Самбо, жүдо бөхийн шигшээ багийн тамирчнаас дасгалжуулагчаар ажилласан ОУХМ Л.Очирбалын спортод хөл тавьсан түүх сонирхолтой. Тэрбээр Улаанбаатар хотод Төмөр замын техникумд вагоны ангид суралцахаар ирэхдээ “Замчин” нийгэмлэгийн дасгалжуулагч Б.Сүхбаатар багшийн шавь болж, чөлөөт бөхөөр анх хичээллэжээ. Түүнийг 1970 онд залуучуудын УАШТ-д оролцон мөнгөн медаль хүртсэний дараа багш нь МҮОНТВийн нэрэмжит самбо бөхийн тэмцээнд оролцуулахад I тойрогт тухайн үед цахиур хагалж, мандаж явсан тамирчдаас О.Хасбаатарыг 16 секундэд ялж, дасгалжуулагчдын анхаарлыг татсан гэдэг. Түүнээс хойш “Хөдөлмөр” нийгэмлэгийн дасгалжуулагч Х.Намшир багшийн удирдлагад самбогоор хичээллэн тамирчин болох замналаа эхлүүлсэн байна. Самбо бөхийн УАШТ-ээс дөрвөн алт, таван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн түүнийг шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан он жилүүдэд шавь нараас нь улсын начин Ц.Дамдин агсан 1979 онд Испанийн Мадрид хотод болсон самбо бөхийн залуучууд болон насанд хүрэгчдийн ДАШТ, “Дэлхийн цом”-ын тэмцээнд тус бүр түрүүлж, “Москва-1980” зуны олимпын наадамд жүдо бөхийн төрөлд 65 кг-д мөнгөн медаль хүртэн Монгол түмнийг баярлуулж байв. Тэрбээр хожим Гавьяат тамирчин, Ардын багш цол хүртсэн билээ. Тэгвэл улсын аварга, Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар О.Балжинням 1985 онд самбо бөхийн дэлхийн аварга болж, 1989 онд болсон жүдо бөхийн ДАШТ-д мөнгөн медаль гардсан юм. Түүнчлэн жүдо бөхийн дэлхийн хүрэл медальт, Гавьяат тамирчин, Ардын багш, Дашгомбын Баттулга Югослав улс (Одоогийн Серби) Белград хотод 1989 онд болсон ДАШТ-д анх хүрэл медаль хүртэж, амжилт гаргасан бол “Бээжин-1990”, “Хирошима-1994” Азийн наадам, тивийн АШТ, 1988 онд оюутны ДАШТ-д тус бүр хүрэл медаль хүртэж, Монголын багийн медалийн буухиаг үргэлжлүүлжээ. Мөн шавь аймгийн арслан, Гавьяат тамирчин, “Увс нуур” дэвжээний дасгалжуулагч Г.Жамсран нь самбо бөхийн дэлхийн таван удаагийн аварга болж, “Дэлхийн цом”-оос алтан медальтай эх орондоо ирснээр бөхийн хорхойтнуудад багшийнхаа бэлтгэл сургуулилалт хэрхэн хийлгэж, мэргэжлийн тамирчид бэлтгэснийг амжилтаараа харуулсан билээ.
-Хүний хувь заяа, ажил, амжилт, амьдрал өөдрөг явахад нутаг ус нь нөлөөлдөг гэж ярьдаг. Тамирчин байх үеийнхээ дурсамжаар эргээд нэг аялбал сайхан түүх бөхийн хорхойтнуудтай хуваалцах байх.
-Тэгэлгүй яах вэ. Унасан газар, угаасан ус гэдэг хүний сэтгэлдээ хүндлэн дээдэлж явах зүйлийн нэг шүү дээ. Би Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын Залант хэмээх газар 1950 онд төрсөн, айлын ганц хүү. Аав минь жолооч. Завхан аймагт ажиллахаар болсон тул манайх тэнд суурьшин төвхнөж, би найман нас хүрч сургуульд орсон юм. Наймдугаар ангиа 1967 онд төгсөж, Улаанбаатар хотод Төмөр замын техникумд вагоны ангид суралцахаар ирснээр миний спортын замнал эхэлсэн түүхтэй. Би самбо шигшээ багийн тамирчин байхдаа дасгалжуулагч Ч.Машбат багшийн удирдлагад жүдогоор давхар хичээллэдэг байв. Монголчуудын хувьд жүдо тухайн үед шинэ содон зүйлийн нэг байсан. Хөгжүүлэхээр зорьсон эхний жилүүдэд олны дунд “Монголчууд хэзээнээс хөл нүцгэн бөх барилдаж байсан юм” гэх яриа гарч, таатай хүлээж аваагүй л дээ. Монголын жүдочид хилийн дээс алхаж, Молдав улсад 1971 онд болсон жүдо бөхийн олон улсын “Нөхөрлөл” тэмцээнд анх удаа оролцохоор Кишинев хотыг зорьсон юм. Тэднээс улсын начин Д.Даваасүрэн бид хоёр хүрэл медаль хүртсэн. Монголчуудад жүдо хамгийн тохирох төрөл. Хойшид амжилт гаргах боломжтойг бид олон улсын дэвжээнд барилдаанаараа харуулж билээ.
-Олон улсын тэмцээнд оролцохын тулд УАШТ-д дотоодын шилдгүүдийг жиндээ ялах амаргүй санагддаг байв уу?
-Монголд 1978 онд жүдо бөхийн УАШТ анх удаа болоход би 65 кг-д оролцож түрүүллээ. Дараагийн тэмцээнүүдээс хошой мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Үүнээс өмнө Баруун Германд 1972 онд зохион байгуулсан Мюнхений олимпод 63 кг-д оролцохоор нөөц тамирчнаар явсан. 20 дахь удаагийн зуны олимпод хүч сорьсон Монголын багаас тус жинд Б.Буяндаа мөнгөн медаль хүртсэн ч сэргээш илэрсэн гэж үзээд амжилтыг нь хүчингүй болгосон юм. Миний хувьд жүдогийн шигшээ багт хөл тавьж, жиндээ чамгүй амжилт гаргадаг болсноор Швейцарын Лозанн хотод 1973 онд болсон ДАШТ-д өрсөлдөв. Тус хотод очоод тав хонож байтал Олон улсын жүдо бөхийн холбооноос Б.Буядаагийн мөнгөн медалийг нь хураах асуудал яригдаж, биднийг оролцуулалгүй буцаасан юм. Үүнээс хойш гурван жилийн дараа Австри улсын Венн хотод зохион байгуулсан ДАШТ-д оролцохдоо туршлага хуримтлуулаад ирсэн нь хойшдын барилдаанд маань хэрэг болж, олон улсын тэмцээнээс 10 гаруй медаль хүртэхэд их нөлөөлсөн дөө.
-Үеийн тань тамирчидтай яриа өрнүүлэхдээ хөгжилтэй дурсамжуудаас сонсох сонирхолтой санагддаг юм.
-Тамирчин байх үед хөгжилтэй зүйл цөөнгүй тохиолдоно. Бидэнд азтай нэг үйл явдал тохиосон юм. Кубад 1977 онд болсон олон улсын тэмцээнд Монголын шигшээ багаас Б.Буядаа Г.Батсүх, Я.Дорж бид дөрөв оролцохоор ОХУ-ын Москвад буулаа. Тухайн үед Засгийн газраас Ч.Машбат багшийн Гавьяат цолыг хурааж, явуулахгүй үлдээсэн тул бид цаашаа дасгалжуулагчгүй явсан. Тэнд хоёр хонолоо. Гурав хоноод Куба руу онгоцоор нисэх тийзтэй байдаг. Дахиад нэг хонох гэж байтал Элчин сайдын яамны жолооч Шагдар гуай тааралдаж, “Та нар энд юу хийж сууж байгаа билээ” гэж асуухад нь “Бид Кубад болох тэмцээнд оролцохоор явна. Брон хийлгээгүй тул байрлах буудал байдаггүй. Өөрсдийнхөө авч яваа мөнгөөр хоол унд авч, хүлээлгийн өрөөнд сууж байна” гэлээ. Тэрбээр “Та нар тус бүр гурван рубль надад өгөхөд болно” гэв. Тэгсэн нисэх онгоцны тийзний асуудлыг зохицуулж, шийдээд тэмцээн эхлэхээс нэг хоногийн өмнө явуулав.Тэмцээн болох хотод очтол Зохион байгуулагчид нь “Монголоос ирсэн баг тамирчид хаана байна” гэж асуугаад л бөөн машин тэрэгтэй сүр болж ирэв. Тэд бидэнтэй гар барьж, уулзахдаа баярлаад сүйд болж буй нь илт. Хэл мэдэхгүй тул биеийн хэлэмжээр л ойр зуурын зүйл ойлгож байлаа. Тэгсэн бидний Куба руу нисэх хуваарьтай өдрийн онгоц мананд өндөр хүчдэлийн шон мөргөж, дэлбэрсэн байв. Тэгтэл Монголын баг өмнөх өдөр оччихсон байсныг тэд мэдэж баярласан хэрэг. Тус тэмцээнд оролцохоор ирж явсан 60 гаруй хүнтэй Оросын баг эндсэн байв. Нэг хоногийн өмнө нь очсон бид азаар амьд үлдэж, тэмцээнд оролцох боломж тохиосон. Тэр тэмцээнээс Б.Буядаа, Г.Батсүх алт, би хүрэл медальтай ирсэн юм.
-Самбо, жүдогоор гадаад, дотоодын тэмцээнээс хүртсэн медаль гэхээр шагналын тавцанд цөөнгүй зогссон байх нь.
-Самбогийн УАШТ-ээс гурван алт, таван мөнгө, жүдогийнхоос нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Олон улсын тэмцээнээс 10 гаруй медаль зүүсэн. Намайг 1980 онд самбо бөхийн шигшээ багт байхад “Бэлтгэлийн бус үед цагийн хуваарь гаргаад “Уран чадвар” дээшлүүлэх сургуулийн дэргэдэх клубт самбо, жүдогийн тамирчин бэлтгэх секцийг чамд хариуцуулахаар боллоо” гэснээр дасгалжуулагч болох ажлаа эхлүүлж байлаа. Тэр жил 60 хүүхэд сонгон авч, нэг сар бэлтгэл хийлгэхэд тал нь үлдсэн. Миний гарын унаган шавь нараас Д.Баттулга ДАШТ-ийн медальт анхны жүдоч, Гавьяат тамирчин, Ардын багш болсон доо. Түүнээс гадна 1979 онд болсон жүдогийн залуучуудын УАШТ-д О.Балжинням түрүүлж, алтан медаль хүртсэн юм. О.Балжинням, С.Эрхэмбаяр хоёрыг Улаанбаатарт 1980 онд ирж, залуучуудын шигшээ багт ороход надад О.Балжиннямыг, Ш.Чанравт С.Эрхэмбаярыг шавь болгон өгч байлаа.
-Та шигшээ багийнхны анхдагчдын нэг үү, эсвэл дараагийн үеийн тамирчин уу?
-Би самбо бөхийн хоёр дахь үеийн тамирчин. Надаас өмнөх үеийнхнээс амжилт гаргасан бөх цөөнгүй бий. Миний жинд барилддаг бөхчүүдээс хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Б.Буядаа байлаа. Тэрбээр залуудаа жин их хасаж тэмцээнд оролцоно. 1972 онд болсон Мюнхений зуны олимпод би шигшээ багийнхантай нөөц тамирчнаар явсан ч барилдаагүй. Түүнийг жингээ хасаж чадахгүй бол намайг барилдуудах зорилгоор авч явсан юм. Б.Буядаа маш их тэвчээр хатуужилтай. Тэрбээр саунд сууж, бэлтгэл сайтар хийсний үр дүнд жиндээ орж, олимпод мөнгөн медалийн болзол хангасан. Даанч сэргээш илэрсэн гэх шалтгаанаар медалиа хураалгасан даа.
-Самбо, жүдогоос гадна та үндэсний бөхөөр барилддаг байсан юм билээ. Завхан аймгийн наадамд зодоглож, аймгийн арслан цол хүртсэнээ сонирхуулаач.
-1977 онд болсон Ардын хувьсгалын 56 жилийн ойн баяраар Говь-Алтай аймгийн наадамд зодоглон тав давж аймгийн начин, 1980 онд болсон Ардын хувьсгалын 59 жилийн ойн баяраар Завхан аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн. Тэр үед хурдтай, бөхийн төрлүүдээр хичээллэдэг тул мэхний олон хувилбартай. Ид барилдаж, амжилт гаргасан оргил үе минь байсан болохоор даваа бүрд таарсан учраануудаа төвөггүйхэн өвдөг шороодуулна. Өөрөөсөө ах, олон жил барилдсан туршлагатай бөхчүүдийг хаяхаар их гайхдаг сан. Тэдний зарим нь “Чи надтай барилдахдаа ямар мэх хийсэн бэ” гээд асууна. Аймгийн арслан У.Аюурзана хэмээх атан тэмээ шиг том биетэй бөхийг ганц хутгахад л уначихав. Тэрбээр “Чи ямар мэхээр намайг хаячихав. Би нэг мэдэхэд бөгсөөрөө суучихсан байсан” гэж билээ.
-Бэлтгэл хийж, тэмцээнд оролцох, тамирчид бэлтгэж ачаалалтай ажиллахын хажуугаар зав гаргаад сурсан байхыг бодоход цаг хугацаатай уралдаж, их ажил амжуулжээ.
-Самбо, жүдо бөхийн улсын шигшээ багийн тамирчин байхдаа бэлтгэл хийхийн зэрэгцээ 1979-1984 онд МУИС-ийн хуулийн факультетэд эрх зүйч мэргэжлээр суралцсан. Сургуулиа төгсөөд Дархан-Уул аймагт мэргэжлээрээ хоёр жил ажиллахдаа тус хотын захиргааны зохион зааварлах хэлтэст Зохион байгуулагч хийж, дараа нь Улаанбаатарт ирж, Төмөр замын зорчигчдын вагон депогийн салгалттай засварын цехэд засварчин, орон нутгийн галт тэрэгний дарга, олон улсын галт тэрэгний мастер, хангамжийн инженерээр ажиллаж байгаад 2012 онд гавьяаныхаа амралтад гарсан. Би бөхийн төрлүүдээр залуугаасаа хичээллэсэн болохоор үндэсний бөхөөр барилдахдаа хүч бяр гаргахгүйгээр эвийг нь олоод өрсөлдөгчдөө унагачихдаг байлаа. Миний хувьд олон улсын тэмцээнд оролцохдоо гадаадын тамирчдын самбо, жүдо бөхийн барилдааныг харж судлан даацтай мэх, техникүүдийг сурдаг байсны давуу тал болов уу гэж боддог.
-Жүдо бөхийн төрөлд өөрийн нэрэмжит барилдаанаа орон нутагт зохион байгуулсан гэв үү?
-Тийм ээ. Би жүдо бөхийн залуучуудын УАШТ-ийг Говь-Алтай аймагт 2001-2003 онд зохион байгуулсан. Тэр үед Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Б.Бат-Эрдэнэ, Ц.Дамдин нарийн бичгийн даргаар нь ажилладаг байлаа. Надаас нэг өдөр “Та цалин, мөнгөтэй боломжийн газар ажилладаг. Жүдо бөхийн залуучуудын УАШТ-ийг ивээн тэтгэж явуулаач” гэж санал тавилаа. Би “Замчин” нийгэмлэгийн захиргааны удирдлагатай уулзаж, учир байдлаа хэлэхэд зөвшөөрч, зохих хэмжээний хөрөнгө мөнгөөр дэмжихээр болов. Тухайн үед тэмцээний зардал, байр эзэлсэн тамирчдыг шагнаж урамшуулах мөнгөний талыг нь би, талыг нь тус клубийн захиргаанаас гаргаж, эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр долоон жинд зохион байгуулсан юм. Тус тэмцээнд эрэгтэйчүүдээс Х.Цагаанбаатар, Н.Түвшинбаяр, Э.Энхбат агсан, М.Өсөхбаяр, эмэгтэйчүүдээс М.Бундмаа түрүүлж байлаа. Тэд одоо үндэсний болон жүдо бөхийн төрөлд спортын өндөр цол хүртсэн байна.
-Бөхийн төрлүүдэд амжилт гаргасан тамирчдыг судлахад аав, ээжийнхээ аль нэг талаас удамтай байх нь бий. Та ч бас тэдний нэг шүү дээ?
-Миний өвөө Тавчиг (ээжийн аав) сайхан барилддаг хүн байлаа. Тухайн үед хүүхэд байсан болохоор даншиг, аймаг, сумын заан цолтой байсныг нь мэдээгүй. Хожим өвөөгийнхөө талаар нэлээд судалж, нутгийн нэгэн хөгшнөөс асуухад “Чиний өвөө лам захтай хүн байсан юм. Түүнийг барилдуулдаггүй байсан тул Завхан аймгийн наадамд өөр нэрээр барилдан долоо давж, аймгийн заан цол хүртээд ирэхэд нь нутгийн олон ихэд хүндлэн Тавчиг заан хэмээн нэрлэх болсон” гэсэн юм. Намайг тус аймагт 1980 оны наадмаар барилдаж түрүүлэхэд хүмүүс “Чи өвөөгийнхөө хүслийг биелүүллээ. Тэрбээр долоо давж аймгийн заан цол хүртсэн бол чи найм давж аймгийн арслан цолтой боллоо” гэж билээ. Аав минь мөн барилдана. Намайг бага байхад сум, овооны наадамд барилдаад өвөр дүүрэн боорцогтой ирдэг сэн. Гэртээ ирээд наадмын сонин сайхнаас хуучилж, хоёр, гурав давлаа гээд ярьдаг байсан нь санаанд тод үлджээ. Түүнээс хойш аймгийн наадамд тав давж, аймгийн начин цол хүртсэн. Аав ууланд түлээ бэлдэхээр ойд очиж, мод цагаална. Намайг эрхлүүлж өсгөөгүй. Багаас минь хар бор ажил хийлгэж, ажлын дөртэй болгож хүмүүжүүлсэн. Мод цагаалж, надаар ачуулахдаа “Чи аль талаараа хэдийг зөөв” гэж асуухад нь баруун талаар тэдийг, зүүнээрээ тэдэн мод зөөсөн” гэхийг сонсоод “Чи зүүн талтай юм байна. Хүү минь хоёр талаараа барилддаг бөх бараг байдаггүй юм. Чи зүүн талаараа ташаалдаж, мод сайн зөөж байгаарай” гээд зөвлөж байв.
Би хөл авах, үүрэх, тонгорох, хутгах, мордох, жийж давуулах мэх хийж өрсөлдөгчдөө хождог байлаа. Арван мэхний долоог нь хөлөөрөө хийнэ. Манайх гурван охинтой. Охид минь бөхөөр хичээллээгүй. 10 зээгийн минь тав нь хүү, тав нь охин. Дунд охины хүү VII ангид сурдаг. Түүнийг “Их шавь” цогцолборт жүдо бөхийн ахлах дасгалжуулагч О.Нарангэрэлийн шавь болгосон. Тэгсэн жиү жицүгээр хичээллэж, хэвтээгээс барилдах сонирхолтой харагдах юм.
-Үеийнхээ залуусаас туршлагатай дасгалжуулагчдын нүдэнд өртөнө гэдэг амаргүй. Тэр үед томчууд тоогоод эхлэнгүүт та их сандрав уу?
-Дасгалжуулагч амжилт гаргах тамирчныг олны дундаас олж харах мэдрэмжтэй байдаг юм. Дэвжээнд 20 хүүхэд барилдахад ялагдсан ч хамаагүй ур чадварыг нь үнэлэх баримжаатай болчихдог. Миний хувьд чөлөөт бөхөөр спортын гараагаа эхэлсэн болохоор самбогоор барилдах эхэндээ дурамжхан байлаа.
-Шигшээгийн тамирчидтай улсын аварга Д.Хадбаатар жүдо бөхийн олон улсын тэмцээнд оролцдог байсан юм билээ. Түүний талаарх хөгжилтэй онигоог бөхчүүд дурсан ярихыг цөөнгүй сонссон л доо.
-Ч.Машбат багш Европын орнуудын олон улсын тэмцээнд тамирчдаа оролцуулахдаа намайг +100 кг-д барилддаг Д.Хадбаатар аваргатай нэг өрөөнд оруулчихна. Тэрбээр надаас хоёр насаар дүү. Түүний жинд өрсөлддөг Унгарын тамирчин Иштван Варга хэмээх биерхүү, өндөр бөх байв. Тухайн үед Д.Хадбаатар жүдод шинэхэн тамирчин байлаа. Нэг тэмцээнд Варгатай барилдах бөх захалж зугтаад байсан тул дэвжээний голд зогсоод хоёр гараараа нааш ир дуудахыг Д.Хадбаатар хараад зогсож байв. Европын орнуудын тэмцээн өндөрлөж, бид Орост болсон жүдо бөхийн Армийн АШТ-д оролцохоор Москвад ирэв. Д.Хадбаатар хойд хөршийн алдартнуудаас Виталий Яковлевич Кузнецовтой барилдахаар таарсан. Тэрбээр түүнийг “Мюнхен-1972” зуны олимпын наадамд мөнгөн медаль хүртсэнийг мэдээгүй байсан юм. Манай хүн ч дэвжээ рүү гүйж гараад голд нь зогсоод түүнийг нааш ир гээд дуудлаа. Тэгтэл Кузнецовын нүүр нь чавга шиг улайчихсан харагдав. Тэрбээр түүнийг энгэрээс нь барьж аваад босоогоос ганцхан үүрээд толгой дээгүүрээ давуулаад савчихлаа. Тэгсэн заалны цонхоор туссан нарны гэрэлд дэвжээний тоос манас гээд дээшээ бургиж билээ. Манай хүн ч толгойгоо бариад дэвжээнээс буусан. Д.Хадбаатар тийм л гэнэн, цайлган, хүүхэд шиг байсан юм шүү дээ.
-Амжилт гаргасан он жилүүдийг чинь сонирхож харахад та жингээ ахиулж барилдсан байх юм?
-1971-1985 он хүртэл шигшээ багийн II бүрэлдэхүүнд багтаж, 14 жил барилдсан. МУИС-д хуулийн факультетэд эрх зүйч мэргэжлээр суралцахын зэрэгцээ сүүлийн хоёр жилд нь тамирчид бэлтгэж, дасгалжуулагчаар ажилласан. Тэр үеэс тэмцээнд оролцохоо больсон. Дараагийн залгамж халаа болох Ц.Дамдин, Ж.Ганболд нар хүч түрэн гарч ирсэн тул зайгаа ч тавьж өгсөн. Би 65 кг-д дөрвөн жил барилдаж, сүүлдээ 68, 71, 74, 78, 80 кг-д хүч сорьдог болсон доо. Тэгээд ч үндэсний бөхөөр давхар барилддаг байсан тул миний хувьд жингээ ахиулах шаардлага гарсан юм. Аав, ээж ганц хүүгээ спорт, тэмцээн гэж явсаар гэрлэхгүй удна гэж бодсон уу “Чи одоо гэрлэ, нас чинь оройтлоо“ гэж их яаруулсан даа. Эхнэр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумынх. Бид 1974 онд гэрлэсэн. Тамирчин, дасгалжуулагчаар ажиллах он жилүүдэд эхнэр миний оролцоогүйгээр ар гэрийнхээ бүх ажлыг амжуулж, охидоо цэцэрлэг, сургуульд нь зөөж, хичээл, сурлагад нь анхаарал хандуулж ирсэн.
-Завхан аймгийн наадмаар түрүүлж, аавыгаа баярлуулсан дурсамжаа өгүүлбэл сонирхолтой барилдааны тухай сонсоно доо.
-Аав минь нас ахихын хэрээр хөл нь муудсан. Завхан аймагт 1980 онд аавыгаа Отгонтэнгэрийн сувилалд амрааж, халуун рашаанд оруулахаар дүүтэй нь хамт наадмын өмнө очиж, нутгийн нэг айлд байрласан юм. Аавыгаа наадам үзүүлж, өөрөө ч барилдлаа. Даваа бүрд таарсан бөхтэй хурдан шаламгай барилдаад хаячихна. Наймын даваанд Алдархаан сумын харьяат, аймгийн хурц арслан Т.Дашзэвэг гэдэг бөхийг өвдөг шороодуулж, түрүүлэхэд аав минь баярлаад хөл дээрээ босоод зогсчихсон над руу харж байлаа.
-Олон улсын тэмцээнд гадаадын алдартай бөхчүүдээс хэнтэй нь таарч байв?
-Жүдо бөхийн олон улсын тэмцээнд Г.ПүрэвОчир бид хоёр олимпын медальтнуудтай таарсан. Би мөнгөн медалийн төлөө Польшийн тамирчин Антони Зайковскитой цаг дуустал барилдаж, юүко үнэлгээгээр ялагдан хүрэл медаль хүртсэн юм. Тэрбээр дараа жил нь “Мюнхен-1972” зуны олимпын наадамд мөнгөн медаль хүртэж байлаа. Г.Пүрэв-Очир Оросын тамирчин Владимир Михайлович Невзоровтой өрсөлдөж, шүүгчийн саналаар ялагдсан юм. Тэрбээр “Монреаль-1976” зуны олимпод түрүүлж, аварга болсон. Мөн улсын начин Д.Баатаржав багш 74 кг-д мөн Оросын “өчих мэхний хаан” хэмээгддэг Давид Львович Рудмантай барилдаад 10-хан секундэд хожигдож байв. Тэр барилдаанд тамирчдаа оролцуулсан Оросын дасгалжуулагчид миний барилдахыг хараад “Танайхаас 70 кг-д барилддаг тэр бөх ирээдүйтэй харагдана. Түүнийг ирэх жил олимпод барилдуулаад үзээч” гэж хэлсэн гэдэг. Би хамгийн сүүлд 1983 онд болсон самбо бөхийн тэмцээнээс хүрэл медаль хүртэж, тамирчны карьераа өндөрлүүлж байлаа.