“Инээд эмчилгээ” гэдэг нь эрүүл хүмүүст элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжихэд нь туслах, өвчтэй хүмүүст сэтгэл санааг нь сэргээн засах, эдгэрэлтийг түргэсгэх, өвдөлтийг намдаах, тайвшруулах, мартуулах зорилгоор инээд, хошин шогийг ашиглахад суурилсан сэтгэл заслын нэг төрөл юм. Өөрөөр хэлбэл, инээж баяссанаар сэтгэл гэдэг эрхтэн эрүүлжиж, стресс түгшүүр, сэтгэцийн тулгамдсан асуудлаас урьдчилан сэргийлэх, ангижрах таатай нөхцөл бүрддэг.
Инээдийн эрүүлжүүлэх нөлөөг химийн хувьд инээд хөөрийн үед үүсдэг “аз жаргалын даавар” гэж нэрлэдэг эндорфин (endorphins) нь хүний дархлааны, амьсгалын, зүрх, судасны, хоол боловсруулах системд хүчтэй нөлөө үзүүлдэгтэй холбон тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, инээж баясах үед өвдөлт намдаах, тайвшруулах хүчтэй үйлчилгээ бүхий бодис ялгарч, цусанд орсноор биед физиологи-биохимийн олон таатай процесс явагддаг байна (Ичаги Прити, АНУ).
Ийнхүү инээхэд сэтгэл зүй, оюун санаа, бие махбодод аятай сайхан процесс нэгэн зэрэг явагдаж, үр дүнд нь бие, сэтгэл амарч тайвшрах, эрүүлжин эдгэх нөхцөл бүрддэг. Инээд ийм л гайхамшигтай шинж чанартай учраас түүнийг эмчилгээний зорилгоор ашиглах болжээ.
Америкийн нэрт сэтгүүлч Норман Казинс нурууны ясны үений анкилозный спондолит гэдэг өвчнөөр удаан шаналж, тэр нь эмийн эмчилгээнд үр дүн өгөөгүй, түүгээр ч барахгүй эдгэшгүй гэгдэж байсан боловч 1964 онд инээдээр тууштай “хичээллэсэн”-ий үр дүнд өвчнөө бүрэн ялсан түүхтэй. Ийнхүү инээд анагаах хүчтэй үйлчилгээтэй болохыг тэрбээр хүн төрөлхтөнд анх удаа практикаар нотлон харуулж, түүхэнд “үхлийг инээдээр ялсан хүн” хэмээн тэмдэглэгдсэн юм. Ингэснээс хойш инээдийн энэ гайхамшигт шинж чанар нь олон эрдэмтний анхаарлыг татах болсноор 1970-аад оноос АНУ-д инээд судлалын шинжлэх ухаан гелотология (gelotology) үүсэж хөгжсөн түүхтэй.
Тэр үеэс дэлхийн хөгжингүй орнуудад инээдийн үзүүлэх нөлөөг судлан шинжлэх ажил асар хурдацтай хөгжиж, судалгааныхаа үр дүнг практикт нэвтрүүлэх ажил эрчимжжээ. Нийгмийн эрүүл мэндийн практикт урьдчилан сэргийлэх чиглэлд болон олон төрлийн өвчний эмчилгээнд инээдийг өргөнөөр ашиглаж байна. Эдүгээ “инээд эмчилгээ” дэлхийн улс орнуудад доорх гурван чиглэлээр нэвтэрчээ.
Үүнд: 1. Урьдчилан сэргийлэх буюу эрүүлжүүлэх 2. Эдгэрэлтийг түргэсгэх буюу нэмэлт эмчилгээ 3. Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний чиглэлээр тус тус хэрэглэж байна. Урьдчилан сэргийлэх чиглэлээр гэхэд 1995 онд Энэтхэг улсын эмч, доктор Мадан Катариа “Инээх иог-Laughter yoga” гэдгийг санаачилж, түүнийг практикт нэвтрүүлж, түгээн дэлгэрүүлжээ. Энэ нь инээдийг иогийн элементүүдээр өдөөж хийх дасгал юм. Тэрбээр инээх нь сэтгэл зүй, оюун санааны олон эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүлжихэд эмийн эмчилгээнээс дутуугүй үр дүнтэй тул “Шаардлага гарахгүй ч гэсэн зориудаар инээж байх хэрэгтэй” гэдэг санааг дэвшүүлж, энэ зорилгоор “Инээх клуб” байгуулж ажиллуулсан анхдагч хүн юм. Энэ нь гайхамшигтай үр дүнд хүрч, улмаар түүний хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд Энэтхэгт эдүгээ 500 гаруй “Инээх клуб” үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрч, одоо 110 гаруй оронд 5000 гаруй “Инээх клуб” ажиллаж байгаа аж. Тэдгээрт хүмүүс фитнест явдгийн нэгэн адил үйлчлүүлэх дуртай газруудын нэг болж, хүмүүсийн цуваа тасрахаа больсон гэнэ.
Эдгэрэлтийг түргэсгэх, туслах эмчилгээний зорилгоор гэхэд Японд сүрьеэтэй өвчтөнүүдэд инээдийг үндсэн эмчилгээтэй нь хослуулан амжилттай хэрэглэж байна.
Германд “Алиалагчдын холбоо” байгуулж, алиалагчийн хувцас өмссөн эмч, сувилагч нар тоглоом, наргиа, хөгжилтэй уур амьсгал бэлэглэж, хүнд өвчтэй хүүхдүүдийг эмчлэхэд тусалдаг аж. Америк, Швед, Франц, Австрийн олон эмнэлэгт “Инээд эмчилгээний өрөө” нээж ажиллуулдаг ба эмнэлгийн телевизийн сувгууд нь зугаа цэнгээний хөтөлбөрүүдтэй байдаг гэнэ. Энэ нь архаг, хүнд өвчтэй тэмцэхэд илүү сайн талтай байх нь.
Израилд “эмнэлгийн алиалагч” мэргэжлээр эмч, сувилагч, физик эмчилгээний эмч нарыг бэлтгэх зургаан сарын сургалт зохион байгуулжээ. Тэндхийн төгсөгчид тус улсын томоохон эмнэлгийн төвүүдэд ажилладаг юм байна. Каир хотын оршин суугчид өглөөд цэцэрлэгт хүрээлэнд очиж, хэсэг бүлгээрээ инээх иогийн дасгал хийж, инээд хөөрөөр өдрөө эхлүүлдгийг манай үндэсний олон нийтийн телевизээр үзүүлж байсан. Японы эрдэмтэд өндөр настнуудын инээдийн давтамж, насжилт хоорондын хамаарлыг судалсны үндсэн дээр илүү их инээдэг хүмүүс бага өвчилж, урт насалдаг болохыг тогтоожээ.
Манай оронд доктор Д.Одонтуяа болон хамтран зүтгэгч нарын хүчин чармайлтын үр дүнд хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний чиглэл нэлээд сайн хөгжиж байна. 2000 онд анх Хавдар судлалын үндэсний төвд Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний тасаг нээж байсан бол одоо энэ чиглэлээр төр, хувийн хэвшлийн 50 гаруй эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж, тэдгээрт ажиллах үндэсний боловсон хүчинтэй болжээ. Хэдийгээр Монголд хавдрын хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний цогц тогтолцоо бүрдэж байгаа хэдий ч хавдрын бус хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, үүнд хүүхдэд үзүүлэх хөнгөвчлөх үйлчилгээ, харвалттай, циррозтой, зүрх, уушги, бөөрний архаг дутагдалтай, бүх эмд дасалтай сүрьеэтэй, хүнд гэмтэлтэй хүмүүст үзүүлэх гэх мэт хавдрын бус хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ дөнгөж хөгжлийнхөө эхний шатанд байна.
Гэмтэл, бэртэл, сүрьеэ зэрэг удаан явцтай, хөдөлгөөний дэглэм сахих шаардлагатай өвчтөнд үндсэн эмчилгээтэй нь “инээд эмчилгээ”-г хослуулбал тархинд очих эмгэг рефлекс саатан, эндорфин даавар цусанд юүлэгдэж, тэр хэрээр эдгэрэлт түргэсэх таатай нөхцөл бүрдүүлдэг. Гэтэл удаан явцтай өвчтэй хүмүүст энэ аргыг зааж зөвлөх, хэлж сануулах нь мөн л хангалтгүй байна. Уг нь удаан хугацааны турш өвчнөө бодож, өдөр хоног тоолон шаналж хэвтэхийн оронд инээж хөхөрч байвал сайн сан.
“Инээх сайхан” гэдгийг хэн бүхэн хэлэх боловч элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжихэд чухал ач холбогдолтой болох тухай ойлголт манай улсын хувьд дутмаг хэвээр. Сэтгэл эрүүл бол бие эрүүл гэдэг. Сэтгэцийн эрүүл мэндгүйгээр эрүүл мэнд гэж байх боломжгүй. Сэтгэцийн эрүүл мэнд маш эмзэг тул сэтгэл зүйн асуудалдаа хүн бүхэн анхаарч байх учиртай.
Ард иргэдийг сэтгэцийн эрүүл мэндийн байдлаар нь нэгдүгээрт, сэтгэцийн хувьд эрүүл, хоёрдугаарт, тулгамдсан асуудалтай, гуравдугаарт сэтгэцийн эмгэгтэй хүмүүс гэж хуваадаг. Манай улсын нийт хүн амын 3-5 хувийг нь сэтгэцийн эмгэгтэй хүмүүс эзэлдэг гэсэн судалгаа бий. Үлдэх 95-98 хувь нь эрүүл болон тулгамдсан асуудалтай гэсэн бүлэгт орж байгаа юм. Тийм учраас ямар ч тохиолдолд хүн сэтгэцийн тулгамдсан асуудалд орох, цаашлаад сэтгэцийн эмгэгтэй болох магадлалтай байдаг.
Сэтгэцийн эрүүл байдлаа яаж, удаан хугацаанд хадгалах вэ гэдэг асуудал нэн чухал. Тууштай хичээллэж, илүү их (өдөр бүр, эсвэл долоо хоногт 1-5 удаа) инээдэг хүмүүс бие, сэтгэлийн эрүүл байдлаа удаан хадгалах, нойргүйдэл, ганцаардал, стресс, ядаргаа зэрэг сэтгэцийн тулгамдсан асуудалд өртөх нь ховор, өртсөн ч түүнийгээ зөв шийдэх чадвартай болдог.
Инээд бол стресс тайлах хамгийн шилдэг эм. Түүний тусламжтайгаар стресс тайлж эрүүлжих, сэтгэл санааны зовлон шаналлаас урьдчилан сэргийлэх чиглэлийг өөрийн оронд нэвтрүүлж нутагшуулах зорилт тавьж, “Ковид-19”-ийн үеэс зарим ажил хийж эхэлсэн. 2021 онд “Инээдээр эмчлэхүй”, 2023 онд “Инээх иог эмчилгээ”, 2025 онд “Инээдээр эрүүлжихүй” гэсэн гурван цуврал ном бүтээж, нийтийн хүртээл болгов. Мөн “Эрүүл мэнд” сэтгүүл болон бусад сонинд материал нийтлүүлж, телевиз, радиод ярилцлага өгсөн байна. Тэдгээр материалаас инээдээр эрүүлжих гэж юу болох, үүнд инээд хэрхэн нөлөөлдөг болох талаар тодруулах боломжтой.
Сэтгэл түгших, сэтгэл гутрал, мэдрэлийн архаг ядаргаа, өөртөө итгэх итгэл алдрах зэрэг сэтгэцийн эмгэгт өртөх магадлалтай хүмүүст эдгэрэлтийг нь түргэсгэх, нэмэлт эмчилгээний зорилгоор “инээд эмчилгээ”-г СЭМҮТ-ийн эмчилгээний практикт нэвтрүүлбэл үнэ өртөггүй, үр дүн сайтай, эмийн бус энэ арга олны талархал хүлээх нь дамжиггүй.
Бид “Их тамир” амралтад байсан 100 хүнийг өдөр бүр нэг цаг “инээд эмчилгээ”-нд долоо хоногийн турш хамруулсны дараа найман асуумжаар судлан үнэлэхэд 62-81 хувь нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн ба амралт, сувиллын газруудад, физик эмчилгээний кабинетуудад “Инээд эмчилгээний өрөө”, аймаг, дүүрэг, хороодод “Инээх клуб” ажиллуулбал тэнд ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сэтгэл гутралтай, нойргүйдэлтэй хүмүүс өргөнөөр үйлчлүүлэх дуртай газруудын нэг болохыг санал нэгтэй хүлээн зөвшөөрсөн билээ. Судалгаанд хамрагдагсдаас нэмэлт санал байвал бичиж өгөхийг хүсэхэд оролцогчид олон сайхан санаа гаргасан. Жишээ нь, СЭМҮТ-д сэтгэл гутралтай хүмүүсийг эмээр биш, инээдээр эмчилмээр байна гэсэн санал давамгайлж байв.
“Инээд эмчилгээ”-нд хамруулсан зарим хүний сэтгэгдэл болон чанарын судалгааны хэсгийг дор орууллаа. Ажлын байрны хүчирхийлэлд өртөж, ажил, нэр хүндээ алдсанаас сэтгэл гутралд орж, СЭМҮТ-д хэвтэж эмчлүүлсэн тухайгаа “Их тамир”-т амарч, инээдийн эмчилгээнд хамрагдсан 55 настай нэгэн эмэгтэйн бичиж өгсөн сэтгэгдлийг бүрэн эхээр нь толилуулж байна.
“Өвчин хаанаас бий болдог вэ? Өвчин стрессээс бий болдог. Стресс хаанаас бий болдог вэ? Стресс хүн хоорондын харилцаанаас үүсдэг. Ямар харилцаа стресс үүсгэдэг вэ?
Бие биеэ шүүмжилдэг шүүмжлэл
• Бие биеэ дээрэлхдэг бардам зан
• Бие биедээ худлаа ярьж хулхиддаг
• Бусдыгаа эд зүйлс, сэтгэл санааны хүнд дарамтад оруулдаг
• Хүн чанаргүй байх
• Ёс бус үйлдэл ба бусад олон сөрөг харилцаа үүнд нөлөөлдөг. Тэгвэл эдгээр нь өвчин үүсгэж байгаа юм бол бас устгаж, эмчилж болно.
• Хэн нэгний бидэнд учруулсан стрессийг эмзгээр хүлээж, хүндээр тусгаж авахгүй байх, гомдохгүй байх
• Бусдын алдааг уучлах
• Бие биеэ хүндэтгэж хайрлах
• Амьдралын сайхан бүхнийг олж харж, мэдрэх
• Инээх эмчилгээ хийх, онигоо ярих, онигоо нь гэгээлэг байх.
Инээд бол сэтгэл гутрал, депрессийг эмчилдэг. Сэтгэлийн эмгэгийг эмчилдэг СЭМҮТ бол үнэхээр хоцрогдсон эмнэлэг. Байшин барилга нь шинэ боловч эмчилгээний арга нь 100 жилээр хоцрогдсон. Депресст орсон сэтгэл гутралтай хүмүүст нойрны эм хүчээр өгөхөөс өөр эмчилгээгүй. Энэ эмнэлэгт хүний сэтгэлийг эмчлэх, сэтгэлийг тайвшруулах, урам зориг өгөх, депрессийн учир шалтгааныг ойлгуулах, түүнээс гарах арга замыг зааж өгөх, итгэл найдвар өгөх “инээд эмчилгээ” маш их хэрэгтэй” гэж саналаа илэрхийлжээ.
Монголын ард түмэн эрт дээр үеэс сэргэлэн цовоо, хурц ухаантай, мэргэн цэцэн, бас хөөрхөн шогч ард түмэн. “Инээд эмчилгээ”-г нэвтрүүлж буй эмч нартаа талархаж байна” гэх зэрэг санал гарч байсан.
Эндээс бид дүгнэлт хийж, гадаадын бусад улсын практикт өргөнөөр нэвтрүүлж, үр дүнгээ өгч байгаа “инээд эмчилгээ”-г өөрийн оронд аль болох нэвтрүүлэх хэрэгтэй байна. Сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүсийн эмчилгээнд зориулж “Инээд эмчилгээний өрөө” нээж ажиллуулах, тэр нь инээдмийн хөгжилтэй хөтөлбөрүүдээр тоноглогдсон телевиз, проектортой байх, үзэх, харах, унших шог хошин ном, хэвлэл, зураг гэх мэт материалаар баяжуулсан байвал зохино. Хэрэв олон хүнд “инээд эмчилгээ”-г зэрэг хийх бол үүний “зориудаар инээх” хувилбарыг ашиглах боломж бас бий. “Инээд эмчилгээний өрөө” ажиллуулахад нэмэлт зардал, хүн хүч төдий л шаардахгүйгээр эхний ээлжид ачаалал багатай ажилтанд хавсаргах, эмийн бус эмчилгээний нэг өрөөг давхар ашиглах зэргээр бололцоо, нөхцөлөө ашиглан зохион байгуулж болох юм.
Саяхан (2025.12.16) Монголын үндэсний олон нийтийн телевизээр СЭМҮТ-ийн сэтгэл засалч эмч эмчилгээндээ олон шинэ арга нэвтрүүлж байгаа тухайгаа ярьжээ. Түүнийг “инээд эмчилгээ”-ний талаар дурдахгүй өнгөрч байхыг бодоход олон улсад хэрэглэж буй энэ шинэ арга тэдний анхааралд өртөхгүй байгаа бололтой гэсэн бодол төрснөө нуух юун.
Их эмч Н.Бямбаа, Ч.Үржээ