Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүнүүдийн өргөтгөсөн хуралдаанд оролцож буй билээ. Пакистаны нийслэл Исламабадад болж буй тус хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Исламын Бүгд Найрамдах Пакистан
Улсын Ерөнхий сайд, эрхэмсэг ноён Мухаммед Шехбаз Шариф,
Засгийн газрын эрхэм хүндэт тэргүүнүүд, хатагтай, ноёд оо
Юуны түрүүнд ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүнүүдийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг амжилттай зохион байгуулж буй Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхий сайд, эрхэмсэг ноён Мухаммед Шехбаз Шариф танд болон танай багт баяр хүргэж, талархал илэрхийлье.
ШХАБ-ыг үүсгэн байгуулснаас хойш үйл ажиллагааны цар хүрээг нь олон агуулгаар тэлж, гишүүн болон түнш улс орнуудын тоо ч өдрөөс өдөрт нэмэгдэж, улс хоорондын харилцан итгэлцэл, найрсаг харилцааг бататган бэхжүүлсээр ирсэнд талархаж байна.
Мөн бүс нутагт энх тайван, тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлэх, улс төр, эдийн засаг, соёл болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ШХАБ чухал үүрэг гүйцэтгэх механизм нь болон төлөвшин хөгжиж байгаад Монгол Улс сэтгэл хангалуун байдаг.
Олон улсын харилцааны талцал хуваагдал эрс нэмэгдэж, зэвсэгт мөргөлдөөн, үнийн өсөлт, хоол хүнс, эрчим хүчний хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг аюул заналхийлэл дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болж, эдгээр сорилтыг даван туулахын тулд энх тайван, тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд улс орон бүхэн санаа тавьж буй цаг үед энэхүү хурал болж байна.
Тиймээс НҮБ-ын зарчим болон “Шанхайн үзэл санаа”-г тууштай баримталж, олон улсын эв нэгдэл, харилцан ойлголцол, итгэлцэл, хүндлэлийг гүнзгийрүүлэхийн төлөө дэлхийн улс орнууд хамтын хүчин чармайлт гаргаж ажиллах нь нэн чухал байгааг онцлон тэмдэглэе. Үүнд өргөжин тэлсэн өнөөгийн ШХАБ зохих хувь нэмэр оруулж, оролцогч орнуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд үр дүнтэй ажиллаж байгааг мөн онцолъё.
Эрхэм хүндэт нөхөд өө
Монгол Улс “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлогынхоо хүрээнд ШХАБ-ын гишүүн, ажиглагч болон яриа хэлэлцээний түнш орнуудтай тогтоосон харилцаа, хоёр талын болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлэн хөгжүүлэх болно.
Манай улс ШХАБ-тай болон тус байгууллагын гишүүн орнуудтай эдийн засаг, дэд бүтцийн салбарт идэвхтэй хамтран ажиллаж, худалдаа, хөрөнгө оруулалт, хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэржилт, тээвэр ложистик, боомтын дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжил, ногоон шилжилт, аялал жуулчлал, мэдээллийн технологи, хиймэл оюун болон хүмүүнлэгийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллана.
Эрхэм хатагтай, ноёд оо
Монгол Улс дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын хүнд үеийг бүс нутгийн хэмжээнд та бүхэнтэй хамт даван туулж, эдийн засаг сүүлийн гурван жил дараалан 5-8 хувиар, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн мөн жил дараалан 1000 ам.доллароор өслөө. Энэ бол манай мөнхийн хөрш орнууд, бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засгийн хувьд интеграцчлалд орж байгаагийн чухал үзүүлэлт гэж хэлж болно.
Монгол Улс Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж, парламентын засаглалаа илүү бэхжүүлэн, төлөөллийн чадавхыг нэмэгдүүлж, гишүүдийнхээ тоог нэмсэн. Энэ удаагийн шинэ парламентад анх удаа таван намын төлөөлөл суудалтай болсон, эмэгтэйчүүдийн эзлэх хувь 25-аас дээш нэмэгдэж, бүс нутгийн дундаж үзүүлэлтээс давсан, хамгийн олон салбарын экспертүүдтэй парламент бүрдүүллээ.
Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөө улам тогтвортой болгох, мөн олон намыг шийдвэр гаргах түвшинд оролцуулахын тулд Үндсэн хуульдаа ийнхүү өөрчлөлт оруулсан юм. Үүний үр дүнд хамтарсан Засгийн газрыг байгуулж, 14 мега төслийг бүс нутаг, хөрш орнуудын хамтын ажиллагааны түвшинд хэрэгжүүлэхээр олон улсад зарлаад байна. Эдгээр төслийн олонх нь зам, тээвэр, тээвэр ложистик, эрчим хүч болон эрдэс баялаг, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байгаа. Мөн ШХАБ-ын энэхүү индрийг ашиглаж, Монгол, ОХУ, БНХАУ-ын Засгийн газрын тэргүүнүүд анх удаа гурван талт уулзалт хийж, эдгээр төсөлд хамтын ажиллагаагаа эрчимтэй нэмэгдүүлэхээр санал солилцсондоо сэтгэл хангалуун байна.
Цаашид төмөр зам, дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалтыг дэмжиж, улс орнуудтай харилцан ашигтай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье. Монгол Улсын санхүүгийн үнэлгээ, цахим засаглалын индексийн үзүүлэлтүүд сайжирсан. Энэ бол хөрөнгө оруулагчдад өгч буй манай улсын талаарх эерэг дохио бөгөөд бид тогтвортой байдлыг улам хадгалж, хариуцлагатай хамтын ажиллагааг эрмэлзэх болно.
ШХАБ-ын гишүүн бүх оронтой Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон бүс нутгийн хамтын ажиллагаа, Засгийн газруудын үйл ажиллагааны хөтөлбөрүүдтэй уялдуулан, хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэхэд бэлэн.
Эрхэм хатагтай, ноёд оо
Өнөөдрийн бидний уулзалт ШХАБ-ын олон улсын хамтын нийгэмлэг дэх манлайлал, байр суурийг улам бэхжүүлж, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулж, дэлхийн улс орнуудын итгэлцэл, харилцан хүндлэл, хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Энэ удаагийн хурлыг даргалах үүрэг хүлээн, амжилттай зохион байгуулж буй Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхий сайд, эрхэмсэг ноён Мухаммед Шехбаз Шариф танд, ирэх жилийн энэхүү хурлыг даргалах БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, мөн Засгийн газрын тэргүүнүүдийн уулзалтыг даргалах ОХУ-ын Засгийн газрын дарга Михаил Мишустин болон цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх стратегийг тодорхойлох улс орнуудад амжилт хүсье.
ШХАБ-ын дараагийн стратегийг тодорхойлохдоо гурван зүйлд илүү анхаарах нь зүйтэй болов уу гэсэн саналыг дэвшүүлье.
Нэгдүгээрт, хурдтай хөгжиж буй техник, технологийн эринд хиймэл оюун ухаан болон технологийн дэвшил бүс нутгийн хэмжээнд хэрхэн нөлөө үзүүлэхийг цаашдын стратегидээ илүү анхаарвал чухал байна.
Хоёрдугаарт, уул уурхайн салбар дээр эдийн засаг нь тогтдог Монгол Улстай адил эдийн засгийн бүтэцтэй улс орнуудад ногоон хөгжлийн загвар хэрхэн өрнөх вэ гэдэгт бүс нутгийн хэмжээнд стратегиа тодорхойлбол зүйтэй болов уу гэж харлаа.
Гуравдугаарт, өдрөөс өдөрт хүний нөөц хомсдож, улс орнуудад төрөлт багасаж буй. Ажиллах хүчний хомсдолд ч орж байна. Боловсролын салбар хурдтай хөгжиж буй ногоон эдийн засгийн хөгжилтэй уялдахгүй байна гэх зэрэг асуудал үүсэх болсон. Тиймээс ШХАБ хүний нөөцийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж, хиймэл оюун ухаан, ногоон хөгжил бүс нутгийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг механизмыг боловсруулах нь бидний цаашдын хөгжилд хэрэгтэй.
Энэ нь ШХАБ-ын ирэх жилийн уулзалт болон цаашдын стратегийг тодорхойлох, ялангуяа технологийн хөгжилтэй БНХАУ, БНЭУ, ОХУ зэрэг улс орон үүнд илүү манлайлал үзүүлбэл алсыг харсан ухаалаг сонголт болно гэж итгэж байна. Манай бүс нутаг хөгжлийг хөөж гүйцэх биш, угтаж харж чаддаг. Энэ агуулгаараа бүс нутаг дэлхийд манлайлал үзүүлэх боломжтой. Бүс нутагт хөгжил цэцэглэлтийг өргөжүүлж, даян дэлхийн энх тайвны төлөө өнөөдрийн уулзалтад идэвхтэй оролцсон улс орнуудад Монгол Улсын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.