Улсын хэмжээнд он гарснаас хойш эхний долоон сарын байдлаар халдварт өвчний нийт 29 777 тохиолдол бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 10 мянган хүн тутамд 23.1-ээр буурсан үзүүлэлт юм. Бүртгэгдсэн нийт халдварт өвчний 35 хувь буюу 10 435 нь амьсгалын замынх. Хэдийгээр халдварт өвчин буурсан үзүүлэлтэй гарсан ч гар, хөл, амны өвчин эрс нэмэгдсэнийг ХӨСҮТ-өөс сэрэмжлүүлэв. Тодруулбал, өнгөрсөн жилийн долоодугаар сард уг өвчний 1325 тохиолдол бүртгэгдэж байжээ. Харин 2026 он гарснаас хойш өвчлөлийн тоо 8382-т хүрээд байна. Энэ нь өнгөрсөн оныхоос улсын хэмжээнд зургаа, нийслэлд ес дахин нэмэгдсэн дүн юм.
Гар, хөл, амны өвчин нь энтеровирусээр үүсгэгддэг цочмог халдвар бөгөөд бохир гар, ялгадас, вирусээр бохирдсон ус, хүнс, хөрс, эд зүйлсээр болон агаар, дуслын замаар дамждаг. Нууц үе нь ихэвчлэн 2-7 хоног аж. Халдвар цочмогоор эхэлж, өндөр халууран, хоолой, залгиур улайна. Улмаар 1-2 хоногийн дараа амны хөндий, завж, буйл, хэл, гарын алга, хөлийн ул, хурууны салаа, өгзөг хэсгээр улаан хүрээтэй, цайвар цагаан гадаргуутай толбот, цэврүүт тууралт гардаг байна. Үүний улмаас хүүхдэд гүйлгэх, хоолонд дургүй болох, бие сулрах зэрэг хордлогын шинж тэмдэг илэрдэг гэнэ. Хоёр болон түүнээс олон хоног халуурах, тууралт идээлэх, шархлах, бөөлжих, ойр ойрхон гүйлгэх, цэртэй ханиах зэрэг зовуурь нь өвчин хүндэрч буйн илрэл тул эмнэлэгт яаралтай хандахыг эмч нар зөвлөлөө.
О.Ундрах