
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсын нөлөө бүхий «Turkistan» сонинд энэ оны эхэнд ярилцлага өгч хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбарын хөгжлийн боломж, хэрэгжүүлж буй төслүүд, цахим шилжилт, хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлэх, өөрчлөлт, шинэчлэл хийх зэрэг сонирхолтой сэдвүүдийг хөнджээ.
Ерөнхийлөгч Токаев Казахстан нь соёл иргэншилтэй улс болсон гэж онцлоод ирээдүйн хойч үеийнхний сайн сайхны төлөө томоохон хэмжээний өөрчлөлт хийх ёстой гэдгийг ухамсарлаж байна гэж тэмдэглэв.
“Бид манай улс орны ирээдүйд чухал ач холбогдолтой шударга ёс, хууль, дэг журам тогтсон, хөдөлмөрч, үр бүтээлч нийгмийг байгуулж байна. Энэ ажлыг 2026 онд шинэ эрч хүчээр үргэлжлүүлэх болно” гэж Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев онцлов.
Казахстан Улс нь бусад ихэнх улс орнуудын адил хөдөө аж ахуй салбарт асар их хэмжээний төсвийн хөрөнгийг хуваарилдаг билээ. 2024 онд хөдөө аж ахуйн салбарынханд хөнгөлөлттэй зээл олгоход зориулж 580 тэрбум тенге хуваарилсан бол өнгөрсөн 2025 онд 1 их наяд тенге олгожээ. Хөдөө аж ахуйн салбарынхныг дэмжих санхүүжилт сүүлийн арван жилд арав дахин нэмэгдсэн боловч үр нөлөө нь хүссэн хэмжээд хүрээгүй байна. Хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүн 2015-2024 онуудад 2.5 дахин өссөн боловч энэ тоо бүр ч өндөр байж болох байсан гэж Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев үзэж байна.
Газар тариалангийн үйлдвэрлэлд гарсан эерэг үр дүн урам зориг өгч байна гэж Казахстаны төрийн тэргүүн хэлэв. Үр тариа, гурилын экспорт төлөвлөсөн дээд хэмжээнд хүрч, эдгээр бүтээгдээхүүнийг олон улс орнуудад нийлүүлж байна. Энэ нь газар тариалангийн ургац, хөдөө аж ахуйн үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээний үр дүн юм.
“Одоо бид бусад чиглэлээр, тухайлбал мал аж ахуйн чиглэлд хүчин чармайлтаа нэмэгдүүлэх шаардлагатай байна. 2035 он гэхэд дэлхийн махны хэрэглээ 233 сая тонн, импорт 27 сая тонн болж өсөх таамаглал байгаа. Казахстан улс нь Азийн орнуудад мах нийлүүлэгч болох боломжтой.
Казахстаны төр засаг хөдөө аж ахуйн салбарын хөгжил дэвшлийг хангахын тулд олон арга хэмжээ авч байна. Гэвч их хэмжээний хөрөнгө оруулалт үргэлж хүссэн үр дүнгээ өгдөггүй, тэдгээрийг илүү үр дүнтэй болгох шаардлагатай гэж Ерөнхийлөгч Токаев тэмдэглэв.
Казахстан улсын хувьд дамжин өнгөрөх тээвэр, ложистикийн салбарын чадавхийг бэхжүүлэх нь стратегийн тэргүүлэх чиглэл болсон юм. Далайд гарцгүй ч Казахстан нь Евразийн тивийн төвд, ихэнх дамжин өнгөрөх замын уулзвар дээр байрладаг онцлогтой юм. Энэ давуу талаа бүрэн дүүрэн ашиглах боломжтой билээ. Казахстан Улсыг Евразийн тээврийн төв болгох алсын хараа, хүсэл эрмэлзэлтэй бөгөөд энэ салбарын цаашдын ажлын гол чиглэл юм.
Үүнтэй холбогдуулан Хятад, Европын хоорондох ачаа тээврийн урсгалыг тав дахин нэмэгдүүлэх Достык-Мойынты шинэ төмөр замын шугамын ач холбогдлыг онцлон тэмдэглэхийг хүсч байна гэж Ерөнхийлөгч Токаев хэлэв. Түүний хэлсэнээр Мойынты-Кызылжар, Бахты-Аягоз, Дарбаза-Мактаарал чиглэлийн шинэ төмөр замыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. 2030 он гэхэд 5000 км төмөр замыг барих, 11000 км төмөр замыг засаж шинэчлэхээр төлөвлөж байгаа.
Төв-Баруун чиглэлийн хурдны замыг барих нь маш чухал ач холбогдолтой бөгөөд улсынхаа нийслэлээс баруун бүс нутгууд руу аялах хугацааг 500 гаруй километрээр богиносгож байна.
Казахстан нь өргөн хүрээтэй тээврийн системийг бий болгож чадсан. Казахстан улс далайн тээвэрлэлтээс тусгаарлагдсан ч Шар тэнгисээс Хар тэнгис хүртэлх ачаа тээврийн терминалын сүлжээг хөгжүүлж байна. Казахстаны нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг арван хоёр олон улсын тээврийн коридор байгаа бөгөөд таван төмөр зам, долоон авто зам нь Хятад, Европын хоорондох хуурай замын ачаа тээврийн 85 хүртэлх хувийг эзэлдэг.
Казахстан улс Хятадын "Бүс ба Зам" санаачила, Хойд-Өмнөд коридор, Транскаспийн олон улсын тээврийн маршрут буюу Дунд коридорыг хөгжүүлэхэд идэвхтэй оролцож байна. Тус улс Орос-Казахстан-Туркменистан-Иран чиглэлийн тээврийн маршрут нь ирээдүйтэй чиглэл гэж үзэж байна.
Ерөнхийдөө энэ салбарыг хөгжүүлэх боломж асар их юм. Энэ нь зөвхөн дэд бүтцийн асуудал биш юм. Энэ бол казахстаны эдийн засгийн бараг бүх салбаруудтай холбогддог чухал асудаал юм. Тиймээс засгийн газарт орчин үеийн инженерчлэл, үйлчилгээний дэд бүтэц бүхий тээвэр, ложистикийн төвүүдийг барих, далайн боомтууд, нисэх онгоцны буудал, төмөр замын буудлуудыг шинэчлэх, үр дүнтэй дижитал экосистемийг бий болгох үүрэг даалгавар өгсөн гэж Ерөнхийлөгч Токаев хэлэв.
Казахстан Улс Евразийн дижитал улс болох зорилго тавьсан юм. Энэ бол технологийн эрин үед соёл иргэншилтэй улс орнуудын хувьд хамт оршин тогтнох асуудалтай холбоотой юм. Казахстаны ард түмэн шинэ санаа, инновацид сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн гэдэгт Ерөнхийлөгч Токаев итгэлтэй байгаагаа онцлов. Түүнчлэн алдартай финтек компаниуд Казахстанд амжилттай үйл ажиллагаа явуулж, ард түмний амьдралын хэв маягийг эрс өөрчилж байна.
Ерөнхийлөгч Токаев Казахстан улс хиймэл оюун ухааныг эдийн засаг, нийгмийн амьдралд нэвтрүүлэхэд ихээхэн найдлага тавьж байна гэв. Төрийн үйлчилгээг дижиталчлах эхлэл тавигдаж, финтек болон эдийн засгийн хэд хэдэн салбарт дижиталчлал амжилттай явагдаж байна. Мэдээллийн технологийн стартапуудыг дэмжих бүрэн хэмжээний экосистем үр дүнтэй ажиллаж байгаа бөгөөд хоёр мянган компанийг нэгтгэсэн Астана Хаб инновацийн кластер үйл ажиллагаагаа явуулж байна.
2025 онд мэдээллийн технологийн үйлчилгээний салбарын нийт экспорт ойролцоогоор 1 тэрбум доллар болсон. Дижитал хөрөнгийн туршилтын бүс болох КриптоСити байгуулагдаж байна. Хязгаараас давсан хот болох Алатау Ситиг барих ажил эхэлсэн. Засгийн газрын мэдээллийг цуглуулах, шинжлэх ажил эрчимжиж байгаа бөгөөд шинжээчид үүнийг шинэ эриний “алт” гэж үзэж байна.
Казахстанд Alem.Cloud болон Al-Farabium гэсэн хоёр суперкомпьютерийг нэвтрүүлсэн. Астана хотын Захиргаа нь эмиратын нэр хүндтэй компанитай хамтран цахим платформ бүтээсэн. Мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхийн тулд ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулийн түвшинд боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Жишээлбэл, 650,000 гаруй оюутан AI-Sana хөтөлбөрийн хүрээнд сургалтаа амжилттай дүүргэсэн. Хиймэл оюун ухааны судалгааны мэргэшсэн их сургууль удахгүй нээгдэнэ.
Хиймэл оюун ухааны хөгжил нь ирээдүйд хүрэх улс орнууд болон хоцорч үлдэх орнуудын хооронд зааг ялгааг бий болгосон гэж хэлж болно. Тийм ч учраас би дижитал технологи, хиймэл оюун ухааныг Казахстаны хөгжлийн тэргүүлэх чиглэл гэж зарласан. 2026 он энэхүү эхлэлийн жил болно. Би энэ маш чухал ажил өндөр амжилт үзүүлнэ гэдэгт итгэж байна гэж Казахстаны Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв.
Өнгөрсөн оны тавдугаар сард олон улсын болон дотоодын тэргүүлэх мэргэжилтнүүдийн оролцоотойгоор Хиймэл оюун ухааныг хөгжүүлэх зөвлөл байгуулсан. 2025 оны арваннэгдүгээр сард "Хиймэл оюун ухааны тухай" хуулийг баталсан бөгөөд удахгүй хүчин төгөлдөр болно. Хиймэл оюун ухаан, дижитал хөгжлийн яам байгуулагдсан.
Улс төрийн хувьд 2026 он бол чухал жил болох бөгөөд Казахстаны хөгжлийг тодорхойлох маш чухал үйл явдлууд болно. Тухайлбал Үндсэн хуулийн шинэчлэлийн талаар бүх нийтийн санал асуулга зохион байгуулна. Одоогоор Үндсэн хуулийг шинэчлэх саналуудыг шинжээчдийн бүлэгтэй хамтран хэлэлцэж байна. Төлөвлөсөн нэмэлт өөрчлөлтүүд маш олон байгаа тул тэдгээрийг хуульдаа оруулвал шинэ Үндсэн хууль батлахтай дүйцэхүйц ажил болно гэж үзэж байгаагаа Казахстаны Ерөнхийлөгч хэлэв.
Казахстан бол Ерөнхийлөгчийн засаглалтай улс. Найман жилийн өмнө, Ерөнхийлөгч болохын өмнө би "Хүчтэй Ерөнхийлөгч - Нөлөө бүхий Парламент - Хариуцлагатай Засгийн газар" гэсэн үзэл санааг дэвшүүлсэн. Төрийн тогтолцоог бүхэлд нь хувийн ашиг сонирхолд нийцүүлэн өөрчлөх нь маш хариуцлагагүй бөгөөд шударга бус гэж би үздэг.
Улс орны хамгийн чухал бүх шинэчлэлийг үндэсний бүх нийтийн санал асуулгаар хэлэлцэж байна. Энд ямар ч далд хөтөлбөр байхгүй. Миний байр суурь хүн бүрт тодорхой байгаа - улс төрийн шинэчлэл үргэлжилнэ. Урьдын адил зарим урт хугацааны төлөвлөгөөг удахгүй зарлах болно.
Казахстан улс тууштай хөгжиж буй эдийн засагтай, олон улсын тавцан дээх нэр хүндтэй, амжилттай хөгжиж буй улс юм. Гэхдээ бидний өмнө тодорхой зорилго, зорилтууд байгаа бөгөөд тэдгээрийг хэрэгжүүлэхэд туршлагатай хүмүүс болон залуус оролцох учиртай.
Энэ жил маш их ажил хийгдэх болно. Том хэмжээний улс төрийн өөрчлөлтийн шинэ үе шат эхэлж, эдийн засгийн шинэчлэл идэвхитэй урагшилна.
Улс орны шинэчлэлийг эргэлт буцалтгүй хийх ёстой. Иргэд маань шинэ эриний бодит байдалд дасан зохицох шаардлагатай болно. Энэ бол амар ажил биш. Гэхдээ манай ард түмэн, ялангуяа залуучууд энэ ажлыг хийж чадна. Би үүнд итгэлтэй байна гэж Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев онцлон тэмдэглэв.
“Би 2026 оныг Дижиталчлал ба Хиймэл Оюун Ухааны жил болгон зарласан. Энэ бол манай улсын хувьд түүхэн боломж юм. Дижитал өөрчлөлт болон хиймэл оюун ухааныг хөгжүүлэх нь эдийн засгийн хөгжил болон төрийн захиргаанаас боловсрол, анагаах ухаан хүртэлх амьдралын бусад олон салбарт шинэ боломжуудыг нээж өгч байна.
Тусгаар тогтнолын 35 жилийн ой бол чухал үйл явдал юм. Энэ бол туулсан замаа бодитоор үнэлэн дүгнэж, шинэ төлөвлөгөө боловсруулах боломж юм. Тусгаар тогтнолын 35 жилийн ой нь Казахстан Улсын хөгжил дэвшлийн бэлгэдэл болох ёстой гэж Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев онцлов.