Ховд аймгийн Зэрэг сумын нутагт уржигдар газар 3.9-5.5 магнитудын хүчтэй дараалан гурван удаа хөдөллөө. Тодруулбал, эхний 5.5 магнитудын хүчтэй чичирхийлэл уржигдар 12.23 цагт бүртгэгдсэн бөгөөд голомт нь тус сумын төвөөс зүүн урд зүгт 26 км, Мөстөөс зүүн хойд зүгт 28 км-ийн зайд байв. Үүнээс дөрвөн минутын дараа газар 4.2 магнитудын хүчтэй хөдөлсөн бол гуравдахь нь 12.30 цагт 3.9 магнитудын хүчтэйгээр Зэрэг сумын төвөөс зүүн урд зүгт 27 км, Дарвийнхаас баруун зүгт 38 км-ийн зайд байсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийнхэн мэдээллээ. Эдгээр чичирхийлэл Алтай, Булган, Дарви, Дөргөн, Дуут, Жаргалант, Зэрэг, Манхан, Мөнххайрхан, Мөст, Үенч, Чандмань, Цэцэг, Ховд, Эрдэнэбүрэн зэрэг 15 сумын нутагт хүчтэй мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй аж. Иргэдийн мэдээлснээр өндөр барилгын дээд давхруудад чичирхийлэл илүү хүчтэй байсан бөгөөд гэрлийн бүрхүүл савлаж, жижиг тавилга ганхаж хөдлөх зэргээр мэдрэгдсэн гэнэ.
Газар хөдлөх үзэгдлийн хүчийг хоёр үзүүлэлтээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг нь баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд газар гурваас бага магнитудын хүчтэй хөдлөхөд хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол долоогоос дээш магнитудад хүрэхэд том талбайг хамарсан сүйрэл болдог аж.
Ташрамд дурдахад, тус аймагт өмнө нь буюу энэ сарын 22-нд газар 4.7 магнитудын хүчтэй хөдөлсөн юм.
Э.Сүйлэн