Хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах эрхэм зорилготой шүүх байгууллагынхан оюуны болоод сэтгэл зүйн хэрээс хэтэрсэн ачаалал дунд байна. Шүүгчийн туслахаар гурван сар орчим ажилласан нэгэн эмэгтэй “Ажиллах хугацаанд надад амралтын өдөр гэж байгаагүй. Эрх зүйчээр дөнгөж төгсөөд орсон надад маш хэцүү байсан. Эцэст нь эрүүл мэндийн асуудалтай болоод ажлаасаа гарсан” хэмээв. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нэг жилд давхардсан тоогоор 1697 шүүх хуралдаанд оролцож, жилд дунджаар 203 640 минут, өдөрт 1214 цаг ажиллаж байгаа талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнгөрсөн долоодугаар сард мэдээлсэн. Тэгвэл нэг жилд 260 орчим ажлын өдөр байдаг гэж үзвэл тэд өдөрт 7-8 шүүх хуралд тогтмол оролцдог гэсэн үг. Түүнчлэн стандарт цагаар ажилладаг хүний нэг жил хийх ажлыг шүүхийн ажилтан долоон сарын дотор “нугалдаг” болж таарах нь.
Саяхандаа, нийт шүүгчийн III чуулган Төрийн ордонд болж, 517 шүүгчээс 498 нь биечлэн оролцсон. Энэ үеэр Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг шүүхийн үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд шүүгчийн ачаалал хэт хэтрээгүй, шүүхийн төсөв нь шүүн таслах ажиллагааны онцлогт тохирсон, хүрэлцээтэй байх шаардлагатайг онцолж дурдана лээ. Ер нь шүүхэд аз жаргалтай, асуудалгүй хүн очихгүй нь тодорхой. Гэвч хонон өнжин, ухаан алдахаас наагуур ажиллаж буй шүүхийнхэн хурдан шуурхай, чанартай шийдвэр гаргах, хараат бусаар ажиллах, эсэх нь анхаарал асуудал болоод буйг судлаачид хэлж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр одоогоос хоёр жилийн өмнө “Ний нуугүй хэлэхэд сүүлийн 10 жил шүүхэд ямар ч хөрөнгө оруулаагүй. Нурж унах шахсан байртай. Умгар өрөөнд гурван шүүгч хэргийн оролцогчидтойгоо зэрэгцээд сууж байгаа. Юун хараат бус байдал. Нэг шүүгч иргэний хавтаст хэргийг төвлөрч бус, гүйлгэж уншихад л дөрвөн хоног зарцуулахаар байна” гэсэн нь өнөө ч өөрчлөгдсөнгүй. Харин энэ талаар хууль зүйн салбарын мэргэжилтнүүд “Нарийн бичиг, шүүгчийн туслах, шүүгч гээд гурвуулаа ажиллаад ч урдхаа барахгүй байна шүү дээ. Шүүхийн процесс нарийн төвөгтэй. Хэрэг, маргаан бүрийн цаана хүний хувь заяа, иргэн, хуулийн этгээдийн эрх, өмч, хөрөнгийн асуудал бий. Тиймээс хөнгөн хуумгай, гарын үзүүрээр хандаж, хялбарчлах ямар ч боломжгүй. Шүүгч туслахаараа хамаг ажлаа хийлгээд өөрөө зүгээр суудаг мэт ойлгуулах юм. Шүүхийн маргаан яагаад жилээс жилд өсөж байгааг нарийн судалбал хаана асуудал байгаа ойлгоно” гэсэн бол “Ядаж хуулийн байгууллага нь хууль, дүрмээ сахиж, мөрдмөөр байна. Шүүх хурал сунжирч байгаа бол тухайн хурлын туслах, нарийн бичигт илүү цагаар ажилласан хугацааг нь заавал харгалзаж, цалинжуулах ёстой. Шүүгчдэд ачааллын нэмэгдэл урамшуулал олгодог. Харин туслах, нарийн бичгүүддээ “Энэ бол чиний хийх ёстой ажил” гэх байдлаар хандаж болохгүй. Дэндүү шударга бус шүү дээ. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн мөлжлөг” хэмээн учирлах нь ч байна.
ШҮҮГЧИЙН ТУСЛАХ, НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР АЖИЛЛАХ ХҮН ХОМС БОЛЖЭЭ
2016 оны УИХ-ын тогтоолоор Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 117 шүүхэд 699 шүүгч ажиллах учиртай, уг нь. Одоогоос 10 жилийн өмнө Монгол Улсад 520 шүүгч ажиллаж байсан бол өнөөдөр 516 байгаа юм. Гэтэл энэ хугацаанд шүүхийн ачаалал эрүүгийн хэрэгт 130, зөрчлийн хэрэгт 143, иргэний хэрэгт 117, захиргааны хэрэгт 105 хувиар тус тус өссөн. Өөрөөр хэлбэл, шүүгчийн тоо нэмэгдэх нь байтугай буурсан үзүүлэлттэй буй атлаа тэдэнд ногдох хэргийн тоо үлэмж хэмжээнд хүрчээ. Европын улс орнуудад 100 мянган хүн тутамд 22 шүүгч, 12 прокурор ногддог бол манай улсад 19 шүүгч, 20 прокурор байна. Түүнчлэн шүүхийн ачаалал ихэссэн нь шударга ёсыг хэрэгжүүлэх ажлын үр дүнд сөргөөр нөлөөлж буйг ч хэд хэдэн судалгаагаар тогтоосон. 2023 онд 422 шүүхийн захиргааны ажилтныг шинээр томилсон ч зөрөөд 367 нь цалин бага, ачаалал их гэх үндэслэлээр ажлаасаа гарсан нь олон улстай харьцуулахад тун өндөр тоо. Өөрөөр хэлбэл, энэ орон тоонд хүн тогтож ажиллахгүй байна гэсэн үг.
Улсын хэмжээнд 200 гаруй шүүгчийн дутагдалтай байгаа ч шүүхийн төсөв гэгч нь хүрэлцээгүйн улмаас орон тоог нэмэгдүүлэх боломж хомс байна. Түүнчлэн шүүгчийн сонгон шалгаруулалтыг удаа дараа явуулж буй ч шилдэг хууль чид энэ ажлыг сонирхож ирэхгүй байгаа нь мөн л ажиллах орчин, нөхцөл хүнд, хэтийдсэн ачаалалтай холбоотой гэх. Шүүхийн Тамгын газруудад ажиллаж буй шүүхийн захиргааны ажилтны ажлын ачаалал, орчин, нөхцөл хүнд, цалин бага, аливаа буцалтгүй тусламж, нэмэгдэл урамшуулал олгодоггүй учраас шилжилт хөдөлгөөн их, үүнээс болж шинэхэн төгсөгчид шүүхэд ажиллах сонирхолгүй болсон нь ч нууц биш. Тэр байтугай, хэдэн шүүх өөрийн байргүй, стандартын шаардлага хангахгүй, зай талбай багатай, тав алхах зайгүй объект түрээслэн үйл ажиллагаа явуулж байгааг хэлэхэд бэрх. Анхан шатны зарим нэг шүүхийн байранд гурван дүүргийн шүүх нэг дор орчихсон, шүүх хуралдааны танхим нь хүрэлцэхгүй, техник хэрэгсэл муу байгааг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар хэлэлцсэн нь саяхан.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасанч лан шүүгчийн ажлын ачаалал тооцох шалгуур үзүүлэлт, шүүгчид нэмэгдэл урамшуулал олгох журмыг Ерөнхий зөвлөл батална. Түүнчлэн шүүхийн Тамгын газрын бүтэц, орон тоог тухайн шүүхийн ажлын ачаалал, онцлогийг харгалзан Ерөнхий зөвлөл баталдаг. Шүүхийг татан буулгасан, өөрчлөн зохион байгуулсан, тухайн шүү хийн шүүгчийн орон тоо цөөрсөн тохиолдолд шүүгчийн өөрийнх нь зөвшөөрлийг үндэслэн орон тоо дутуу байгаа адил шатны шүүхэд, адил шатны шүүхэд орон тоо байхгүй бол доод шатны шүүхэд шилжүүлэн томилж болдог. Шүүгч тухайн шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчтэй нэг гэр бүл, төрөл садны холбоотой болохоо Ерөнхий зөвлөлд мэдэгдсэн, эсхүл тухайн шүүхийн шүүг чийн сул орон тооны сонгон шалгаруулалтад хуульч бүртгүүлээгүй, шалгалтад тэнцээгүй, томилогдоогүй, сэлгэн ажиллах захиалгаар шүүгч хүсэлт ирүүлээгүй, зохист ачааллаас илүү ачаалалтай ажиллаж байгаа нь судалгаагаар тогтоогдсон бол дөрвөөс дээш жил ажилласан шүүгчийн зөвшөөрлийг үндэслэн адил шатны өөр шүүхэд шилжүүлэн томилуулах саналыг Ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчид хүргүүлж болдог байна. Шүүгчийн ажлын ачаалал тооцох шалгуур үзүүлэлт болон шүүгчийн зохист ачааллыг Шүүхийн ерөнхий зөвлөл баталсан нь хэтийдсэн ажлын ачааллыг шийдвэрлэхгүй ч өдөр тутам илүү цагаар ажиллаж буй шүүгчийн хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг арилгах шалгуур болох ёстой, уг нь. Гэтэл бодит байдалд энэ нь хэрэгжихгүй байгаа нь нууц биш.

“НИЙСЛЭЛИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН НЭГ ШҮҮГЧИД 200-300 ХЭРЭГ НОГДОЖ БУЙ”
Өнгөрсөн сард хуульч, өмгөөлөгч Н.Ариунболд Шүүхийн ерөнхий зөвлөлд “Шүүгчийн туслах орон тоо нэмэгдүүлэх тухай” өргөдөл бичсэн байна. Тэрбээр өргөдөлдөө “Нийслэлийн анхан шатны шүүхийн нэг шүүгчид 200-300 хэрэг ногдож буй. Нэг шүүгчид хэт их хэрэг хуваарилснаар хэрэг, маргаан шийдвэрлэх хугацаа сунжирч байна. Энэ нь шүүхийн ажлын чанарт нөлөөлөхүйц хэмжээнд хүрч, улмаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан хүний эрхэд ч сөргөөр нөлөөлж байна. Шүүгчийн туслах нь шийдвэр гаргахаас бусад шүүхийн гол ажлыг нугалдаг этгээд юм. Тиймээс шүүгчийн туслахын орон тоог шүүгчийн ачаалалтай уялдуулан анхан шатны шүүхийн шүүгч 2-3 туслахтай байх арга хэмжээг авч ажиллахыг хүсье” гэжээ. Энэ нь ч зөв. 2025 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж буй хялбар ажиллагааны шүүх, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлэх Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх зэрэг төрөлжсөн шүүх шүүхийн ачааллыг багагүй хуваалцаж буй нь сайшаалтай. Гэвч дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд банкнууд шуудай шуудайгаар нь нэхэмжлэл гаргаж буй гэнэ. Ингэснээр хялбар ажиллагааны шүүх нь аливаа газрын өр барагдуулах хэлтэс шиг ажиллаж байгааг өмгөөлөгчид шүүмжилж буй.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх хуульд хэргийн оролцогчдын эрх зүйн байдал, хэрэгжүү лэх эрх, үүрэгтэй холбоотой зохицуулалтуудыг нарийвчлахгүй бол талууд хэргийн процессыг сунжруулах, хугацаа хожих “заль мэх” хэрэглэж, зохиомол ачаалал үүсгэх нь бодитоор байгаа юм. Тиймээс хэтийдсэн шүүхийн ачааллыг цэгцлэхийн тулд дагнасан, төрөлжсөн шүүх байгуулж, шүүгч, шүүгчийн туслахын орон тоог нэмэгдүүлэх нь нэн тэргүүнд чухал байна. Өндөр ачаалал дунд хэрэг, маргааныг “машиндаж” байгаа гэхэд үнэнээс хол зөрөхгүй нөхцөл байдалтай байхад шүүх байгууллагаас шударга ёс, хараат бус байдал, чанартай, үндэслэл бүхий шийдвэр шаардах нь оновчгүй. Шүүгчийг сонгон шалгаруулах, шинээр томилох, орон тоо бүрдүүлэх асуудалд дорвитой анхаарахгүй бол шүүх тогтолцооны шинэчлэл лөөлөө болж дуусах вий.
Д.Хүслэн