Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. Манай парламент 2021 онд цахим хөгжлийг дэмжих багц хууль баталсан ч өгөгдлийг байгууллага, салбар мэдээллийн систем хооронд солилцох, нэгтгэх, чанаржуулах, дахин ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах, дэд бүтцэд хөрөнгө оруулалт татах харилцааг бүрэн хамруулж чадаагүй аж. Тиймээс дээрх хуулийн төслийг боловсруулсан байна.
Дэлхийн их өгөгдлийн зах зээл 2023 онд 327.26 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байжээ. Улмаар 2024- 2030 онд жилд дунджаар 14.9 хувиар өсөх тооцоолол гарсан гэнэ. Монгол Улсын давуу тал, алсын хараа, боломж, ирээдүй хэмээн тодорхойлж буй өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах анхдагч уг төслийн талаар Ерөнхий сайд Н.Учрал “Дэлхий дахин хөрөнгө оруулалтыг сэргээгдэх эрчим хүч болон дата төвд хийж байна. Эрчим хүчгүйгээр дата төв байгуулах боломжгүй. Өргөн уудам газар нутаг, урт үргэлжилдэг хүйтэн сэрүүний улиралтай, салхины арвин нөөцтэй оронд дата төвүүдийг барьж байгуулан, хөрөнгө оруулалт татах боломж бий. Үүнийг дэлхий нийт харчихаад, сонирхлоо илэрхийлж эхэлсэн. Тиймээс шинэ эдийн засгийг эргэлтэд оруулах хэрэгтэй. Цаг үеэ олсон эл ажил Засгийн газрын үнэтэй өв болж үлдэнэ” гэв.
С.Уул