Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр Эрчим хүчний яаманд ажиллаж, удирдлагуудад нь үүрэг, даалгавар өгөв. Тэрбээр энэ сарын 18-нд болсон Засгийн газрын хуралдаанаар төрийн албаны чиг үүргийн давхцал, орон тооны асуудлыг хэлэлцэн, бүх яаманд бүтцийн давхардал, чиг үүргийн шинжилгээ хийж, цомхотгох чиглэл өгснөө онцолсон. Мөн “ДЦС-3” ТӨХК-д 2025 оны зургаадугаар сарын 2-нд осол гарсантай холбогдуулан компанийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэр гарсныг танилцуулсан юм.
Тус тогтоолоор эрчим хүчний салбарыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, дулааны цахилгаан станцуудын техник, тоног төхөөрөмж, тоноглол, системийн горимын хэвийн үйл ажиллагааг хангах, төлөвлөгөөт засварын ажлуудыг хуваарийн дагуу хийж байгаа, эсэхийг хянах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэлийг төлөвлөсөн хугацаанд хийж гүйцэтгэхийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд үүрэг болгосон байна. “ДЦС-3”-т тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Засгийн газарт эрх олгох тухай хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалтыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна гэдгийг Ерөнхий сайд мэдэгдлээ.
Ч.Болор