Йордан улсын Амман хотод биллиардын спортын нэг төрөл болох хэйболын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын эхээр зохион байгуулахад Монголын эмэгтэй тоглогчдоос “Champions” клубийн тамирчин, улсын аварга, ОУХМ Г.Ган-Орхон тив, дэлхийн шилдгүүдийг хожиж, үзэгчдийг гайхшируулсан нь багагүй шуугиан дэгдээсэн юм. Тэрбээр Ираны алдарт тоглогч Мансуре Норабадмотлагийг 6:3, Тайландын тамирчин, дэлхийн алт, мөнгөн медальт Вараттанун Сукриттанесыг 6:1, Энэтхэгийн тамирчдаас Азийн аварга, дэлхийн мөнгөн медальт Ами Каманиг 6:2, дэлхийн аварга Анупама Рамачандраныг 6:1-ээр буулган авч, хагас шигшээд шалгарсан юм. Алтан медалийн төлөөх тоглолтод тэрбээр дэлхийн гурван удаагийн аварга, Азийн мөнгөн медальтВараттанун Сукриттанесыг 4:3-аар илүүрхэж, тивийн аваргаар тодрон биллиардын хорхойтнуудыг баярлуулсан билээ. Үүнээс өмнө Улаанбаатарт есдүгээр сард болсон “Joy heyball international оpen Mongolia stop” олон улсын нээлттэй тэмцээнд тэргүүн байрын төлөө улсын аварга Г.Лувсандоржийг ялж, аваргын цом гардсан юм.
-Монголын эмэгтэй тоглогчдоос хейбол биллиардын тивийн тэмцээнд та анх удаа түрүүллээ. Амман хотод өрнөсөн тэмцээний дуулиан шуугианыг өөрөөс тань сонсох сон гэхээс сэтгэл догдолж байлаа.
-Йордон улсыг зорихын өмнө нэг найз минь “Чи Азийн аварга болно оо” хэмээнамжилт хүсэхэд бэлгэшээж “Ерөөлөөр болог” гэж хэлээд явсан юм. Амман хотод хөл тавихад түрүүлнэ гэсэн бодол эхэндээ төрөөгүй. Цаг агаар нь халуун бүгчим, манайхаас таван цагийн зөрүүтэй байсан ч орчин нөхцөлд нь амархан дассан. Үүнээс өмнө эх орондоо зохион байгуулсан олон улсын тэмцээнд оролцохдоо бэлтгэл сайтар базаасан лдаа. Тиймээс хувийн зохион байгуулалтдаа анхаарч, сэтгэлзүйгээ бэлдсэн. Тэмцээний салхи хагалж, Ираны тамирчинтай тоглохдоо эхлээд 2:0-ээр хожигдсон ч дараа нь ялсан юм.
-Аваргын төлөөх тоглолт ширүүн болсон. Тайландын тамирчинтай хоёр удаа таарна гэж та төсөөлөөгүй биз.
-Хейбол биллиардын тамирчид гадаадын тэмцээнд байнга таардаг болохоор нэгнээ танихаас гадна тоглох арга барилыг нь мэддэг. Миний хувьд сүүлийн гурван жил олон улсын тэмцээнд өнжилгүй оролцож байна. Би хоёр дахь тоглолтоо Тайландын тамирчинтай өрнүүлсэн. Тэмцээнд хоёр ялагдвал хасагддаг. Тэрбээр нэг хожигдсон ч тэмцээнээ үргэлжлүүлж, аваргын төлөө тоглохоор шалгарсан юм. Өнгөрсөн жил тив, дэлхийн аварга болсон тэрбээр энэ удаа надад ялагдаж мөнгөн медаль хүртлээ. Тивийн тэмцээн өндөрлөсний дараа үргэлжлүүлээд тус хотод зохион байгуулсан хейболын олон улсын тэмцээнд өрсөлдөхдөө би пүүл биллиардаар дэлхийд чансаагаараа тэргүүлдэг, БНХАУ-ын тамирчинд ялагдаж шигшээ наймд шалгарсан бол тэрбээр снүүкер биллиардын Европын аварга тоглогчид хожигдож, мөн мөнгөн медаль гардсан.
-Энэ удаа та тив, дэлхийн шилдгүүдийн хувьд шинэ танил нь байлаа. Хэр баргийн тэмцээнд барьц алддаггүй тэд тантай тоглохдоо багагүй сандарч харагдсан шүү.
-Миний хувьд өмнө нь тивийн тэмцээнд оролцож байгаагүй. Дэлхийн медальтнуудаас Тайландын тамирчинтай олон улсын тэмцээнд нэг удаа таарахдаа ямар техниктэй тоглодгийг нь харсан юм. Харин надтай өрсөлдсөн Иран, Польш, Энэтхэгийн тамирчин миний тоглох онцлог, арга барилыг огт мэдэхгүй. Өмнө нь харж байгаагүй шинэ тоглогч цахиур хагалж, тэднийг багагүй сандаргаж хожсон нь тус хотод сенсац тарьсан юм. Тив, дэлхийн аваргуудыг дараалж хожиход үзэгчид гайхаж “Энэ хаанаас ирсэн, аль улсын тамирчин бэ. Нэрийг нь хэн гэдэг юм. Өмнө нь ямар амжилт гаргасан юм бол” гэх зэргээр ярилцаж байлаа. Шилдгүүдийн тоглолтод хэн ч танихгүй тамирчин оролцож түрүүлсэн нь тэмцээнийг өрсөлдөөнтэй, илүү сонирхолтой болгосон байх. Хагас шигшээд тоглосон Энэтхэгийн Анупама Рамачандран снүүкер биллиардаар тивдээ чансаагаараа тэргүүлж, дэлхийд танигдсан аваргуудын нэг. Тэрбээр Монголд өнгөрсөн жил болсон “Дэлхийн цом”-оос мөнгөн медальтай буцсан юм. Түүнийг 6:1-ээр илүүрхэж, аваргын төлөө Тайландын тоглогч Вараттан Сукриттанесыг 4:3-аар буулган авч, Азийн аваргаар тодорсон баярт мөч амьдралд минь мартагдахааргүй сайхан дурсамж үлдээлээ.
-Тивийн тэмцээн тав хоног үргэлжлэхэд нэг ч хожигдоогүй тамирчин ховор байсан даа.
-Би тав хожиж түрүүлсэн. Нэг хожигдсон тамирчин доод шатанд 7-8 хожиж байж тэргүүн байрын төлөө шалгардаг. Тэднийг тэмцээний явцад ямар арга барилаар тоглодгийг нь ерөнхийд нь харж, ажигласан юм. Надтай таарсан шилдгүүдээс Тайландын тамирчин хамгийн сонирхолтой тоглолт өрнүүлсэн. Хүчтэй өрсөлдөгч таарахад ямар ч тамирчин сандардаг шүү дээ. Түүнтэй аваргын төлөө дахин таарахдаа эмээж л байлаа. Тухайн үед өөрийнхөө давуу талыг бүрэн гаргаж, санаандаа хүртэл тоглож чадаагүй.
-Нөхөр тань биллиард тоглодог. Тэмцээнд алдаа гаргахыг чинь олж хараад зөвлөдөг байх.
-Миний нөхрийг Н.Дэлгэрхүү гэдэг. Бид тэмцээний үед нэгнийхээ дасгалжуулагч, сэтгэлзүйч болно. Намайг аваргын төлөө тоглоход маш сайн зөвлөсөн. Би биллиардаар хичээллээд есөн жил болж байна. Өрсөлдөгчдөө хождог миний гол тактик бол эхний хоёр тоглолтод сайн ажигладаг. Хэрвээ довтолдог арга барилтай бол барьж, хамгаалах маягтай тоглоно. Зарим тамирчин тоглолтыг албаар удаашруулах үед би өөрөө довтлох тактик боловсруулдаг. Ямар ч тамирчин эхний тоглолтдоо төлөвлөгөө боловсруулдаггүй юм, харин өрсөлдөгчийнхөө харц, хөдөлгөөн, сэтгэл зүйн байдлыг харж, тэмцээний явцад мэдэрч тоглоход анхаарлаа хандуулдаг. Биллиард тоглохыг шатар нүүхтэй адил гэж ярьдаг. Мэдрэмж, ухаан, ур чадвар, тооцоолол их шаардана. Биллиард тоглох нь зөвхөн зугаа цэнгэл төдий бус, бие, оюун ухааныг олон талаар хөгжүүлдэг эерэг нөлөөтэй спорт.
-Та хейболоор олон жил дагнан хичээллэж байна. Сууриа үүгээр анх тавьсан тул амжилт гаргах хамгийн ойр төрөл нь байсан гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Эл төрөлд зохион байгуулсан дотоод, гадаадын тэмцээнд цөөнгүй оролцдог. Намайг энэ төрөл рүү оруулсан нэг зүйл бол тэмцээний мөнгөн шагнал. Бусад төрлөөсөө шагналын сан өндөртэй, өрсөлдөөн ихтэй. Тэр дундаа өмнөд хөршид болдог тэмцээний шагнал өндөр болохоор олон тамирчин оролцохоор ирдэг. Шигшээ 64, 32, 16, 8, 4-т шалгарсан тамирчин бүр мөнгөн шагнал авна. Гэхдээ 4-5 удаа хожигдохгүй тоглож байж хүртдэг. Жилд нэг удаа болдог “Joy heyball мasters grand finals” тэмцээнд түрүүлбэл монгол төгрөгийн ханшаар 2.5 тэрбум болно. Биллиардын эл төрлөөр тоглох арга барил, техникийг төгс эзэмшсэн тамирчин бол ур чадвар, хуримтуулсан туршлагаа тэр хэрээр үнэлүүлдэг.
-2025 он таны хувьд амжилт дагуулсан онцгой жил болж байна. Улаанбаатарт өнгөрсөн сард болсон олон улсын нээлттэй тэмцээн таныг дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхөд хурцлавуу?
-“Joy heyball international оpen Mongolia stop”-д түрүүлсэн минь надад маш их урам өгсөн. Цол дагаж бяр гэдэг дээ. Үүний адил өөртөө итгэх итгэл нэмэгдэж, өмнөхөөсөө илүү амжилт гаргах сан гэж хичээдэг юм билээ. Би шигшээ 16-д үлдэж, сүүлийн дөрвөн тоглолтод улсынхаа үе, үеийн аваргуудыг хожиж, цом гардсан. Хейбол биллиардын олон улсын тэмцээн жилд 10 гаруй болдог. Малайзад өнгөрсөн жил зохион байгуулсан тэмцээнд нөхөртэйгөө оролцож, хоёулаа шигшээ наймд шалгарсан. Олон улсын тэмцээнд өрсөлддөг тамирчид нэгээс нөгөө тоглолтод үргэлжлүүлээд оролцдог. Тухайлбал, надад ялагддаг Тайландын тамирчин Амманд болсон тив, олон улсын тэмцээний дараа Перу улсад зохион байгуулах тэмцээнд оролцохоор явсан. Тэнд аваргын төлөө тоглож байгаа харагдсан. Олон орон биллиардын төрөл бүрд мэргэжлийн тамирчидтай. Тэдний хувьд биллиард бол ажил, амьдралынх нь баталгаа болдог. Зөвхөн бэлтгэлдээ анхаарал хандуулж, тэмцээнд оролцоно. Тэгвэл тэдэн шиг ажил, амьдралынхаа зорилго болгосон тоглогч Монголд цөөн. Олонх нь ажлынхаа хажуугаар хобби маягаар тоглодог.
-Ширээний теннис тоглодог байсан охины сэтгэлийг биллиард юугаараа тэгтэл их татсан бэ?
-Би сурагч байхдаа ширээний теннисээр таван жил хичээллэсэн. Нөхөртэйгөө 2013 онд танилцсанаас хойш биллиард сонирхдог болж, 2016 оноос тууштай тоглож эхэлсэн юм. Хүмүүс намайг ширээний теннистэй нөхөрлөж, биллиард тоглох суурьтай болсон гэж боддог юм билээ. Үнэнийг хэлэхэд би теннисний тэмцээнд шигшээ наймд ч шалгарч байгаагүй. Тэр үед сэтгэл зүйгээ төдийлөн бэлддэггүй байв. Харин биллиардын спортод хөл тавиад анхаарал төвлөрөл, сэтгэл зүйн тайван байдлаа олж авсан. Намайг шар, шаргуу зан минь хурцалж, амжилтадхөтөлсөнгэж боддог. Хейболоор анх хичээллэхдээ ОУХМ Б.Нарантуяаг УАШТ-д цөөнгүй түрүүлснийг сонсоод биширч билээ. Тэрбээр одоо ч миний хүндэлдэг тамирчин. Түүнээс үлгэр дуурайл авч, өөрийгөө хөгжүүлсээр өнөөгийн амжилтад хүрлээ. Охид, бүсгүйчүүд түүний тив, дэлхийн тэмцээнд гаргасан амжилт, ур чадвар, авьяасаар бахархаж, биллиардын спортод хөл тавьж байна.
-Австралийн Брисбэн хотод хейбол биллиардын ДАШТ ирэх сард болно. Та оролцох эрхээ авсан гэл үү?
-Амман хотоос ирсэн даруйдаа ДАШТ-д оролцохоор визээ шаргуу хөөцөлдөж байна. Эмэгтэйчүүдээс Б.Нарантуяа бид хоёр, эрэгтэйчүүдээс А.Ерөөлт, Э.Тэмүүжин нар оролцох юм. Нөхөр минь Монголын багийг ахалж, зөвлөх дасгалжуулагчаар явна. Тус тэмцээний дараа бид Египет улсыг зорьж, олон улсын тэмцээнд өрсөлдөнө. Миний хувьд тивийн тэмцээнд түрүүлж, дэлхийн тэмцээнд өрсөлдөх болсондоо баяртай байна. Биднийг хилийн дээс байсхийгээд лалхахад хүүхдүүдийг минь харж ханддаг хоёр үнэнч туслах бий. Тэднийхээ ачаар тэмцээнд санаа зовох зүйлгүй, тайван оролцдог.
-Спортын талбарт удам дамжсан тамирчин цөөнгүй бий. Хүүг тань биллиард тоглодог гэж сонслоо.
-Миний хүү одоо 10 настай. Өсвөр үеийнхний биллиардын УАШТ-д өнгөрсөн жил оролцож, хүрэл медаль хүртсэн. Энэ жилийн тэмцээнд шигшээ наймд шалгарахдаа өөрөөсөө ах тамирчидтай ана мана өрсөлдлөө. Бид хүүгээ хойшид хейбол биллиардаар тууштай хичээллүүлж, мэргэжлийн тамирчнаар бэлтгэх бодол бий. Нөхөр минь намайг дасгалжуулахаас гадна найдвартай ар тал минь болж ирсэн. Гэр бүлийн хүмүүс спортын нэг төрлөөр хичээллэх давуу талтай. Сүүлийн үед бидний медаль дээр хүүгийн минь шагналууд нэмэгддэг боллоо. 10 настай хүүхдүүдийн олонх нь биллиардын талаар сайн мэдэхгүй шүү дээ. Хүү минь аав, ээжийнхээ тоглохыг харсаар байгаад энэ спорттой нөхөрлөсөн. Тамирчид спортын ямар ч төрлөөр багаасаа хичээллэж байж амжилт гаргадаг. Тиймээс сонирхлыг нь хүндэлж, мэргэжлийн тамирчин болохыг хүсвэл тууштай дэмжинэ. Биллиардаар хичээллэхэд нас хязгаарладаггүй. Тухайн тамирчны бие, ухаан эрүүл, бэлтгэл хийж, тэмцээнд оролцох чадвартай бол үргэлжлүүлж болдог.
-Миний ажигласнаар сүүлийн хэдэн жил улсын наадам, шинэ он, сар шинийн баяраар Монголын тамирчид олон улсын тэмцээнд оролцож таарсан даа.
-Энэ удаа ч гэсэн бид шинэ оныг гадаадад угтах болов уу. БНХАУ-д арванхоёрдугаар сарын сүүлчээр эхлэх тэмцээн ирэх оны нэгдүгээр сарын 4-нд өндөрлөнө. Уламжлалт баяр ёслолын үеэр гадаадад байхад үндэснийхээ өв соёл, хоол, хүнсийг их үгүйлдэг юм билээ. Гэхдээ амжилт гаргах зорилгоо бодож, тэмцээнд оролцох нь бидэнд жаргалтай санагддаг шүү. Би олон орноор аялж байгаагүй. Тэмцээн зохион байгуулсан орнуудад очиход Турк, Малайз улс сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Хэйбол биллиардаар хичээллэдэг монголыхоо тамирчдад “Ирэх онд оролцох тэмцээнүүдэд нь амжилт хүсье. Ур чадвараа хөгжүүлж, амжилтад хүрэхийн тулд өөртөө цаг, зав гаргадаг байгаарай. Хүн хичээл зүтгэлтэй, хувийн зохион байгуулалтай байж аливаа зүйлийн ард гардаг юм шүү. ” гэж хэлье.