ҮНЭНИЙГ ЭРСЭН РОМАНТИК ХӨВГҮҮН
Үл үзэгдэх долгион, хэлбэлзэл, дохио тэмдэгтүүд биднийг хүрээлж байдаг. Тэдгээрийг хэрхэн тайлж уншихаас бидний хувь заяа шалтгаалдаг мэт. Еврей гаралтай америк хүү Роберт Аллен Зиммерман өдрийг радио сонсож өнгөрөөдөг байлаа. 1950-иад оны хит блюз хөгжмөөр ховсдуулсан жаалхүү удалгүй яруу найрагт шимтэж, шүлэг бичиж эхэлжээ. Гэсэн ч иудейн шашны хатуу ёс заншлыг мөрддөг аав, ээж нь түүний сонирхолд таатай хандсангүй. Тэр 10 настайдаа гэрээсээ оргосон ч амжилттай болоогүй тухай хүмүүс ярьдаг. Харин тэр хүүхэд нас, гэр бүлийнхээ тухай тэр бүр ам нээдэггүй.
Хүү Миннесотагийн их сургуульд 1959 онд элссэн ч нэгдүгээр дамжаагаа ч төгсөж чадалгүй хөөгдчихөж. Гитараас өөр юу ч үгүй түүнийг хүмүүс гудамжны архичин, эсвэл хэрмэл хөгжимчний ирээдүй угтана хэмээн таамаглаж байлаа. Гэвч залуу хүү хэдэн зуунд дуурсагдах алдрыг хувь заяагаараа сонгон авчээ. Тэр бол амьд домог Боб Дилан байсан юм.
Уэльсийн яруу найрагч Дилан Томасын нэрийг өөртөө сонгосон залуу “10 O'clock Scholar” кафед гитар, аман хууртай хоршин дуулах болсон нь 1959 он байлаа. Удалгүй хайртай дуучин Вуди Гатритайгаа уулзахаар Нью-Йоркт очсон ч хүүхэд насны шүтээн нь хүнд өвчин тусаж, эмнэлэгт хэвтэж байхтай давхацсан байна. Зорилго нь талаар болсон Боб Дилан Грийнвийч дүүргийн хэд хэдэн клубт дуулах гэрээ байгуулжээ. Ингээд тэрбээр ганцаардал, энх тайван, тэгш эрх, үнэний тухай дуугаа “үйлдвэрлэж” эхэлсэн юм. Тэр олон үзэгчид таалагдаж, 1961 оны есдүгээр сард “Нью-Йорк таймс”-т тоглолтын нь тухай шүүмж гарснаар Columbia records-той гэрээ байгуулах боломж бүрдсэн гэдэг.
НАЙРАГЧ БОБ Боб
Диланы бүтээл бусад рок дуучдынхаас найраг шүлгээрээ ялгардаг. Түүний шүлгийг шүүмжлэгчид модернизмын урсгалд хамааруулдаг ч Боб Дилан орчин үеийн ихэнх найрагч шиг хэт чамирхсан үг хэлц, хэлбэр хөөдөггүй. Хөгжмийн талаас түүнд Вуди Гатри хамгийн их нөлөөлсөн бол яруу найргийн талаас 1960- аад оны бит шүлэгчид чухал байр суурьтай байсныг Боб Дилан, Аллан Гинзбэрг нарын нөхөрлөл харуулдаг. Аллан Гинзбэрг мөнгө, эд хөрөнгийг шүтсэн нийгмийг шүүмжилж, дорнын шашин шүтлэг, гүн ухааныг үндсээ болгосон бит шүлэгчдийн гол төлөөлөгч байсан юм. Тэрбээр Бобын аялан тоглолт бүрт хамт явж, урлаг, яруу найргийн яриа өрнүүлдэг байжээ. “Грэмми”, “Алтан бөмбөрцөг”, “Оскар” “Рок-н-роллын алдрын танхим”-д мөнхлөгдсөн гээд Бобын хүртсэн шагналыг тоо - чиж барахгүй. Тэдгээрээс хам - гийн онцгой нь 2008 онд түүнд гардуулсан Пулитцерийн шаг нал юм. “Америкийн соёл урлагт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан төдийгүй хосгүй бүтэц, ер бусын эрчимт шүлэг”-ийг нь онцлон ийн шагнажээ.
“БИ ТЭНД БАЙХГҮЙ”
Диланы эхэн үеийн ихэнх дуу хүний эрх, энх тайвны тунхаглал төдийгүй хиппичүүдийн эриний бэлгэ тэмдэг байсан нь одоо ч хэвээр. Боолчлол, дайн, ялгаварлан гадуурхалтыг эсэргүүцсэн “Blowin’ in the wind” гэхэд л 1960-аад оны иргэний эрхийн хөдөлгөөнүүдийн сүлд дуу нь болсон юм. Эсэргүүцлийн сэдэвтэй ч түүний дуунууд уянгалаг, санаа алдалт мэт хөнгөн гунигтай байдаг. Гэхдээ Боб дуунууд шигээ зөөлөн хүн биш. Очсон газар бүртээ шуугиан тарьж, тэрбумтны хүлээн авалт дээр цонхны хөшгөөр нь биеэ ороон унтаж, христийн шашинд орсноо сүр дуулиантайгаар зарлан, аварга том загалмай зүүж, хэвлэлийн баатар болно. ЗХУ-аас 1985 онд түүнийг Аллан Гинзбэргтэй хамт “Дэлхийн яруу найргийн үдэшлэг”-т урьжээ.
Хаант улсын үед Оросын харьяанд байсан Одесс хотоос гаралтай Боб ч урилгыг хүлээн авсан байна. Гэтэл яруу найргийн уншлагад энгийн үзэгч, уншигчдыг бус комсомолын ажилтнуудыг оруулсанд Боб бухимдан “Blowin’ in the wind”- ээ уншчихаад хэдэн өдөр дараалан А.Вознесенский, Е.Евтушенкотой найрласан гэдэг. 1990-ээд оны үед түүнийг урлагт гүйцэтгэх үүргээ хэдийнэ гүйцээсэн хэмээн шүүмжлэгчид үзэж байлаа. Энэ үед “галзуу” Боб шинэ цомог, аялан тоглолтоор тайзнаа дахин заларсан юм. 1988 онд эхлүүлсэн “Төгсөшгүй аялан тоглолт”- ын нь тоо 2011 оны байдлаар 2394-т хүрчээ. Найруулагч Тод Хейнс түүний намтраар 2007 онд “I’m not there” буюу “Би тэнд байхгүй” кино хийсэн юм. Энэ кинонд Бобын дүрийг янз бүрийн цаг үечлэлээр Хит Леджер, Ричард Гир нарын долоон жүжигчин бүтээснээс хамгийн сонирхолтой нь Кэйт Бланшетийн дүр. Бобын олонд танигдаж эхэлсэн 1960-аад оны амьдралыг Холливудын шилдэг эмэгтэй жүжигчдийн нэг бүтээсэн нь үзэгч, судлаачдаас өндөр үнэлгээ авсан билээ. Боб бол хамгийн нууцлаг хүмүүсийн нэг. Сүүлийн 50 жилийн турш хөгжмийн ертөнцөд ноёрхож, алдрын танхим бүрт залагдсаар. Хэдийнэ 70 хүрсэн тэрбээр дахин ямар гэнэтийн бэлэг задлах нь ч тодорхойгүй байна. Түүний “Rolling stones”, “Time”, “Telegraph”-т өгсөн ярилцлагаас түүвэрлэн хүргэе.
-Таны зураг зурах дуртайг хүмүүс андахгүй. Зурах хүслийг тань юу өдөөдөг вэ?
-Надад сонирхолтой, сайхан санагдсан зүйлсийг зурдаг. Яндангаас утаа суунаглах, модны судал, тариан талбай гээд юу ч байж болно шүү дээ. Тэр дундаа бүсгүйчүүд бол ямар ч төрлийн бүтээлд хүчирхэг дүр болдог. Элдэв асуудал, бодит амьдралын залхаг хэмнэлээс хөндийрөх боломж олгодгоороо зурах нь дуулахтай төстэй.
-Хэрвээ боломж олговол та хэнээс ярилцлага авах байсан бэ?
-Яруу найрагч Гийом Аполлинэйр, Мэрилин Монро, Жон Кеннеди, эсвэл Гоголиос ярилцлага авах байсан. Гайхамшигтай бүтээл туурвиж, хүн төрөлхтнийг мөнхийн асуулттай үлдээсэн тэдэнтэй уулзаж, хариултыг олохсон.
-“Зүүд минь хэзээ ч биелдэггүй” гэж та дуулдаг. Үнэн гэж үү?
-Миний бодлоор, зүүд хүмүүсийг харанхуй буланд л аваачдаг. Хүн бүр нүдээ анимагцаа зүүдэлж эхэлнэ. Энэ бол зөн совин биш, харин өөрсдийн маань тусгал биз. Ой санамжийнхаа хамгийн харанхуй, мухар булан руу нуусан үнэнийг зүүд л гаргаж ирдэг.
-Улс төр бол таны бүтээлийн зонхилох сэдвийн нэг. Улс төр танд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Улс төр бол шоу бизнесээс өөр юу ч биш. Эсвэл спорт ч байж болох юм. Энэ бол сайхан хувцаслаж, эелдэг аашлан, хэн нэгэнд бөхөлзөхийн нэр гэж би үздэг.
-Ардчиллын үйл явцад ч итгэдэггүй гэж үү?
-Тэгж хэлэх гэсэн юм биш ээ. Би эрх чөлөө, энх тайван, шударга ёсонд итгэдэг. Гэхдээ улстөрчид шийдвэрлэдгээсээ илүү асуудал үүсгэдэг шүү дээ.
-Улс төрд дургүй ч Барак Обамаг дэмждэг тань сонирхолтой юм.
-Түүний бичсэн “Миний аавын мөрөөдөл” ном надад тун таалагдсан. Түүний гарал үүсэл, төрсөн газар, туулсан замнал үнэхээр сонирхол татам. Барак Обама яг л сайн зохиолын гол баатар шиг санагдсан. Гэвч тэр бодит хүн гэдэг нь үүнээс ч сонирхолтой.
-Боб, та яг л оньсого шиг хүн.
-Мэднэ ээ.
-Таны тухай бидний мэдэхгүй зүйлээс хуваалцаач.
-Би бол бүхэлдээ нэг эх газар. Миний дотор гол горхи, ой тайга, өргөн уудам тал бий. Энэ бүхэн намайг бүтээсэн юм. Би зэрлэг, бас ганцаардмал. Нэг хотоос нөгөө хот руу жилийн дөрвөн улирал аялдаг ч гэртээ байхыг юунаас ч эрхэмд тооцдог. Би үнэн, шударга ёс, хүн төрөлхтөнд итгэдэг.
-Хөгжмийн мөн чанар юунд оршдог вэ?
-Тэр аялгууг мянгантаа сонссон ч шинэ мэдрэмж төрүүлдэг байх нь жинхэнэ хөгжмийн шинж болов уу. Цаг хугацаанд үл баригдах, мөнхийн бүтээл туурвих нь миний мөрөөдөл. Сүүлийн үеийн хөгжимд би тун ч сэтгэл дундуур явдаг. Хэдхэн сар сонсоод л мартагдаж байна. Хамтлаг, дуучид ч компьютерт бүхнийг даатгасан. Энэ тохиолдолд жинхэнэ хөгжим төрөх эсэхэд би эргэлздэг. Гэсэн ч нэг өдөр сэрэхэд л бүх зүйл өөрчлөгддөг болж. Цаг хугацаа хэт хурдан явж байгаа ч юм шиг.
-Тэгвэл яруу найргийн тухай та юу хэлэх вэ?
-Яруу найраг бол хүний төрөлх, цэвэр мэдрэмж. Өөрөөр хэлбэл, яруу найраг бол нүцгэн хүн. Ихэнх хүн намайг дуучин гэж боддог. Тэгвэл би өөрийгөө яруу найрагч гэж хэлнэ. Би яруу найрагч шиг амьдарч, яруу найрагч шиг үхэх болно.
Б.ЭГШИГЛЭН