“Гамма” агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч, баримтат гэрэл зурагчин Б.Инжинааштай ярилцсанаа уншигч та бүхэнд хүргэж байна.
-Баримтат цувралын цор ганц “тэхийн зогсоол” бол үзэсгэлэн хэмээхийг сонсож байв. Та өмнө нь олон улсад хамтарсан болон бие даасан хэлбэрээр 20 гаруй гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан. Харин эцэст нь эх орондоо дэлгэж буй бие даасан анхны үзэсгэлэнгээ “Хожимдсон үзвэр” гэжээ. Урьд урьдынхаас агуулгын хувьд ялгаатай юу?
-Анхны бие даасан үзэсгэлэнгээ Токио хотын “Olympus OM SYSTEM” галерейд “Meeting high” нэртэйгээр олон нийтэд дэлгэсэн юм. Гэрэл зурагтай холбогдсоноос хойш 21 жилийн дараа, эх орондоо анх удаа ийн гаргаж буй тул “Хожимдсон үзвэр” гээд нэрлэчихсэн. Гэхдээ би ийм нэр өгье гэж бодоогүй байсан юм. Нэг өдөр ээжийнхээ гэрт бие өвдөөд хэвтэж байтал англи хэлний жижигхэн толь бичиг хэвтэж байхаар нь “Чи миний үзэсгэлэнд нэр өгөөч” гэж шивнээд дэлгэтэл “хожимдох” гэх үг гарч ирсэн. “Яг таарч байна шүү дээ” гэж бодоод л ингээд нэрлэчихсэн дээ.
-“Meeting high” хэд хэдэн хэсгээс бүрдсэний хамгийн онцгой нь гэрэл зургуудаа Монгол Улсын газрын зураг шиг зохиомжилсон нь байсан.
-Хөвсгөлд авсан зургаа Хөвсгөл аймгийн, говьд авснаа говийн аймгуудын хэсэгт гэхчлэн байршуулсан. Түүнийг би их гоё болсон гэж хэлнэ. Харин үүнийг анхнаасаа япончуудад зориулсан учраас энд дэлгэхийн тулд зарим зураг, тайлбараа өөрчлөх шаардлагатай. “Та нар мориор хичээлдээ явдаг уу”, “Монголд байшин байна уу” гэж надаас маш их асуусан. Өөр хүмүүсээс ч тэгж асуудаг байх. “Хожимдсон үзвэр”-т нийт 101 зураг байгаа.
-Санамсаргүй тэгж таарсан уу?
-Тийм.
-Үзэсгэлэнгийн нээлтэд ирсэн гэрэл зурагчидтай ярилцаж байхад зургуудыг тань “Амьтай” гэж тодорхойлох нь олон байна билээ. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Гэрэл зураг өөрөө “ярьж”, тайлбаргүйгээр ойлгогдож, мэдрэгдэж чадахыг амьтай гэж байгаа болов уу. Гэрэл зураг бол дүрслэлийн хэл. Хүний сэтгэлийг хөдөлгөх эрчим, ньюанстай. Түүнээс биш гэрэл зураг бүр л баримт шүү дээ. Харин юуг баримтат гэрэл зураг гэх вэ гэвэл би ингэж хариулах байна. “Зураг нь өөрөө ярьдаг” гэж бид хэлдэг юм.
-Тухайлбал, хар цагаан болон өнгөт гэрэл зургаар илэрхийлэх өгүүлэмж ялгаатай шүү дээ.
-Хоёулаа маш хүчтэй. Би анхнаасаа хар цагаан хальсаар гэрэл зураг авч сурсан. Лабораторид хальсаа боловсруулаад, цаасан дээр буулгах маягаар дадлагажсан хүн. Тухайн үед өнгөт хальсаар нэг ч удаа зураг авч байгаагүй. Хар цагаан гэрэл зурагт дуртай болсон шалтгаан минь энэ байх. Хожим л дижитал камер барьж үзсэн. Зарим зурганд хар цагаан тохирдог бол нэг хэсэгт нь үгүй. Өнгө маш хүчтэй. Нэг сэтгүүлч жаахан хүүхэдтэй гар барьж буй зураг байдаг юм. Өнгөтөөр авсан тэр зургийн цаана чухам том шар гялгар уут байсан. Тэр өнгө хүний анхаарлыг өөрийн эрхгүй татахын зэрэгцээ зургийн гол агуулгыг сарниулж байгаа. Тэгэхээр хар цагаан нь илүү тохиромжтой байх жишээтэй.
“Чи яагаад хар цагаан гэрэл зурдаг авдаг юм бэ” гэж нэг охин надаас асуухаар нь ингэдэг, тэгдэг гээд л хариулсан чинь “Гэхдээ хүн өнгөтөөр хардаг биз дээ” гэсэн. Би өөрөөсөө огтхон ч ингэж асууж байгаагүй юм билээ. Түүнээс хойш өнгөтөөр зураг их авдаг болсон юм байна шүү. Эллиотт Эрвитт, Уильям Южин Смит тэргүүтэй дэлхийн баримтат гэрэл зургийн мастерууд амьдралынхаа турш зөвхөн хар цагаан гэрэл зураг авсан. Энэ бол тухайн хүний онцлог, мэдрэмж, дуртай зүйл нь.
-Таны 2008-2023 оны хооронд авсан 141 гэрэл зургаас бүрдэх “Glimpse of us” баримтат гэрэл зургийн ном өмнө тань дэлгээтэй байна. Хоромхон зуур болоод өнгөрсөн ч сэтгэлд үүрд үлдэх дурсамж гэх санааг илэрхийлж ийн нэрлэсэн гэсэн.
-Би “мангар” их нэр бодсон. Эцсийн эцэст миний номд орсон зургууд ямар ч төлөвлөгөөгүй, зорилгогүй буюу миний өдөр тутмын амьдралд тохиолдсон үйл явдлуудаас үлдсэн л кадрууд. Хүмүүсийн богинохон амьдралын хоромхон агшныг авч үлдсэн гэх санааг илтгэж чадах юм байна гэж бодоод эл нэрийг өгсөн.
-“Өдөр хоног гэдэг духан дээр чинь, эсвэл дөнгөж амь орж байгаа гаран дээрээс чинь өглөө болгон нүдээ нээхээс чинь өмнө сэмхнээ, нууцаар тавигдах бэлэг юм” гэх Билли Коллинсын шүлэг таны танилцуулгад байна лээ. Өглөө бүрийг юу тохиолдож, хэнтэй учрахаа мэдэхгүй угтах ямар вэ. Хаана ямар аз, агшин байгааг ч мэдэхгүй.
-Хаашаа ч хамаагүй гараад өөрийн мэдрэмжээрээ туучих үе зөндөө. Би нэг л цуврал гаргаж байсан нь “Монголын орчин цагийн өсвөр үеийнхэн”. 2016 онд энэ төслөөрөө баримтат гэрэл зургийн “Магнум” агентлагийн тэтгэлэг хүртсэн. Миний тархи зөвхөн өсвөр үеийнхнийг л авна гэх бодолд автаж, нийт зургаан сар хот, хөдөөгүй эрж хайсан. Гэрэл зурагчдын дотор байнгын ийм эрэл бий. Надад камергүй явдаг өдөр гэж байхгүй. Гадуур явахдаа зураг болчихоор зүйлсийг үргэлж харна. Мэдээж гоё харагдсан зүйл бүрийг авахгүй. Манай гэр Төмөр замд байдаг. Гэрээсээ гарангуутаа галт тэрэг явж байгаа болов уу, ер нь вокзал оръё гэх мэтчилэн. Дараа нь найзтайгаа уулзлаа. Захиалгын гэрэл зургийн ажил хийлээ. Энэ бүх үед зураг болох үйл явдлыг бодоостой, эргэн тойрноосоо хараастай явна. Ингээд бодохоор миний гэрэл зургууд амьдралын явцад “төрсөн”. Надад өөрийгөө голох үе бишгүй байсан. Гэхдээ л үүнээс илүүг хийж чадна гэсэн бодол хадаастай. Эцэст нь ийм зургуудаа больё гэж бодсон.
-Зураг авахаа бүр больё гэж үү?
-Үгүй ээ. “Хожимдсон үзвэр”-т дэлгэсэн нь миний зургуудын тав хүрэхгүй хувь. Үлдсэн нь хард дискт байж л байна. Хоорондоо нийлэхгүй, нэг сэдэвт уялдахгүй, эрээвэр хураавар зураг надад их юм билээ. За яах вэ, амьдрал гэсэн нэг сэдэв байж болох юм. Уг нь гэрэл зураг уялдахыг шаарддаг. Би “Магнум” гэх дэлхийн хамгийн нэр хүндтэй гэрэл зургийн агентлагийн бүх уран бүтээлч, тэдний зургийг мэднэ. Хүүхэд байхаасаа үзэж өссөн. Харин өөрийнхөө зургуудыг нэгтгэж, багцалж чадахгүй юм байна лээ. “Дотор ба гадаа”, “Өнгөт ба хар” гэмээр ч юм шиг. Ингэж явсаар “За, ер нь зүгээр л хийе” гэж шийдсэн нь энэ.
Энэ ном дахь ихэнх зургийг япон куратор сонгосон. Үнэнийг хэлэхэд, би өөрийнхөө саналаар таван зураг л оруулсан. Хэрвээ би сонгосон бол үүнээс илүү хар бараан, хүнд зургууд сонгох байсан биз. Ер нь би л өөрийнхөө зургуудыг хамгийн сайн мэдэх нь шүү дээ гэх бодол төрдөг юм билээ. Тэр хүн давс хужрыг нь тааруулаад мэдрэмжтэй хандсан уу гэвэл тийм. Гэхдээ би өөрөө ажилласан бол үүнээс ч илүү сонгож чадах байсан юм шиг санагдаад л.
Би удахгүй зөвхөн хар цагаан гэрэл зургаас бүрдэх ном гаргах төлөвлөгөөтэй. Үүндээ Olympus камерын “grainy” гэх фильтерийг ашиглана. Өөрийн гэсэн өнгө аяс, хэв маягтай. АНУ-ын гэрэл зурагчин Уильям Эгглестоныг өнгөний хаан гэх нь ч бий. Өөрийн гэсэн өнгө төрхөөрөө бусдаас ялгардаг. Бид ч гэсэн өөрийн гэсэн өнгөтэй болох ёстой. Түүнийгээ олдоггүй юм гэхэд аливаа бүтээлдээ өнгө аяс шингээх гэж хичээх хэрэгтэй.
-Миний нүд камер байсан ч болоосой гэж боддог уу?
-Боддог шүү. Нэг хэсэг камергүй байхдаа бэлтгэл хийдэг байсан юм чинь. Автобусанд явж байлаа гэхэд маш гоё дүр төрх, дүрслэл харвал камертай мэт гараараа дарна, нэг тиймэрхүү. Би авьяасыг заяагдмал, өөртэй нь хамт ирдэг зүйл гэж боддог. Авьяас, мэдрэмжийг хүнд зааж болохгүй, тэглээ ч сурахгүй байх.
-Ямар хүн сайн гэрэл зурагчин болдог вэ?
-Ажигч гярхай хийгээд хичээл зүтгэлтэй хүн л жинхэнэ зурагчин болдог байх. “Гэрэл зураг сонирхогчдын групп”, “Гэрэл зурагт дурлагсдын групп” гэхчлэн зөндөө л байна. Мэдээж бүгд гэрэл зураг авдаггүй байх л даа.
-Баримтат гэрэл зурагчид ихэнхдээ ганцаардмал. Урьдчилан мэдэх ямар ч боломжгүй, замд хэзээ таарах нь үл мэдэгдэх агшны төлөө яваад л. Үзэсгэлэнд ирсэн олон хүн таны баяр жаргалыг хуваалцаж байгаа ч тэнд дэлгээтэй бүтээлүүд нэг тийм хөндүүртэй, тодорхойгүй, гань ганцаараа явсан үеүдээс төрсөн болов уу гэж бодсон.
-Чи ямар гоё хардаг юм бэ. Ер нь гэрэл зурагчин ч гэлтгүй зураач, хөгжмийн зохиолчийн олон бүтээл ганцаараа байхад нь төрдөг байх. “Асуулт” формынхон бөөнөөрөө зурганд явдаг байлаа. Гэхдээ би нэг ч удаа явж байгаагүй л дээ. Би ер нь хүмүүстэй хамт зураг авах дургүй талдаа хүн. Угаасаа тийм байдлаар зураг авна гэсэн ойлголт байхгүй, байлаа ч их эвгүй санагддаг. Дотно сайн ах, дүү нар, найзуудтайгаа хөдөө орон нутагт явж байхдаа авсан зургууд мэдээж бий.
Хүн хичээвэл хувь тавилангаас бэлэг өгдөг ч юм шиг. Тийм мэдрэмж үнэхээр төрж байсан шүү. Сайн зураг авахыг чин сэтгэлээсээ хүсэж, түүнийгээ эрж байхад заавал гоё агшин таардаг. Хипстер, панк рокеруудын зургаар дагнасан герман зурагчин Илзе Рупперт “Зөв мөч ид шидийг хүлээх дуртай” гэж хэлсэн. Баримтат гэрэл зураг хүнд болох гээд буй үйл явдлыг урьдчилан таамаглах, мэдэх мэдрэмж, хурдан хариу үйлдэл үзүүлэх далд ухамсар суулгадаг болов уу гэж боддог. Ингэж сурвал ямар ч төрлийн гэрэл зураг авч чаддаг юм шиг санагддаг аа.
-Ингэхэд цаг хугацааны явцад таны гэрэл зураг өөрчлөгдсөн үү. Хорин хэдтэй, эсвэл гучин хэдтэйдээ авсан гэрэл зурагт ялгаа бий болов уу?
-Хүмүүсийн хэлдгээр “гудамжны” хүмүүс, архичид, хулигаанууд руу камераа зоригтой чиглүүлж чаддаг байсан. Одоо тэр зориг минь жаахан суларсан. Дээрээс нь, “Би энэ хүний зургаар яах юм бэ, хүний мууг үзэх гэж байгаа биш”, “Хэнд хэрэгтэй юм” гэх бодол төрнө. Бас хүмүүс “Чи энэ хүнээс зөвшөөрөл авсан уу” гээд л асуудаг. Ийм зөрчилдөөний үр дүнд гэрэл зургийн ёс зүй, хувь хүний ёс суртахуун, хүн чанарын тухай яригдана. Зурагчин бүр л энд өөрөөр хариулах байх. Нэг ах миний зургуудыг үзэж байснаа над дээр ирээд “Чи энэ хүмүүсээс зөвшөөрөл авсан уу” гэж асуусан. “Үгүй” гэтэл “Яагаад” гэхээр нь “Яах юм бэ. Авбал энэ байдал алга болчихно. Тэглээ ч энэ хүн намайг зураг авч байгааг мэдээд авхуулж байгаа биз дээ. Би энийг зөвшөөрөл гэж ойлгож байна” гэхэд тэр хүн уурлаад гараад явсан. Харин миний номын хэлэлцүүлэгт ирсэн хүн “Би энэ зургуудыг хар бараан гэж бодохгүй байна. Бид Үндсэн хуульдаа эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно гэсэн ч үнэхээр энэ нийгмээ цогцлоож чадсан юм уу гэж чиний зураг надаас асуугаад байна. Би энийг хар бараан бус, харин ч энэрэнгүй зураг гэж хэлнэ” гэсэн. Би тэр үгэнд нь ямар их баярласан гэж санана. Чи бод л доо, гудамжинд нэг эр тасраад уначихсан, хүү нь аавыгаа босгох гээд татаж чангааж байгаа тэр мөчийг ямар гэрэл зурагчин авахгүй өнгөрөхийг хүсэх юм бэ. Энэ хүмүүсийн дуу хоолойг нийгэмд хүргэх хэрэгцээ бий. Түүнээс биш, хэн нэгний мууг үзэх гээд байгаа хэрэг биш. “Энэ ямар муухай харагддаг юм бэ” гэж бодож зураг авдаггүй л байх. Би бөөлжсийг хүртэл хараад гоё байвал зургийг нь дардаг. Юм бүхэнд тодорхой хэмжээний гоо сайхан, утга санаа хийгээд хүч байгаа. Тэрхүү хар бараан зургуудад ч далд хүч бийг би мэдэрдэг учраас дуртай байдаг юм. Одоо зүгээр л охидын зураг авъя, тэгээд “Охид” гэсэн ном хийвэл их зарагдана шүү дээ гэсэн тэнэг бодол төрж л байсан.
Саяхан би хамаатнуудтайгаа цуг Говь-Алтай аймгийн Бигэр сум руу явлаа. Ээжийн минь нутаг. Нутаг ус гэдэг хүний сэтгэлд үнэ цэн, дурсамжтай, нандин болоод л хүмүүс байгалийн гэрэл зураг авдаг юм байна гэдгийг анх удаа мэдэрсэн шүү, нээрээ. Би 21 аймгийн 200 давсан сумаар явахдаа нэг ч удаа “Ямар гоё байгаль вэ” гэж шагширч, бахдаж үзээгүй. Би одоо 36-тай. Хөгширч байгаагийн шинж ч юм уу, байгалийг ойлгож, эх түүхдээ илүү сонирхолтой болоод байгаа.
-Та монголчуудын аж амьдралын талаар ямар бодолтой явдаг вэ. Хотын төв гэх хэдхэн км-ийн радиусаас гарахад л зүсэн зүйлийн амьдрал бодитоор байгаа шүү дээ. Ийм байхад амьдрал үргэлж сайхнаараа, итгэл найдвараа битгий алдаарай, хичээвэл гоё амьдарна гэж сурталдах дүр эсгэсэн эерэг байдал шал утгагүй хийгээд доромжлол шиг тусна биз дээ?
-Нийтэд нь харахаар, бид өөрсдийнхөө төлөө нэгдэн нийлж чаддаггүй хүмүүс юм болов уу гэж бодогддог. Чингис хааны хөшөөг өмнөө залсан нэг байшин манай хотод байна. Гэтэл тэр дотор ямар аймшигтай хулгай дээрэм өрнөдөг, шударга бус байдал байгаа нь нүднээ ил байхад зүгээр хараад л суудаг. Ингээд бодохоор бид дэндүү хүлцэнгүй, дорой ч юм шиг. “Эвтэй байхдаа хүчтэй” энэ тэр гэсэн сонгуулийн сүржин урианууд байдаг л биз дээ. Түүнчлэн манайхан байгальтайгаа зохистой харьцаж чаддаггүй. Хот, хөдөөгүй хог хаядаг хүн олон. Шүлсээ хаяхад би үнэхээр дургүй. Би гудамжинд хэзээ ч шүлсээ хаядаггүй. Монголчууд дэндүү дураараа. Нийгэмд, түмний дунд нийцэж амьдрах ёстой гэсэн ухамсаргүй хүмүүс. Мэдэмхийрдэг, муухай зөрүүд гэхчлэн олон л онцгүй зан байна даа.
-Хар бараан үйл явдлыг нүдээрээ үзсэний дараа шархалж, шаналдаггүй гэж үү?
-Тухайн үед шаналах нь байна. Гэхдээ мэдрэмж мартагддаг, хүчгүй болдог.
-Хувь хүний амьдралын хүнд бэрх үе уран бүтээлд нөлөөлөх тохиолдол бишгүй байдаг шүү дээ.
-Бараг хоёр жил гаруй хугацаанд хоригдсон юм байна. Манай өрөөний ханан дээр маш том эрх чөлөөний хөшөө байдаг. Нэг хүнтэй хамтарч зурсан. Тэнд байх бүх хүн эрх чөлөөг л хүсэж буй. Хэрвээ тэр байшин нураагүй бол очиж зураг авахыг хүсэж байна.
-Та шүлэг бичиж, зураг зурж, хөгжмөө тоглож байгаа юу?
-Аль алинд нь үгүй гэж хариулах байна. Стрессээ тайлах гэж хааяа гитар баривал барина. Харин шүлгийг хүн бүр бичдэг болов уу гэж боддог шүү.
-Амьдралынхаа ямар үед?
-Хөглөгдсөн үедээ. Одоо буй цаг мөчөө мэдрэхдээ, ганцаардахдаа. Бичдэг байсан үеэ бодонгуут ийм л дүр зураг буулаа.
-Эмэгтэй хүнд чин сэтгэлээсээ дурлаж байсан уу?
-Мэдээж
-Олон удаа юу?
-Хэд хэдэн удаа, олон биш ээ. Тухайн үедээ л дурлачихсан юм шиг мэдрэгдсэн болохоор үнэн л байлгүй дээ. 18-тайдаа дурлавал анхны хайр гэж бодогдоно. Тэр үерхэл дуусаж, шинэ харилцаа үүсэхээр “Энэ л жинхэнэ юм байна” гэж бодогдох жишээтэй. Шохоорхол богино настайгаас гадна хүний бэлгийн чиг хандлагатай уялдах болов уу. Дурлал бол хурдан бөгөөд хүчтэй. Харин хайр зовлонтой, сургамжтай, дассан сэтгэлтэй. Гэхдээ энэ нь зөвхөн миний бодлоор юм шүү.
Д.Хүслэн