Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалт явагдсан түүхтэй. Хоёр дахь жилээс нь телевиз, радио, сэтгүүл, сайт гээд сэтгүүл зүйн өргөн уудам талбарт өөр өөрийн чиглэлээр бүтээн туурвиж буй бүхий л сэтгүүлчдийг хамардаг болж, жилд дунджаар 120 гаруй хүн 200 орчим бүтээлээ ирүүлэн, ур чадвараа сорьдог байв.
Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэхээр боллоо. 2013 оны БАЛДОРЖ шагналын “Шилдэг-10”-т “Өнөөдөр” сонины тоймч Дэшигрэнцэнгийн Оюун-Эрдэнэ “Аляскаас нинжа хүртэлх Бугантын алтны мөрөөр”, “Эзэд нь хүртэж амжаагүй төмрийн хүдрийг Хятад руу зөөгөөд дуусах нь” зэрэг нийтлэлээрээ шалгарсан юм.
ЕРӨӨ ГОЛД АЛТ ОЛБОРЛОЖ, ЭКОЛОГИД ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН “КАПИТАЛ АВТО СЕРВИС”-Т ЯМАР ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ
“Урт нэртэй” хууль хэрэгжихтэй холбогдуулан 234 компанийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа. Үүний төлөө тэдэнд найман их наяд төгрөгийн нөхөн төлбөр олгохоор болсон. Гэтэл Ерөө голын эрэг дээр алт олборлож, Усны тухай болон Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчиж, Хэнтийн нурууны салбар дахь хус, нарсан ой, манай орны цэвэр усны гол хагалбар дахь Ерөө голыг бохир усны цооног шиг ухаж төнхсөн, MV 003015 тоот ашиглалтын лицензтэй “Капитал авто сервис” компанийн байгаль экологид учруулсан хохирлыг хэн хэдээр үнэлж байна вэ. “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх нэрийдлээр өнгөрсөн хоёр жилд Засгийн газраас хангалттай мөнгө гаргасан. Гэвч үүний үр дүн өнөөдрийг хүртэл гарсангүй. Засгийн газраас ой, усны сав газрын хилийн заагийг тогтооход 450 сая, алтны шороон ордоос байгаль орчинд учирсан экологийн хохирлыг тооцоход нэг тэрбум 17 сая төгрөг зарцуулжээ.
Энэ бол нэг хэсэг үйл ажиллагаанд л зарцуулсан мөнгөний тоо. Үүнийг татвар төлөгчдийн халааснаас, эргэж нөхөгдөхгүй байгалийн баялгаас олсон мөнгөнөөс гаргаж буй. Гэтэл эцэст нь алтанд улайрсан энэ мэт компаниудын үйл ажиллагааны улмаас эвдэрч сүйрсэн газруудад учруулсан хохирлыг хэн, яаж төлж барагдуулах вэ. Монголчуудын уух ус, амьсгалах агаар болсон ой модыг алтнаас дор үнэлж, байгаль орчныг устгаж сүйрүүлсэн алтны компаниуд төрөөс найман их наяд төгрөг нэхэж байна. Харин аж төрж, амьдран суух газар нутгаа сүйрүүлж, ус голоо бохирдуулж ширгээлгэн, бэлчээр нутаггүй үлдэж буй жирийн ард түмэнд төр нөхөн төлбөр өгч яагаад болохгүй гэж. Энэ мөнгийг төсвөөс биш, байгаль эхийн нулимсыг урсган байж түрийвчээ түнтийлгэсэн алтны дээрх компаниудаас гаргуулж болохгүй гэж үү.
ГАРЬД ГАНТОГТОХ ХЯТАДЫН КОМПАНИЙН “ХАМГААЛАГЧ” БОЛЖЭЭ
Бугант тосгоны зүүн талд “Толгойт 1” нэртэй “Монголросцветмет” нэгдлийн хуучин алтны орд бий. Одоо энэ ордыг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Чамин алт” компани эзэмшиж олон жилийн турш алт олборлодог. Энэ орд нь Бугант голд цутгадаг Толгойт голын эх дээр шахуу байрлах бөгөөд “Урт нэртэй” хуулийн хүрээнд цуцлагдах лицензийн тоонд орж өнгөрсөн зургаадугаар сард үйл ажиллагааг нь зогсоогоод байсан юм. Гэвч “Чамин алт” нэртэй уг ордод төрийн байгууллагын шийдвэр өнөөдрийг хүртэл үйлчилсэнгүй. “Гарьдынх” хэмээн нутгийнхны нэрлэдэг энэ уурхайд шөнө харуй бүрий болохтой зэрэгцээд машин тэрэгний дуу тасрахаа больж, хажуу дахь тосгоныхныг унтуулахаа байсан талаар иргэд гомдоллов.
Гэрэл гэгээтэй, өдрийн цагаар чимээгүй байсан энэ уурхай ийнхүү шөнө “амь” ордог нь алт нууцаар олборлодог гэсэн хардлагыг төрүүлдэг бололтой юм. Биднийг харуй бүрий болсон хойно очиход том том машин техникүүд нь ажилдаа гарч эхэлсэн байв. Үүдний харуулаас бусад нь бүгд хятад аж. Уурхайн удирдлага гэх хятад даргатай нь уулзлаа. Үйл ажиллагааг нь албан ёсоор зогсоож, лацдаж ломбодоод явсан байхад яагаад алт олборлож, Монгол Улсын хуулийг үл ойшоож байгаа талаар дарга хэмээн танилцуулсан У Ян Фи эрхмээс асуулаа. Бид өдөр, шөнөгүй 24 цагаар нөхөн сэргээлт хийж байгаа хэмээн тайлбарлаж байх юм. Уурхайн талбай дээр байх ёстой, үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөл лицензийг нь үзэхийг хүсвэл Улаанбаатарт, компанийнх нь төв оффист бий гэх. Ер нь албан ёсны зөвшөөрөл, бичиг баримт байтугай тэнд ажиллаж байгаа нутгийн таван ажилтны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэр зэрэг бүх баримт бичиг нь Улаанбаатарт, төв оффист нь байдаг гэнэ.
Монгол ажилчдын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг хуулийн дагуу төлдөг, эсэхийг асуувал мэдэх хүн энд алга. Нутгийн ажилчид ч даатгал, шимтгэл төлдөг, эсэхээ мэдэхгүй, үзэж харъя гэж нэхэж байгаагүй гэнэ. У даргын хэлснээр энд 20 гаруй хятад хүн ажиллаж байгаа аж. Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалттай компанийн ажиллах хүчний харьцааг 90, 10 байхаар тогтоосон. Өөрөөр хэлбэл, нийт ажиллагсдынх нь 90 хувь нь монгол хүн байх ёстой. Гэтэл энд 20х5 буюу 80 хувь нь шахуу хятадууд ажиллаж байх юм. Энэ харьцааг зөрчсөн тохиолдолд илүү ажиллуулсан гадаадын хүн бүрийн тоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр төлөх ёстой. Гэтэл ийм журам байдгийг ч У дарга мэддэггүй бололтой. Ер нь түүнд мэдэх юм алга. Тиймдээ ч “Манай компанитай холбоотой зүйлийг Гарьдаас асуу” хэмээн өөрөөсөө бултууллаа. Гарьд гэж хэн болохыг асуувал монгол талын захирал нь гэнэ.
Нутгийнхны хэлснээр Хятадын энэ компанийн хамгаалагч, хаацайлагч нь Улсын гарьд Б.Гантогтох юм байна. Юм болгонд л өнөө хятадууд нь Гарьдаар “бамбай” хийдэг, Гарьд ч өөрөө хятадуудыг төлөөлөн нутгийнхантай хэл амаа ололцдог аж. Тиймдээ ч энэ компанийг “Гарьдынх” хэмээн нэрлэдэг болжээ. Монгол түмний бахархал хүндэтгэл, хайр хишиг Б.Гантогтох гарьдад багадаагүй л байлтай. Гэтэл бөхөө дээдэлдэг, бөхчүүдээ хүндэтгэдэг монгол түмнийхээ итгэл сэтгэлийг урвуулан ашиглаж, алтанд шунасан хятадуудын гар хөл нь болчхоод газар нутаг, уул ус, гол горхио сүйтгүүлж, сүйрүүлж буй нь дэндүү эмгэнэлтэй. Гарьд гэхээр л монгол хүн бүхэн хошуу дэвсэн, толгой дохидог л байх. Гэхдээ энэ бол Гантогтох гэдэг хүнийг биш, бөхийн хийморь лундааг хүндэтгэдэг монгол уламжлал. Гэтэл үүнийг хятадууд ашиглаж, амташсаар Гантогтохыг ийнхүү монголчуудын өмнөөс барьдаг “мод” болгожээ. Үнэхээр Гантогтох гарьд та эл компанийн монгол талын захирал юм бол монголчуудынхаа төлөө, Монголынхоо газар нутгийг сүйтгэж, гол усыг нь хордуулж буй Хятадын энэ компанид юу хийж байна вэ? “Чамин алт” уг энэ компани сүүлийн гурван жил Бугант голд цутгадаг Толгойт голын яг голдирол дотор алт олборложээ. Үүний тулд Толгойт голын голдирлыг өөрчилснөөс гадна Бугантын голоос ундаалсан, умбаж шумбасан хүүхэд хөгшдөд “хамуу” тараажээ.
Уурхай үйл ажиллагаа явуулснаас хойш Толгойт, Бугантын гол бохирдож, эндээс ундаалдаг нутгийнхны биеэр жижиг улаан тууралт гарах болсон аж. Үүнийг эмч нар нь мэддэгээрээ “хамуу” хэмээн оношилсон бололтой юм. Хонгорын хордлогыг бас л хамуу гэж оношилж байсан. Гэтэл энэ “хамуу”-ны үр уршиг одоо хүртэл илэрсээр байгаа бөгөөд олон улсын шинжээчид мөнгөн усны хордлого гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг юм билээ. Үүн шиг Бугантынхны туссан “хамуу” Толгойтын гол дагуу алт олборлож буй Гарьдын уурхай мэтийн хятадуудын үйл ажиллагаанаас болж хордсоныг үгүйсгэх аргагүй. Нутгийнхны хэлж буйгаар хятадууд мөнгөн усаар алт угаадаг байж болзошгүй гэнэ. Гаднаас нь харахад нэг амбаар байх. Түүн дотор 2-3 гэр байх агаад үүнийгээ “алт нарийсгах газар” хэмээн нэрлэдэг аж. Энэ амбаар руугаа монголчууд байтугай хятадуудаа ч оруулдаггүй, тун нууц үйл ажиллагаа явуулдаг гэнэ. “Гарьд”-ын уурхай “Толгойт 1” ордод усаар биш, мөнгөн усаар алт угааж байсан юм биш биз.
Монгол Улсын Үндсэн хуулиар иргэн бүр тэгш эрхтэй. Улсын цолтой бөх байх, эсвэл дундад улсын иргэн бол Монголын хууль үйлч лэхгүй гэсэн заалт байхгүй. Тэр тусмаа Толгойтын хэмээн нэршсэн алтны уг сав газар бол Хэнтийн нурууны салбар, Монгол Улсын цэвэр усны гол хагалбар болдог. Гэтэл ийм газраа Хятадын голдуу компаниудад зайдагнуулчихаад, хараа хяналт тавьж чадахгүй байгаа Монголын төр засаг өнөөдөр тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын тухай ярих шаардлага байна уу. Бугант тосгоны Толгойтын алтны сав газар дагуу цааш явбал ийм олон уурхай байдаг аж. Үүнээс хамгийн захын буюу эхний ганц уурхайгаар ороход л энэ мэт Монгол Улсын хуулийг гууль болгож, Хэнтийн нурууны их тайга дунд хуульгүй, дүрэмгүй мэт дураараа дургидаг компани байх юм. БОАЖЯ болон Мэргэжлийн хяналтынхан харин газар дээр нь бидэн шиг ийнхүү хүрч, байгаль орчинд учруулсан хохирлыг нь нүдээр харж, биеэр мэдэрч, бодитоор тооцож чадаж байгаа болов уу?
АЛЯСКААС ЭХЭЛСЭН БУГАНТЫН АЛТНЫ ЭРЭЛЧИД БУЮУ ОРЧИН ЦАГИЙН НИНЖА
“Мэлхий нинжа” гэх хүүхэлдэйн киноноос үүдэлтэйгээр Заамарын хөндийд ногоон түмпэнгээ үүрэн тонголзох алт ухагчдыг нинжа хэмээн нэрлэснээр ийм нэр томьёо бий болсон гэдэг. Гэтэл үнэндээ нинжа буюу гар аргаар алт олборлогчдын үүсэл Сэлэнгэ аймгийн Бугант тосгоноос эхлэлтэйг хүмүүс тэр бүр мэддэггүй. “Монголросцветмет” нэгдлийн харьяа “Толгойт”-ын алтны үйлдвэр бол Монголын анхны алтны уурхай бөгөөд Бугант тосгоны газар нутаг дахь Хэнтийн салбар уулсад Оросын хайгуулчид алтны томоохон ордыг илрүүлснээр энд 1970 оноос уурхайн бүхэл бүтэн суурин төвлөрч эхэлжээ. Тэр үед газар газраас ирсэн илгээлтийн эзэд Бугант гэх тосгоныг байгуулж, Монгол Улсын алт, модны хэрэгцээг хангаж байв. Үүнээс л алтны мэргэшсэн монгол хайгуулчид Бугантад төрсөн гэх бөгөөд 2000 оны эхээр “Монголросцветмет” нэгдэл алтны нөөц дууссан гэх шалтгаанаар уурхайнуудаа хаахад эл тосгоны олон зуун хүн ажилгүй үлджээ.
Ажлын байргүй болсон тэд арга буюу сурсан мэдсэнээ ашиглан алтны эрэлд гарцгаасан гэх бөгөөд Дээд, Доод Аляск гэх газарт хувиараа хайгуул хийж, олборлож эхэлснээр гар аргаар алт ухах эхлэлийг тавьжээ. Тэр үед тэднийг Аляскийнхан гэж нэрлэдэг байв. Харин одоо Аляскаас хальж, Хэнтийн нурууны салбар уулсаар нэг тарсан тул монголчуудын нийтлэг нэршлээр нинжа хэмээн нэрлэх болсон гэнэ. Эдүгээ Бугантынхан бүгдээрээ шахуу “нинжаддаг”. Нинжа хийж үзээгүй хүн бараг байхгүй. Төрийн албан хаагчид нь хүртэл ажлынхаа зав чөлөө, амралтаараа ууланд гарах бөгөөд эх орны хишгээс илүү амьдрал ахуйд нь том хөрөнгө оруулалт болдог гэнэ.
Биднийг Бугантад ажиллах үеэр нинжа нар Сангийн эх гэдэг газарт төвлөрөөд байлаа. Тэнд 100 орчим нинжа ажиллаж буй гэнэ. Өнгөрсөн тавдугаар сард энэ газрыг тэд өөрсдөө нээжээ. Олон жилийн туршлагадаа тулгуурлан алттай газрыг андахгүй болтлоо мэргэшсэн бололтой. Одоогоор албан ёсны зөвшөөрөлгүй ч алтны сургаар Дархан, Хөвсгөлөөс ганц нэг машинтай хүмүүс ирсэн ч олдоц муу байна хэмээн голоод эхнээсээ буцжээ.
Болд хэмээх нинжагийн ярьж буйгаар Бугантад ажлын байр байдаггүй тул амьдрахын эрхээр ийнхүү алт ухах болж. Өдөрт олсон хэдэн төгрөгөөрөө амьдрал ахуйгаа залгуулаад л таардаг хэмээн хэлж байна. Энд майхан-дэлгүүр, гуанз гээд нинжа нарын хэрэгцээний үйл чилгээг гэр бүлийнх нь голдуу эмэгтэйчүүд эрхлэх аж. Юмны үнэ нь харьцангуй гайгүй, Бугантынхтайгаа ойролцоо. Тэдний ярьж буйгаар орон нутгийн удирдлагууд нинжа нарыг харж ханддаггүй бололтой юм. Арай гэж нээж олсон газраас нь алт гайгүй гараад ирвэл лиценз гэх цаасаар Хятадын компаниудад өгөөд нутгийнхныгаа шахаж хөөж эхэлдэг гэнэ. Тэдний хэлснээр алтаа мөнгөн ус зэрэг химийн бодисоор угаадаггүй. Нутгийн хүмүүс болохоор байгаль орчинд халтай зүйл хийдэггүй хэмээн хэлж байсан. УИХ, Засгийн газраас Бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам, дэд хөтөлбөр баталсан. Гэвч энэ нь орон нутагт хэрэгждэггүй бололтой. Орон нутгийн дарга, тэдний хамаатан садан давуу эрх эдлэн нөхөрлөл байгуулан, гайгүй гарцтай гэсэн газруудад эзэн суусан аж. Тиймээс тэд алт хайж Хэнтийн нурууг нүхэлж гүйцээд байгаа гэнэ. Зарим нэг нь алтны компаниудын орхиод гарсан газарт хэд гурваараа нийлэн ажилладаг бололтой. Гэхдээ хаа очиж эндхийн нинжа нар ихэвчлэн бугантынхан, ах дүү хамаатан саднаараа ажилладаг тул архидалт, хэрэг зөрчил, гараад байдаггүй аж.
Аляскаас нинжа хэмээн нэрлэгдэх хүртлээ өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд алт даган амьдрал ахуйгаа залгуулж буй бугантынхан ийнхүү амьдарч байна. Тэдэнд ажлын байр алга. Эртнээс нааш алдартай үржил шимт сайхан хөрсөндөө ногоо, тариа тарья гэсэн ч жирийн иргэдэд газар нь олдохгүй байна. Саяхныг хүртэл Сэлэнгэ аймгийн газар нутгийн 50 хувь нь лиценз гэх алга дарам цаасаар Хятадын голдуу уул уурхайн компаниудын эзэмшилд шилжсэн байсан. Энэ тоо сүүлийн ганц, хоёр жилд багассан гэдэг ч Ерөө сумын газар нутаг ялангуяа Бугантынханд ногоо тарих эрүүл газар ч үлдсэнгүй. “Урт нэртэй” хуулийн хүрээнд Хэнтий нурууны салбар уулс, Ерөө голын ай савын хэсэгхэн ч гэсэн газар нуруу тэнийх завшаан тохиосон ч уул уурхайн үйл ажиллагааны улмаас ясандаа тултал ухуулсан газар шороо, үр шимгүй болсон хөрсөнд нь тариа ногоо урьдынх шигээ ургана гэдэгт итгэх арга алга.
Энэ нутгийг ийм болгосон алтны компаниуд төр засгаас нөхөн төлбөр нэхэж буй. Харин амьдрах орчин, амьсгалах байгалиа сүйтгүүлсэн ерөөгийнхөн, бугантынханд нөхөн төлбөр хэн өгөх вэ. Тэдэнд ажлын байр, амьдралын баталгаа үлдсэнгүй. Аляскаас нинжа хүртэлх амьдралын бартааг алт ухан туулж буй бугантынхны ирээдүй бүрхэг байна.
Д.Оюун-Эрдэнэ