Шавж судлаач, доктор, дэд профессор Ч.Гантигмаа
Шавжийн ангийн төлөөлөгчдийн дунд хатуу далавчтаны багийн амьтад зүйлийн элдэв хэлбэр, элбэгшлийн хувьд томоохон байр суурь эзэлдэг. Энэ багийн хүрээнд зүйлийн тоогоороо тэргүүлэх цөөн овог байх бөгөөд тэдгээрийн нэг нь усны цохны бүлэг юм. Манай орны усны цохыг үндэсний төдийгүй олон улсын судлаачдын баг сонирхон судалж, өнөөгийн байдлаар 10 овогт хамаарах 42 төрлийн 200 гаруй зүйлийг бүртгээд байна.
Дэлхийн гол горхи, булаг шанд, нуур цөөрөмд болон түүний эрэг орчимд оршин амьдрах олон зүйл цох бий. Далай тэнгисийн усанд амьдрах цох одоогоор бүртгэгдээгүй ч цэнгэг ус болон давсархаг, хужир, мараатай цөөрөмд тохиолдох цохнуудыг бүхэлд нь усны цох хэмээн нэрлэж, нэгэн бүлэгт хамруулдаг. Энэ зүйлийн цох нь цэнгэг усан сангийн гадаргуу төдийгүй хурдсанд тохиолдох боловч ихэнх нь гүехэн, багахан хэмжээний цөөрөм, эсвэл ургамал элбэгтэй тогтуун, урсгал багатай усанд амьдарна. Тэдний зарим нь зөвхөн авгалдайн үедээ усанд амьдардаг бол зарим нь бие гүйцсэн хойноо ч усан орчинд амьдардаг. Зарим зүйлийн цохны биологи хөгжлийн бүхий л үе шат усанд явагддаг. Харин атираат цох, хөвдний одой цох, усч цохны овогт хамаарах зарим зүйл хөгжлийнхөө аль нэг үе шатыг усанд өнгөрүүлдэг. Түүнчлэн жийгээ цох, хуурамч жийгээ цох, богино далавчит цохны овогт харьяалагдах зарим нь усны эрэг орчмын чийглэг газруудыг шүтэж байрлахын зэрэгцээ ургамлын иш, навчаар дамжин усан дотор тохиолдлоор тааралдах нь элбэг.
ЖИНХЭНЭ БА ХУУРАМЧ
Ус, намгархаг газрыг шүтэж, байрших цохны бүлгийг дотор нь усны жинхэнэ цох, усны ургамлын цох, усны хуурамч цох хэмээн ангилан авч үздэг. Усны жинхэнэ цохны бүлэгт хөгжлийн бүхий л үе шатаа, эсвэл тодорхой хэсгийг усанд өнгөрүүлдэг “нөхөд”-ийг хамруулна. Үүнд:
1. Махан идэшт цохны дэд багт хамрагдах сэлэгч цох, хүрд цох, усны мөлхөө цох, бахим тэмтрүүлт цох;
2. Элдэв идэшт цохны дэд багаас усны урт сарвуут цох, урсгал усны цох, атираат цох, усч цох гэх зэрэг овгийн төлөөлөгчдийг багтаадаг.
Усны ургамлын цохны бүлэгт бие гүйцсэн болон авгалдайн үеийн хөгжил нь усны ургамалтай харилцан шүтэлцээтэй зүйлүүдийг багтаана. Үүнд элдэв идэштний дэд багаас навчич цох, шөвгөр хошуут цохны овгийн зарим төлөөллийг хамруулдаг. Харин усны хуурамч цохны бүлэгт авгалдайн үе шатны хөгжил нь усан орчинд явагдаж, бие гүйцсэн үедээ хуурай газарт амьдардаг зүйлүүдийг багтаадаг. Манай оронд тархсан цохнуудаас уг бүлэгт гэрэлт цох, намгийн болон зэрэг овгийн элдэв идэшт шавж багтдаг.
Аливаа организмын ангилал зүйн асуудалд тодорхой нэг бүлэг шинжийг системчилсэн байдлаар ашиглах бөгөөд ингэхдээ ангилах эрэмбээр, тухайлбал, хүрээ, анги, баг, овог, төрөл, зүйл, салбар зүйлийн түвшинд хүртэл ялгагдах маш нарийн шинжийг нь тогтоох шаардлагатай болдог. Энэхүү ангилал зүйд ашиглах гадаад шинж тэмдэг нь түвшин бүрд өвөрмөц байна. Тодруулбал, цохны овгийг тодорхойлохдоо тэдгээрийг ялгаж болох хамгийн энгийн, ерөнхий нэг шинж тэмдгийг харгалзаж үздэг. Жишээлбэл, биеийн хэмжээний хувьд ихэнх томоохон зүйл сэлэгч болон усч цохны овогт хамаарах боломжтой боловч тэднийг нягтлахдаа өөр нэг хорших шинж тэмдгийг нь авч үзэх шаардлагатай байдаг. Энэ тохиолдолд тэдний биеийн хэвлий талын гадаргуу өтгөн зөөлөн үслэгээр хучигдсан байвал усч, харин үсгүй, толигор бол сэлэгч цох хэмээн ангилна. Учир нь организмыг дан ганц шинж тэмдгээр ангилан ялгах боломжгүй юм.
ОНЦГОЙ ЗОХИЛДЛОГО
Усны цохны бүлэг доторх махан идэштний дэд багт хамрагдах зүйлүүдийн дийлэнх нь авгалдайн болон бие гүйцсэн шатандаа усан орчинд амьдрах ба зөвхөн нүүдэллэх, өвөлжих үедээ л хуурай газарт шилждэг. Элдэв идэштний дэд багийн төлөөлөгчид авгалдай үедээ хуурай газарт байрших нь нийтлэг ба усанд амьдрах зүйлүүд ч бий. Усны ургамлын цох нь усан орчинд ургамал дээр байршиж, түүнийг идэш тэжээлийн эх үүсвэр, орогнох байр, үр удмаа үлдээх орчин болгон ашиглана. Харин бие гүйцсэн цохнууд усны гадна төдийгүй дотор ч тохиолдох боломжтойн сацуу усны гадаргуу дээр тааралдах нь түгээмэл юм. Жил бүр үржилд ордог цохнуудын авгалдайн хөгжил ихэвчлэн хавар, зуны улиралд тохиох ба зарим зүйл сэлэгч цохны хөгжил хоёр жилийн хугацаанд үргэлжилдэг. Усны мөлхөө цох болон зарим зүйл сэлэгч цохны төлөөлөгчдийн дунд авгалдай үедээ өвөлждөг зүйлүүд байдаг. Ийм онцлог бүхий цохны тоонд урсгал усны цох зүй ёсоор багтана Ер нь авгалдайн үеийн хөгжил усан орчинд, эсвэл усны гадаргуу дээр явагддаг цохны ихэнх төлөөлөгч хүүхэлдэйлэх үедээ уснаас гарч хуурай орчинд шилждэг. Харин бахим тэмтрүүлт цох, урсгал усны цох, навчич цох, шөвгөр хошуут цох зэрэг овгийн зарим төлөөлөгч усан орчинд хүүхэлдэйлэх боломжтой юм. Эдгээр усны цохны ихэнх зүйл тусгай хонгио буюу орогнох үүр нэхэж хүүхэлдэйлнэ. Хүрд цохны авгалдай голдуу усны гадаргууд хөвөгч ургамал дээр хүүхэлдэйлдэг.
Усанд амьдардаг цохны амьсгалах процесс их өвөрмөц юм. Махан идэштний дэд багт хамаарах усны цохнуудын ихэнх нь агаарыг дээд далавчныхаа дор хадгалдаг бөгөөд агаарын, эсвэл усны замгийн ялгаруулж буй хүчилтөрөгчөөр амьсгална. Бусад цохны хувьд хэвлийн доод гадаргуудаа заламгайтай адил үүрэг, үйл ажиллагаа бүхий агаар хадгалах хальстай. Түүндээ хүчилтөрөгч хуримтлуулж амьсгалдаг. Тэдгээр цоход байх агаар хуримтлуулах хальс уснаас гарах үед, эсвэл хэвлийн гадаргуугийнхаа усанд үл норох шинж чанарын ачаар (өөрөөр хэлбэл, энэ гадаргуу агаар хадгалах бичил орон зайтайн улмаас хуурай байдлаа хадгалдаг) хүчилтөрөгчийг нөхөж авдаг. Авгалдайд агаар хуримтлуулагч ийм хальс байдаггүй. Хүрд цохны зүйлүүд, мөн усны сэгч цохны зарим төлөөлөгчийн авгалдай заламгайгаар амьсгалдаг. Ургамал идэштний авгалдай, тухайлбал, шөвгөр хошуут болон бахим тэмтрүүлт цохны овгийн зарим зүйл агаарыг усны ургамлын хий дамжуулах гуурсаас, харин бусад зүйлийн хувьд усны гадаргуугаас нөөцлөн авч ашигладаг. Усны ойролцоо амьдардаг, түр хугацаагаар усанд шумбадаг зарим зүйлийн авгалдай усан дотор амьсгалах ямар нэгэн зохилдлогоо байдаггүй.
Усны цохнууд томоохон усан сангуудад төдийгүй түр хугацаанд устай байх орчинд идээшилнэ. Ангилал зүйн бүлгийн хувьд өөр зүйлүүд нь харилцан адилгүй орчинг эрхэмлэх боловч тэд ерөнхийдөө ургамал элбэгтэй, гүехэн, тогтуун, эсвэл удаан урсац бүхий усан орчныг дагаж байршдаг онцлогтой. Түр зуурын тогтоц бүхий усан сангуудад нутагших амьтны бүлгэмдлийн үндсэн хэсгийг цохны төлөөлөгчид бүрдүүлэх ба тэд авгалдайн үеийнхээ хөгжлийг уг орчинд гүйцээх нь түгээмэл байдаг. Ихэнх зүйл цэнгэг усанд амьдрах боловч зарим нь давсархаг усанд тохиолдох нь бий. Цох хэдийгээр цэнгэг усанд тохиолдох нь элбэг ч гэлээ усан орчны хурдсанд шургаж амьдрах, эсвэл ургамлын бүлгэмдэл дагаж байрших нь ч буй. Түүнчлэн өндөр уулын мөсөн гол, нуур, цөөрөмд тохиолдох зүйлүүд ч бий. Сэлэгч цохны болон бусад бүлгийн зарим төлөөлөгч хүчиллэг орчинд дасан зохицсон байх бөгөөд хүлэрт намгийг илүү эрхэмлэдэг. Зөвхөн хээрийн экосистемд орших түр хугацаанд л устай байдаг булаг, шандад зохилдсон зүйл байх бөгөөд тэд хаврын улиралд бие гүйцсэн байдлаар тохиолдож, ус ширгэсний дараа тухайн орчин эргэж усаар дүүртэл лаг шаварт орогноно. Мөн түргэн урсгалт усны чулуулаг хурдастай газарт тохиолдох цох ч бий. Усны цохны дунд индикатор зүйл буюу орчны тодорхой нэгэн хүчин зүйлээс (өөрөөр хэлбэл,. температур эсвэл шүлтлэг чанараас) онцгой хамааралтай зүйлүүд ч бий гэдгийг дурдах нь зүйтэй юм.
Усны цохны ихэнх нь бусад нугаламгүйтэн амьтдын, ялангуяа шавж, хавч хэлбэртэн, зөөлөн биетэн, цөөн өргөст хорхой, зарим тохиолдолд хоёр нутагтны шанаганцар, загасны жараахай зэргийг гөрөөлнө. Мөн хоёр нутагтан, загасны түрсээр хооллоно.
Усны цохны авгалдай нь идэвхтэй гөрөөлөгч бөгөөд маш ховор тохиолдолд мөөг, эсвэл ургамлаар дагнан хооллодог. Бие гүйцсэн цох сэг зэм болон ургамлаар хооллох нь цөөнгүй. Усны хөвөөгөөр амьдрах гэрэлт цохны авгалдай ихэвчлэн зөөлөн биетнээр хооллоно. Харин бие гүйцсэн үедээ огт хооллодоггүй. Усны навчич болон шөвгөр хошуут цох зөвхөн ургамлаар хооллоно. Харин намгийн, урсгал усны болон усны урт сарвуут цохны овгийн төлөөлөгчид усан доорх ургамал, бусад биетийн гадаргуу дахь органик үлдэгдэл, усны бичил организм, замгийг шүүж хэрэглэнэ. Мөн шумуулын авгалдай төдийгүй усны хөвөгч амьтдаар зонхилон хооллодог бүлэг бий. Цохны авгалдайн биеэ хамгаалах зохилдлогоо ихээхэн өвөрмөц. Тодруулбал, тэдэнд үргээх бодис ялгаруулдаг булчирхайнууд хөгжсөн байдаг. Гэвч тэднийг ангуучлах олон амьтан бий.
АНХААРАЛ ТАТАМ БИЕИЙН БҮТЭЦ
Цох судлаачид, сонирхогчид нэн түрүүнд түүний гадаад бүтцийн онцлог, харагдах байдалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ер нь амьтан судлалд бие бүтцийн гадаад төрхийг судлах тусгай зарчим байдаг. Уг зарчмын үндсэн зорилготой холбоотой хоёр чиглэл бий. Зарим судлаач организмын гадаад шинж тэмдгийн судалгаа нь түүний биеийн гаднах төрх болон дотоод бүтцийн аль алинтай нь холбогдол бүхий асуудал хэмээн үздэг. Сүүлийн жилүүдэд ангилал зүйн асуудлыг молекулын түвшинд шийдвэрлэх боломж нээгдсэн ч өнөөгийн хязгаарлагдмал нөөц бүхий нөхцөл нь уламжлалт (бие бүтцийн онцлогийг тодорхойлох) аргаар зүйлийн шинж тэмдгийг тодорхойлон бичиглэл хийх ажлын үнэ цэнийг хэвээр хадгалсаар байна.
Түүхэн хөгжлийн явцад биеийн тодорхой хэсгийн үеүд нийлж нэгдэх, эсвэл салан тусгаарлагдах замаар ялгаран хөгжиж, тусгайлан нэрийдэх эд эрхтэнтэй болсон байдаг.
Хөрс болон агуйд амьдрах шавж, түүнчлэн зарим зүйл шимэгч шавжийн хувьд ихэнх тохиолдолд нүд үлдэгдэл эрхтэн болсон, өөрөөр хэлбэл, энгийн нүд байдаггүй. Хэрэв энгийн нүд хөгжсөн бол энэ нь гол төлөв зулай дээр байрлана. Харин нээлттэй орон зайд оршиж, идэвхтэй хэв маягтай амьдрах зүйлүүдийн хувьд нийлмэл нүд маш сайн хөгжсөн байдаг. Цохны толгой зүйлийн онцлогоосоо хамааран харилцан адилгүй байх боловч тэдний бүтцийг ерөнхийлөн томьёолох боломжтой юм. Өөрөөр хэлбэл, аль ч зүйлийн толгой нь антенн, нүд, дух, нүүрэвч, зулай, чамархай, хацар, хоолой, дээд эрүү, доод эрүү, дээд уруул, доод уруул, эрүүний болон уруулын тэмтрүүл гэх зэрэг эрхтнийг агуулж байдаг. Хүрд цохны нүд толгойн хүрээгээр дээд болон доод нүд гэсэн хэсэгт бүрэн хуваагддаг. Антенн нь маш богино бөгөөд бүдүүн, антенны хоёр дахь мөч маш том, дунд болон хойд хөлүүд богино, өргөссөн шинжтэй байдаг. Энэ нь сэлэх үүрэг гүйцэтгэж, урд хөл нь шүүрч зуурахад зохицсон онцлогтой. Цохны толгой доод гадаргуудаа хос эрүүтэй. Энэ нь өөр хоорондоо заадсаар тусгаарлагдана. Цохны амны эрхтэн нүүрэвчийн өмнө байрлах бөгөөд хазах, тасдах арга барил, онцлогтой нь уялдан тэдний хацар болон залгиур хоолойн хэсэг дүрсэд хувирч маш олон хэлбэртэй болж хөгжсөн байдаг. Цохны хөл сүүж, булуу, гуя, шилбэ, хос хумс бүхий 3-5 мөчтэй сарвуунаас тогтоно. Сүүж нь сүүжний хонхорт байрлах бөгөөд зарим тохиолдолд булуу хэмээх дагавар бүтэцтэй байна. Усны цохны зарим төлөөлөг чийн хөлний эхний мөчүүд хавтгайрч, сунан сэлэхэд зохилдож өөрчлөгдсөн байдаг. Иймд судлаачид цохны эдгээр өвөрмөц сонирхолтой шинжүүдийг танин мэдэхийн төлөө шимтэн судалсаар байна.