“Бид энэ хорвоод уйлж төрөөд, ёолж үхдэг юм. Тэгэхээр одоо инээж амьдрах л үлдлээ.
Хэрмэл жүжигчин Гуинплен, сохор эмэгтэй Дея нарын эмгэнэлт атлаа нандин хайр сэтгэлийн түүх. Жинхэнэ гоо үзэсгэлэн, хүний мөн чанар гадаад төрхөд бус, дотоод сэтгэлд оршдог тухай өгүүлэх “Инээмтгий хүн” жүжгийг ердөө “хайрын түүх” хэмээн тодорхойлбол Виктор Хюгогийн суут сэтгэлгээг дэндүү ядмаг дүрсэлсэн болно.
Францын нэрт зохиолч, яруу найрагч, улс төрийн зүтгэлтэн, романтизмын гол төлөөлөгч Виктор Хюго нь нийгмийн шударга ёс, хүний эрх, эрх чөлөөний үзэл санаагаараа дэлхийн уран зохиолд арилшгүй мөрөө үлдээсэн нэгэн. Түүний шилдэг гурван туурвилын нэг гэгдэх энэхүү жүжиг нийгмийн шударга бус байдал, анги давхаргын ялгаа, эд баялаг аз жаргалыг орлож чадахгүйг маш нарийн деталь, гүн гүнзгий дүрсэлсэн сод бүтээл билээ. Тэрбээр XIX зууны аж үйлдвэрийн хувьсгалын үеэр энэ зохиолоо бичихдээ 400 жилийн өмнөх Английн нийгмийн ялзрал, хүнийг өмчилдөг боолын сэтгэхүйг шүүмжилсэн байдаг. Харамсалтай нь, тэрхүү гутамшигтай мөн чанар өнөөдөр ч бидний дунд оршсоор байгааг “Про” театрынхны толилуулсан “Инээмтгий хүн” визуал драмын жүжгээс харж болно.
Уйлах, уурлах, гуниглахын алинд ч үргэлж инээж харагдах азтай бөгөөд азгүй, хатуу тавилан Гуинпленийх. Харин XVII зууны Английн цэвдэг хүйтэн, анги давхаргын ялгаан дунд ёлтойх ганц гэрэл нь Деягийн хайр байв. Амьд хүнээр зугаацагч язгууртнуудын золиос болж, хүүхэд насандаа царайгаа эрэмдэглүүлэн хаягдсан Гуинплен хүү өлсгөлөнгөөр нас барсан эмэгтэйн цогцсоос нялх Деяг олдог бөгөөд энэ үед тайзнаа урт хөлт хэрээнүүд гарч ирсэн нь муу ёр, хар дарсан зүүдний биелэл мэт харагдуулах аж. Азаар тэд Урсустай учирсан нь амьдралынх нь хамгийн том зол болжээ. Жүжгийн багийнхан сүртэй чамин засал гэхээс илүүтэй үзэгдэл бүрд тохирч хувирах боломжтой уян хатан тайзыг шийдэж өгсөн нь онцлог байв. Эл жүжгийн Гуинпленд Б.Билгүүн, Деяд М.Ганди тоглосон бол Урсусын дүрийг Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг чадварлаг амилуулжээ.
ТАЙЗ НЬ ХҮРТЭЛ “АМЬД”
“Про” театрынхан энэ зах зээлд хөл тавиад удаагүй ч амар хялбар аргаар ашиг олохыг бус, үнэ цэн тээсэн театр байгуулахыг зорьдог нь тэдний “Шадар гурван цэрэг”, “Сүүлчийн бороо”, “Түүний буруу” зэрэг бүтээлээс бэлхнээ харагддаг. Харин “Инээмтгий хүн” жүжиг нь XVII-XVIII зууны зааг үеийн Лондон хот, язгууртны засаглал ба феодализм “үнэртэх” бүхий л орчныг бүрдүүлж, үзэгчдийг тухайн үеийн Англи улс руу шууд л аваачих шиг болов. Тэнд үзэгчид урлагийн гайхамшгийг тольдохын зэрэгцээ салбарынхаа “акулууд”-тай мөр зэрэгцэн, эн тэнцүү өрсөлдөх шижигнэсэн залуу уран бүтээлчдийн эрч хүчийг мэдэрч байлаа.
Энэхүү жүжгийн тайзны шийдэл нь хуу чин хувцаснаас бүрдсэн босоо бүтэцтэй. Ноорхой хувцаснууд тайзыг бүхэлд нь бүрхсэн нь тун өвөрмөц. Олны хэсэгт тоглож буй жүжигчид тэрхүү хувцаснууд дундаас толгойгоо цухуйлган жүжиглэх нь нийгмийн доод давхаргынхны дүр төрхийг илтгэх онцгой шийдэл болжээ. Энэхүү “ноорхой” ертөнц гол дүрүүдийн сэтгэлийн шаналал, цөхрөлийг салхинд дэрвэх мэт хөдөлгөөнөөр илэрхийлж, дундаж хэмжээтэй тайзыг асар уудам орон зай болгон хувиргасан байна. Ерөөс тэр тайз яг л “амьд” мэт жүжигчдийн өмнөөс өгүүлж, тэдэнтэй хамт хөдөлж байв.
“Про” театрын найруулагч, жүжигчин, зураач Б.Анхбаатарын ур чадварыг онцлох нь зүйтэй. Тайзыг амьгүй зүйл бус, өөрийн гэсэн өгүүлэмжтэй байгаасай гэж хүсдэг тэрбээр эл бүтээлээрээ “Мөнгөн мод” шагнал хүртсэн юм. Тэрбээр “Миний үүрэг бол зэрэмдэглүүлсэн ард түмэн болоод амьд, үхсэн, баян, ядуугийн зааг ялгааг харуулах. Тайзан дээр үхсэн, амьд нь мэдэгдэхгүй хүмүүс өлгөөтэй байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийн тулд 600-700 орчим хуучин хувцас авч, урж тастан, завааруулж бэлтгэсэн. Харин Сюзанна хатны хөнжлийг хийхдээ Монголд байгаа хамгийн чанартай, үнэтэй торго, даавууг ашигласан. Тайз маань үзэгчдэд яг л тэрхүү эрс тэс мэдрэмжийг өгөөсэй гэж хүссэн” хэмээжээ.
“Инээмтгий хүн” бол визуал драмын төрөл зүйлд хамаарах бүтээл. Визуал драм нь дүрс, өнгө, гэрэл болон зураглалын шийдлийг жүжгийн утга санаатай нарийн уялдуулж, үзэгчдэд бүтээлчээр хүргэдэг онцлогтой. Тухайлбал, Дея, Гуинплен хоёр хамтдаа өсөж, нэгэндээ чин үнэнч сэтгэлээр дасах тэрхүү торгон агшныг сүүдрийн эффектээр дүрсэлсэн нь тун шинэлэг байв. Мөн далайн давлагааг асар том уутаар орлуулж үзүүлсэн нь үзэгчдийн мэлмийг баясгаж, тайзны урлагийн сонирхолтой шийдэл болжээ..
БАЯЧУУДЫН ДИВААЖИН ЯДУУСЫН ТАМААР БИЙ БОЛДОГ
Баячуудын диваажин ядуусын тамаар бий болдог гэх хатуу үнэнийг Виктор Хюго хоёр зууны өмнө хэдийн олж харжээ. Амьд ахуйд нь харааж зүхэж байснаа үхсэнийх нь дараа “Сайн хүн байсан сан” хэмээн шагшин магтдаг атлаа үмх махны төлөө ганцхан хормын төдийд үзэл бодлоо хувиргах өнөөгийн “ноорхой” нийгмийн төрх ч энэ зохиолд бий. Хүн төрөлхтний энэхүү хувирамтгай, магадгүй өрөвдмөөр мөн чанарыг зохиолч яг л өнөөдрийн бидний толинд тусах дүр шиг тод томруун сийлсэн нь “Инээмтгий хүн” юм. Энэ бол бүхэлдээ метафорлог буюу утга шилжүүлсэн уран сайхны үзэмжийг цогцлоосон, оюунлаг хоржооноор гашуун амтлуулсан бүтээл.
Аз жаргал гэдэг асар том ордон, эрх мэдэлд бус, харин энэ ертөнцийн хамгийн даруухан, жижигхэн булан тохойд ч нуугдаж байдгийг Гуинплен, Дея нарын ертөнц бидэнд сануулна. Нүдэнд харагдах өнгө төрхийг бус, зүрхэнд мэдрэгдэх тэрхүү үзэгдэхгүй үнэнийг хайж шимттэл тайз руу соронзоддог өвөрмөц өгүүлэмж энэ жүжгийн амин сүнс аж. Ерөөс тайзан дээрх Гуинплений эрэмдэг инээмсэглэл бол ганц түүний зовлон биш, энэ нийгмийн шударга бус байдлын өмнө хүчин мөхөстөж буй хүн төрөлхтний егөөтэй дүр төрх юм. Өөрөөр хэлбэл, баян, хоосны туйлшрал, нийгмийн давхаргын ялгаа жүжгийн үзэгдэл бүрээр дамжин үзэгчдийн зүрхэнд хүрч байлаа.
“Про” театрынхан эл жүжгийг 2023 онд анхлан олны хүртээл болгосон бөгөөд энэ удаа дахин толилуулахдаа агуулгын усыг нь шүүж, зарим дүрийн хэсгийг цөөлөн, хөгжмийн найруулгыг шинэчилснээр бүтээлээ улам чамбайруулсан нь анзаарагдсан. “Инээмтгий хүн” жү жиг “Гэгээн муза” олон улсын наадмаас шилдэг найруулагч (Б.Даваасүрэн), шилдэг эрэгтэй гол дүр (Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг), шилдэг хөгжмийн зохиолч (Дахалэ Жамбалов), шилдэг залуу уран бүтээлч (О.Итгэл) болон “Шинэ эрэл” төрөлд шагнал хүртсэн нь түүний чанар чансааны баталгаа юм. Мөн “Мөнгөн мод” наадмаас шилдэг зураач, шилдэг жүжигчний шагнал хүртсэн билээ.
Тайз гэдэг зүгээр нэг үзвэрийн орон зай биш, энэ бол хүний дотоод ертөнц, өөртэйгөө нүүр тулан уулздаг толь юм. Бид бусдын түүхийг үзэж буй мэт боловч үнэндээ өөрсдийн үнэнтэй нүүр тулж, өөрийгөө шинээр таньдаг. Театрын хаалга татсан үзэгчид гэр бүл, үр хүүхэдтэйгээ ирж, сэтгэл бодол нэгэн хэмнэлд уусах нь “Инээмтгий хүн” жүжгийн хамгийн том амжилт байлаа.
Инээдэмд нуугдсан гуниг, гунигт нуугдсан гэгээ... Хүний оршихуйн энэхүү хоёрдмол мөн чанарыг “Про” театрын хамт олон тайзнаа нам гүм атлаа хүчтэйгээр сануулж чаджээ.
Э.Сүйлэн