Төрийн албаны энэ оны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалтыг өчигдөр нийслэл болон 21 аймагт зэрэг эхлүүлэв. Энэ улирлын шалгалтад улсын хэмжээнд 4041, үүнээс 1703 нь нийслэлд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Шалгалтыг эхлүүлэх үеэр УИХ-ын гишүүн Б.Хэрлэн “Төрийн албаны ерөнхий шалгалт 100 хувь цахим хэлбэрт шилжиж, хөндлөнгийн нөлөөлөл, хүний оролцоогүй, ил тод нээлттэй болсон. Шалгалтын дүн зөвхөн таны өөрийн хичээл зүтгэл, бэлтгэлээс хамаарна” гэж онцлов. Бүртгүүлсэн иргэдийн тооноос хамаарч төрийн албаны ерөнхий шалгалтыг нийслэлд энэ сарын 12-14, Баян-Өлгий, Дархан-Уул, Хөвсгөл, Хэнтий зэрэг есөн аймагт 12-13, бусдад нь зөвхөн өчигдрийн дотор зохион байгуулж дуусгахаар товложээ. Нийслэлд өчигдөр 08.30 цагаас эхлэн таван ээлжээр шалгалт авсан юм. Нэг ээлжид нь 131 хүнийг хамруулсан байна.
Төрийн албаны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу 2023 оноос эхлэн ерөнхий шалгалтыг жилд дөрвөөс доошгүй удаа авдаг болсон билээ. Өнгөрсөн онд зохион байгуулсан дөрвөн удаагийн шалгалтад нийт 13 004 иргэн оролцсоноос 4585 буюу 35.3 хувь нь тэнцжээ. Тэнцсэн иргэдийг төрийн албаны хүний нөөцөд бүртгэдэг байна. Төрийн албаны зөвлөлийн нийслэл дэх салбар зөвлөлийн гишүүн Ү.Ганболд “Төрийн албаны ерөнхий шалгалтыг нийслэл, орон нутагт цахимаар зохион байгуулж байна. Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран шалгалтын сорил даалгаврыг бөглөх, холбогдох хууль, журмыг уншиж судлах, мэдлэгээ сорих, бататгах боломж бүрдсэн” гэв.
М.Оч