“Эмч нар намайг шууд л үе солиулах хагалгаанд ор гэсэн. Өөр өөр онош хэлээд байсан тул Өвөр Монголын Хөх хотын “Хараат” эмнэлэг энэ чиглэлд сайн гэж сонсоод, судалж байгаад очиж үзүүлсэн юм. Тэнд үзүүлсний дараа үе солиулахгүйгээр дурангийн мэс засалд орохоор болсон. Үе хооронд ургасан ясыг л авах зорилготой, хөнгөн мэс засал гэж хэлсэн” хэмээн иргэн Ч ярьсан юм. Тэрбээр Хөх хот руу саяхан яваад ирсэн бөгөөд замын болон хэлмэрч хөтөч, зочид буудал, шинжилгээ, эмчилгээний зардалд нийт дөрвөн сая орчим төгрөг зарцуулсан байна. Үүнд нь 14 хоног уух эмийн үнэ багтсан аж. Удахгүй мэс засалд орохоор тус хотыг зорих гэж буйгаа дуулгав.
Мөн иргэн Б Хөх хотын нэгэн хувийн эмнэлэгт эрүүл мэндийн багц шинжилгээнд хамрагдахад 899 юань буюу 458 мянга орчим төгрөг зарцуулсан талаараа цахим орчинд хуваалцжээ. Эл шинжилгээг Монголд, тэр дундаа “Нура” төвд хоёр дахин илүү өртгөөр буюу 980 мянган төгрөгөөр хийдгийг онцолсон байв. Тэрхүү эмнэлэгт зөвхөн монголчууд л очиж үйлчлүүлдэг бөгөөд 08.0013.00 цагийн хооронд олон зуун хүн үймэлдэж байжээ. Маргааш нь шинжилгээний хариугаа уншуулахаар очиход мөн л монголчуудын хөлд дарагджээ. Хөл, толгой нь олдохгүй шахам олон хүнтэй байсан ч эмч, сувилагч нар нь ер уурлаж унтууцахгүй, найрсаг үйлчилсэнд иргэд ихээхэн сэтгэл хангалуун байсныг дурджээ.
Түүнчлэн иргэн С “Монголд эрүүл мэндийн даатгалд сард хэдэн мянган төгрөг төлсөн ч үйлчилгээ авч чадахгүй байна. Энэ сард ЭХО-д харуулсан бол дараагийн сард нь ходоодоо дурандуулах эрх үүснэ. Цаг хугацаа алдвал хохь нь гэж байгаа мэт. Эсвэл хувийн эмнэлгүүдийг дэмжсэн бодлого гэлтэй. Мэс засалд орох дарааллаа хүлээж суусаар нас эцэслэсэн хүн олон” гэсэн бол өөр нэгэн иргэн “Өвөр Монголын эмнэлэгт шинжилгээ өгөхөд ямар ч асуудалгүй. Хариу нь ЭХО-д харуулах зуур гарчихаж байгаа юм. Энд 21 хоногийн дараа гардаг шинжилгээний хариу 48 цагийн дотор л тодорхой болчихсон. Монголд оношоо мэдэх гэж улсын, хувийн бүхий л эмнэлгээр явж, цаг хугацаа, эдийн засгаараа хохирсон. Харин Хөх хотод дөрөв хоногийн дотор л оношоо мэдсэн” хэмээн ярилаа. Энэ мэтээр Хөх хотын эмнэлэг бараадсан иргэдийн жишээ тоочоод байвал барагдахгүй их. Манай улсад эрүүл мэндийн 6000 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулж буй. Аймаг, сум, баг, нийслэлийн бүх дүү рэг, улсын болон хувийн төрөлжсөн нарийн мэргэжлийн томоохон эмнэлэг хангалттай бий. Гэвч иргэд монгол эмчийн ур чадвар, харилцаа, хандлагыг голж, эмнэлгийн тоног төхөөрөмж, шинжилгээ, оношилгоонд үл итгэн, гадаад улсыг зорьсоор байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд Хөх хот өвдөж шаналсан монголчуудын хөлд дарагджээ.

СОРОНЗ МЭТ ТАТАХ НАЙРСАГ ҮЙЛЧИЛГЭЭ
Найман настай балчраас наян настай буурал хүртэл бүгд л эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч буй. Монголд улсын эмнэлэгт үзүүлнэ гэдэг ямархуу хүнд даваа болохыг хэн хүнгүй мэддэг. Цөөхүүлээ хэрнээ өвчлөл нь дийлддэггүй манайх шиг улсад эмч нар нь ачаалалдаа дарагдан цөхөрч, хандив, тусламжаар оруулж ирсэн тоног төхөөрөмжүүд нь байсхийгээд л эвдэрчихдэг нь нууц биш. Мууд муухай нэмэр, муухайд улцан нэмэр гэгчээр гүйцэтгэлийн санхүүжилт гэгчийг нэвтрүүлснээр сэхээнд байсан эрүүл мэндийн салбар амь тавихдаа тулаад буй. Өдгөө Эрүүл мэндийн даатгалын сан хоосорч, эрт илрүүлгийг бүрэн зогсоогоод байна. Үүний горыг иргэд амсаж буй. Үүгээр зогсохгүй хувийн эмнэлгүүд эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр үйл чилдэг байснаа больсон. Ийм байхад хямд үнээр чанартай үйлчилгээ авахаар хошуурч буй иргэдээ буруутгах аргагүй юм. Наад захын шинжилгээ өгөх гэхээр тоног төхөөрөмж нь байхгүй, эсвэл урвалж бодис нь дууссан хэмээн царай алддаг эмнэлэг олон. Орон нутгаас зардал чирэгдэл болж Улаанбаатарт ирээд улсын эмнэлэгт үзүүлье гэхээр дараалал нь гүйцэгдэхгүй. Жишээ нь, толгой, хүзүүний MRI хийлгэхээр иргэн Э Хэнтий аймгаас нийслэлд иржээ. Тэрбээр УНТЭ-т үзүүлэх цаг авах гэсэн ч хугацаа алдахаар байсан тул нэгэн хувийн эмнэлэгт MRI хийлгэж. Тус эмнэлгийн санхүүжилтийг нь зогсоосон тул ахмадуудад хөнгөлөлттэй үнээр үйлчлэхээ больжээ . Ингээд иргэн Э 360 мянган төгрөг төлж, MRI хийлгэсэн байна. Тэгвэл эл шинжилгээг Хөх хотод 100 гаруй мянган төгрөгөөр хийдэг аж. Улаанбаатар хотоос 1200 ор чим км-т оршдог тус хотод онгоцоор бол хоёр цаг орчим нисээд л хүрчихнэ. Хэдийгээр зардал чирэгдэлтэй ч орчин үеийн тоног төхөөрөмж бүхий эмнэлэгт чадварлаг эмч нараас шуурхай, найрсаг үйлчилгээ авахыг иргэд илүүд үзэх болжээ. Тиймдээ ч Хөх хотын эмнэлгүүдийн орлогынх нь гол эх үүсвэр монголчууд болжээ.
Хөх хотод албан ёсны бүртгэлтэй, хөтөч, зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг нэгэн компанийн үүсгэн байгуулагчтай холбогдоход манайхаар үйлчлүүлэгчид ер тасардаггүй. Жилд маш олон хүн ирдэг хэмээсэн. Газар мэдэхгүй, хэл усгүй хүмүүс залилан, луйварт өртөх тохиолдол их тул албан ёсны хөтчийн компаниа байгуулсан гэнэ. Эмнэлгийн хөтөч орчуулагчийн хагас өдрийн төлбөр 250, бүтэн бол 450 юань. Ийм төлбөрөөр зөвхөн нэг хүнд үйлчлэх бөгөөд 2-3 хүн үзүүлэх бол нэмж мөнгө төлдөг байна. Энэ нь дундаж өртөг аж. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад анагаахын мэдлэгтэй хөтөч чухал болохыг тэрбээр сануулсан. Гэхдээ манай иргэд хөтөчгүйгээр учраа олоод явчихдаг бөгөөд интернэт, хиймэл оюуны тусламжтай гаар шинжилгээний хариугаа уншчихдаг аж. Ялангуяа тус хотын олон улсын эмнэлэгт нь өвөр монгол эмч цөөнгүй тул хэл нэвтрэлцэхэд хялбар. Монголчууд Хөх хот руу яагаад ингэж олноороо хошуурч буй шалтгааныг дээрх компанийн үүсгэн байгуулагч хэлэхдээ “Эмнэлгийн хамгийн сүүлийн үеийн бүхий л тоног төхөөрөмжийг Хятадад үйлдвэрлэж байна шүү дээ. Улсын бүхий л эмнэлэг нь ийм тоног төхөөрөмжтэй. Харин Монголд сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй эмнэлэг хэд билээ. Эмч нарын ур чадварын тухайд ч харьцуулахад хэцүү. Монгол Улсын анагаахын салбар бусад улсынхтай харьцуулахад хэдэн арван жилээр хоцорч яваа нь хатуу ч гэсэн үнэн” гэв.
МОНГОЛООС БУСАД НЬ САЙН ГЭЖ ҮҮ
Хөх хотод 10 гаруй жилийн өмнө монгол чуудад зориулсан эмнэлэг нээж байв. Монголд эмчлэх боломжгүй зарим төрлийн өвчнийг анагаах зорилгоор байгуулсан ч худалч хүнд өдгөө цус, шээсний шинжилгээ өгөхийн төлөө ӨМӨЗО-ыг зорьдог болж. Мэдээж, онош нь тодорхойгүй, олон жил эмнэлгээр явж туйлдаа хүрсэн, эцсийн найдвар тээж очсон хүнд өвчтэй хүмүүс ч бий. Гэхдээ олонх нь Монголд хийдэг шинжилгээ, оношилгоо, мэс засал, эмчилгээг баталгаажуулах гэж, үнэн, худлыг нь дэнслэхийн тулд очдог болсныг тэндхийн хөтөч нар, үйлчлүүлэгчид өөрсдөө хэлж байна. Энэ нь монгол эмч нартаа итгэл алдарсан гэхээс илүү системийн гажуудал, хүнд суртал, гар харсан байдлаас нь залхсан, хуучирч, элэгдсэн тоног төхөөрөмж, хэт өндөр үнэтэй тусламж, үйлчилгээнээс нь халширсантай холбоотой байж мэднэ.
Манай улс дотооддоо эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн тоог бууруулахын тулд эмч, мэргэжилтнүүдээ гадаадад бэлдэж, сургалтад хамруулан, чадавхжуулж, эх орондоо зарим төрлийн мэс заслыг амжилттай хийж, нутагшуулж буй. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний асар их мөнгөний урсгалыг гадагш нь биш, дотооддоо үлдээхээр зорьж байгаа, нөгөө талдаа эрүүл мэндийн даатгалаа төлдөг жирийн иргэд шаардлагатай тусламжийг цаг алдалгүй авч чадалгүй хохирсоор байгаа тул гадагшаа зорчих иргэдийн урсгалыг хорьж дийлэхгүйд хүрчээ. Хил хамгаалах ерөнхий газрын мэдээлснээр улсын хэмжээнд 2024 оноос өнгөрсөн оны эхний арван сарын байдлаар гадаад улс руу зайлшгүй шаардлагаар болон өөрийн хүсэлтээр 13 008 иргэн эмчилгээнд явжээ. Тэдний олонх нь БНСУ, БНХАУ, БНТУ-ыг зорьсон байна.
Гадаад улсад эмчлүүлсэн монгол иргэдийн тоо болон зардлын мэдээлэл тодорхойгүй. Учир нь хилээр нэвтэрсэн иргэдийн мэдээллийг аяллын зорилгоос нь хамаарч албан, хувийн, жуулчин, ажиллах, суралцах, байнга оршин суудаг, бусад гэсэн ангиллаар бүртгэдэг бөгөөд “Эмчилгээ, оношилгооны зорилгоор” хилээр зорчсон гэсэн ангилал байдаггүй аж. Эрүүл мэндийн яам болон бусад салбар байгууллагад ч гадаадад эмчлүүлэгчдийн албан ёсны статистик алга. Харин 2020 онд Эрүүл мэндийн яам, Монголбанк, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран “Гадаадад эмчлүүлсэн монгол иргэдийн зардлын түүвэр судалгаа”-г хийжээ. Аялал жуулчлалын үйлчилгээний салбар нь дэлхий дахинаа хурдацтай хөгжиж буй бөгөөд үүний гол шалтгаан нь эрүүл мэндийн аялал жуулчлалын үйлчилгээ болохыг судалгааны эхэнд дурдсан байна. 2018 онд гадаадад эмчлүүлсэн иргэдийн 53 хувь нь БНСУ, 36 хувь нь БНХАУ, зургаан хувь нь Тайланд, нэг хувь нь Энэтхэг, үлдсэн гурван хувь нь бусад улсад, 2019 онд эмчлүүлэгчдийн 47 хувь нь БНХАУ, 43 хувь нь БНСУ-д, таван хувь нь Тайланд, нэг хувь нь Энэтхэг улсад зорчин, эмчилгээ, үйлчилгээ авсан байна. Судалгаанд оролцсон 406 иргэн 2018-2020 оны хооронд гадаад улсад эмчлүүлэхдээ нийт 11.7 сая ам.доллар зарцуулжээ. Үүнээс 2018 онд 185 иргэн таван сая, 2019 онд 195 иргэн 5.8 сая ам.доллар зарцуулсан гэнэ. Харин 2020 онд 26 иргэн 882 мянган ам.доллар төлснийг эл судалгаанд дурджээ.
Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлсэн тохиолдолд иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Энэ тоо, баримт бол Эрүүл мэндийн яаманд бий. Хамгийн чухал нь иргэд зайлшгүй бус шалтгаанаар ч гадаад улсыг зорьж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахыг илүүд үзэж буйд учир байна. Хавдрын өвч лөлийн улмаас гадаад улсыг зорьж буй иргэд маш их. Гэтэл манай улс хавдрын эмнэлэг нэмж барина гэж ярьсаар олон жилийн нүүр үзлээ. Эрүүл мэндийн салбарыг өөд нь татах хүсэл сонирхол, гарц гаргалгаа салбарын сайд, эрх баригчдад бий юү. Эл гажуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол иргэд нь гадагш дүрвэж, эмнэлэг нэртэй хоосон балгасууд үлдэх вий.