Азийн хөгжлийн банк, Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл”-ийг эхлүүллээ. 2026-2028 онд хэрэгжүүлэх төслийн удирдах хороог ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ахлах бөгөөд энэ онд хийх үйл ажиллагааныхаа болон худалдан авалтын төлөвлөгөөг хэлэлцэн баталсан байна. Төсөл хэрэгжүүлэх хугацаанд эмнэлгийн болон нийгмийн цогц үйлчилгээ үзүүлэх асрамжийн загварууд нэвтрүүлнэ. Энэ хүрээнд гэр бүлийн асран хамгаалагчдын үйлчилгээг үнэлж, шинэчлэн, турших аж. Улмаар мэргэжлийн асран хамгаалагчдыг бэлтгэн, гэрчилгээ олгох, үүнд нь зориулсан стандарт боловсруулж нэвтрүүлэх гэнэ.
Мөн ахмад настны асрамжийн эрх зүйн орчны талаар болон асран хамгаалагчдад зориулсан сургалт, зөвлөлдөх уулзалтууд зохион байгуулж, ийм үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад асрамжийн дижитал удирдлагын систем үе шаттайгаар нэвтрүүлэн, санхүүжилт, хүний нөөцийн хөгжлийн асуудалтай холбоотой эрх зүйн орчин, бодлого, стратеги төлөвлөгөө болон удирдамжид үнэлгээ хийн, шинэчлэн боловсруулна гэдгээ албаныхан хэлсэн. Түүнчлэн Монгол Улсын насжилтын талаарх тайлан боловсруулж, нийтлэх замаар ахмадын асрамжийн тогтолцоо, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах юм байна.
О.Оргилох