Манай сайд, дарга нар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын үеэр Монголын нийслэлд гадаадын олон мянган зочин ирж, худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын салбарт сая сая ам.долларын орлого төвлөрүүлэх талаар элдэв тооцоо, өндөр мөнгөн дүн ярьж зогсох ахуйд олон улсын төлөөлөгчид цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн санхүүжилтийг хэрхэн ухаалаг, үр ашигтай болгох талаар нухацтай гэгч нь хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл, байгаль хамгаалалд зарцуулахаар босгосон төсөв, дундын сангийн хөрөнгөөр үр ашигтай төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх боломж хийгээд шаардлагуудыг тэд энэ өдрүүдэд онцгойлон ярьж буй юм.
Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотод хоёр жилийн өмнө болсон COP16-гийн үеэр цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах санаачилга бүхий 100 гаруй төсөл, арга хэмжээг нэгтгэсэн “Риядын үйл ажиллагааны хөтөлбөр”, “Даян дэлхийн гантай тэмцэх, тэсвэрлэх чадвар бий болгох түншлэл” зэрэг бодлогын баримт бичгүүдийг баталж, нэгэнд нь 12, нөгөөд нь хоёр тэрбум ам.долларын санхүүжилт босгохоор амлалт өгч, цаана нь дахиад 278 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах “үүрэг даалгавар”-ыг улс орнууд хүлээсэн.
Саудын Араб цөлжилтийн конвенцыг даргалагч орны хувиар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ бүх бодлого, үйл ажиллагааг хариуцан, зохион байгуулсан бол Монгол Улс 2028 он хүртэл үүнийг удирдлагын түвшинд зангидаж, манлайлах үүрэг хүлээнэ. Тиймээс цөлжилтийн конвенцын талуудын бага хурлын үр нөлөө, үүрэг хариуцлагыг зөвхөн Улаанбаатарт 12 өдөр үргэлжлэх арга хэмжээгээр хязгаарлаж, ач холбогдлыг нь аар саархан худалдан авалт, ашиг орлогоор хэмжих нь туйлын өрөөсгөл гэдгийг тодотгоё.
COP17-д зориулж байгуулсан цэнхэр болон ногоон бүсэд олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа, албан ёсны хурал, хэлэлцүүлэг тасралтгүй болж байна. Өчигдөр гэхэд цэнхэр бүс дэх үйл ажиллагаа “Өндөр түвшний тогтвортой санхүүжилтийн форум”-аар эхэлж, элсэн болон шар шороон шуурга, хиймэл оюунд суурилсан технологийн боломж, усны нөөц, экосистемийн тогтвортой байдлыг хангах зэрэг баялаг сэдэв бүхий хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Бага хурлын эргэн тойронд өрнөж буй сонин сайхан болон гол сэдвүүдээс тоймлон хүргэе.
ГАНГИЙН ТЭСВЭРЖИЛТИЙН ИНДЕКСИЙГ ТАНИЛЦУУЛАВ
COP17-гийн хүрээнд одоогоор гурван чухал баримт бичгийг олон улсын төлөөлөгчдөд танилцуулаад байна. Эхнийх нь Монгол орны цөлжилтийн атлас, үндэсний тайлан. Үүнийг холбогдох судалгааны байгууллагынхан Засгийн газарт өнгөрсөн долоо хоногт танилцуулсан ч Ерөнхий сайдаас эхлээд COP17-д оролцож буй албаны зарим хүн хуучин тоо баримт дурдах, зөрүүтэй мэдээлэх зэргээр хариуцлагагүй алдаа гаргасаар байна.
Удаах нь НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс санал болгосон DRCI буюу “Гангийн тэсвэржилтийн чадавхын индекс”. Тус хөтөлбөрийнхөн дэлхий дахины тулгамдсан бэрхшээл болох гангийн эрсдэлийг урьдчилан тооцоолоход туслах цогц аргачлал бүхий индексийг боловсруулсан нь онцлох ажлуудын нэг боллоо. Энэхүү индекс нь эрт зарлан мэдээлэх систем, төлөвлөлт ба шийдвэр гаргалт, нийгмийн хамгаалал, тогтвортой санхүүжилт, эргэх холбоо ба үнэлгээ гэсэн таван үндсэн чиглэл, есөн үзүүлэлтээр улс орнуудын гангийн тэсвэржилт, бэлэн байдлыг үнэлэх боломж олгох гэнэ.
Харин сүүлчийнх нь Монгол Улсын Засгийн газраас баталсан “Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөө 20262030” юм. Эл төлөвлөгөөнд манай улс ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх 20 зорилт бүхий 108 арга хэмжээг тусгажээ. Гол зорилтуудаас нь дурдвал, 2030 он гэхэд доройтсон газар нутгийн 30 хувийг нөхөн сэргээх, мөн ийм хэмжээний газрыг улсын тусгай хамгаалалтад авах, ховордсон амьтан, ургамлын устах эрсдэлийг тэг хувьд хүргэх, биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн хэмжээг олон улсын жишиг түвшинд нэмэгдүүлэх зэргийг багтаажээ.
Байгаль хамгаалах нь зөвхөн төр, тухайн салбарын байгууллагуудын ажил биш, бүх нийтэд хамаатай асуудал. Энэ үүднээсээ банк санхүү, даатгал, бизнесийн салбарынхныг үүнд татан оролцуулах шаардлага тулгарч буйг “Өндөр түвшний тогтвортой санхүүжилтийн форум”-ыг зохион байгуулагч Тогтвортой санхүүгийн холбооныхон онцоллоо. Ялангуяа газрын доройтол, цөлжилтийг бууруулах чиглэлээрх олон улсын түвшний бодлого, амлалтуудыг тогтвортой санхүүжүүлэхэд банкныхны оролцоо чухал гэнэ.
Өдгөө Монголын зах зээлд санхүүгийн 74 байгууллага ногоон бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дамжуулан тогтвортой санхүүгийн зах зээл, экосистемийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа аж. Үүнийг “Голомт” банк манлайлж, сүүлийн долоон жилийн хугацаанд сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн “ногоон” төслүүдэд нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулсныг зохион байгуулагчид дурдав.
Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт “Уур амьсгалын өөрчлөлт нь эдийн засагт шууд болон шууд бусаар нөлөөлж байдаг. Санхүүгийн тогтвортой байдал, байгаль орчин хоёр салшгүй холбоотой. Төв банк цаашид байгаль орчноос шалтгаалсан эрсдэлийг бууруулах, тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч ажиллана. Үүний хүрээнд уур амьсгал, байгаль орчны эрсдэлийн нөлөөллийг судлах, бодлогын санал боловсруулах чиг үүрэг бүхий нэгжийг шинээр байгуулаад байна” гэсэн юм.
УСНЫ ХОМСДОЛЫГ АНХААРАЛД ОРУУЛСАН “ГУЙЛТ”
Сент Кристофер ба Невисийн Холбооны Улсын төлөөлөгч манай улсад болж буй хурлын үеэр НҮБ-аас ундны усны тусламж гуйж, дэмжлэг үзүүлэхийг хүссэн нь уур амьсгалын өөрчлөлт, ган гачгаас үүдэлтэй усны хомсдолын асуудлыг олон нийтийн анхаарлын төвд орууллаа. Карибын тэнгисийн баруун хэсэгт оршдог эл улсад ундны усны гол эх үүсвэр, найдвар нь бороо гэнэ. Харамсалтай нь, ган гачгийн улмаас сүүлийн таван жилд тус улсад орох хур тунадасны хэмжээ 40-60 орчим хувиар буурсан нь ийн тусламж гуйхад хүргэжээ. Тэгвэл зөвхөн Сент Кристофер ба Невисээр тогтохгүй Антигуа ба Барбуда, Доминик, Гренада зэрэг Карибын хамтын нийгэмлэг (CARICOM) болон Хөгжиж буй жижиг арлын орнууд (SIDS)-ын гишүүн цөөнгүй улс ган гачиг, далайн хар шуурганаас болж яг ийм хомсдолтой нүүр тулснаа COP17гийн үеэр ил тод ярьж, тусламж гуйж байна.
Карибын тэнгисийн улсууд энэ удаагийн хурлын үеэр нэгдсэн дуу хоолойгоор хоёр зүйлийг шаардаж буй. Нэгдүгээрт, далайн усыг давсгүйжүүлэх технологийн санхүүжилтийг шийдэх. Далайн усыг ундных болгож хувиргах үйлдвэр байгуулахад санхүүжилт, эрчим хүчний нөөц дутагдаж байгааг тэд хэлэв. Хоёрдугаарт, байгалийн гамшиг, тэр дундаа хар салхины дараа үзүүлэх тусламжийн тогтвортой бодлого хэрэгжүүлэх. Тэд “Урт хугацааны зээл биш, тогтвортой бодлого чухал” хэмээн ярив. Эдгээр улс орноос дэвшүүлсэн усны асуудлыг шийдвэрлэх зорилгоор бага хурлын төгсгөлд “Гамшгийн хохирлын сан” байгуулж болзошгүй гэсэн таамаг, хүлээлт хэдийн үүсжээ.
Дэлхийн бөмбөрцгийн нэг хэсэгт аж төрдөг хүмүүс цөлжилт, газрын доройтлын ирээдүйн хор уршиг, өндөр эрсдэлийг хүн төрөлхтөнд ийн сануулж байхад манай улс усны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн “Нэг сум-нэг нуур”, Хөвсгөл болон Ганга нуурыг хамгаалах үндэсний хөтөлбөр, санаачилгуудаа олон улсын төлөөлөгчдөд танилцуулж байна.
ХОЁР ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН АМБИЦ
Өмнөх COP-ын маргаан, хэлэлцүүлгийн гол сэдэв болсон гангийн эсрэг дэлхий нийтийн стратегийг заавал биелүүлэх болзолтой хууль, эрх зүйн баримт бичиг болгож батлах уу, эсвэл нийгмийн хариуцлага, сайн дурын оролцоонд үндэслэсэн зөвлөмж хэлбэрээр тунхаглах уу гэдэг асуудал энэ өдрүүдэд эргэлзээ дагуулсаар. Үүнээс хамаараад улс орнуудын хүлээх үүрэг амлалт, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, төвлөрүүлэх санхүүжилтийн хэмжээ өөрчлөгдөх юм. Үүнтэй холбоотой элдэв таамаг, тооцоолол ч олон нийтийн дунд үүсэв.
Одоогоор газрын доройтол, цөлжилтийн төслүүдэд зориулж Европын хөрөнгө оруулалтын банк 200, Люксембург улс таван сая евро, Дэлхийн банк 100, Даян дэлхийн байгаль орчны сан 3.3 сая ам.долларын санхүүжилт, техникийн тусламж үзүүлэх “сураг чимээ” сонсогдож байна. Харин манай улс байгаль орчны салбарт хиймэл оюун хөгжүүлэх, ногоон дата төв байгуулахад зориулж хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах төлөвлөгөөгөө танилцууллаа. Монгол Улсын Засгийн газар үүнийг хамгийн том амбицтай, стратегийн ач холбогдолтой төсөл хэмээн онцолж буй ч технологийн салбарын мэргэжилтнүүд “цаг үеэ олоогүй, хэтэрхий яарсан санаачилга” гэж шүүмжилж эхлэв.
Энэхүү бага хурлын талаар олон улсын хэвлэл, байгаль орчны дагнасан сэтгүүл, платформд гарсан мэдээллээс хүргэе.
“THE GUARDIAN”: ОНЦЛОХ СЭДЭВ НЬ ГАН ГАЧИГ, ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст түүхэн дэх хамгийн халуун жил тохиож, Хойд Америк, Европын зарим бүс нутагт хуурайшилтаас үүдэлтэй түймэр дүрэлзэж, Ази тивийн сая сая хүн хэт халуунд өртөж байгаа цаг үед Монголд болж буй цөлжилтийн хуралд улс орнууд онцгой ач холбогдол өгч байна. Энэ хурлын үеэр дэлхийн улс орны тэргүүлэгчид, өндөр албан тушаалтнууд ган гачиг, газрын доройтлыг даван туулахад нь туслах зорилгоор эмзэг бүлгийн орнуудад 12 тэрбум ам.долларыг хэрхэн зохистой, хүртээмжтэй хуваарилах асуудлыг хэлэлцэх юм.
Дэлхийн зарим бүсэд удаан хугацаанд үргэлжилж буй хэт халалт, усны хомсдолоос шалтгаалан их хэмжээний ургац алдаж, хүнсний бүтээгдэхүүний үнэ үлэмж өсөж болзошгүй байна. Улс орнууд энэ эрсдэлд хэдийн бэлтгэж, бодлогын арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр “Супер Эль Нино”-гоос болж 50 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлсэн. Эдгээр эрсдэлийн хариу арга хэмжээ болох газрыг нөхөн сэргээх, ган гачгаас урьдчилан сэргийлэх ажлын хэрэгжилт муу, санхүүжилт үр дүнгүй байгааг олон улсын байгууллагууд анхааруулж байна.
Цөлжилтэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад “Энэ удаагийн хурлаар хэлэлцүүлэх гол сэдэв нь хүнсний аюулгүй байдал” гэж дурдсан. Түүнчлэн “Бид газар нутгийг хамгаалж, нөхөн сэргээхэд хэр их анхаарна, тэр хэмжээгээр хүнсний аюулгүй байдлын баталгааг хангах үржил шимтэй хөрстэй үлдэнэ. Цаашид энэ чиглэлийн санаачилгад санхүүжилтийнхээ гол цөмийг төвлөрүүлэх ёстой” гэж тэрбээр тэмдэглэв. COP17 хурлын үр дүнд дэлхийн улс орнууд хөрсний системийг хамгаалах, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх талаар ямар шинэ санал санаачилга гаргаж, дундын үүрэг, амлалт хү лээх нь анхаарал татаж байна.
“DOWN TO EARTH”: ГОЛ ХҮЛЭЭЛТ НЬ ГАНГИЙН СТРАТЕГИ
Монгол Улсын нийслэлд үргэлжилж буй COP17 хурал нь хоосон тунхаглалаас илүү хэрэгжихүйц амлалтуудыг бодит ажил болгож, санхүүжилтийн ухаалаг, үр ашигтай механизмыг нутагшуулах үндсэн зорилгод чиглэж байна.
Одоогийн байдлаар дэлхийн улс орнууд нэг тэрбум гектар газрыг нөхөн сэргээх амлалт өгсөн ч үүнийг хэрэгжүүлэхэд санхүүжилтийн болон институцын механизм дутагдаж буй. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад “Энэ удаагийнх цэвэр хэрэгжилтийн COP байх ёстой” хэмээн тэмдэглэсэн нь санхүүжилтийн гол цөмийг үр ашигтай төслүүд рүү чиглүүлэх сануулга өгч байна.
Африкийн орнууд болон Азид нүүрлэсэн ган гачиг, Европын ойн түймэр, ургац алдалт зэрэг нь улс орнуудыг уур амьсгалын өөрчлөлтийн сорилт, түүхэнд байгаагүй хүчтэй байгалийн гамшиг (Эль-Нино)-ийн эсрэг илүү нэгдмэл, тууштай тэмцэх ёстойг цаг үргэлж сануулсаар. Энэтхэг улсын төрийн албан тушаалтан Ази, Номхон далайн бүсийг төлөөлж тус хурлын индэрт гарахдаа “Энэхүү конвенцыг анх байгуулж байх үеийн дэлхий ертөнц өнөөдөр бидний түүнийг хамгаалахаар бүтээсэн системээс хэд дахин хурдтай хуурайшиж, өөрчлөгдөж байна” гэдгийг дэлхий нийтэд анхаарууллаа.
COP17-гийн хамгийн анхаарал татам сэдэв нь “Гангийн эсрэг дэлхийн шинэ стратеги” юм. Энэхүү эрх зүйн баримт бичгийг COP16гийн үеэр батлахаар хэлэлцүүлсэн ч нэгдсэн зөвшилцөлд хүрч чадаагүй. Африкийн орнуудын бүлэг уур амьсгалын өөрчлөлтөд заавал дагаж мөрдөх хууль ёсны хүчин төгөлдөр (legally binding) гэрээ байгуулахыг шаардсан ч зарим өндөр хөгжилтэй улсын удирдагчид үүнийг заавал дагах албагүй, сайн дурын хүрээний баримт бичиг байх ёстой гэж үзсэнээр зөрчил үүссэн билээ. Харин энэ удаагийн хурлаар гангийн шинэ стратегийг эцэслэн батлах, эсэх нь гол хү лээлт болж байна. Хэрэв үүнийг баталбал дэлхийн улс орнууд цөлжилт, газрын доройтол, ган гачигтай шинэ бодлого, механизмаар тэмцэж эхэлнэ.
“ANADOLU AGENCY”: НЭГДСЭН ШИЙДВЭР ГАРГАХ ТҮҮХЭН ШИЛЖИЛТИЙН ҮЕ ИРЛЭЭ
Төв болон Зүүн Азийн бүс нутгаас цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хурлыг эх орондоо зохион байгуулсан хамгийн анхны улс нь Монгол болж байна. Үүгээрээ тус бүс нутаг уур амьсгалын дипломат харилцааг тэргүүлэгч орон гэдгээ дэлхийд харууллаа.
Монгол Улсын газар нутгийн 89.1 хувь нь цөлжилт, газрын доройтолд ямар нэг хэмжээгээр өртсөнийг судалгаагаар тогтоосон. Үүнд уур амьсгалын өөрчлөлтөөс гадна бэлчээрийн хэт ашиглалт, уул уурхайн нөлөө их байгааг олон улсын шинжээчид дурдсан. Монголын уламжлалт нүүдлийн соёл иргэншил, малчдын амьжиргаа нь бэлчээрийн ашиглалт, байгаль, цаг уураас шууд хамааралтай. Тиймээс энэ удаагийн хурал зөвхөн байгаль орчны салбарын хүрээнд биш, хүн төрөлхтний соёлын өвийг хамгаалах, нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, суурин болон нүүдлийн соёл иргэншлийн уламжлал, шинэчлэлийг хослуулах зэрэг олон сэдвийг хамарч байна.
“Улаанбаатарын уулзалт”-аар дэлхийн хэмжээнд газрын доройтолтой тэмцэхэд зориулж босгосон 12 тэрбум ам.долларын, “Эр-Риядын түншлэлийн сан”-гийн хөрөнгийг хэрхэн хуваарилах, ургамлын усалгааны системийг шинэчлэх, ганд тэсвэртэй үр тариа гаргаж авах зэрэг үр ашигтай төслүүдийг хэрхэн санхүүжүү лэхийг эцэслэн шийдэх юм. Судлаачид үүнийг гангийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах нэгдсэн шийдвэр гаргах түүхэн шилжилтийн үе гэж тодорхойлж буй.
Н.Дүүл