“Ирээдүйн инженерүүд-2026” улсын дөрөвдүгээр олимпиадын шагнал гардуулах ёслол өчигдөр ШУТИС-д боллоо. ШУТИС-ийн нэрэмжит тус олимпиадыг дөрвөн сарын хугацаанд гурван үе шаттайгаар ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийнхны дунд зохион байгуулжээ. Эхний шатанд сурагчид математик, физик, мэдээллийн технологийн хичээлийн онолын мэдлэгээр өрсөлдсөн бол хоёрдугаар шатанд нь инженерийн тооцоот бүтээлээ танилцуулсан байна. Харин гуравдугаар шатанд шалгарсан сурагчид бүтээлээ танилцуулж, хэрхэн ажилладаг болохыг үзүүлжээ. Энэ шатанд ачаа зөөгч дрон, нисгэгчгүй нисэх төхөөрөмж, алсын удирдлагатай машин зэргийг танилцуулсан аж. Улмаар шагналт байрт 22 сурагч орсноос 11-д нь ШУТИС-д 30-100 хувийн тэтгэлэгтэй суралцах урилга өглөө. Үлдсэн сурагчид нь элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноогоо давсан тохиолдолд мөн ШУТИС-д дуртай мэргэжлээрээ элсэх боломжтойг мэдээллээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зохион бүтээх ур чадварыг хөгжүүлэх, сонирхлыг дэмжих, ирээдүйн чадварлаг инженерүүдийг бэлтгэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулж буй дээрх олимпиадын энэ жилийн сорилгод 100 гаруй сурагч оролцжээ.
С.Цэрэн