Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ авлигачидтай дайн зарласнаа мэдэгдэж, ширүүн тэмцэл өрнүүлэхээ чанга дуугаар илэрхийлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Авлигын хэргээр ял шийтгүүлсэн хүнийг албан тушаалд томилохгүй хэмээн сүртэй ярьж, “Шүүр” ажиллагаа гэгчийг эхлүүлснээс нь хойш энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүн албан тушаалд томилогдож, яллагдагчаар татагдсан ч өндөр эрх мэдэл бүхий суудалд суусан тохиолдол цөөнгүй байна. Тухайлбал, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтын зөвлөхөөр ажиллаж буй Д.Эрдэнэбат гэхэд ИНЕГ-ын удирдлагын холбогдсон авлигын хэрэгт ял шийтгүүлсэн нэгэн. Тэгсэн атлаа БХЯ, ЗХЖШ-ын төрийн нууцтай холбоотой хуралд нь сууж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг бид өмнө нь уншигчдадаа хүргэж байв. Мөн авлигын хэргийн холбогдогч Ц.Даваацэрэнг “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирлаар удаан хугацааны турш ажиллуулсан. Энэ мэтээр авлигын хэрэгт холбогдсон хүмүүс төрийн байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалын зөөлөн сэнтийд залрах тохиолдол нэг бус байна. Уг нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд “Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” хэмээн заасан.
Харамсалтай нь энэ зарчим алдагдсан, түүнийг алдагдуулах ажлыг улс төрчид, хууль тогтоогчид, эрх баригчид хийж буй юм. Энд нэгэн жишээ дуръя. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын Эрүүл мэндийн сайдаар ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Б.Цогтбаатарыг томилуулахаар хувийн ашиг сонирхлыг урьдчилсан мэдүүлгийг нь АТГ-т хянуулсан байдаг. Тухайн цаг үед Б.Цогтбаатар нь ЭМЯ-ны мэргэжилтэн Н.Чимэдлхам, Б.Болорчимэг тэргүүтэй хүмүүсийн хээл хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдон шалгуулж байсан юм. Тиймээс АТГ-аас ийм хэрэгт шалгуулж буй учраас төрийн өндөр албан тушаалд томилохгүй байх санал Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн тул нэг шөнийн дотор нэрийг нь өөрчилж, Т.Мөнхсайханы нэрийг Эрүүл мэндийн сайдаар өргөн барьж, УИХ-аар томилуулж байсныг зарим уншигч санаж буй биз ээ. Гэтэл Б.Цогтбаатар энэ гэмт хэрэгт холбогдолгүй нь тогтоогдож, хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Тэгвэл саяхны хэд хэдэн томилгоо Үндсэн хуулийн эрх тэгш байх зарчмыг үгүйсгэсэн гэхэд хилсдэхгүй. Нэг бус жишээг доор өгүүлье.
С.Энхболдыг ЭМДЕГ-ын даргаар томилох шийдвэр хэнийх вэ
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэдхэн хоногийн өмнө тушаал гаргаж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар авлигын хэргийн яллагдагчаар татагдан шалгуулж буй С.Энхболдыг томилсон. Энэ томилгоог олон нийтийн сүлжээнд нэлээд шүүмжилсэн ч өнөөдөр бараг л мартагдаж байна. Түүнийг томилсны дараа Т.Мөнхсайхан сэтгүүлчдэд “С.Энхболдыг ЭМДЕГ-ын даргын албан тушаалд томилоход ямар нэгэн зөрчил байгаа, эсэхийг тодруулахаар АТГ руу бичиг явуулсан. “Зөрчилгүй” гэсэн хариу ирсэн учир уг албан тушаалд томилсон. ЗГХЭГ-аас Засгийн газрын хуралдаанд танилцуулж, томиллоо. Надад С.Энхболд яллагдагчаар татагдсан гэдэг мэдээлэл ирээгүй. Хүнийхээ хувьд салбарын туршлагатай учир уг албан тушаалд нийцнэ гэж харж байгаа” хэмээн мэдээлсэн юм. АТГ-аас С.Энхболдын талаар яллагдагчаар татагдсан гэх зэргээр бичиг илгээж болохгүй. Яагаад гэвэл, хууль зөрчинө. Тодруулбал, энэ нь улс төрчдийн өөрсдөдөө зориулан баталсан хуулийн хулгайн нэг тод жишээ. Хөгжлийн банкны хэрэгт бусдаас хээл хахууль авсан нь батлагдаж, ял эдэлж буй УИХ-ын гишүүн асан Ё.Баатарбилэг төр түшилцэж байхдаа 2021 оны аравдугаар сарын 22-нд Төрийн албаны болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж өргөн барьсан байдаг. Энэ нэмэлт, өөрчлөлтийн дагуу С.Энхболдыг яллагдагчаар татагдсан учраас томилж болохгүй гэж бичвэл АТГ хууль зөрчинө гэсэн үг. Ё.Баатарбилэгийн санаачилгаар баталсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 23.11-т “Авлигатай тэмцэх газар энэ хуулийн 23.6 дахь хэсэгт зааснаас бусад асуудлаар дүгнэлт, мэдэгдэл гаргахыг хориглоно” гэсэн. Эл хуулийн 23.6-д нь “Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх, эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ” хэмээн заасан байдаг. Үүнээс үзэхэд энэ хуулийн 23.11-т заасны дагуу АТГ-ынхан бусад асуудлаар буюу мөрдөн шалгаж буй хэргийнхээ талаар Т.Мөнхсайханд болон ЗГХЭГ-т мэдэгдэл, дүгнэлт гаргаж хүргүүлэх боломжгүй болсон аж.
Уг нь Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар 2023 оны гуравдугаар сард “Дэлхийн банкны цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталсных нь дагуу АТГ-ынхан нарийвчлан шалгах ажиллагаа эхлүүлсэн байдаг. Уг хэрэгт холбогдуулж Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд, түүний садан төрлийн хүн гэгдэх Б.Эсболд болон “Аксиссистемс” ХХК-ийн эцсийн өмчлөгч Ж.Мөнгөнсүх нарыг шалгаж эхэлсэн. Улмаар С.Энхболдыг Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсгийн улс төрд нөлөө бүхий албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар татах тогтоол НПГ-аас баталсан бөгөөд Японоос зарим мэдээллийг ирүүлэхийг хүлээн мөрдөн шалгах ажиллагаа удаашраад буй билээ. Дэлхийн банкны 19.5 сая ам.долларын санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийг 2015 оноос хэрэгжүүлээд зургаан жил үргэлжилсэн ч үр дүн гараагүй нь дээрх хүмүүс БНСУ-ын компанийг хууль бусаар шалгаруулж, мөнгө угааснаас үүдэлтэй нь шалгалтаар тодорхой болж, “Taihan Cable & Solution” компани нь 1.7 сая ам.долларын хохирлыг Монгол Улсад төлсөн билээ.
“Шүүр” ажиллагаа үр дүнгүй байна
Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэхээ удаа дараа илэрхийлж, 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “цагаан захтнууд”-ын өдүүлдэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажиллагаа, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг сайдууд, агентлагуудын удирдлага, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон нь өнгөрсөн хоёрдугаар сарын үйл явдал. Энэ хүрээнд 5Ш хэмээн нэрийдсэн ажиллагаанууд хэрэгжүүлж буй билээ. Тэдний нэг болох “Шүүр” ажиллагаа төдийлөн үр дүнтэй хэрэгжихгүй байгаа юм. Энэ ажиллагаа нь улс төрд нөлөө бүхий албан тушаалтнуудын хууль ёсны орлогоос давсан хэрэглээг таслан зогсоох, нийтийн албанд танилын хүрээгээр томилогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, авлига, албан тушаалын хэргийн хариуцлага гарцаагүй байх, холбогдсон хүнийг нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэх зорилготой. Мөн төрийн албыг баяжих хэрэгсэл болгогсод, төрийн өмчийг “шимэгчид”-ээс салгахад чиглэсэн байдаг. Гэтэл төрийн албанд, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн удирдах албан тушаалд авлигын хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн хүмүүсийг томилсоор байна. Тухайлбал, Говьсүмбэр аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад бусдаас хахууль авсан хэрэгт ял шийтгүүлсэн Ж.Баянмөнх саяхныг болтол “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд үйл ажиллагаа явуулдаг “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн дэд захирал, гүйцэтгэх захирал зэрэг албан тушаал хашсан билээ.
Тэгвэл хэдхэн хоногийн өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтай “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Дүгэржавыг томилжээ. Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад 2022 оны наймдугаар сард чөлөөлөгдсөн Б.Дүгэржав 2021 оны зургаадугаар сард “Саруул цамхаг” ХХК-д давуу байдал олгосон хэрэгт холбогдон шалгуулж яллагдагчаар татагдсан юм. “Саруул цамхаг” ХХК-ийг тус аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутагт малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа гэсэн утгатай албан бичиг Б.Дүгэржав хийж өгч, тендерт шалгарах нөхцөлийг бүрдүүлсэн хэмээн буруутгажээ. Үүнээс гадна өөр хэргүүд ч бий гэх. Түүнд холбогдох хэргийг шүүх эцэслэн шийдэхгүй байгаа гол шалтгаан нь өөр нэг яллагдагч нь “Дүнжингарав” худалдааны төвийн урд замд шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан автоцистерн осолд орж, дэлбэрэх үед тухайн орчинд явж байгаад галд өртөн түлэгдэж, гадаадад эмчилгээ хийлгэх нэрээр хил давж явсантай нь холбоотой. Эл хэргийг нь шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад ийнхүү төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалд томилсон нь “Шүүр” ажиллагаа үр дүнгүй байгааг илтгэнэ. Үүний цаана мөнөөх л Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 23.11-т заасан нэмэлтийн хор, нөлөө байгаа гэхэд хилсдэхгүй.
Өөрөөр хэлбэл, АТГ-ыг “шүдгүй арслан” болгох зохицуулалт хууль тогтоогчид хийснээр ийнхүү авлигын хэргийн холбогдогч нар “шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй” нэрийн доор төрийн алба, төрийн өмчит аж ахуйн нэгжид шургалсаар байна.
2023 оны тендерүүдэд хэн нэг улс төрч давуу эрх эдэлсэн байхыг үгүйсгэхгүй
Хууль тогтоогчдын өөрсдөдөө давуу байдал олгодог хуулийн хулгай зөвхөн дээрх хуулийн заалтаар хязгаарлагдахгүй. 2002 оны Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйл заалтыг гэнэт “алга болгосон”. Энэ зүйл заалтын дагуу яллагдагчаар татагдан шалгуулж байсан олон хүн эрүүгийн хариуцлагаас мултарсан. Тэдгээрээс өдгөө төрийн албан тушаалд томилогдсон нь ч цөөнгүй. Мөн Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг “будилуулж” өөрсдөдөө давуу байдал бий болгосон хүмүүс бол мөнөөх улс төрчид. Хэзээ нэгэн цагт өөрсдийнх нь хийсэн гэмт үйлдлүүд ил болбол хариуцлагаас мултрахын тулд Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг будилаантуулсан юм. Эл хуулийг 2015 оны арванхоёрдугаар сарын 3-нд УИХ-аар баталж, 2017 оноос дагаж мөрдсөн. Цаг хугацааг нь хөөж үзвэл Хөгжлийн банкны хөрөнгийг албан тушаалтнууд нь бусдад давуу байдал олгож өгсөн он жилүүдтэй хамаарч байгаа нь зүгээр нэг тохиолдол биш гэлтэй.
Хууль тогтоогчид өөрсдөдөө давуу байдал үүсгэхийн тулд хуулийн хулгайг олны нэрлэж заншсанаар “тендерийн хууль”-д ч оруулсан байгаа юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2023 оны зургаадугаар сарын 16-нд парламент баталсан байдаг. Хуулийн хэрэгжих хугацааг санаатай алдсан уу, эсвэл санаандгүй техникийн алдаа гаргасан уу, мөн оныхоо арванхоёрдугаар сарын 1-нээс дагаж мөрдөхөөр тусгасан юм. Гэвч 2023 оны арваннэгдүгээр сарын 10-нд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөх заалт оруулсан. Магадгүй хууль тогтоогчид 2024 оны УИХ-ын сонгуулийн мөнгөө босгохын тулд ийнхүү “тендерийн хууль”-ийн хэрэгжилтийн будилаантуулж, хэн нэгэнд давуу байдал олгосон байхыг үгүйсгэхгүй. Энэ мэт хуулийн хулгайг ямагт хянахын тулд ард түмэн хууль эрх зүйн мэдлэгээ эрс дээшлүүлэх шаардлагатай байна.