Улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоог энгийнээр ойлговол иргэдийг эмчилгээний зардлын дарамтаас хамгаалах, тусламж, үйлчилгээг тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх л үндсэн зорилготой шүү дээ. Гэвч сүүлийн жилүүдэд эл үүргээ төр засаг ор тас мартчихсан гэхэд болно. Тодруулж хэлбэл, Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-г гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжүүлсэн сүүлийн 3-4 жил иргэд улсын эмнэлэгтээ ч даатгалаараа үзүүлж чадахаа байтлаа салбар нь “элгээрээ эвхэрчхээд” байна.
Сангийн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДС)-ынхан нь эмнэлэг, эмийн сангуудаас хээвнэг тусламж, үйлчилгээ, эм, тариа худалдаж авдаг л газар болж хувирчхаад буй. Үүний хар гайгаар улсын даатгал эзэндээ үйлчлэхээ байж, бидний төлсөн шимтгэл тухайн оныхоо хагас жилийг ч торгоохоо больсон.
Гүйцэтгэлээ санхүүжүүлж хүчрэхээ байгаад даатгалын сан байсхийгээд л “модоо барьдаг” болсон гэсэн үг л дээ. Тиймээс иргэд бид одоо хэнд, юунд найдах билээ. Хурдхан шиг л хувийн эрүүл мэндийн даатгалд хамрагдацгаая, тэр нь бараг аминд өлзийтэй аж. Тэгээд ч улсынхаас ялгаагүй шимтгэлтэй, тусламж, үйлчилгээний төрөл нь өргөн, сонголт арвин, нөхөн олговор нь ч ахиу юм байна. Хөдөлмөр эрхлэгч иргэн бүр цалингаасаа эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, ажил олгогч ч мөн адил тодорхой хувийг нь дааж, улмаар улсын төсвөөс “зулгаасаар” ЭМДС өнгөрсөн хугацаанд худалч хүнд хагартлаа баяжсаар ирэв. Төсөв нь жил бүр нэмэгдсээр өнөө жилийнх 2.4 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна гээд бод. Онолын хувьд хөрөнгө босгох үндсэн арга нь дээрх мөн. Тэр хэрээр сангийн хөрөнгө нийт ард түмний эрүүл мэндийн үйлчилгээний санхүүгийн найдвартай эх үүсвэр байх ёстой юм, уг нь. Харамсалтай нь, бодит байдалд ямар байгааг та, бид бүгд харж, биеэр мэдэрцгээж буй. Гоёчилж хэлбэл, сангийн үр ашиг, хүртээмж сүүлийн жилүүдэд эрс муудаж, даатгуулагчид шимтгэл төлсөн хэрээрээ чанартай үйлчилгээ авч чадахгүй болсон нь олон нийтийн бухимдлыг хамгийн их төрүүлэх болсон.
ЮУ НЬ ЯАГААД БОЛОХГҮЙ БАЙНА ВЭ
Хувийн эрүүл мэндийн даатгалыг хөгжүүлье гэж хэлэхээсээ өмнө улсынх юу нь яагаад болохгүй байгааг хэдхэн тоон дээр жишээ татан сийрүүлэх нь зөв байх. Манай улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцооны гол асуудал, алдаа нь иргэдээс жил бүр их хэмжээний шимтгэл төвлөрүүлдэг мөртлөө буцаад үзүүлж буй үйлчилгээ нь хязгаарлагдмал байгаа явдал юм. Нөгөө ууж идэхдээ уургын морь, урагш гишгэхдээ ургаа хад гэдэг шиг ЭМДЕГ-ынхан өчигдөрхөн “Иргэн та шимтгэлээ хялбархан төлөх боломжтой” гээд төлбөрийн хэдэн аппликэйшн зааж өгч, даатгуулагчдаас сар, жил бүр авдаг шимтгэлийн хувь хэмжээгээ он, оноор нь жирийтэл жагсаагаад биччихсэн байна билээ.
Үүнээс үзвэл, ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн шимтгэл жил бүр нэмэгдэж иржээ. Тухайлбал, даатгуулагч иргэн 2019 онд сард 3200, жилд 38 400 төгрөг төлдөг байсан бол 2024 онд сард 6600, жилд 79 200 төгрөг болсон аж. Улмаар 2025 оноос шимтгэлийн хэмжээ эрс өсөж, эхний улиралд сарын 13 200, дөрөвдүгээр сараас 15 840 төгрөг болж нэмэгдсэн. Тэгвэл 2026 онд даатгуулагч иргэн жилдээ 190 080 төгрөг тушаах нь. 2019-2026 онд иргэн зөвхөн өөрөөсөө нийт 707 040 төгрөг эрүүл мэндийн даатгалд төлсөн байгаа биз. Үүн дээр ажил олгогч нь яг ийм хэмжээний шимтгэл төлж таарна. Өөрөөр хэлбэл, нэг иргэний эрүүл мэндийн даатгалд 2019-2026 онд багаар бодоход ажилтан, ажил олгогч нийлээд 1 414 080 төгрөг төвлөрүүлж байна гэсэн үг. Нэг өрхөд хөдөлмөр эрхлэгч хэчнээн хүн байна, тэд бүгд мөн л шимтгэл төлнө. Хоёр хүн гэж тооцвол дээрх хугацаанд ЭМДС-д 2.8 сая төгрөгөөс их мөнгө төвлөрүүлж байна. Энэ бол өрхийн төсөвт бага мөнгө биш.
Хамгийн хоржоонтой нь, ЭМДЕГ-ынхны ил болгосон тариф хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодсон дүн байдаг. Түүнээс өндөр цалин авдаг хүмүүсийн даатгалын шимтгэл сард хэдэн зуун мянган төгрөг, заримынх нь саяар яригдана шүү дээ. Гол асуудал энд л урган гарч буй юм. Иргэн, ажил олгогч нийлээд жил бүр ийм их хэмжээний шимтгэл төлж байхад эрүүл мэндийн үйлчилгээ яагаад сайжрахгүй байна вэ. Яагаад улсын эмнэлгүүд санхүүжилтгүй болж, нэг удаагийн хэрэгсэл, ороох боох материал хүртэл тасалдаж, эм, тарианы хомсдолд орж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг зогсох болов. Энэ нь улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нэгэнт үр ашиггүй болж байгаагийн бодит илрэл бус уу.
БҮГДЭД “ХУСАМ ХҮРТЭЭХ”-ГҮЙГЭЭР ИРГЭН БҮРИЙГ ХАМГААЛАХ БОЛОМЖ БИЙ
Харин үүнийг хувийн эрүүл мэндийн даатгалтай харьцуулбал огт өөр дүр зураг харагдана. Монголд өдгөө даатгалын компаниудын 4-5 нь хувийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг иргэдэд үзүүлж буй юм. Даанч иргэд үүнийг төдийлөн мэддэггүй, төр ч бодлогоор дэмждэггүй аж. Дэлгэрүүлэн судалбал, тэдний санал болгож буй хувийн эрүүл мэндийн даатгалын багцуудын жилийн шимтгэл дунджаар 300-800 мянган төгрөг, хамгаалалтын дээд хэмжээ нь 10-20 сая төгрөг. Зарим өндөр зэрэглэлийн багц нь тэр хэрээр үүнээс ч их нөхөн төлбөр олгодог гэнэ. Өөрөөр хэлбэл, ажилтан болон ажил олгогчийн улсын эрүүл мэндийн даатгалд жилд төлдөг нийт шимтгэлтэй бараг ойролцоо мөнгөөр иргэн магадгүй илүү тодорхой, хүртээмжтэй, өргөн хүрээний үйлчилгээ авч болох юм.
Жишээлбэл, ажилтан болон ажил олгогч нийлээд, ЭМДЕГ-аас гаргасан дээрх тарифаар бол 2026 онд улсын эрүүл мэндийн даатгалд 380 160 төгрөг төлөхөөр байгаа. Тэгвэл улсын даатгалд 380 мянга биш, хувийнхад бага зэрэг мөнгө нэмээд 500 мянган төгрөгийн шимтгэл төлж хамрагдлаа гэхэд тухайн иргэн хувийн том, нарийн мэргэжлийн эмнэлгүүдээс MRI, CT, хэвтэн эмчлүүлэх, мэс засал, яаралтай тусламж зэрэг хэдэн сая төгрөгийн өртөгтэй үйлчилгээг авах бүрэн боломжтой юм байна. Хувийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээтэй компаниуд эмнэлгүүдээ өөрсдөө сонгон, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр гэрээ байгуулдаг аж. Ийм үйлчилгээтэй даатгалын компаниудыг та судлаад үзэхэд гэмгүй. Харин улсын даатгалд үүнээс их мөнгө төлөөд ч бодит үйлчилгээ авахад хүндрэлтэй хэвээр байгаа нь үнэн.
Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоогоор бол иргэд сар, жил бүр заавал шимтгэл төлөх ёстой. Тэгдэг ч эрүүл мэндийн үйлчилгээ авахдаа өөрсдийн халааснаасаа дахиад л мөнгө гаргаж, хохирох болсон нь даанч хөөрхийлөлтэй. Дэлхийн банкны судалгаагаар Монголд тухайн өрхийн эрүүл мэндийн зардлын дийлэнх хувь нь шууд төлбөр болон гарч байна хэмээн сүүлийн жилүүдэд анхааруулсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, иргэд даатгалтай мөртлөө дахиад мөнгө төлдөг нь өрхийн эдийн засагт үлэмж дарамт үүсгэн, ядууралд өртөх гол шалтгаан болж буйг дурджээ.
Олон улсын туршлагаас харахад ийм нөхцөлд хувийн эрүүл мэндийн даатгалын оролцоог нэмэгдүүлснээр тогтолцооны үр ашгийг дээшлүүлдэг аж. Австралид төр, хувийн эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэдэд татварын хөнгөлөлт олгож, улсын эмнэлгийн ачааллыг бууруулсаар байна. Германд өндөр орлоготой иргэд хувийн даатгал сонгодог бол улсын систем нь эмзэг бүлгээ хамгаалахад төвлөрдөг. Францад улсын даатгал суурь хамгаалалт үзүүлж, хувийнх нь нэмэлт үйлчилгээг хариуцдаг. Энэ мэт хосолсон тогтолцоогоор иргэддээ илүү үр ашигтай үйлчилгээ үзүүлдэг дэлхийн жишиг цөөнгүй бий.
Монголд ийм боломж бийг дээр дурдсан. Эдүгээ иргэн, ажил олгогчийн улсын эрүүл мэндийн даатгалд төлж буй шимтгэлийн тодорхой хэсгийг хувийнхад чиглүүлэх бодлого хэрэгжүүлбэл ЭМДС-гийн ачаалал буурч, иргэд одоогийнхоос ч бодит хамгаалалттай болж мэднэ. Энгийнээр хэлбэл, одоогийн улсын даатгалын тогтолцоо бүгдэд “хусам хүртээх” зарчмаар явж байгаа бол цаашид иргэн бүрийг эрүүл мэндээс үүдэлтэй эдийн засгийн хямралаас хамгаалж чадна гэсэн үг. Иймийн тулд л хувийн эрүүл мэндийн даатгалыг төрийн бодлогоор дэмжих хэрэгтэй гээд буй юм. Монголд хувийн эрүүл мэндийн даатгалыг хөгжүү лэх нь сонголт, бас ашиг сонирхол ч биш, харин салбарын санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүү лэх зайлшгүй цаг үе нь болоод байна шүү дээ.