Европын соёл иргэншлийн голомт гэгддэг ХБНГУ-д 20 гаруй жил амьдарч, уран бүтээлийн эрэл хайгуулаа тасралтгүй үргэлжлүүлсээр ирсэн зураач С.Дашдэмэд “Миний зургууд” бие даасан үзэсгэлэнгээ Уран зургийн галерейд толилуулж байна. Энэхүү үзэсгэлэн нь түүний 30 гаруй жилийн хөдөлмөр, туурвилыг нэгэн дороос тольдох боломжийг үзэгчдэд олгож буйгаараа онцлогтой. Тэрбээр Баварын залуу уран бүтээлчдийн тэргүүн дээд болон Нюрнберг хотын Соёлын дүрслэх урлагийн шагнал хүртсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч билээ. Ингээд түүнтэй амьдралын замнал, уран бүтээлийн талаар ярилцлаа.
Та 30 гаруй жилийн хугацаанд туурвисан бүтээлүүдээсээ сорчлон “Миний зургууд” үзэсгэлэнгээ дэлгэлээ. Эл үзэсгэлэн таны олон жилийн хөдөлмөрийг нэг дор зангидсанаараа онцлогтой гэж сонссон. -Эх орондоо үзэсгэлэн гаргахыг нэлээд олон жилийн өмнөөс хүссэн. Гэхдээ тодорхой шалтгаануудын улмаас хойшлоод л байлаа. Харин өнөө жил гэр бүлийн асуудлаар Монголдоо ирсэн тул үүнийг далимдуулаад үзэсгэлэн гаргахаар шийдсэн юм. Мөн манай оронд уран зурагт шимтэх залуус ч олширсныг анзаарсан л даа.
“Миний зургууд” үзэсгэлэнд 1990-ээд оны эхээр эх орондоо туурвисан анхны бүтээлүүд болон 2000 оноос хойш ХБНГУ-д ажиллаж, амьдрах хугацаандаа туурвисан бүтээлүүдээ нэгтгэн дэлгэж байна. Туулж өнгөрүүлсэн уран бүтээлчийн замнал, хуримтлуулсан туршлагаа эргэн харах нь миний хувьд үнэ цэнтэй дурсамжаас гадна нэгэн сонирхолтой сургамж болж буй юм. Би ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш хилийн чанадыг зорьсон монголчуудын эхний давлагаа буюу өөрсдийн хүчээр зам мөрөө гаргасан “бор зүрхээрээ” үеийнхний төлөөлөл. Тухайн үед нийгэм шилжихтэй зэрэгцэн бидний түүх, соёл, шашин шүтлэг эргэн сэргэж, нөгөө талаас барууны модерн урлаг, чөлөөт сэтгэлгээ хүч түрэн орж ирсэн. Энэ бүхэн нь тухайн үед миний оюун санаанд томоохон өөрчлөлтийг ав чирсан гэж боддог.
Харин өдгөө хот маань ч, хүмүүс ч нэлээд өөрчлөгджээ. Эх орон, Улаанбаатар хотыг ихэвчлэн хуучны дурсамжаараа бодож санах нь бий. Тиймээс уран бүтээлийнхээ эхлэлээс өнөөдрийг хүртэлх замналыг нэг дор харуулах нь зөв гэж бодсон юм. Ингэж хуучин, шинэ бүтээлүүдээ нэгтгэн дэлгэх нь надад ч өөрийн уран бүтээлийн зам мөрийг эргэн харах боломж олголоо.
инэ бүтээлүүдээ зэрэгцүүлэн харахад ямар мэдрэмж төрсөн бэ? -Хуучин болон шинэ бүтээлүүдээ зэрэгцүү лэн тавихад нэгэн сонирхолтой дүр зураг харагдсан. Гадаад улс руу анх явахдаа би бүхнийг шинээр эхэлнэ гэж бодсон ч үнэндээ хуучин арга барил, мөн чанараасаа тийм ч холдоогүй юм билээ. Зах зээлийн нийгэмд шилжих үед бидэнд аливааг өөрөөр харах, чөлөөтэй сэтгэх боломж нээгдэж, тухайн цаг үеийнхээ давлагаанд өөрсдийн сонирхлоор л бүтээлээ туурвидаг байв. Ерээд оны нийгмийн өөрчлөлт бидэнд модерн урлаг, чөлөөт сэтгэлгээний үүдийг нээж өгсөн. Гэвч өмнөх нийгмийн хү мүүжлийг эвдэх явцдаа бид өөрсдийгөө их голдог байлаа. Дэлхийн хөгжлөөс хэдэн зуун жилээр тасарчихсан юм шиг санагдаж, юу хийж байгаагаа ч бүрэн ойлгохгүй, итгэл муутай явсан үе бий. Юм үзэж, нүд тайлаагүй хүмүүс дэлхийн хөгжлөөс хоцролгүй яах вэ л гэж бодно. Гэтэл үгүй юм билээ. Өдгөө бүтээлүүдээ зэрэгцүүлэн харахад уран бүтээлчийн эрэл хайгуул маань тухайн цаг үедээ дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байсныг олж мэдсэн.
НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙ, ЭСВЭЛ НИЙТЛЭГ ОЙЛГОЛТЫГ ТӨЛӨӨЛӨХ ГЭЖ ХИЧЭЭДЭГГҮЙ
-Онцлох бүтээлээсээ нэрлээч гэвэл та алийг нь дурдах бол? -1994 онд туурвисан “Оршихуй ба эс оршихуй” бүтээлээ онцолмоор байна. Тухайн үед би тодорхой үйл явдал, өгүүлэмж гэхээс илүүтэй хоосон чанар, философийн сэдвийг сонирхож, 4-5 бүтээл туурвисан. Тэдгээрийн нэгийг Уран зургийн галерейн сан хөмрөгт авсан нь энэ зураг юм.
Сонирхолтой нь, 2008 оны “Долоодугаар сарын 1”-ний үймээний үеэр галерейд гал гарч, олон бүтээл өртсөн. Үнэнийг хэлэхэд би тухайн үед миний зураг тэнд байсныг ч мартчихсан явсан. Харин хэдэн жилийн өмнө галерейн сан хөмрөгийг сэргээх явцад миний зураг бий, эсэхийг тэднээс лавлалаа. Гэтэл эхлээд уг галд өртөж, үгүй болсон гэсэн юм. Харин хэсэг хугацааны дараа “Таны зургийг оллоо. Гэхдээ утаа тортог болжээ, сэргээн засварлах хэрэгтэй” гэсэн. Аз болж, айхавтар эвдэрч сүйдээгүй байсан тул эл үзэсгэлэнд багтаахаар шийдсэн нь энэ. Хилийн чанадад уран бүтээлчийн замналаа эхлүүлэхдээ өөртөө нэг зорилго тавьсан юм. Зураачдын олонх нь өөрийн гэсэн тогтсон бэлгэдэлтэй байж, түүнийгээ бүтээл бүрдээ тусгахыг хичээдэг бол миний хувьд үүний эсрэг зам сонгосон. Өөрөөр хэлбэл, бүтээлээ туурвихдаа тогтсон бэлгэдэл ашиглахаас татгалзаж, өөрийнхөө дотоод мэдрэмжийг ямар нэгэн шүүлтүүргүйгээр, “нүцгэн”-ээр нь буулгахыг хичээдэг гэх юм үү. Энэ нь магадгүй миний уран бүтээлийн гол онцлог байх. Би нийгмийн сэтгэл зүй, эсвэл нийтлэг ойлголтыг төлөөлөх гэж хичээдэггүй, харин хувь хүнийхээ чөлөөт сэтгэлгээгээр аливаад баригдахгүйгээр бүтээлээ туурвихыг эрмэлздэг. Гэхдээ өөртөө сэтгэл ханаж, магтахыг урьтал болгодоггүй. Ер нь уран бүтээлч хүн эрсдэл дунд амьдардаг. Арга барил, техник, стилээ өөрчлөх нь нэг талаар зөв ч тэр хэрээр эрсдэл дагуулдаг. Тиймээс хэзээ ч өөртөө бардаж, сэтгэл ханаж болохгүй.
-Фигуратив арт гэж юу болох талаар та илүү дэлгэрүүлэхгүй юү?
-Фигуратив арт гэдэг нь бодит ертөнцийн юмс үзэгдэл, ялангуяа хүний дүр төрх, амьтан, эд зүйлсийг танигдахуйц байдлаар дүрслэх урлагийг хэлнэ. Энэ нь хийсвэр (abstract) урлагийн эсрэг ойлголт юм. Миний уран бүтээлүүд ер нь дүрслэх урлагийн фигуратив чиглэлд хамаардаг. Би аливааг нарийвч лан төлөвлөхөөс илүүтэй, зөн совиндоо хөтлөгдөн, явцын дунд бүтээлээ ургуулан задалж туурвидаг. Хамгийн гол зарчим нь аливааг давтахгүй, дотоод “бөглөрлөө” нээхүйц сониуч туршилтуудыг зоригтой хийж, баригдмал байдлаас өөрийгөө чөлөөлөн дараагийн шатанд шилжих явдал юм.
Хүний бие, нүүр, ургамал, хад чулууг хагас бодит, эсвэл хийсвэр хэлбэрт оруулж, тэднийг сүнслэг, баатарлаг, харь гаргийн гэлтэй дүр болгон хувиргадаг. Эдгээр нь ганцаардмал бодгаль, эсвэл бүлэг сүргийн харилцаанд орж, оюун санааны хувьд дотоод болон гадаад ертөнцийн огтлолцол дунд “тоглолт” хийн дүрслэгддэг. Тэдний зарим нь олон мянган жилийн түүхийг туулж хатуужсан мэт эрчлэгдсэн хэлбэртэй байх нь бий. Ер нь миний бүтээлүүд амьдралын бодит хуулбар биш, харин цаг хугацаа, орон зайн хязгаараас ангид, зөвхөн миний совингоор бүтсэн тусгаар ертөнц байгаасай гэж хүсдэг. Бүтээлээ туурвихдаа уран зураг, зураасан зураг, рельеф, уран баримал, инстоляц болон медиа урлагийн олон төрөл хэлбэрийг хослуулан ашигладаг.
-Уран зургаас эхлээд дижитал болон видео арт руу хөрвөхөд тань юу хамгийн ихээр нөлөөлсөн бол?
-Би дижитал урлагтай харьцангуй хожуу холбогдсон. Өмнө нь бүх бүтээлээ уламжлалт аргаар буюу өөрийн гараар мэдэрч туурвидаг байлаа. 2000-аад оны эхээр ухаалаг утас хэрэглэж, инстаграм хэмээх асар том ертөнцөд хөл тавьснаар дижитал урлагт хөтлөгдсөн юм.
Хүмүүс зүгээр л гэрэл зураг авч, бие биедээ илгээхийг хараад уран бүтээлч хүний хувьд надад ямар нэгэн зүйл дутуу, арай л уйтгартай мэт санагдсан. Тэгээд л өөрийн мэдрэмжээр “юм” нэмж, зураг зурж эхэлснээр дижитал арт руу татагдан орсон доо. Үндсэндээ би урлангаа алгандаа багтаачихсан гэсэн үг.
ДҮРСЛЭХ УРЛАГ БОЛ ДУУ ХӨГЖИМ ШИГ ХОРОМХОН ЗУУРТ ХИТ БОЛДОГ САЛБАР БИШ
-Дүрслэх урлагийг цаг хугацааны шалгуур давж байж үнэ цэн нь тодордог амаргүй салбар гэх хүн олон. Тэгвэл энэхүү урт замыг туулахад уран бүтээлч хүнд хамгийн хэрэгтэй чанар юу вэ?
-Би 16 настайдаа энэ урлагт хөл тавьсан. Хүмүүс миний зургийг хараад урам өгсөн нь надад их нөлөөлсөн юм. Ингээд Дүрслэх урлагийн дунд сургуулийн уран зургийн ангид 1987 онд элсэж, Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, профессор С.Дондог болон Төрийн шагналт зураач Ц.Энхжин нарын ангид суралцаж төгссөн. Үүний дараа ХБНГУ-ын Нюрнберг хотын Дүрслэх урлагийн академийн чөлөөт уран зургийн ангийг профессор Петер Ангерманны урланд дүүргэв.
Урлагийн ертөнцөд хэн ч чамд чиглэл өгөхгүй, зөвхөн өөрийнхөө мэдрэмжид хөглөгдөж, өөрийнхөө замыг өөрөө л нээх учиртай. Жинхэнэ зураач хүн материалаа бүрэн таньж мэдэхээс гадна гарын ур дүй, оюун санааны төсөөлөл хоёрыг төгс хослуулах ёстой. Дүрслэх урлаг бол дуу хөгжим шиг хоромхон зуурт хит болдог салбар биш. Бүтээл төрөхөөсөө эхлээд үзэгчдэд хүлээн зөвшөөрөгдөх хүртлээ урт замыг туулдаг. Өөрөөр хэлбэл, цаг хугацааны шалгуурыг давж, тухайн уран бүтээлчээс асар их тэвчээр шаардаж байж үнэ цэн нь он жилүү дийн урсгалд тодордог амаргүй салбар.
-Нюрнберг хот бол Европын урлагийн түүхэн төвүүдийн нэг. Тэндхийн сургалтын арга барил таны зурах техник болон материалын сонголтод ч ихээхэн нөлөөлсөн байх даа.
-Би Баруун Европт чөлөөт уран бүтээлчээр суралцсан анхны үеийнхний нэг юм. Тухайн үед бидэнд барууны урлагийн талаар ямар ч төсөөлөл байгаагүй. Гар утас, интернэт ч байсангүй. Мөн Монголд контемпорари урлаг хөгжөөгүй байсан учраас бусад хүн бүтээлээ хэрхэн туурвидаг талаар ямар ч мэдээлэлгүй, бүхнийг “бор зүрхээрээ” хийх хэрэгтэй болсон. Харин одоо бол цахим орчин хөгжиж, хүссэн мэдээллээ хормын төдийд олох боломжтой болжээ. Эргээд харахад, тухайн үед мэдээлэл дутмаг байснаас болж олон боломжийг ашиглаж чадалгүй алдсан байна лээ.
-Таны бүтээлүүдэд төрөл бүрийн материалын холимог их харагддаг. Яагаад заавал уламжлалт хавтгай зургаас хальж, орон зайн биет болон материаллаг зүйлс рүү тэмүүлэх болов?
-Би бүтээлүүддээ шавар, хавтан, тоосго зэрэг барилгын материалыг түгээмэл ашигладаг. Ингэснээр зураг маань зүгээр нэг хавтгай биш, илүү биетэй, бодит болдог юм. Миний энэ арга барил тухайн үедээ нэлээд шинэлэг байлаа. Харин “Ковид-19”-өөс хойш уран бүтээлчид хаа сайгүй ийм материал ашигладаг болсон. Цар тахлаас өмнө урлаг илүү гоё сайханд чиглэдэг байсан. Материалын сонголтын хувьд ч “зөөлөн” байсан шиг санагддаг.Мөн ханан дээр граффити зурах дуртай. Хэрэв боломж олдвол Монголд ч бас хийнэ гэж боддог.
-Эх орондоо үлдэж багшлах, туршлагаа хуваалцах сонирхол бий юү?
-Багшлах санал ирж байсан. Гэхдээ би заавал багшлах, эсвэл ямар нэгэн байгууллага байгуулахыг хүсдэггүй. Харин хийсэн бүтээлээрээ бусдад үлгэрлэхийг илүүд үздэг.
У.Цэцэг