УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн хамтрагч Н.Болормаа, Д.Цэрэндорж нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хэлэлцэхээс татгалзлаа. Ингэснээр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болж байна. Уг нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Кёкүшюзан Д.Батбаярт залилуулсан гэх “Уран ган” эзэн ХХК-ийн Б.Лхагвасүрэн болон хохирогч БНХАУ-ын аж ахуйн нэгжийн хууль ёсны төлөөлөгч гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичсэн аж. Анхан болон давж заалдах шатны шүүх “Уран ган” ХХК-ийн Б.Лхагвасүрэнгийн гомдлыг хэлэлцэлгүй, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй хэмээсэн юм
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны есдүгээр сарын 26-нд шийтгэх тогтоол гаргахдаа Кёкүшюзан Д.Батбаярыг Эрүүгийн хуулийн 17.3-2.2 дахь заалтад заасан их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсны дараа эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан гэх үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Үүний адилаар давж заалдах шатны шүүх Д.Цэрэндоржид холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон билээ. Уг нь анхан шатны шүүхээс Д.Цэрэндоржийг 40 сая, Н.Болормааг 10 сая төгрөгөөр торгох ял шийтгээд байв. Ийнхүү Дээд шүүх хэлэлцэхээс татгалзсанаар олны анхааралд байсан эл хэрэгт зөвхөн Н.Болормаа л торгох ял шийтгүүлээд дуусаж байна. Гэхдээ Д.Батбаяр, Б.Цэрэндорж нараас нийт 12.9 тэрбум гаруй төгрөг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч “Евроази интернэйшнл инвестмент групп” ХХК-ийн захирал иргэн Вү Сэнчиангад олгохоор болсон юм.
НПГ-аас Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Д.Цэрэндорж нарт Эрүүгийн хуулийн 17.3-2.2 дахь хэсэгт заасан бусдыг залилан мэхэлсэн, 18.6-1-ийн мөнгө угаасан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн. Тодруулбал, Кёкүшюзан Д.Батбаяр Т.Баясгалангийн хамтаар Богд хан уулын дархан цаазат, тусгай хамгаалалттай хэд хэдэн бүсэд газар авч, түүнийгээ зориулалт бусаар ашиглаж төрийн яамныхныг мэхэлсэн, “Уран ган” компанийн захирал Б.Лхагвасүрэн гэх зэрэг хүнд тухайн газраасаа өгч, оронд нь автомашинууд авч мөнгө угаасан хэрэгт холбогдсон юм. Бас Б.Цэрэндоржтой хамтран “Гашуунсухайтаас БНХАУ-ын Ганцмод хилийн боомт хүртэл газар доогуур нүүрс тээвэрлэх битүү, туузан дамжуурга байгуулах ажилд хамтарна, хөрөнгө оруулалт хийнэ” гэж өмнөд хөршийн иргэнээс 14 тэрбум шахам төгрөг залилсан, Монгол Улсын Засгийн газар, УИХ, Тэргүүн шадар сайд, Шадар сайд болон яамдын албан бичгүүдийг хуурамчаар үйлдэж, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Евроази интернэйшнл инвестмент групп” ХХК-ийн захирал иргэн Вү Сэнчиангад итгэл төрүүлэн 16 тэрбум шахам төгрөгтэй тэнцэх валютыг Н.Болормаатай хамтран мэхэлсэн хэрэгт холбогдсон билээ.
Анхан шатны шүүх Т.Баясгаланг цагаатгаснаар прокурорын зөвшөөрлөөр шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлаад байсан, түүний нэр дээр бүртгэлтэй 16 орон сууц, объект, Увс, Ховд, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутаг дэвсгэр дэх ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд, “Форд-350”, “ГАЗ М-1” “Ландкруйзер-200”, “Рэнжровер” зэрэг нийт долоон автомашиныг буцаан олгохоор болсон. Мөн Кёкүшюзан Д.Батбаярын “Роллс ройс пантом”, “Бентли флайнг спур”, “Лексус-570”, “Ниссан патрол” загварын таван автомашин, нэг орон сууцыг эргүүлэн өгөхөөр болсон юм.
Үүнээс гадна “Жэм молл” (Gem mall) худалдааны төвд эхнэр З.М-ийг харгис хэрцгийгээр хөнөөсөн Н.Энхбатад холбогдох хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзсанаар анхан шатны шүүхээс оноосон бүх насаар нь хорих ялаа эдлэхээр болов.