Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” ТӨААТҮГ-ынхан Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр НҮБ- ын Байгаль орчны хөтөлбөртэй хамтран “Монгол Улсын хоёр жил тутмын ил тод байдлын анхдугаар тайлан”-г боловсруулаад буй. Үүний хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтийн хамтын ажиллагаанд манай орны хүлээсэн үүрэг, амлалт, гаргасан ахиц дэвшлийг үнэлэх зорилготой олон улсын техникийн шинжээчдийн баг Монголд ажиллаж байна.
Олон улсын мэргэжилтнүүд манай улсад тав хоног ажиллахдаа дээрх тайланд тусгасан үнэлгээ, мэдээллийн бүрэн, үнэн зөв, ил тод байдлыг хянаж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлээр цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны зураглалыг тодорхойлон, эдгээрийг үндэсний хэмжээнд бодитой тайлагнах тогтолцоо, чадавхыг бэхжүүлэх зөвлөмж, чиглэлийг өгөх нь. Түүнчлэн тайланд хийсэн хяналт, үнэлгээний хүрээнд ирүүлсэн асуулт, тодруулгад шаардлагатай тайлбар, нотлох баримтыг нэгтгэн хүргүүлж, хүлэмжийн хийн үндэсний тооллого, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, хэрэгжилтийн ахиц дэвшлийг нягтлан хэлэлцэх зорилготой аж.