Уран бүтээлч Г.Гүндарьтай ярилцлаа. Тэрбээр монгол зургаар мэргэшсэн, ялангуяа бурхан урлалд шамдаж яваа залуу уран бүтээлчдийн нэг юм.
-Таныг зураач, бурхан урлаач гэдгээр тань мэддэг хүн олон. Зурагтай хэрхэн нөхөрлөв. Хэзээнээс зурж эхэлсэн бэ?
-Бүр багаасаа зурсан. Зурах авьяастай хүүхэд байсан л даа. Зургаар мэргэшиж гэмээнэ зурахуйн дээдийг л урлана гэж бодож ирсэн. Тэр нь бурхан юм шиг санагдаад, өөрөө ч сүжиг бишрэл ихтэй учраас түүнийг зурахад суралцсан.
-Залуу тэр тусмаа эмэгтэй хүн бурхан урлах нь цөөн байх. Яагаад заавал бурхан зурах болов.
-Бүр багадаа 5, 6 настайгаасаа л би ээждээ гэлэнмаа болно хэмээдэг байсан гэсэн. Том болох тусам надаас хүмүүс ямар мэргэжилтэй, ямар хүн болох вэ гэж асуухад нь гэгээрсэн хүн болно л гэдэг байж. Ийм бодолтой явсаар сургуульд орсныхоо дараа бурхны ном сонирхон уншсан. Намайг бага байхад буддын гүн ухааны ном, бурхны шашны холбогдолтой зохиол, материал одоогийнхтой харьцуулахад элбэг байгаагүй. Төвөд хэлээр бичсэн судрыг хуулж бичдэг, тэрийгээ ахин дахин уншдаг байлаа. Ийн явсаар буддын гүн ухааныг шимтэн сонирхож, бурхны шашинд улам бүр сүжиглэсээр зурдаг болсон.
-Бурхан зурах тогтсон нарийн дэг, онол байдаг уу?
-Байлгүй яах вэ. Наад зах нь л хувь хэмжээний шугам гэж бий. Бурхны нүүр царай, лагшин, өлмий, мутар зэрэг бүхий л дүрслэлийг тооцоолж, геометрийн бодлого бодож зурдаг гэхэд болно. Нэг ширхэг илүү зураас ч татаж болдоггүй. Олон жил бурхан зурахаар илүү, дутуу шугам татдаггүй, нарийн дэгтэй болдог юм билээ. Одоо бол өөрийгөө аль болох чөлөөлж, юу зурж илэрхийлэхийг хүсэж буй дотоод дуу хоолойгоо сонсохыг хүсэж байна.
-Таны бурхны зураг бусад урлаачийнхаас юугаараа өөр вэ?
-Уран бүтээлч бүрд өөрийн өнгө аяс, дахин давтагдашгүй хэв маяг байдаг. Миний хувьд мэлмийг амьд мэт зурахыг хичээдэг. Амьтай, гоё зурдаг гэж мэргэжлийнхэн, зураг сонирхогчдоор магтуулах нь бий. Бурхад 32 лагшин, 80 найраг гээд гоо сайхны 112 шинжийг бүрдүүлдэг гэж үздэг. Нэмээд сэтгэлийн эрдэм нь дэлгэрч байж ийм олон гоо сайханлаг шинжийг цогцлооно. Тэгэхээр бурхныг туйлын гоо сайхнаар, үзэсгэлэнтэй зурвал зохилтой. Гоо сайхан байдал, үзэсгэлэн төгс мэлмий бол миний зурсан бурхдын үндсэн шинж. Мэдээж эмэгтэй бурхан, дарь эх юм уу, амирлангуй бурхдын гоо сайхныг ярьж байна, догшин бурхдын дүр бол өөр.
-Туйлын гоо сайхан дүр төрхтэй, дагинас бурхад зурдаг, зурахыг хичээдэг гэдгээрээ хүмүүст ямар нэгэн санаа, мессеж өгөхийг хүсдэг үү?
-Тийм ээ. Үүгээрээ эмэгтэйчүүдийн гоо сайхан, дотоод хүч чадлыг ойлгуулж, охид, бүсгүйчүүдэд урам зориг өгч, сайн сайханд уриалан дуудах зорилготой. Эмэгтэй хүмүүс хүүхэд төрүүлдэг гэдэг утгаараа ч тэр бүхэл бүтэн амьдрал, магадгүй дэлхий ертөнцийн оршихуй болдог хүчирхэг бодгаль. Нөгөөтээгүүр, амьдралын ачааны хүндээс үүрэлцэж, зарим талаар хохирч, хүчирхийлэлд ч өртөх нь элбэг. Тиймээс эмэгтэйчүүддээ оюун санааны дэм болох, зургийн урлагаар дамжуулж сэтгэлзүйг нь эмчлэх, өөртөө итгэх итгэл төрүүлэхийг хичээдэг. Эмэгтэй хүний дотоод хүч эрчүүдийнхээс илүү ч гэж буддын зарим ном сударт тэмдэглэсэн. Ийм дотоод хүчээ мэддэг, өөрийгөө хайрладаг, аливаад үл уягддаг, аз жаргалтай бүсгүйчүүд олон байгаасай л гэж боддог.
-Феминист үзэл бодолтой хүн юм байна, тийм үү?
-Эмэгтэйчүүдийг их хүч чадалтай, ганцаараа бүхнийг хийнэ, ялан дийлнэ гэсэн хандлагатай байгаасай гэж огт боддоггүй. Харин ч уян хатан, зөөлөн ааш авиртай, эелдэг бас гоё сайхан хувцасладаг, царай төрхөө торддог, гоо үзэсгэлэнгээ гэрэлтүүлдэг байгаасай гэж хүсдэг. Өөрийгөө хайрлаж, өөрийн эрх ашгаа дээгүүрт тавьдаг, биеэ даасан байвал гоё. Үүнийг феминизм гэхгүй биз дээ.
-Бурхдын зураг болон бусад бүтээлээ толилуулах үзэсгэлэн гаргахаар төлөвлөж буй гэсэн. Энэ талаараа тодруулаач.
-Ирэх хавар анхны үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөсөн. Ер нь бурхад, сахиусны зургийг хүмүүс захиалгаар зуруулаад авчихдаг учраас өөрт үлддэггүй. Үзэсгэлэнд дэлгэх зургуудаа шинээр зурж байгаа. Үзэсгэлэнгийн маань гол бүтээл болох 1000 дарь эх бүтээлдээрээ сүүлийн гурван жил ажиллаж байна. Зурж эхлэхэд, бурхан “бүтээж” сурахад хамгийн их дэмжиж, том түшиг болсон хүн бол миний ээж. Бурхан зураад сурчихвал ээжийнхээ ачийг хариулсан гэж ойлгож болно ч гэж хэлж байсан. Үзэсгэлэнгийн нэг зорилго ээжийнхээ ачийг хариулж, дурсгалыг нь хүндэтгэх. Үзэсгэлэн гаргахаар бэлтгэнэ гэдэг тухайн уран бүтээлчийн шандсыг сорьсон, том даваа. Үзэсгэлэнгийн дэглэлт, альб үтээлээ толилуулах, ямар утга санаа илэрхийлэх, санхүүжилтээ олох гээд бүх ажлаа өөрөө л нугалж явна. Мэдээж гэр бүлийнхэн минь дэмжиж байна.
-Нэг зургийг гурван жил зурна гэхээр их том хэмжээтэй гэсэн үг үү?
-Хааш, хаашаа 1.5 метр орчим хэмжээтэй. Монгол зургийн арга буюу нэг дэвсгэрт олон үйл явдал, дүрслэлийг илэрхийлсэн бүтээл учраас нарийн ажиллагаа, цаг хугацаа их зарцуулж байна.
-Зураачид тогтмол цалингүй ч, зарим нэг бүтээлээ өндрөөр үнэлүүлж, санхүүгийн хувьд тогтворжиж, алдар нэртэй болдог гэх нь бий. Ер нь бүтээлээ хангалттай үнэлүүлж чаддаг уу?
-Зураачдад аз дайрч, зарим бүтээлээ өндөр үнээр борлуулж, санхүүгийн эрх чөлөөнд хүрдэг гэх нь өрөөсгөл ойлголт. Дэлхийд нэр цууд гарч, маш өндрөөр үнэлэгдсэн зураачид бол том сэтгэгчид юм. Өөрийн гэсэн философи, өнгө аяс, дэг сургууль үүсгэхийн зэрэгцээ маш олон жил хөдөлмөрлөж байж алдартай зургаа зурсан байдаг. Үүнийг зүгээр аз, ямар нэгэн зол завшаант явдал мэтээр ойлгож болохгүй. Тухайн уран бүтээлчийн сэтгэлгээний цараа, уйгагүй хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр нь алдартай зураг болж мэндэлсэн болохоос хоромхон зуурын аз тохиосон гэсэн үг огт биш.
Серендипити гэдэг үг байдаг даа. Үргэлж сайн сайхан зүйлтэй учирч, аз тохиодог гэсэн утгатай. Гэхдээ серендипити болох тэр үрийг бид тарьсны хүчээр шалтгаан нөхцөл нь бүрэлдсэн гэсэн л үг. Ерөөсөө хүний хийсэн үйл бүхэн цаг нь болж, нөхцөл нь бүрэлдэхэд эргэн ирнэ.
-Буддын шашинтан, бясалгадаг гэдэг нь таны яриа, үг, өгүүлбэрээс шууд анзаарагддаг. Хэдэн жил бясалгав, шашны ном үзэж байна уу?
-Би багаасаа л хоосон чанарын тухай ном сударт татагддаг, сонирхдог, уншдаг байсан. Ганжуурын юмын найман мянган шүлэгт буюу Жадамба судрыг анх монгол хэлээр орчуулагдан гарахад нь таван удаа уншиж байлаа. Ширээний ном гэхэд болно. Миний амьдралыг өөрчилсөн, надад хамгийн том нөлөө үзүүлсэн ном бол Жадамба судар. Анх Төвөд хэл мэдэхгүйгээсээ болоод бурхны номоо уншиж чадахгүй, хуулж бичдэг байсан. Тиймээс бие дааж төвөд хэл сурч, судар уншдаг болсон. Манай номын санд дүүрэн судар, буддын гүн ухааны ном бий. Ер нь миний нэг насны зорилго бол гэгээрэх. Хичээн шамдаж буй хэн бүхэн гэгээрэлд хүрч болно гэдгийг өөрөөрөө үлгэрлэх. Бурхан лугаа болох, гэгээрэх гэдэг чинь сэтгэлийнхээ бүх гэмийг арилгаж, эрдмийг олсон тэр төлөвийг л хэлнэ.
-Төвөд хэлийг бие дааж сурч. Бас багаасаа л бурхны ном судар унших дуртай байсан гэхээр сонирхолтой байна. Хүүхэд бүр сонирхоод байхгүй дээ.
-Буддын гүн ухаан сонирхдог бурхны шашинтнууд хүний амьдралыг зөвхөн энэ насных мэтээр ойлгодоггүй шүү дээ. Өмнөх төрөл, шүтэн барилдага, шалтгаан үр дагавар гээд өргөн утга, яриад байвал барагдахгүй их агуулга бий. Товчхон хэлбэл, би урд насандаа гэгээрэлд шамдаж байсан нэгэн бодгалийн үргэлжлэл. Урд насны үйлээ гүйцээх ерөөл сайн тавьнаас өдгөө ийм авьяастай, сонирхолтой, шамдамтгай болсон байх.
Зая гэгээний өмнөх нэгэн дүрийн занданшсан шарилыг би цэвэрлэж, янзалж таарсан юм. Ээжийгээ бурхан болсны дараа чандраар нь сац хийсэн. Түүхэнд Мялбогд л ээжийнхээ чандраар сац хийсэн гэж багш маань хэлж билээ. Энэ бүгд бурхны шашинд даган баясаж явсны ач, хувь зохиол хэмээн бодон талархаж явдаг.

-Зургийг авьяасаар зурах уу, эсвэл зүтгэлээр үү?
-Ямар ч ажлыг, уран бүтээл туурвихад тэсвэр тэвчээр, уйгагүй хөдөлмөр хэрэгтэй. Нэг хувийн авьяас, 99 хувийн хөдөлмөрөөр амжилт бүтдэг гэдэг дээ. Би бол өөрийгөө тэвчээртэй, сууж сурсан, хөдөлмөрч хүн гэж хэлнэ.
-Та эмэгтэй хүний, бурхад, дагинасын гоо сайхныг харуулахыг, үзэсгэлэн төгс байдлыг бүтээхийг, үлгэрлэхийг хичээдэг гэсэн. Гоо сайхан гэж юу вэ?
-Гоо сайхан гэдэг маш өргөн ойлголт. Байгаль дэлхий, бороо, цас, далай тэнгис, харц булаасан сайхан хүмүүн, ер нь хаана ч, юунд ч үзэсгэлэн шингэсэн байдаг. Тийм гоо сайхныг харж бахдаж, түүгээр цэнэглэгдэж, хамгийн сайхнаараа өөрийгөө авч явбал гоё. Бурхны шашинд одоо цагийн хүч, агшин зуурын төвлөрөл гэсэн философи бий. Энгийнээр хэлбэл, яг тухайн агшинд, одоо цагт зовлон үгүй, жаргалч үгүй гэж сургадаг. Одоо цагт төвлөрвөл юм бүхэн жам ёсны бөгөөд туйлын гоо сайхан, хоосон чанартай гэдэг.
-Буддын шашинтай хүмүүс бурхан шүтээндээ хэрхэн хандаж, залбирч явах ёстой юм бэ. Та яаж залбирч, бясалгадаг бол?
-Хүн бурхдын дүр зургийг хараад ямар гоё юм бэ, би ч гэсэн энэ бурхан шиг, энэ зураг шиг гоё болох сон, ингэж гоё харагдах сан гэж бодоосой хэмээн хүсдэг. Сэтгэлийн гэмээ дарж, эрдмийг олж чадсан хүн бүр бурхан лугаа болно гэдэг. Хүнд 84 000 муу сэтгэл байдаг. Сэтгэл гэдэг энерги. Энерги хувирч өөрчлөгдөх учраас муу сэтгэлийн үрийг сайнаар хөрвүүлж, үргэлж сайн сайхныг бодон залбирвал зохилтой.
Миний хувьд бурхан шүтээндээ усан тахил өргөж ирсэн. Усаар тахил өргөх нь ямар ч хармын сэтгэлгүй цэвэр өглөг болдог. Мөн би бумши хийж байлаа. Бумши гэдэг нь зуун мянган итгэл, зуун мянган базарсад уншиж, зуун мянган мандал өргөж, зуун мянгантаа мөргөхийг хэлдэг. Хүмүүс ихэвчлэн өндөр настнуудыг бумши хийдэг гэж ойлгон, 23 настайдаа бумши хийсэн гэхээр шоолж л байсан. Мөргөл хийж, өглөө болгон нар мандахаас урьтаж босоод бурхан багшийг бясалгадаг. Мөргөж залбирах, бясалгах нь бие, сэтгэлийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй гэдгийг шинжлэх ухаан нотолж, тайлбарлаад байна шүү дээ.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Чөлөөт цагаараа экстрим спортоор хичээллэдэг. Байт харваагаар хичээллэж байгаад сонирхол буурахаар нь морьт харваа руу орсон. Мөн уулын шүхрээр хичээллэж, иог, фитнес, ууланд алхах, усанд сэлэх, балетаар хичээллэх гээд олон спортод өөрийгөө сорьдог.
-Залуу хүний хувьд өнөөгийн нийгэм, улс төрийг хэрхэн хардаг вэ. Залуучууд гадаадад амьдрахыг хүсэх нь элбэг болжээ.
-Улс төр сонирхох, нийгмийг шүүмжлэх бодол алга. Надтай, надгүй энэ талаар маш олон хүн ярьж, бичиж, бухимдаж буй.
Америк, Франц, Италид үзэсгэлэнгээ гаргаж, болбол уран бүтээлчээрээ ажиллах мөрөөдөл бий. Косплейд дуртай учраас уран зөгнөлт, анимэ гээд олон сэдвээр косплэй хийхээр төлөвлөсөн. Бас урлагийн чиглэлээр контент хийх санаа байна.