2010 онд БАЛДОРЖ шагналд Т.Ганди “Ай, Дарьганга нутаг минь” нийтлэлээрээ “Шилдэг-10”-т шалгарсан юм
Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалтыг явуулсан түүхтэй. Хоёр дахь жилээс нь телевиз, радио, сэтгүүл, сайт гээд сэтгүүл зүйн өргөн уудам талбарт өөр өөрийн чиглэлээр бүтээн туурвиж буй бүхий л сэтгүүлчийг хамардаг болж, жилд дунджаар 120 гаруй хүн 200 орчим бүтээлээ ирүүлэн, ур чадвараа сорьдог байв.
Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэхээр боллоо. 2010 онд хоёр дахь удаагийн БАЛДОРЖ шагналын шилдгүүдийг тодруулахад тухайн үеийн “Үндэсний шуудан” сонины тоймч Бадамдоржийн Ганчимэг “Орхон дээр уулзъя” нийтлэл, “Эрүүл болсон цагт бол эр хүний замын хүзүү урт л гэдэг дээ” ярилцлагаараа “Шилдэг-10”-ыг тэргүүлсэн бол Төгсжаргалын Ганди “Ай, Дарьганга нутаг минь” нийтлэлээрээ мөн шилдгээр шалгарсан юм.
Шилийн Богдын орой дээр гарахад хүйтэн, хүчтэй салхитай байв. Дөрвөлжин дэвсэг бүхий орой дээр нь хадаг яндар болсон овоо байна. Идээ ундаа засаж, энд тэндээс түмний хүслийг шингээн өлгөсөн туг хиур салхинд дарцаглаад, овоо тахилга амь сүлдтэй нэгэн төдийгүй, хэзээ хэзээгүй нисэх гэж өндөлзөн буй мэт сүртэй. Богдын орой дээрээс чанх урагш харлаа. Торгон элсэн дээгүүр шигүү шүдтэй самаар жигд татсан юм шиг зурвас харагдана.
Энэ бол миний эх орны хилийн дээс. Үүнээс цааш хүний нутаг бий. Хоёр нүдний дурангийн тусламжтай ийш тийш нэлээд хараачлав. Уул нь маниас өөр олигтой нүдтэй хүнд бол дурансаад байх юмгүй. Эгээ урьд өлмий дор минь л хүний нутаг байгаа юмсанж. Уламжлалт ахуй амьдралынх нь хэв шинж болсон газар тариалангийн аж ахуй эрхэлж, шоо дөрвөлж татсан газарт хүмүүс өөвийн бөөвийн харагдана. Хаа газрын амьтас даа, амьдрахын төлөө амсхийх завгүй л тонголзож буй нь тэр биз ээ.
Өвөрлөгчийн нутгаас наагуур хүн, малгүй зэлүүд. Намрын эхэн сар хэр нь өвс ногоо нь сөлтэй, талын мансуурам сайхан үнэр салхин үзүүрээр ирнэ. Хүйс хүйсхэн үлээх салхи тал дээгүүр хүүгэж, Богдын орой дээр амсхийн, эргээд л мянган уулын оройг дамжин буцаж буй мэт санагдана.
Тахилга сүлдэндээ мөргөв. Идээ цагаагаа дээжлэн өргөв. Ижийгээ, хань ижил, үр хүүхдээ даатгав. Ах дүү, амин холбоо, эх орноо даатгав. Мөн уул тал, хөндий, лус савдаг бүхэнд дуугаа хүргэх гэж хоёр алгаараа салхи хааж байгаад үү үү хэмээн хашхирав. Хариугүй муу дуу минь уулсын оройгоос орой дамжин цуурайтах шиг болсон. Санаа амарч, сэтгэлийн бөглөө арилах шиг. Эх орны дорно хязгаарын алтан хаалга, мөнгөн хаяавч болсон Богдын орой дээрээс хойш харвал нээрээ мянган уулын орой харагдах шиг. Алтай таван Богд, Богд хан, Хөх сэрх, Хасагт хайрхан, Хан Хэнтий, Хөгнө хан, Отгонтэнгэр, Цамбагарав, Хорьдол Сарьдаг, Их Богд. Үелээ мянган уулын бүгдийнх нь орой эндээс л нэгэн зэрэг харагддаг гэлцэнэ.
Хөхрөн дуниартах холын хөх уулс, норсон мэт чийгтэх бор тал, бүх л биеэрээ тарж хэвтээд лугшин буй судасны чимээгээ газар шороондоо мэдрүүлж, хөнгөн гуних сэтгэлээ хөх өвсөнд нь сэм шивнэн нялхармаар эзгүй хээр. Чухам л энд ижийдээ туних мэт цурхиртал уйлмаар. Ерөөс би энэ л талд татагдан татагдан байнга ирдэг юм бус уу?
Энгүй хээр тал намайг ирэхийг чагнаархан, эрмэг түрэмгий салхи нь хүртэл амсхийн тогтоод хүлээдэг юм болов уу. Тал бид хоёр яах аргагүй хүйн холбоотой юм байна аа...
Хөндийн салхи нь цэнгэг, жиндүү юм. Хөхрөх уул овоо тань хүндлэл төрөм сүрлэг юм. Богдын орой дээр суугаад л баймаар... Тал нутгаа овоон дээрээс удаан харж, улам дурлав.
Зорьж ирэгсэд буцлаа. Уул өөд өгсөж явахад араас минь тууж, түлхэж өгсөн салхи буруу зөрүү гишгэн буухад, энгэр цээжнээс минь тулж түшин дэмнэлээ. Уулын орой дээрээс авч шидчих гээд байсан салхи бэлд тогтжээ.
Дундад халхын тэгш өндөрлөг, Дарьгангын тэгш өндөрлөг хэмээн байгаль судлаачид нэрийддэг Шилийн Богдын ойролцоо 200 орчим унтарсан галт уул байдгийн хамгийн өндөр нь 705 метр Шилийн Богдыг гэдэг юм. Надад Шилийн Богд унтарсан галт уул гэхээсээ унтаж буй аварга үлэг гүрвэл мэт санагддаг. Хагас дугуй эвхэрсхийгээд, хошуугаа урагшаа тавьж, түр амсхийн зүүрмэглэж буй аварга том гүрвэл мэт. Хайрст нуруугаар нь авирч, хамар дээр нь гарахад ч ажирч цочрохгүй. Харин хар хорон санаатан довтлох даруй дошгирон босож, шилгээн хөрвөөж, хөх уулсын мөнхийн орноо хамгаалан архирч мэдмээр сүрлэг амьтан шиг төсөөлөгддөг юм.
Шилийн Богдоос 10 гаруйхан км яваад Талын агуй, тэндээс баруун тийш хориод км яваад Хөхөл овоо, Дуут нуур орно. Энүүхэн хөндийд л гэхэд 60-аад хүн чулуун хөшөө байдаг юм билээ. Хөшөө бүр нэртэй, домогтой. Хэн, хэзээ нэр хайрлаж, хэнз үлгэр зохиоснийг нь хэн ч үл мэднэ. Ийнхүү зорин ирсэн хэрэг минь лавтай сайнаар бүтэж, Шилийн Богд дээр гаран хийморь лундаагаа сэргээн, Алтан овоо тахилгадаа өчүүхэн бүсгүй заяагаа даатган, хормойноос нь адис аваад буцлаа.
Жилдээ нэг эргэдэг уул овоондоо мөргөчихөөд сэтгэл жигтэй хөнгөрч, Дарьгангын тал дундуур тоос босгон давхиж явна. Хонгоо гялалзуулах зээрийн сүрэг бидэнтэй холын замыг хойно урд орон хөөцөлдсөөр хамтдаа туулав.
Баруун-Урт хотоос хойхно, өндөр хүчдэлийн шонгийн доохно нагац ахынх буусан сурагтай. Ороод гарахгүй бол насны юм болно. Нагацын маань нас явжээ. Нөгөө муу хуучин Ява мотоцикл дээр өлгийтэй хүүхдээ дундаа хавчуулчихаад авгайгаа сундлан хоёр тал руугаа шүлсээ хаян, түрийг нь эргүүлсэн бакиалтай хөлөөрөө байн байн хааз гишгэн тоос босгон давхиж оддог одтой, ойворгон нас нь аль эрт ахаас яваад өгч. Нүүрэнд нь байж ядсан залуу цагийн инээмсэглэлийнх нь ор мөр хэдэн арван үрчлээ болон тогтсон монхор улаан өвгөн болж дээ. Намар орой ааг нь буугаагүй таана, хөмөл дээр гэрээ барьчихаад, халаасан шимийн юмандаа халамцан суугаа нагац маань хэдэн хүүхэд, хэсэг малынхаа буянд өөртөө л зөв яваа юм байна.
Ах, бэр хоёр адуугаа ярина, ач гучаа ярина. Би адуу мэдэх биш, ач гучийг нь ч тэр бүр таних биш, тэгсгээд л дэлгээтэй үүдээр алсыг харан авдар түшин сууж байлаа.
Тээр тэнд бэлчиж буй үхэр тугал наашилж нэг, цаашилж нэг харагдаад, тогоон дотор хонины мах буцлах чимээнээс өөр дуу шуугүй. Намар оройтсоныг зарлах мэт хааяа нэг цар цар гэх царцаа голио ганц нэгхэн залхуутай дуугарсан болоод таг чиг. Ер бусын нам гүм, юу гээчийн амар амгалан ертөнц вэ хэмээн дотроо дуу алдаж суулаа. Ингээд л ажин түжин бөөвчхөн амьдрах эд нар маань жаргалтай ч улс юм.
Ах, эгчийн яриаг сонсоод л байх нь ээ жигэр жигэр гэсэн хөөрхөн аялгатай юм. Хагас сайн өдрийг хугац сайн, цугларах гэдгийг цуглаагаад гэнэ, эмээг гөёө, найзыг өөшгөө гэнэ. Хаашаа ч янзын яриа вээ дээ хэмээн дотроо шоолж суув. Хотоос садан нь ирсэн сургаар саахалтын бүсгүйчүүд ч хүрээд ирлээ. Цэнхэр торгон тэрлэгээр гоёж, эрээн алчуур хүзүүндээ зангидсан хүүхнүүд зүүн талын төмөр орон дээр жирийтэл сууцгаана. Бүсгүйчүүд царайлаг, бас журамтай юм. Тэрлэгнийхээ хормойгоор хормой хотоо жимбийтэл хумин суух нь цэгцтэй харагдана. Ер нь Дарьганга хошууны хүүхнүүд эр нөхрөө, хүү, хүргэнээ хүндлэн дээдэлдэг ёс журамтайгаараа алдартай юм билээ. Холын зочид бид хөдөөгийн хүүхнүүдэд сонин содон харагдаа биз дээ. Хаашаа л хөдөлнө, алдахгүй ажих тэдний адтай харцнаас бултаж чадахгүй, хэрэндээ би тэвдэж л суув....
Холын хөх овоог зорьж ирсэн хотын бид буцлаа. Алсын айлчны сургаар цугласан ах дүү нар маань нутгийн дуугаа дуулсаар ард хоцров. Ах намайг үдэж өгөхөөр гэрээс гарч ирлээ. Духан дээр үнэрлээд эргэхэд нь адууны хөлс үнэртэх шиг. Машин дөнгөж хөдлөөд харвал нагац хэзээний мориндоо мордчихсон, наран жаргах зүгт бараантах адуу руугаа давхиж байв. Мань эр дуулж яваа бололтой.
...Жаахан шаргын шогшоонд нь уу
Томоо нь муухай даслаа
Жаахан түүнийхээ аашинд нь уу
Сэтгэл муухай даслаа...
Сайхан эрдүү хоолойтой юм. Ээжийн маань ах дүү нар сайхан дуулна. Ардын жүжигчин, уртын дуучин Ч.Шархүүхэн, Гавьяат жүжигчин Д.Оюунтүлхүүр, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Н.Гунаажав гээд бүгд урлагийн хүн. Ная гарч яваа ээж маань дууны дугараа ирвэл ямар ч дуу өсгөгч энээ тэрээгүй авч өгнө. Хачин цээлхэн хоолойтой. Ээжийн дэргэд миний дуулах гэж юу байх вэ. Шүлэг уншиж буй мэт хариугүй туниа муутай. Тэгээд ч би ичээд тэр бүр дуулдаггүй юм. Талын хүмүүс дууч байдаг гэдэг үнэн юм билээ. Ямартай ч миний муу ах дүү нарт энэ л тал нутаг цээл сайхан хоолой, авьяас билгээ харамгүй хайрлажээ. Санаашрангуй, гэгэлгэн аястай Дарьганга нутгийн дууны үгийг бодон бодон буцлаа.
Дарьгангачууд айраг цагаа бэлдэж, үүцлэхгүй. Орон гэрээ орд харш мэт суурин маягаар гоёж гоодохгүй. Тэмээн хөсөг, агт морины хазаар цулбуур, амгайвч, дөрөө, эр хүний хийморь лүндээг сэргээх аяга тагш, гаанс, хэт цохиур, дашмагийг бурхан ухаан шингээж, зуун зуун дамжин хэрэглэх дарх хийнэ.
Үнэн, эсэхийг мэдэхгүй юм. Үлгэр домог мэт зүйлийг хөгшчүүл ярьдаг сан. Хаан эцэг Чингисийн үр сад хуяг дуулгаа тайлж, ард ёсоор амьдрах цаг дор, тооноо босгож, ханаа дугуйлан тусгаар улсынхаа үүдэн хойморт харуул тавих гэж баруун төв нутгаас аль л шилмэл дархчуул, урчуул бүхий агтчин, сүрэгчин омог хэсэг хүнээ энэ талд авчирч, зарлигдан нутагшуулсан гэлцдэг бөлгөө. Агтаа маллан, дархаа хийж, хилээ манаж ирсэн эрчүүлд айраг хийж сурах цаг зав “олдоогүй” байх аа. Цагийн эрхээр зарлиг суларч, “харьж нутагтаа очно доо” хэмээн тэд маань хөсөг тэргээ бэлдэж, хэдэн зуун дамжиж хүлээсэн юм гэдэг.
Аяншсан агтчингууд эл нутагтаа төвхнөн идээшээд эзэн суухдаа хаа нэг хаан төрийн зүгээс хэл чимээ ирүүзэй хэмээн санагалзан дуу аялгуу зохион дуулах болсон бөгөөд дуу бүр нь гэгэлгэн гуниг тээдэг болсон юм гэдэг ээ.
Ямартай ч эзэн Богд Чингисийн эр цэргийн агтчин, сүрэгчний үр сад гэдэгтээ итгэдэг ээ, би. Амь, амьсгал минь та бүхний үргэлжлэл, нүүж сууж, жаргаж зовж явсан тал нутгийн тань борог өвсний нэгээхэн ширхэг нь билээ, би.
Ай Дарьганга нутаг, ариун дагшин тал хээр, уул овоо мину. Тандаа мөргөхөөр хойтон жилийн өдийд эргээд би ирнэ ээ.
2010-02-01 Шилийн богд - Баруун-Урт