Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас улс орнууд байгальд хөнөөлтэй бүхнийг халж, ээлтэй бүхнийг нэвтрүүлэхээр эрэлхийлэх болсон нь өдрөөс өдөрт мэдрэгдэж буй. Саяхан манай нийслэлд болсон Дэлхийн өвлийн хотуудын дарга нарын холбооны чуулган дээр хатуу ширүүн, хүйтэн уур амьсгалтай хотууд эрчим хүчээ хэрхэн шийдвэрлэж, тэр хүнд улирлыг эергээр яаж ашигладаг тухай сонирхолтой илтгэлүүдийг тавьсан юм. Тэр дундаас хамгийн анхаарал татахуйц нь Японы Саппоро хотын туршлага байв. Хэрхэн эко хот болж буй талаарх Саппорогийн сонирхолтой баримтуудыг хүргэе.
Саппоро хот хүн амын тоогоороо Улаанбаатараас том. 1.9 сая хүн тус хотод амьдардаг. Хотын ялгаруулж буй нүүрстөрөгчийн хийн 90 хувь нь автомашины утаа, гэр ахуйн цахилгаан бараанаас үүдэлтэй бөгөөд сүүлийн 20 жилд уг хий 1.3 дахин өсчээ. Тиймээс Саппоро хот байгальд ээлтэй эко хот болохоо 2008 онд албан ёсоор зарлаж, томоохон зорилт тавьжээ. Энэ нь 2050 он гэхэд хүлэмжийн хийг 1990 оныхоос 80 хувь бууруулах урт хугацааны зорилт юм. Үүний тулд эрчим хүчний салбартаа түлхүү анхаарч эхэлжээ. Хамгийн түрүүнд нарны эрчим хүчний үүсгүүрүүдийг хотын эзэмшлийн байгууламжуудад нэвтрүүлсэн байна. Тухайлбал, Саппоро ордны өмнө өнгөрсөн жил нарны эрчим хүчний үүсгүүр байгуулснаар 90 кВт цахилгаан үйлдвэрлэх боломжтой болжээ. Түүнчлэн нар болон салхин цахилгаан хураагуурын холимог үүсгүүртэй бие засах газрыг цэцэрлэгт хүрээлэнгүүдэд байгуулж, гадна талбайн гэрэлтүүлэгт лэд гэрэл ашиглажээ.
Энэ мэтчилэн өөрчлөлт шинэчлэлтийг хийж, шинээр баригдсан барилга байгууламжид сэргээгдэх эрчим хүч ашиглан, нийтийн эзэмшлийн талбайн хуучин гэрлүүдийг лэдээр сольсноор эрчим хүчний хэрэглээгээ 10 гаруй хувиар хэмнэж чаджээ. Үүний үр дүнд өнгөрсөн оны сүүлч гэхэд ний тийн эзэмшлийн нийт 70 байгууламжид нарны эрчим хүчний үүсгүүр суурилуулж, 900 кВт цахилгаан гарган авсан байна. Шахмал болон хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэхээ тэд мартаагүй аж. Тус хотын захиргаа, “Саппоро” урлагийн цэцэрлэг, “Саппоро риюз плаза”, Ямагучи ногоон талбай зэрэг цөөнгүй газарт шахмал түлшний зуух ашигладаг юм байна. Эрчим хүчинд хэмнэлттэй, байгальд ээлтэй лэд гэрлийн тухай монголчууд харьцангуй овоо ойлголттой болчихоод буй. Нийслэлд шинээр хийгдэж буй гэрэлтүүлгүүдэд лэд гэрэл ашиглаж, хувийн байгууллагууд ч боломжоороо энэ гэрлийг оруулж ирдэг болсон. Тэгвэл Саппоро хот мөн гудамжны гэрэлтүүлгүүдээ лэдээр шинэчилж байгаа юм байна. 2010 онд нийт 5800 гэрлийг лэдээр сольсноор эрчим хүчний хэрэглээгээ долоон хувиар бууруулж чадсан гэнэ.
Одоогоор тус хотод мөнгөн устай 12000, натрийн 3000 орчим чийдэн ашигладаг юм байна. Гэхдээ уг гэрлүүдийг удахгүй шинэчлэхээр төлөвлөжээ. Энэ мэтээр эко хот болох алхмыг бага багаар хийсээр байгаа аж. Харин дээрх хийсэн ажлуудаас хамгийн сонир холтой төсөл нь цасан дээр суурилсан хүйтний эрчим хүч юм. Өөрөөр хэлбэл, өвлийн хот гэсэн давуу талаа ашиглан цасыг эрчим хүчний эх үүсвэр болгох аргыг тэд сэджээ. Тус хотын “Саппоро” зочид буудлын хойно, цас хайлуулах том танкийг газар дор байгуулжээ. Саппород өвөл их хэмжээний цас ордог бө- гөөд түүнийгээ япончууд хавар болтол нөөцөлдөг гэнэ. Харин ийнхүү нөөцөлсөн цасаа гуравдугаар сард угтан канд хайлуулж, зэргэлдээх байшингуудын хөргөлтийн системд ашигладаг юм байна.
Цас ордог давуу талаа ашиглаад агааржуулалтын системд зарцуулдаг байсан эрчим хүчний хэрэглээгээ тэд ийнхүү бууруулж чадсан нь гайхалтай. Түүгээр зогсохгүй танканд хуримтлуулсан их хэмжээний цас хайлан урсах үйл явцыг эрчим хүчний бас нэг эх үүсвэр болгожээ. Өөрөөр хэлбэл, хайлсан цасны урсгалаар эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан үүс гүүрийг суурилуулсан юм байна. Хөргүүрийн энэ системийг зөвхөн агааржуулалтад бус, хүнсний зоориудад ч ашиглаж байгаа талаар Саппоро хотын дарга ярьсан. Харин цасаар хүйтэн агаар үлээлгэх системийг цэцэрлэгт хүрээлэн, амьтны хүрээлэн зэрэг нийтийн эзэмшлийн байгууламжуудад ашиглаж эхэлж байгаа юм байна. “Өвөл болдог хот хүйтэн, цас их ордог болохоор бэрхшээлтэй байж болох юм. Гэвч үүнийг бэрхшээл гэж үзэлг үйгээр байгалийн баялаг болгон ашиглаж бас болдог” хэмээн Саппоро хотын дарга Үеда Фүмиогийн хэлснийг бодууштай.
Цас гудамж талбайг хальтиргаа гулгаатай болгож, замын бөглөрөл үүсгэн хотын иргэдэд хүндрэл учруулдаг ч халуун, дулаан, хоёрхон улиралтай хотынхонд үзэхийг хүсдэг байгалийн өвөрмөц үзэгдэл нь цас ажээ. Энэ давуу талыг тус хотынхан мэдэрч чадсаны илрэл нь “Саппорогийн цасны наадам”. 60 гаруй жил уламжлал болгон явуулсан энэ наадмыг 2011 онд л гэхэд дотоод, гадаадын 2.4 сая хүн очиж үзсэн байна. Уг бая рт зориулан Саппоро хотынхон цас, мөсөөр 250 гаруй уран баримал бүтээж, цасны спортын арга хэмжээ зохион байгуулж, түүгээрээ хүмүүсийг татаж чаддаг ажээ. Тэгэхээр өвлийн хотуудын хувьд цас байгалийн аялал жуулчлалын нэг хэрэгсэл болж болдог байх нь. Мэдээж энэ наадмаас олсон орлогыг байгальд ээлтэй шинэ технологи нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүчний салбарыг өргөтгөх зэрэгт зарцуулдаг байна. Саппоро хотын энэ туршлагуудыг манай нийслэлд хэрэгжүүлэхэд болохгүй зүйл үгүй санагдана.
Монгол Улс байгалийн баялаг, ашигт малтмалынхаа ачаар хөгжлийн шинэ гараанд ирж буй. Тэгвэл байгалийн баялгаа ашиглаад бас эко хот болох боломж манайд Японоос ч илүү байна. Зөвхөн нарны эрчим хүчний нөөцөөр Монгол Улс дэлхийд толгой цохидог тухай тооцоо гарсан байсан. Яг Сахарын цөлтэй дөхөж очих тийм хэмжээний нарны эрчим хүчний нөөц манайд бий. Ийм их нөөц байхад баялаг болгож, тэр мөнгөөрөө нарны эрчим хүч хуримтлуулдаг сүүлийн үеийн хавтангуудыг оруулж ирж яагаад болохгүй гэж. Бид өвөл орсон цасыг цэвэрлэх гэж машин машинаар нь давс цацаж, мөнгө ч чамгүй зарцуулдаг. Тэгвэл ад болоод байгаа тэр их цасаа япончууд шиг эрчим болгон ашиглаж яагаад чадахгүй гэж. Япончуудаас санаа авч, энэ туршлагуудыг эх орондоо нутагшуулж чадвал утаатай Улаанбаатар гэсэн цолноосоо амархан салах гарц энэ ч юм бил үү.
Р.ЦЭЦЭГ