 17 см. Мөн махранз бурхны хэсгүүд болон дээврийн дэлийн янз бүрийн чимэглэл олдсон. Эдгээр чимэглэлийг энд хийснийг нотлох хэвүүд ч олноор гарч ирж байна. Хархорумын Цогт их сүмээс олдсон шавар бурхны чихний хэв нь Хархул хааны сүмээс ч илэрч байх жишээтэй. Тэгэхээр энэ хоёр сүм яах аргагүй нэг цаг үед холбогдох нь тодорхой. Энэ мэт сонирхолтой олдвор цөөнгүй. Уг сүмийг нурааснаас хойш олдвор, дурсгалуудыг нь маш их зөөжээ. Тухайлбал, шалны тоосгыг зориуд ховхлон зөөснийг хөх шаварт үлдсэн ормууд гэрчилж байна. Мөн сүмийн дээврийн чимэглэлүүд ихэд бутарч, үгүй болсон тул өөр хоорондоо муу эвлэдэг. Түүнчлэн малтлагын үр дүнд сүмийг шатааж, түймэрдсэн нь тогтоогдсон. Гэхдээ маш том сүм байсныг нь илтгэх олон төрлийн паалантай чимэглэл, барилгын материалууд илэрсээр байгаа.
-Судалгааны явцад тулгарсан хамгийн хүндрэлтэй зүйл нь юу байв?
-Бидний хувьд энэ сүмийг малтаад, бүтнээр нь баримтжуулж, орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан анхны төрхийг нь сэргээх зорилготой. Гэвч энэ бүхний дараа сүмийг буцаагаад булах уу, яах вэ гэдэг асуудал бидний санааг зовоож байна. Соёлын өвийг хамгаалах тухай хууль болон түүнийг дагалдуулан гаргасан журамд зааснаар археологийн малтлага, судалгаа гүйцэтгэсэн бол дурсгалыг заавал нөхөн сэргээж, анхны байдалд нь оруулах ёстой. Сүмийн малтлага нь маш том талбайг эзэлсэн нүсэр ажил. Гэтэл ийм нүсэр ажлын дараа буцаагаад булна гэдэг маш харамсалтай. “Голомт” банкны зүгээс нэгэнт л эхлүүлсэн учир шаардлагатай бол ил музей байгуулах саналтай байгаа. Тиймээс бид өндөр хөгжилтэй орнуудын ил үзмэр болгодог туршлагуудыг судалж байна. Хэрэв ийм музей бий болговол хэн харж хандах вэ гэдэг асуудал ч тулгарна. Жишээлбэл, Хархорум хотын Цогт их сүмийг ил үзмэр болгосон. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар нэгэн харьяалал, харж хандах хүнгүйн улмаас эхнээсээ сүйтгэгдэж байна. Үүнийг давтмааргүй байна шүү дээ. Тэгэхээр Хархул хааны балгасын орчимд Судалгаа, мэдээллийн төв байгуулах зайлшгүй шаардлагатай. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Дуурлиг нарсны Хүннүгийн язгууртны дурсгалын орчимд ч ийм төв байгуулахаар төлөвлөж байна. Судлаачид байрлах боломжтой, гадаадын эрдэмтдийг урьж ажиллуулахад тохиромжтой, хурлын заал, мэдээллийн танхим, зоогийн газар зэрэг орчин үеийн шаардлага хангасан төв байгуулах зорилготой. Мөн зорин ирсэн жуулчдад дурсгалын талаар танилцуулж, нэг ёсондоо аялал жуулчлалын мэдээллийн төвийн үүргийг давхар гүйцэтгэнэ гэсэн үг. Судалгааны төвийг Хархул хааны балгас орчимд байгуулбал олдворын сан хөмрөг үүснэ. Мөн хотын туурь, сүмийн олдворуудыг зүй зохистой хадгалах боломж бүрдэх юм. Ийм нөхцөл бүрдүүлж, хотын тууриас илрүүлсэн томоохон байгууламж, олдворуудыг музей, ил үзмэр болгож гэмээнэ аялал жуулчлалын бүтээгдэхүүн нэмэгдэнэ. Ялангуяа Хануй голын сав бол аялал жуулчлалын үндсэн маршрутад ордог. Энд Судалгаа, мэдээллийн төв байх зайлшгүй шаардлагатай. Байнгын ажлын байр бий болгож, ил үзмэрүүдээ харж хандах, олон нийтэд сурталчлан танилцуулах зэрэг асуудлыг шийдэх гарц бий болно.
-Хархул хааны балгасаас гадна Түрэгийн хаадын суварга, Урт булгийн хиргисүүр зэрэг дэлхийд данстай археологийн дурсгал цөөнгүй бий шүү дээ. Эдгээрийг дэлхийн соёлын өвд бүртгүүлэх ажил өдгөө ямар шатандаа явж байна вэ?
-Хануй голын савд Хархул хааны балгасаас гадна Хүннүгийн хаад язгууртны булш, хүрлийн үеийн буган хөшөөт нүсэр цогцолбор бий. Мөн дэлхийд хамгийн томд тооцогддог Урт булгийн хиргисүүр бий. Түүнчлэн Уйгурын хаадын их ан авын талаарх бичээс дурсгалт Бичигт хангай, Түрэгийн хаадын нүсэр тахилын онгон Шивээт Улаан гэх мэт дэлхийд данстай археологийн олдвор байдаг.
Хануй голын хөндий, Хангайн нурууны бүсэд үе үеийн төрт улсуудын дурсгал цогцолбор байдлаар оршдог. 2023 онд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд буган хөшөөт цогцолбор дурсгалыг бүртгэсэн. Үүнд Хангайн нурууны бүсээс Жаргалантын ам, Хойд тамирын буган хөшөө, Уушигийн өвөр зэрэг газрыг төлөөлөл болгон багтаасан. Энэ жил хүннүгийн язгууртны оршуулгын дурсгал бүхий долоон газрыг ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээр өргөн бариад байна.
-Манай орон тал хээрийн бүс нутагтай, хүн ам сийрэг учир түүх дурсгалын хадгалалт дэлхийн аль ч бүс нутагтай харьцуулшгүй сайн байдаг гэх юм билээ. Энэ нь үнэн үү?
-Ер нь Хангайн нурууны бүс нь нүүдэлчид амьдрахад хамгийн таатай орчин. Монгол орныг Алтай, Хангай, тал хээр, говь гэсэн байгалийн үндсэн дөрвөн бүсэд ангилж болно. Эдгээрээс хүн амьдрахад хамгийн таатай нь Хангайн нуруу юм. Иймд Хангайн нурууны бүс Орхон, Тамир, Хануй, Хүнүй, Чулуут, Суман голын савд археологийн дурсгалын томоохон төвлөрөл бий болгож, энэ бүс нутагт эртний төрт улсууд үеийн үед гал голомтоо цогцлоон байгуулж ирснийг гэрчилдэг.
У.ЦЭЦЭГСҮРЭН