“БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна” хэмээн 500 гаруй иргэнээс их хэмжээний мөнгө залилан мэхэлж авсан хэрэгт холбогдуулан гэр бүлийн хүмүүс болох Ичинхорлоо, Мөнхбаатар нарыг Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд өчигдөр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулж, шалгаж эхэллээ. Зарим цахим мэдээллийн хэрэгсэлд мэдээлж буйгаар тэд олон иргэнээс бараг зургаан их наяд төгрөг шилжүүлэн авсан ч хоёр сар шахмын хугацаа өнгөрөхөд барааг нь ч өгөөгүй, мөнгийг нь ч буцааж шилжүүлээгүй тул хохирогчид цагдаагийн байгууллагад гомдол гаргасан аж. Гэхдээ хохирлын хэмжээ ийм өндөр дүнд хүрэх үү, үгүй юү гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар нарийвчлан тогтоох юм. Сэжигтнүүд хилээр гарч явж болзошгүй гэсэн мэдээлэл хохирогчид цагдаагийнханд өгсний дагуу саатуулсан гэнэ.
Холбогдогч нар хохирогчдод “Бараа маань удахгүй ирнэ. Аравдугаар сарын 20 гэхэд орж ирэх нь тодорхой болсон. Ачигдсан байгаа. Шинэ захиалга орж ирэхээр төлбөрийг нь барагдуулна. Хууль ёсоор оруулж ирэх юм бол грамм тутамд Монголбанканд мөнгө тушаана” гэх зэргээр ярьж байсан. Харин тэдэнд захиалга өгсөн иргэд “Бараа, үнэт эдлэл захиалж байгаа юм бол баримт, БНСУ-ын дэлгүүрээс авч байгаа баримт байх ёстой биз дээ. Түүнийгээ үзүүл” гэх зэрэг шаардлага тавьж буй юм.