-Гадаадад сурсан 1288 иргэний гэрээг дүгнээгүй байна-
Одоогоос гурван жилийн өмнө Монгол Улс багшлах хүчний дутагдалд орлоо, улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд 1280, орон нутагт 29 мэргэжлийн 723 багш дутагдсан хэмээн тухайн үеийн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлж байв. Ийн боловсон хүчний эрэлд гарч, багш мэргэжлээр суралцагчдыг сургалтын төлбөрөөс чөлөөлөх мэргэн санааг Засгийн газар “олж”, 2024-2025 оны хичээлийн жилээс МУБИС болон багш мэргэжилтэн бэлддэг их, дээд сургуульд үнэгүй сургаж эхэлсэн юм.
Мөн 2023 онд болсон “Боловсролын шинэ сэргэлт” арга хэмжээний үеэр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ 2030 он хүртэл багш мэргэжлээр суралцах бүх оюутны төлбөрийг төр 100 хувь даана хэмээн сайрхаж байлаа. Тухайн үед олон нийт, судлаачид багш мэргэжлийг үнэгүйдүүллээ, төлбөргүй сургах бус, багш нарын цалинг нэмж, үнэлэмжийг нь өндөрсгөж, нэр төрийг нь сэргээх хэрэгтэй хэмээн шүүмжилж байсан ч тусыг эс олсон.
САВНААСАА ХАЛЬСАН ТЭТГЭЛЭГ
Тухайн үеийн Боловсрол, шинжлэх ухааны сайдаар 2021-2024 онд ажиллаж байгаад 2026 онд Боловсролын сайдаар дахин томилогдсон Л.Энх-Амгалан болон эл албыг хоёр жил хашсан П.Наранбаяр нарын тооцоо судалгаагүй хийрхэл, багш мэргэжлийг үнэгүйдүүлсний балаг өнөөдөр олон оюутан, цаашлаад татвар төлөгчдийн мөнгийг тарамдахад хүргээд байна. Өдгөө багш мэргэжлээр суралцаж буй 3500 гаруй оюутан Боловсролын зээлийн сангийн 2026 оны санхүүжилтэд хамрагдаж чадахгүйд хүрсэн юм. Учир нь Боловсрол, шинжлэх ухааны сайд асан П.Наранбаяр эрэлтэд нийцүүлэн боловсон хүчнээ тооцоолох байтал багш мэргэжлээр суралцах хэн бүхнийг хамруулна хэмээн попорч, 2025 онд төсвийн хэрэгцээгээ дутуу тооцсоноос өнөөдөр олон оюутан сургалтын төлбөргүй, “гудамжинд гарахдаа” тулчихлаа. Тухайлбал, 2024 онд багш мэргэжлийн квот 2765 байсан бол өнгөрсөн жил давхардсан тоогоор 11 775 болж 9000 орчим хүүхэд “илүүдсэн”. Даахгүй нохой булуу хураана гэгчээр төсөв нь хүрэлцээгүй байхад тооцоо судалгаагүй хандсаны гор өнөө илэрч байна. Квотоо нэмэхгүй бол болохоо байлаа хэмээн сандарч, одоогийн Боловсролын сайд Л.Энх-Амгалан дээрх тоог 4900 болгож нэмэгдүүлжээ. Гэвч цаана нь 7000 орчим оюутны төлбөр сох дутаж буй. Ямар сайндаа аргаа барсан оюутнууд энэ сарын 1-нд тайван жагсаал зохион байгуулсан. МУБИС-ийн оюутнууд зохих журмын дагуу болзол, шалгуурыг нь хангаад, Боловсролын зээлийн сантай гэрээ байгуулж, сургалтын төлбөрөө чөлөөлүүлэхээр болсон ч санхүүжилт нь орж ирээгүй гэх шалтгаанаар хичээлдээ ч суух аргагүйд хүрснээ учирласан юм. Анхнаасаа багш мэргэжилтнийг үнэ төлбөргүй сургана гээгүй бол ийм байдалд хүрэхгүй нь ойлгомжтой.
Өнгөрсөн жил 2026 оны төсөв батлахдаа л багш мэргэжилтнээр суралцагчдад цөөн квот тогтоосон байж. Өөрөөр хэлбэл, анхнаасаа ахиу төсөв батлаад тэр нь дутсан юм биш, хэчнээн хүүхдийг багш мэргэжлээр үнэ төлбөргүй сургах, цаашид манай улсад ямар чиглэлийн боловсон хүчин эрэлттэй вэ гэдгээ л тооцож чадаагүй гэсэн үг. Үүнийг 2026 оны төсвийн тодотголд 13.2 тэрбум төгрөг суулган гал намжаах байдлаар шийдэх бололтой. Дараа нь Боловсролын сайд Л.Энх-Амгалан багш мэргэжлээр сурч буй оюутнуудад олгох тэтгэлгийн квотыг шинэчлэх шаардлагатай аж.
Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд 40 мянга, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 10 гаруй мянган багш ажиллаж буй. Цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн боловсон хүчний хэрэгцээ нийт 50 гаруй мянгаар хязгаарлагдаж байна. Гэтэл дээр дурдсан багш мэргэжлээр суралцаж буй 11 мянга гаруй хүн энэ зах зээлд орж ирснээр илүүдэл үүсэхээр байгааг мэргэжилтнүүд сануулах боллоо. Гэвч галт тэрэг нэгэнт хөдөлсөн тул багш мэргэжлээр суралцаж буй, тэтгэлгийн шаардлага хангасан оюутнуудад сурлагын амжилтыг харгалзан төлбөрийг нь олгохоос өөр зам үгүй. Харин сургуулиа төгссөний дараа тэднийг ямар ирээдүй хүлээж буй нь бүрхэг. Өөрөөр хэлбэл, өдгөө цэцэрлэгийн болон бага ангийн багшийн орон тоо дүүрсэн, мөн биеийн тамирын багш нар бүр “савнаасаа хальсан” хэмээн Боловсролын зээлийн сангаас мэдээлсэн юм. Харин ойрын 4-5 жил буюу 2030 онд математик, физик, хими, биологи, Монголын түүх, монгол хэл, уран зохиол, дүрслэх урлаг, гадаад хэлний багш дутагдах тооцоолол гарчээ. Гэтэл багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудын хэд нь энэ чиглэлээр мэргэшиж буй нь тодорхойгүй. Босго намхан, төлбөргүй сургуульд дөрвөн жил суралцаад дипломтой болохыг хэн хүнгүй л хүсэх биз.
301 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АВЛАГАТАЙГААС 241.5 ТЭРБУМ НЬ ГАДААД ЗЭЭЛ
Боловсролын зээлийн сангийн сургалтын зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж хоорондоо ялгаатай. Багш, багш мэргэжлээр суралцагч, багш ажилтны нэг хүүхдэд олгох тэтгэлгийн болзол нь суралцагч төгсөөд төрийн болон орон нутгийн өмчит боловсролын сургалтын байгууллагад орон нутагт гурав, нийслэлд таваас доошгүй жил тогтвортой ажиллах юм. Үүнийг зөвшөөрч гэрээ байгуулан, тэтгэлэг хүртэгсэд харамсалтай нь, мэргэжлээрээ ажиллахгүй байх, эсвэл хэдхэн жил болоод л өөр салбар луу “урвах” үзэгдэл түгээмэл. Жишээ нь, дотоодод 2021 оноос хойш багш, сувилагчаар суралцаж төгсөөд мэргэжлээрээ 3-5 жил ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй 900 орчим багш бий аж. Дипломтой багш нар өдгөө хаана, юу хийж явааг судалж, мөшгөж, гэрээний үүргээ биелүүлэхийг сануулах тогтолцоо алга. Иймээс гэрээний үүргээ эс биелүүлсэн тохиолдолд тэтгэлгээ буцаан төлөхийн зэрэгцээ, алданги тооцдогийг ч үл тоогсод олон.
Мөн дээр дурдсан 11 мянга гаруй оюутан багш мэргэжлээр төгсөөд “шингэх” зах зээл байхгүйн улмаас гэрээний үүргээ биелүүлж чадахгүйд хүрэх нөхцөл үүсэхээр байна. Мэдээж тэдний зарим нь ажлын байртай болох ч сул орон тоо гараагүй мэргэжилтнүүд өөр ажил эрхлэхээс сонголтгүй болж мэдэх нь. Хүссэн, хүсээгүй тэтгэлгээ эргүүлэн төлөх эрсдэл үүрч магадгүй гэсэн үг. Энэ тухайд Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгч П.Зохихсүрэн “Тэтгэлэг бол амжилттай суралцагчийг урамшуулдаг болохоос халамжийн бодлого биш. Багш мэргэжилтний тухайд голч дүн нь 2.7-гоос доошгүй байсныг гурав болгон нэмэгдүүлэх, математик, физик зэрэг байгалийн ухааны хичээлээр эрэлттэй байгаа салбарт багш нарыг бэлдэхэд анхаарч байна. Мөн эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр суралцагчдад 100 хувь тэтгэлэг олгож байгаа. Багш нарын эрэлтэд нийцүүлэн тэтгэлэг олгоогүйгээс асуудал үүссэн. Иймд ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөөнд заагдсан хичээлийн багшаас ирээдүйд хэдэн мэргэжилтэн дутахаар байна тэр тоогоор нь квот батлах, шинээр тэтгэлэг авах хүсэлтийг дээрх чиглэлээр суралцах хүнд олгохоор ажиллаж байна” гэв.
Дотоод, гадаадын их сургуульд Боловсролын сангийн зээлээр сурсан хүмүүсийн сургалтын төлбөрийн асуудал үеийн үед маргаан дагуулж ирсэн. Зарим нэг эрх мэдэлтэн, албан тушаалтны намтар, түүх, архив бичиг баримт сэм алга болчихдог жишиг тогтоод удаж буй. Ялангуяа гадаадад татвар төлөгчдийн мөнгөөр сурч ирсэн нөхдүүд зээлээ төлөөгүй тохиолдол цөөнгүй. Энэ оны есдүгээр сарын 30-ны байдлаар Боловсролын зээлийн санд 11.7 тэрбум төгрөг эргэн төлсөн байна. Үүнээс 1.6 тэрбум нь гадаад зээлийн эргэн төлөлт. 2025 онд 17.9 тэрбум төгрөг төвлөрүүлсний 3.1 тэрбум нь гадаадад суралцагчид байжээ. Боловсролын зээлийн сан нийт 301 тэрбум төгрөгийн авлагатайгаас 241.5 тэрбум нь гадаад, 60.1 тэрбум нь дотоодынх. Өөрөөр хэлбэл, гадаадад суралцагчдын зээл дотоодынхоос даруй дөрвөн дахин их буй ч эргэн төлөлт нь шаардлага хангахгүй, “муу” байгааг тус сангийн Ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгч П.Зохихсүрэн тодотгосон.
Энэ бүхний үндэс нь тэтгэлэг хүртэгсдийн гэрээний үүргийг дүгнээгүй, зээлээр суралцагчдын эргэн төлөлтийг сайжруулахад дорвитой алхам хийгээгүй буюу үндсэн чиг үүргээ гажуудуулсан Боловсролын сайд, Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга нарын буруу юм. Боловсролын зээлийн сангийнхан 1993 оноос дотоод, 1997 оноос гадаад зээл олгож эхэлсэн хэрнээ өдий болтол цахим архив үүсгээгүй, суралцагчдын бичиг баримт цаасан хэлбэрээр байдаг аж. Нэг ёсондоо гэрээний үүрэг дүгнэх, авлага нэхэмжлэх үйл явц нүд хуурч иржээ. “И Монголиа” цахим санд мэдэгдэл, Монголбанкны зээлийн мэдээллийн санд өртэй гэх мэдээллийг дамжуулдаг ч тухайн иргэнд гэрийн хаягаар албан мэдэгдэл хүргэдэггүй аж. Үүний улмаас зээлтэйгээ “мартсан” иргэд Боловсролын зээлийн санд өргөдөл бичиж, тодруулж асуух явдал нэмэгдсэн гэнэ. Иймд тус сангийнхан Захиргаа, эрх зүйн хэлтэс байгуулж, зээлийн гэрээ дүгнэх, авлага хөөцөлдөх чиг үүрэгтэй мэргэжилтнүүд ажиллуулж буй аж.
Хамгийн ноцтой нь, гадаадад сурсан 1288 иргэний гэрээг өдий хүртэл дүгнээгүй байна. Гэрээг дүгнээгүй учир хэд нь зээлээр, эсвэл тэтгэлгээр сурсныг хэлэх боломжгүй гэсэн үг. Боловсролын зээлийн сангийн санхүүжилтийн доголдол нь Л.Энх-Амгалан сайд 2024 оноос гэрээ дүгнэх ажлыг сааруулсантай холбоотой гэж зарим эх сурвалж мэдээлсэн юм. Гэтэл тэрбээр өнгөрсөн зургаадугаар сард Боловсролын зээлийн сангийн данс улайсан хэмээн хээвнэг ярьсан.
Гадаадын тэтгэлэг, сургалтын зээл, буцалтгүй тусламжийн төсөвт Ерөнхийлөгчийн тэтгэлэг багагүй жин дардаг. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрт хамрагдаж, гадаадад суралцсан хүүхдүүдээс эхний төгсөлтийг энэ онд хүлээж авсан. Нийт 132 хүүхэд төгссөн бөгөөд эхнээсээ эх орондоо ирж, хөдөлмөр эрхэлж буй аж. Тэд мөн л гэрээний үүргээ биелүүлэх ёстой бөгөөд таваас доошгүй жил мэргэжлээрээ тухайн шалгарсан орон нутагтаа ажиллах үүрэгтэй. Хэрэв ажиллаагүй тохиолдолд төсвөөс гаргасан бүх зардлыг 100 хувь төлөх юм. Энэ мэтээр гэрээ дууссаны дараа дүгнэх, төсвийг мөшгөх ажлыг Боловсролын зээлийн сангийнхан хариуцлагатай, ил тод гүйцэтгэх шаардлагатай байна. “Дээд боловсрол эзэмших хүсэлтэй, суралцах чадвартай иргэдийг санхүүгийн дэмжлэгээр тэгш боломжоор хангах, зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжийг шударга, ил тод, хариуцлагатай зарцуулах замаар боловсролын хүртээмжийг нэмнэ” хэмээн Боловсролын зээлийн сангийнхан эрхэм зорилгоо тодорхойлсон байна билээ. Энэ зорилго нь амьдралаас хэр хол тасарсныг хэн хүнгүй хэлэх биз.