Эгийн голын УЦС-ын туслах далангийн ТЭЗҮ боловсруулах зардлыг Засгийн газраас баталлаа. Тодруулбал, ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгэсэн Байгал нуурт үзүүлэх нөлөөллийн экологийн иж бүрэн үнэлгээ, төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, туслах далангийн ТЭЗҮ боловсруулах ажлыг шуурхай зохион байгуулах зардлыг санхүүжүүлэхээр Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар шийдвэрлэв. Ингэснээр Эгийн голын УЦС барих төсөл гацаанаас гарах боломж бүрдэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа онцоллоо.
Уг төслийг хэрэгжүүлэх тухай 1964 онд анх ярьж эхэлжээ. Түүнээс хойш үе үеийн Засгийн газар үүнийг хэрэгжүүлнэ гэж амлаж ирсэн ч дорвитой үр дүнд хүрээгүй. Гол шалтгаан нь ОХУ-ын талтай бүрэн ойлголцолд хүрч чадаагүй өдий хүрсэн билээ.
“ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 46 дугаар хуралдаанаас Монгол Улс Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг Дэлхийн өвийн нөлөөллийн үнэлгээ хийх заавар, зөвлөмж болон олон улсын стандартын дагуу хийж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Энэ нь төслийг цаашид амжилттай хэрэгжүүлэх үндэс болно гэж үзэж байна. Манай улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд нар Байгал нуур болон Сэлэнгэ мөрнийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан. Уг санамж бичгийн дагуу хийх ажлын төлөвлөгөөг ч хэлэлцэн тохирсон юм. Ажлын төлөвлөгөөний дагуу 2026 оны эхний хагаст багтаан Эгийн голын УЦС-ын нөлөөллийн талаар эцсийн дүгнэлт гаргах зорилттой ажиллаж байна” гэж Засгийн газраас мэдээлэв.