Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Ишдоржийн холбогдсон хахууль авсан гэх хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэн цагаатгах тогтоол гаргалаа. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөлийг барьсан “Бако констракшн” компанийн гүйцэтгэх захирал Т.Баатарсүрэнгээс хахууль авсан хэрэгт буруутгагдсан юм. Тус компани 15 ортой дээрх Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгыг нэг тэрбум 356 сая төгрөгөөр барихаар болсон бөгөөд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, санхүүжилт олгох шийдвэрийг Засаг даргаар ажиллаж байхдаа А.Ишдорж гаргасан аж. Ингэж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “Бако констракшн” компанийн гүйцэтгэх захирал Т.Баатарсүрэнгээс эхнэрийнхээ төрсөн дүү Отгонбаатарын ХААН банкны дансаар дамжуулан 10 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон. Үүнд нь Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.4-3-т заасан улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан хахууль авсан гэх заалтын дагуу яллагдагчаар татсан бол хахууль өгсөн Т.Баатарсүрэнд мөн хуулийн 22.5-1 дэх хэсгийн “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн” гэсэн заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн билээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч Л.Баатар, И.Ганбат нарын бүрэлдэхүүн уг хэргийг хянан хэлэлцээд А.Ишдорж, Т.Баатарсүрэн нарын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19-1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгав.
А.Ишдоржийн хувьд Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2023 оны наймдугаар сарын 10-11-нд шилжих шөнө явган зорчигч 57 настай И-г “Ланд круйзер” загварын автомашинаараа дайрч амийг нь хохироосон хэрэгт холбогдсон. Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалан уг хэргийг 2025 оны зургаадугаар сарын 4-нд хянан хэлэлцээд, жолоо барих эрхийг нь гурван жил хасаж, нэг жил тэнсэн харгалзах ял шийтгэсэн юм.