Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар (ЭЭХХЗГ)-ын даргаар ажиллаж байсан Д.Нарантуяа нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж, өчигдөр эрүүгийн хариуцлага оноох тогтоолоо танилцууллаа. Д.Нарантуяаг ЭЭХХЗГ-ын дарга байхдаа албан тушаалаа урвуулж, өөртөө болон нэг бус хүнд эдийн засгийн давуу байдал олгосон хэмээн буруутгаж, НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасныг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн юм. Тус газрын харьяа Эм шинжлэх лабораторид шаардлагатай 19.4 сая төгрөгөөр үнэлэгдэх бараа, материалыг 2022 оны арванхоёрдугаар сард мэс заслын өвчний оношилгоо, эмчилгээ, эм барих, бөөний худалдааны “Санцо мед” ХХК-иас худалдаж авсан мэтээр баримт бүрдүүлж гэрээ байгуулсан байдаг. Улмаар тус аж ахуйн нэгж рүү мөнгийг нь шилжүүлж, иргэн Ч.Болдбаатарт 2.9, А.Болор-Эрдэнэд гурван сая гаруйг нь өгөөд, өөрөө үлдсэн 11.5 саяыг нь авсан хэрэгт эл гурван хүнийг яллагдагчаар татсан. Шүүх нэгдүгээр сарын 29-ний лхагва гарагт тэдэнд холбогдох хэргийг хэлэлцээд гурван шүүгдэгчийг албан тушаалаа урвуулсан хэрэгт хамтран оролцсон гэм буруутайд тооцсон аж. Энэ үеэр дээрх гурван хүн болон тэдний өмгөөлөгч нар хохирол, төлбөр төлж барагдуулахын тулд тав хоногийн завсарлага авах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргасан. Шүүгч С.Батгэрэл, Д.Сувд-Эрдэнэ, М.Очбадрах нэр хүсэлтийг хүлээн аваад ял шийтгэл оноох хурлыг хоёрдугаар сарын 4-ний 15.00 цагт хийхээр товлосон юм. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс өчигдөр шийтгэх тогтоолоо танилцуулж, Д.Нарантуяагийн нийтийн албанд томилогдох эрхийг найман жил хасаж, 40 сая, Ч.Болдбаатарын төрийн байгууллагад ажиллах эрхийг гурван жил хязгаарлаж, 10 сая, А.Болор-Эрдэнийн төрийн албанд ажиллах эрхийг зургаан жил хасан, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгэв. Уг ялыг оноохдоо ЭЭХХЗГ-т учруулсан хохирлоо нөхөн төлснийг шүүх харгалзаж үзсэн гэнэ.