МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбарын Математикийн тэнхимийн дэд профессор, математикийн ухааны доктор Ж.Даваадуламтай ярилцлаа.
-Та МУИС-д олон жил багшилсан. Сүүлийн үед танай сургуулийн багш, ажилчдын цалин хөлс бага, ахуй хангамжгүйгээс бухимдах хүн олон болсон гэсэн. Ажил хаях, эсэх талаар ч ярьж буй юм билээ. Энэ үнэн үү. МУИС-д ер нь юу болоод байна вэ?
-Би МУИС-д 20 дахь жилдээ багшилж байна. Цалин хөлс үргэлж багавтар байж ирсэн. Нийгмийн халамж гэж байхгүй. Их сургуулийн багш гэдэг Дээд боловсролын тухай хуулиараа ч, МУИС-ийн дүрмээр ч, бодит байдалд ч өндөр шаардлага тавьдаг ажил, албан тушаал юм. Олон улсад ч ингэж үнэлэгдэж, өндөр цалин, хангамжтай байдаг жишигтэй. Өдгөө МУИС-ийн багшлах бүрэлдэхүүний дийлэнх хувийг 45-55 насныхан эзэлж буй.
Бид бол цагийн хатууд бага цалин, муу нөхцөлтэй ажиллаж сурсан хүмүүс. Бага залуу насны мөрөөдлөөр жигүүрлэж, ахуй амьдралын хүндрэл бэрхшээлийг үл тоон зүтгэж ирсэн гэхэд болно. Харин шинээр ажилд орж ирж буй залуус бол гадаад, дотоодод өндөр боловсрол эзэмшсэн, үнэ цэнээ мэддэг хүмүүс. Гэтэл цалин нь одоогоор улсын дунджаас бага. Цаашдаа тогтвортой өсөх найдвар байхгүй. Ийм нөхцөлд бухимдах нь зүйн хэрэг. Ажил хаях тухай асуудал энэ оны өмнө яригдсан. Их сургуулийн төсвийг Удирдах зөвлөл нь баталдаг. Удирдах зөвлөлийн хурлын яг өмнө ажил хаяхаар байсан. Гэвч улирлын шалгалтын үе таарсан тул багш нар оюутнуудынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавих үүднээс үүнийг дэмжээгүй. Хойшлуулсан гэсэн үг.
-МУИС-ийн багш, ажилтны тоо бараг тэнцүү. Улс төрийн томилгооны улмаас ч гэх үү, багш биш хэрнээ удирдах албан тушаалтан олон болсон. Тэр хэрээр зардал нэмэгдэн, багшийн цалин өсөхгүй нь гэж та дурдаж байсан. Яагаад их сургуульд багш бус хүмүүс нь олширчихов.
-МУИС-д багш ба багш бус ажилтны тоо бараг тэнцүү болсон нь үнэн. Мэдээж их сургуулийн үндсэн чиг үүрэг болох сургалт, судалгааны ажлыг хэвийн явуулахад оролцох мэргэжилтнүүд, туслах ажилтнууд байх ёстой. Байсаар ч ирсэн бөгөөд тэдэнгүйгээр их сургуулийг төсөөлөхөд бэрх. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд сургалт судалгаанд туслах биш, даргалах үүрэгтэй, эсвэл ямар чиг үүрэгтэй нь тодорхойгүй орон тоо ихээр нэмэгдсэн. Энд улс төрийн нөлөө байхыг ч үгүйсгэхгүй. Мөн үр ашиггүй менежментийн асуудал бий. Тодруулбал, дарга болон даргалах алба, хэлтэс нэмэгдэхийн хэрээр хэрэгтэй, хэрэггүй бичиг цаас, тайлан тооцоо, судалгаа нэхэх нь ихэсдэг. Энэ нь багшийн гол үүрэг болох сургалт, судалгааны ажилд зарцуулах цагаас хумслах, сэтгэл зүйн тав тухгүй нөхцөл үүсгэх, ажилдаа дургүй болгох хор уршигтай.
Их сургуулийн үндсэн орлого нь оюутнуудын сургалтын төлбөр. Жирийн ард иргэдийн хүүхдүүдээ боловсролтой хүн болгох чин хүсэл, сэтгэл, хөлс хөдөлмөр шингэсэн үнэ цэнтэй мөнгө төвлөрдөг. Энэ мөнгийг хайр гамтай зарцуулах ёстой. Тиймээс их сургуулийн удирдлагын зүгээс орон тоо хэмнэсэн, үр ашигтай менежмент хийх хэрэгтэй л гэж боддог. Бас сургалтын төлбөр бага учраас олигтой хөрөнгө төвлөрдөггүй юм билээ.
-Их сургуулийн сургалтын төлбөр бага гэж бодож байна уу. Төлбөр хэдэн төгрөг орчим байвал сургуульд ашигтай, оюутнуудад хүнд тусахгүй байх бол?
-Би санхүүгийн асуудлаас хол хөндий багш хүн. Сургалтын төлбөрийг мэргэжлийн хүмүүс тухайн жилийн сургуулийн төсөв, инфляц, өөр бусад хүчин зүйлийг тооцоолж тогтоодог гэж ойлгодог. Аливаа үнэ эрэлт, нийлүүлэлтээр зохицуулагдах зах зээлийн хууль ч байна. Гэвч боловсролыг шууд зах зээлийн хатуу хуулиар зохицуулах нь харгис юм. Өдгөө улс орны эдийн засаг оюутны сургалтын төлбөрөөр л гол санхүүжилтээ бүрдүүлж эхэлсэн 1990-ээд оныхоос харьцангуй сайн болсон. Их сургуулийн санхүүжилтийг зөвхөн сургалтын төлбөрт дулдуйдахаас гадна дундын хайбрид хувилбараар бүрдүүлэх боломж бий. Товчхондоо, зөвхөн сургалтын төлбөрийн хэмжээ биш, асуудлыг илүү томоор, цогцоор нь харах цаг болжээ.
-Хайбрид санхүүжилт гэдгээ тодруулж өгөөч.
-Их сургууль бол зөвхөн сургалтынх биш, эрдэм шинжилгээний байгууллага. Монголын шинжлэх ухааны үйлдвэрлэлийн ихэнхийг томоохон их сургуулиуд хийдэг. Их сургуулийн багшийн ажил сургалт, эрдэм шинжилгээ, нийгмийн үйлчилгээ гэсэн гурван хэсгээс бүрддэг. Сургалтаа оюутны төлбөрөөс санхүүжүүлж болно. Харин эрдэм шинжилгээ болон нийгмийн үйлчилгээний ажлыг зөвхөн сургалтын төлбөрөөс санхүүжүүлэх нь буруу. Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг улсын төсвөөс санхүүжүүлдэг шиг их сургуулийнхыг ч мөн төсвөөс хариуцаж болно. Тэгвэл багшийн цалинг нэмэхийн тулд оюутны сургалтын төлбөрийг өсгөөд байх шаардлагагүй. Үүнээс гадна үндэсний томоохон компани, аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд оюутны тэтгэлэг олгон, эрдэм шинжилгээ, судалгааны ажил санхүүжүүлбэл татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр дэмжих хууль гаргаасай. Энэ нь төсөвт дарамтгүй, их сургуульд ч, компанид ч ашигтай шийдэл болно.
-МУИС бол манай хамгийн том, тэргүүлэх сургууль. Боловсролын чанарт нь та ямар үнэлгээ өгөх вэ. Олон улсын жишигт дөхсөн, сайн мэргэжилтэн төгсөж чадаж байна уу?
-Дэлхийд дээд боловсролын 22 000-40 000 байгууллага бий гэдэг. Их сургуулиудын чансааг тогтоодог олон улсын нэр хүндтэй байгууллага болох “Times higher education”-ий (THE) чансаагаар МУИС нь 1500-2000-д жагссан. Эхний 10 хувьд багтсан хэрэг. Ганц МУИС биш, ШУТИС, АШУҮИС зэрэг төрийн өмчийн томоохон их сургуулийн чансаа энэ хавьцаа бий. Эдгээр сургуулийн дипломыг дэлхийн олон оронд хүлээн зөвшөөрдөг. Дэлхийн томоохон их сургуулиудын сургалтын хөтөлбөр ил байдаг бөгөөд бид ч харьцуулж боловсруулдаг. 1990 оноос хойш олон залуу дэлхийн тэргүүлэх их, дээд сургуулиудад эрдмийн зэрэг цол хамгаалж, өдгөө олонх нь Монголынхоо их, дээд сургуулиудад ажиллаж байгаа. МУИС-ийн багшлах бүрэлдэхүүний талаас илүү хувь нь өндөр хөгжилтэй орны их, дээд сургуулиудад докторын зэрэг хамгаалсан. Бид бакалаврын түвшний боловсролыг Монголдоо олон улсын жишигт нийцэхүйц олгодог гэж бардам хэлнэ.
-Монголд их, дээд сургуульд сурснаас бараг ялгаагүй төлбөрөөр Хятадад, арай ахиу үнээр Солонгост суръя гэх хүүхэд олон болсон. Залуучууд яаж ийгээд гадаадад боловсрол эзэмшихийг хичээж буй. Энэ нь юутай холбоотой вэ. Энэ хэрээр дотоодын боловсролын зах зээл эзгүйдэх, гадаад руу гарах мөнгөн урсгал нэмэгдэж байна уу даа.
-Хүн өөрийн хөрөнгөөр хүүхдээ гадаадад сургах, эсэх нь сонголтын асуудал. Гэхдээ том зургаараа дээд боловсрол бол тухайн улсын үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой. Аль ч улс үндэстэн өөрийн үндэсний дээд боловсролын тогтолцоогоо дэмжих ёстой. Энэ утгаараа улсын төсвөөр гадаад оронд, ялангуяа бакалаврын түвшинд сургахыг эсэргүүцдэг хүмүүсийн нэг нь би. Нөгөө талаар хүн шинжлэх ухаан, техник, технологийн нарийн мэдлэгийг төрөлх хэлээрээ эзэмших нь илүү байдаг. Бид Монголдоо монгол хэлээрээ аль ч мэргэжлээр дээд боловсрол олгох тогтолцоотой, их сургуулиудтай, багш нартай. Ийм түвшинд хүргэх гэж зүтгэсэн үе үеийн төр засгийн удирдлага, эрдэмтэн багш нараараа ч бахархах хэрэгтэй. Үндэстэн болгонд ийм хувь заяа тохиогоогүй юм шүү.
-Ерөнхийлөгчийн тэтгэлгээр буюу төсвийн хөрөнгөөр жилд 100-300 сая төгрөг төлж, оюутнуудыг бакалаврын боловсрол гадаадад эзэмшүүлж буй. Харин тэр хөрөнгийг дотоодын их, дээд сургуульдаа үлдээж, ялангуяа бакалаврын боловсролыг эх орондоо эзэмшүүлэх нь зүйтэй баймаар.
-Юуны өмнө боловсролд мөнгө зарцуулъя гэсэн Ерөнхийлөгчийнхөө дэвшилттэй сэтгэлгээг хүндэтгэдэг. Тэтгэлэгт хамруулах хүүхдүүдийг сум, багаас жигд сонгож байгаа нь талархууштай. Гэхдээ энэ зууны хориод он бол XX зууныхтай адилгүй. Их зохиолч Д.Нацагдоржийн “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөн ирнэ” гэдэг утга нэлээд өөрчлөгдсөн. Монгол Улс их сургуультай болоод даруй 80 гаруй жил өнгөрч байна. Үндэсний эрдэмтэд, багш нарын чамлахааргүй нөөц бий. Ийм үед бакалаврын түвшинд улсын төсвөөр гадаадад сургаж, сургалтын байгууллагад хөрөнгө оруулах нь зохистой биш. Нэгэнт эхлүүлсэн төсөл хэрэгжүүлээд дуусах биз. Цаашдаа Ерөнхийлөгчийн зүгээс боловсролыг дэмжих сэтгэлээ үл хувирган, дотоодын их сургуулиуд руугаа чиглүүлээсэй. Ерөнхийлөгчийн тэтгэлгээр Монголынхоо их сургуулиудад стипендтэй сурах боломжийг олгодог, мөн гадаадын оюутнуудыг Монголд монгол хэлээр мөн тэтгэлэгтэй сургах нөхцөл бүрдүүлэх гэсэн хоёр чиглэлд хөгжөөсэй гэж боддог. Гадаадын оюутнуудад тэтгэлэг олгон, монгол хэлээ сургаж, монгол дипломтой төгсгөх нь үндэсний оршин тогтнохуйд ихээхэн чухал үүрэгтэй. Том гүрнүүд дэлхийд нөлөөллөө тэлэх гэж гадаад оюутнуудад тэтгэлэг өгч сургадаг. Бид тэдэн шиг том сэтгэж яагаад болохгүй гэж.
-МУИС, МУБИС зэрэг томоохон сургуулийн байгалийн шинжлэх ухааны ангид элсэгч цөөрсөн. Физик, хими, математикийн ангид хэдхэн хүүхэд элсэх болсон байна. Энэ байдлаараа нарийн мэргэжилтэнгүй, инженергүй, химич, физикч, математикчгүй болоход ойрхон байна уу?
-Бас яг ч тийм биш. Инженер дагнан бэлддэг ШУТИС гэж том сургууль байна, олон оюутантай. МУИС-д байгалийн ухааны салбарын элсэлт багасаж байсан нь өөрчлөгдөн, элсэгч нэмэгдэж буй. Гэхдээ элсэх нэг хэрэг. Сурах, төгсөх бас өөр хэрэг. Математик, байгалийн ухаан, инженерийн чиглэлээр суралцах нь оюутнаас тодорхой бэлтгэл, чадвар басхүү тэсвэр тэвчээр, хичээл зүтгэл шаарддаг. Түүнчлэн математикаас бусад физик, хими, биологи, инженерийн чиглэлээр мэргэжилтэн бэлдэхэд лаборатори, урвалж бодис гээд багагүй зүйл хэрэгтэй байдагтай холбоотойгоор илүү өндөр зардалтай. Гэтэл сургалтын төлбөр адилхан. Нэмээд элсэгч олон биш учраас байгалийн ухааны салбар алдагдалтай ажилладаг. Энэ алдагдлыг бусад салбараас нөхөж ирсэн нь урт хугацаандаа хямрал үүсгэж байна. Нөгөөтээгүүр, өндөр чансаатай эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд хэвлүүлсэн өгүүллүүдийн дийлэнх нь байгалийн ухааны салбарын эрдэмтэн, багш нарын бүтээл. Энэ утгаараа бол байгалийн ухааны салбарын алдагдал нөхөгдөж, үнэ цэн үүсгэнэ. Магадгүй математик, байгалийн ухааны чиглэлээр суралцагчдын тоог өсгөх гэхээсээ илүү цөөн, чанартай оюутныг тэтгэлгээр сургах, багш нарын судалгааны ажлыг улсаас санхүүжүүлэх зэргээр шийдэж болно.
-Аль ч шатны боловсролын байгууллагад багшаар ажиллах хүмүүс цөөрч, энэ мэргэжлийг эзэмшихэд үнэ төлбөргүй болгосон. Гэвч сонгон суралцах нь тааруу байна гэсэн. Боловсролын салбар уналтад орлоо гэцгээж буй. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Яг статистикт бүх шатны боловсролын байгууллагын багшийн тоо буураагүй, харин ч өссөн харагдана лээ. Харин багшлах хүсэлтэй хүний тоо өссөн, буурсан, эсэх нь өөр асуудал. Боловсролын салбар унасан гэж дүгнэхээсээ өмнө хэзээ “босоо” байв гэдэгт хариулах ёстой. Багшийн дутагдал бол ардын засгийн анхны жилүүдэд ч байсан. Багш цөөрлөө гээд баруун, солгойгүй бэлдэх хэрэгтэй юу, үгүй юү гэсэн асуудал ч урган гарна. Ерөөсөө ерөнхий боловсрол гэж юу вэ, ерөнхий боловсролын сургуульд ямар, ямар мэдлэг чадварыг аль хичээлээр, хэдий хэмжээгээр олгох ёстой вэ гэдгээс эхэлнэ. Бага, дунд, ахлах анги бүгд нэг дор, нэг байшинд байх ёстой юу, багшийг зөвхөн багшийн сургуулиар бэлдэх үү гэх мэт олон асуудлыг эргэж харах, судалгаа хийн, түүндээ түшиглэн тогтолцоогоо өөрчлөх шаардлага гарлаа гэж боддог.
-Монголд бүх шатны боловсролын чанар муудлаа. Олон улсын үнэлгээгээр ч ЕБС-ийнхан уншихдаа тааруу, уншсан зүйлээ ойлгодоггүй гэж дүгнэсэн. Боловсрол ийнхүү шат шатандаа муудсанд юу нөлөөлөв. Үүнийг засаж сайжруулахын тулд багш нар, эцэг, эхчүүд улмаар бодлогын түвшинд юу хийх ёстой вэ?
-Боловсролын чанар муудлаа, сайжирлаа гэх мэт дүгнэлтийг сэтгэлийн хөөрлөөр хэлж болохгүй. Судалгаа хэрэгтэй. Манай улс анх удаа PISA-гаар шалгуулсан. Дараагийн шалгалтаар нь сайжирсан уу, муудсан уу гэдэг нь мэдэгдэнэ. Уншсанаа ойлгодоггүй гэсэн нь ч бас өрөөсгөл санагдсан. Өөрөөр хэлбэл, тэр тал нь арай тааруухан байна аа л гэсэн үг. Өмнө нь сайн байснаа муудчихсан гэсэн үг биш шүү дээ. Муугаас гадна сайнаа тодотгож, математик нь дажгүй шүү гэсэн дүгнэлтээ бас ярих ёстой. Ер нь боловсролыг эрхэмлэдэг монгол уламжлал, үр хүүхдээ яаж ийгээд эрдэмтэй болгоно гэсэн эцэг, эхийн хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэл сайн сайхан өөрчлөлтүүдийг авчирсаар байх болно гэдэгт хувьдаа итгэж явдаг
-Та өөдрөг үзэлтэй, аливаа асуудлыг голыг олж үзэл бодлоо илэрхийлдэг, олны танил эрдэмтдийн нэг. Бас математикийн шинжлэх ухааны доктор гэдэг тэр болгон хүмүүс сонирхоод, чадаад байдаггүй зэрэг хамгаалсан. Хэзээнээс математикийн шинжлэх ухаантай, МУИС-тай холбогдов?
-Би Улаанбаатарт төрж, ерөнхий боловсрол эзэмшин, 1993-1997 онд МУИС-ийн МКС-ийн математикийн ангид суралцаж, төгссөн. Математикч, математикийн багш мэргэжилтэй. Сургуульдаа мастерын зэрэг хамгаалж, улмаар 2002-2006 онд ОХУ-ын Москва хотын “Улс түмнүүдийн найрамдал”-ын их сургуулийн аспирантурт суралцсан. 2006 ондоо математик анализын чиглэлээр шинжлэх ухааны докторын (PhD) зэрэг хамгаалсан юм. Онолын математикийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан анхны монгол эмэгтэй. 1997-2002 онд МУБИС-д ажилласан. Харин 2006 оноос өдий хүртэл МУИС-даа багшилж байна даа.
-Ер нь Монголын нийгэм “зэрлэгшлээ”. Хүүхдүүд хичээлээ олигтой давтахгүй, залуучууд ажил хийхгүй, биеэ оторлож, аргацааж амьдрах сонирхолтой байна. Хөгшчүүл нь цалин, тэтгэвэр багатай, харилцаа хандлага муутай, уур уцаартай болсон. Төрийн албаныхан, УИХ-ын гишүүд нь авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, улсаасаа хулгай хийж, нийгэм уруудаж буй мэт анзаарагдана. Танд ямар нөхцөл байдал ажиглагдаж байна вэ. Бид үнэхээр мухардмал байдалд оров уу. Илүү хөгжиж, илүү чанартай амьдрахын тулд яавал зохих бол?
-Дандаа муу амлахад би дургүй. Муугаасаа сайн нь олон гэдэгт итгэдэг. Монголчууд бид түүхийнхээ магадгүй хамгийн их боломжтой, сайхан үедээ амьдарч байна гэж болно. Бид тусгаар тогтносон улстай, ард олноороо дайн дажингүй, амар жимэр байна. Эх орондоо эх хэлээрээ их, дээд боловсрол олж авдаг. Төр засгаа ч өөрсдөө сонгодог. Засгийн тэргүүнээ харийн нутагт цаазлуулж байсан гашуун түүх саяхных гэдгийг мартах учиргүй. “Хүчтэй хүмүүс сайн цагийг авчирдаг. Сайн цаг сул хүмүүсийг төрүүлдэг” гэсэн үг байдаг даа. Тиймээс бид сул дорой байж муу цагийн эхлэлийг тавих эрхгүй. Ард түмнээсээ мандат авч, төр засгийн өндөрлөгт суучхаад илт харалган бодлого явуулж, хувийн эрх ашгаа урьтал болгон, хулгай луйврын замаар нийгмийн баялгаас илүү хүртэж, тэрэндээ сагаж баярхаж, нийгэмд шударга бус байдал, бухимдал үүсгэж байгаа хэсэг бүлэгтэй хариуцлага тооцож чаддаг болчихвол, ядаж дахин дахин сонгохоо байчихвал тэгээд болно доо.