Монополын эсрэг газрын дарга Б.Билгүүнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тус байгууллага нь зах зээлийн шударга өрсөлдөөний замаар бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчийн эрх ашиг, аюулгүй байдлыг хангах, төрийн байгууллагын нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэхэд “санаа тавьдаг” юм.
-АИ-92 бензиний үнийг өнгөрсөн тавдугаар сарын 23-наас 200 төгрөгөөр нэмсэнтэй холбоотойгоор танай байгууллагаас хяналт, шалгалт хийсэн. Үүний дүнд шатахууны худалдаа эрхлэгч 21 аж ахуйн нэгжид 52.6 тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ. Шалгалтын дүн яагаад ингэж удав?
-Өнгөрсөн тавдугаар сард шатахууны үнийн зөвлөл хуралдсан. Тухайн хуралд аж ахуйн нэгжийн төлөөллүүд валютын ханш өссөн, эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас шатахууны үнэ нэмэх саналыг оруулж ирсэн юм. Хэдэн төгрөгөөр нэмэх, өртөг, зардлын тооцоолол хийх талаар төрийн байгууллага болон аж ахуйн нэгжийнхэн ойлголцолд хүрсэн. Харамсалтай нь, аж ахуйн нэгжүүд ямар нэгэн судалгаа, тооцоолол үзүүлэлгүйгээр шатахууны үнийг нэгэн зэрэг нэмсэн. Энэ асуудлыг хуучнаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар буюу одоогийн Монополын эсрэг газар чиг үүргийнхээ хүрээнд шалгалаа. Манай байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн гомдол, саналыг харгалзан хяналт, шалгалт хийх бүрэн эрхтэй. Үүний хүрээнд удирдамжтай шалгалт эхлүүлсэн юм. Тодруулбал, тавдугаар сарын 26-нд ажлын хэсэг томилж, аж ахуйн нэгжүүдийг 45 хоног шалгасан. Эл шалгалтаар аж ахуйн нэгжүүд үгсэн хуйвалдаж, үнэ тогтоосон байж болзошгүй гэдэг дүгнэлт гаргалаа. Нийт 46 аж ахуйн нэгжийг хянаж, шалгаад 21 нь үгсэн хуйвалдсан байх магадлалтай гэсэн дүгнэлтэд хүрсэн. 45 хоногийн шалгалтын дараа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар арга хэмжээ авах ёстой. Үүний дагуу 58 хоногийн дотор нотлох баримт, холбогдох этгээдүүдээс тайлбар, мэдээлэл авч, хавтаст хэрэг нээж, эцэслэн прокурорт хүргэдэг. Өөрөөр хэлбэл, энэ хяналт шалгалтын дараа, зөрчлийн хэрэг нээх үйл явц өрнөдөг. Нэг ёсондоо хуулийн хүрээнд заасан хугацаатай учир үр дүн нь хурдан гардаггүй. Мөн торгуулийн хэмжээг тогтоохын тулд хуулиараа өмнөх жилийн тухайн барааны борлуулалтын үнийн дүнгийн зургаа хүртэлх хувиар тооцдог. Ингэхийн тулд өмнөх жилийн борлуулалтын орлогыг компаниудаас авна, дүн шинжилгээ хийнэ. Түүнчлэн үнэ нэмсэн АИ-92 шатахууны борлуулалтын орлогыг тусад нь салгаж авах гэх зэргээр тооцоолох ажил ихтэй.
-Үгсэн хуйвалдсан шалтгаан, нөхцөлийг тогтоосон болов уу. Шатахууны үнэ нэмсэн нь улс төртэй холбоотой гэж зарим хүн үзэж байсан. Ямар ямар аж ахуйн нэгжид торгууль ногдуулсан талаар тодруулахгүй юу?
-Одоогоор аж ахуйн нэгжүүдийн нэрийг хэлэх боломжгүй. Нийслэл, орон нутаг дахь голлох аж ахуйн нэгжүүд бий. Шатахууны үнэ нэмсэн асуудал улс төрийн нөхцөл байдал эргэлзээтэй байсан үетэй давхацсан. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах хөдөлгөөн өрнөж байсан үе. Гэхдээ энэ нь улс төр гэхээсээ илүү Өрсөлдөөний тухай хууль зөрчиж, аж ахуйн нэгжүүд хоорондоо үгсэн хуйвалдаж үнэ нэмсэн асуудал юм. Ингэхдээ ямар нэг тооцоо, судалгаа, үндэслэл гаргаж өгөлгүй, бүгд 200 төгрөгөөр нэмсэн. Энэ нь үгсэн хуйвалдсан өнгө аясыг илэрхийлж байна. Олон улсын хэллэгээр бол картель үүсгэсэн байх магадлалтай. Гэхдээ эцсийн байдлаар торгууль тогтоосон гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, манай байгууллагаас 21 аж ахуйн нэгжид 52.6 тэрбум төгрөгийн торгууль тавьсан. Харин аж ахуйн нэгжүүд энэ асуудлаар шүүхэд хандсан. Шүүхийн шийдвэрээр эцсийн дүгнэлт гарна.
-Нэг аж ахуйн нэгжид хамгийн ихдээ хэдэн төгрөгийн торгууль ногдуулсан бэ?
-10 гаруй тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан.
-Шатахуун, түлшний хомсдол үүсэж, ШТС-уудад автомашинууд дугаарлаж байна. Зохиомол хомсдол үүсгэж буй, эсэхэд та бүхэн хяналт тавьж байна уу?
-Одоо өрнөж буй үйл явцыг манай байгууллагынхан маш нухацтай ажиглаж байгаа. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмал, газрын тосны газар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам зэрэг төрийн холбогдох байгууллагаас энэ чиглэлийн мэдээллүүдийг өдөр тутамдаа авч байна. “Шатахуун бий ч худалдахгүй байна” гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаад буй. Нөөц ямар байна, үнэхээр хомсдол үүссэн үү гэдгийг лавлаж, мэдээлэл солилцохын зэрэгцээ манай газрын байцаагч нар гадуур явж, тандах судалгаа хийж байна. Өөрөөр хэлбэл, ШТС-уудын агуулах, саванд бензин бий ч зарахгүй, эсвэл нөөцгүй болоод худалдахгүй байна уу гэдгийг шалгаж байгаа. Одоогоор шатахууны нөөц байгаа мөртлөө борлуулахгүй, зохиомол хомсдол үүсгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Хэрэв ийм байдал тогтоогдвол хуулийн дагуу арга хэмжээ авна.
-АИ-92 шатахуун литр нь 2950 төгрөгийн үнэтэй байна. Бууруулах боломж бий юү?
-Бид үнэ тогтоодог, хянадаг байгууллага биш. Харин өрсөлдөөний орчин байна уу, хоорондоо үгсэн хуйвалдаж, хэрэглэгчид сонголт бий болгох орчныг бүрдүүлж чадаж буй, эсэхэд хяналт тавьдаг. Тухайлбал, шатахуун худалдаж буй аж ахуйн нэгжүүд үнээрээ өрсөлдөж, хэрэглэгчээ татах ёстой. Иймд үнэ нэмсэн асуудалд аж ахуйн нэгжээс тайлбар шаардаж байгаа. Жишээ нь, шатахууны үнийг ямар үндэслэлээр 200 төгрөгөөр нэмсэн тухайд бодит тооцоолол гаргаж өгөх хэрэгтэй.
-Иргэдийн халааснаас гарсан мөнгийг торгууль нэрээр улсын орлого болгож байна гэх шүүмжлэл бий. Хэрэглэгчийн эрх ашгийг хэрхэн хангах вэ?
-Цаашид ийм байдлаар үгсэн үнэ нэмэх асуудлыг гаргахгүй, таслан зогсоох нь маш чухал. Энэ нь хуулиар хориотой гэдэг мессежийг нийгэмд өгөх хэрэгтэй. Үгсэн хуйвалдаж, хэрэглэгчийг хохироож болохгүй. Торгуулийн мөнгө улсын орлого болдог. Энэ мөнгийг хэрхэн зарцуулах нь Засгийн газрын мэдэх асуудал.
-Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Энэ талаар иргэдээс гомдол, санал ирж байна уу?
-Засгийн газрын хуралдаанаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хянах чиг үүрэг, даалгавар өгсөн. Үүний дагуу мах, гурил, будаа, ургамлын тос зэрэг гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг өнгөрсөн хоёрдугаар сараас хойш тогтмол хянаж байгаа. Махны үнэ өмнөх жилүүдийг бодвол тогтвортой, савлагаа багатай байна. Он гаргаад хоёр, гуравдугаар сараас махны үнэ хөөрөгддөг. Тэр үед нь хяналт, шалгалтаа илүү сайжруулна. Гурилын үнийн тухайд бол та бүхэн мэдэж байгаа. Нэг жилийн дотор дээд гурилын үнэ 90 орчим хувиар нэмэгдсэн. Холбогдох хуульд өөрчлөлт оруулж, арга хэмжээ авсны дүнд гурилын үнэ тогтворжсон. Улаанбаатар хот болон аймгийн төвүүдэд гурилын үнэ тогтвортой. Харин алслагдсан сум, багт үнийн хэлбэлзэл бий. Баруун бүсэд гурил, тэжээлийн гаалийн татварыг тэглэх Засгийн газрын тогтоол саяхан гарсан. Энэ нь гурилын үнэд эергээр нөлөөлөх байх.
Түүнчлэн валютын эсрэг төгрөгийн ханш суларсан нь бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байна. Хавар шатахууны үнэ нэмсэн нь мөн л нөлөөлсөн. Сүүлийн үед Хятадаас оруулж ирж буй бараа бүтээгдэхүүн саатсан талаар мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотой орон нутагт бараа бүтээгдэхүүний үнэ өсөх чиг хандлага ажиглагдлаа. Эдийн засаг, хөгжлийн яам, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Монополын газар хамтран БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын эдийн засгийн зөвлөхтэй уулзсан. Хятадын талаас татвар, тарифын өөрчлөлт ороогүй, бүх зүйл хэвэндээ байгаа гэсэн мэдээлэл өгсөн. Иймээс бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт Хятадын тарифын үнийн өсөлттэй холбоотой гэх мэт тайлбар нь үндэслэлгүй юм.
-Шатахууны хомсдол үүссэн сургаар таксинууд үнэ нэмсэн. Нэг км нь 2500-3000 төгрөг боллоо. Үүнд ямар нэгэн зохицуулалт бий юү?
-Өнгөрсөн жил такси үйлчилгээний салбарт зах зээлийн судалгаа хийж үзсэн. Энэ зах зээлд давамгай, монопол аж ахуйн нэгж бий юү, цөөн тооны компани “эзлээд” байна уу гэдгийг судалсан. Хууль, эрх зүйн хувьд сайжруулах зүйл байсан тул саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Монопол байдлаа ашиглаж, ашиг олох зорилгоор зохиомлоор үнэ хөөрөгдвөл хуулиар арга хэмжээ авах эрх бидэнд бий. Харин монопол биш аж ахуйн нэгжүүдэд үнийн асуудал ярихад хүндрэлтэй.
-Танай газрын Хэрэглэгч мэдээллийн 115 төвд жилд хэчнээн санал хүсэлт ирдэг вэ. Ямар төрлийн гомдол зонхилж байна?
-Бид жилд 6000 гаруй гомдол хүлээн авдаг. Дийлэнх нь худалдаа, үйлчилгээ, үүн дотроо цахим худалдаатай холбоотой гомдол. Тухайлбал, хуучин бараа, бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол их. Хуучин гар утас автал эвдэрсэн, машин нь доголдсон гэх мэт гомдол зонхилж байна. Цахим худалдааг журамлаж, хуульчлахгүй бол манай улсад ямар нэгэн зохицуулалт алга. Үүний улмаас иргэд их хэмжээний мөнгөөрөө хохирч байна. Мөн орон сууцын цахилгаан, дулаантай холбоотой гомдол цөөнгүй ирдэг. Жишээ нь, эрчим хүчний үнийг хэрэглээтэй нь холбоотойгоор шатлалтай нэмснийг иргэд шууд 30 хувиар өсгөсөн гэж ойлгодог. Тиймээс цахилгааны төлбөр 30 хувиас илүү гарсан гэх гомдол ихээр ирдэг. Төөрөлдсөн, буруу ташаа мэдээллийн улмаас хандах хүн цөөнгүй.
Нөгөө талаас хэрэглэгчийг буруу мэдээллээр хангаж, төөрөгдүүлж, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдаалахыг хориглодог. Эвдрэлгүй гэж худалдсан бүтээгдэхүүн нь доголдсон тохиолдолд худалдсан хүн хохирлыг нь барагдуулах ёстой. Өөрөөр хэлбэл, бараа бүтээгдэхүүнээ засаж өгөх, эсвэл буцаан авч төлбөрийг нь барагдуулна. Эхний ээлжид хоёр талыг эвлэрүүлэн зуучлах арга хэмжээ авдаг. Шаардлагатай тохиолдолд зөрчлийн хэрэг нээж, хуулийн дагуу ажиллаж байна. Сүүлийн үед бид дөрвөн чиглэлд хяналт шалгалт хийж буй. Тухайлбал, авто засварын газрууд стандартаа мөрдөж ажиллаж байна уу, чанартай сэлбэг худалдаалж буй, эсэхийг шалгаж байгаа юм. Мөн сургалтын төвүүд хөтөлбөрийнхөө дагуу хичээлээ явуулдаг уу, зохих төлбөрийн дагуу үйлчилгээ үзүүлдэг, эсэхийг шалгаж байгаа.