УИХ дахь АН-ын бүлэг даваа гаргийн ээлжит хуралдаанаараа шинэ даргаа сонголоо. Бүлгийн даргад УИХ-ын гишүүн Б.Түвшин, Х.Тэмүүжин нар өрсөлдсөн бөгөөд санал хураалтад оролцсон 41 гишүүний 24 нь Б.Түвшинг дэмжсэнээр тэрбээр эл албан тушаалд сонгогдов.
Хуралдааны дараа АН-ын бүлгийн дарга асан О.Цогтгэрэл “Бүлгийн даргаар хоёр парламент дамнан, таван жил гаруйн хугацаанд ажиллалаа. Намын ажил, дотоод зохион байгуулалттай холбоотойгоор эл албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгснийг бүлгийн гишүүд хүлээн авч, шинэ даргаа сонголоо. УИХ-ын гишүүн Б.Түвшин өнгөрсөн хугацаанд нам, бүлгийн хэмжээнд өөрийн байр суурийг эзэлж, зохион байгуулах, эв нэгдлийг хангаж ажиллах бүрэн дүүрэн чадамжтайгаа харуулсан. Бүлгийн гишүүд ч ингэж үзэн, түүнд итгэл хүлээлгэлээ” гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Б.Түвшин “Бүлэг даргаа гишүүдийн олонхын саналаар сонгож, энэ талаарх шийдвэрээ УИХ-д хүргүүлснээр эрх, үүрэг нь хэрэгжиж эхэлнэ гэж хуульд заасан байдаг. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 29.3 дахь заалтыг хэрэгжүүлсний дараа бүлгийн даргын үүрэгт ажлаа албан ёсоор эхлүүлнэ. АН-ыг нэгэн цул байлгах, ардчиллын үндсэн зарчим болох дэвшилтэт үзэл санааг хамгаалах, хөгжүүлэх, үндэстний язгуур эрх ашиг, эв нэгдлийг хангах бодлого, зарчимд суурилсан мөрийн хөтөлбөр боловсруулж танилцууллаа. АН-ын бүлэг цаашид хүний эрх, эрх чөлөө, тэр дундаа эдийн засгийн эрх чөлөөг хангах, хамгаалах, хүчтэй сөрөг хүчин байх бодлого барьж ажиллана” хэмээв.
“Dens.mn” сайтын сэтгүүлч Т.Шинэбаярыг хойшлуулшгүй ажиллагаагаар саатуулан шалгаж буй асуудлыг АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Тус намын зүгээс эл асуудалд анхаарч, хяналт тавин, холбогдох хууль хяналтын байгууллагуудаас тайлбар, мэдээлэл шаардах замаар ил тод байдлыг хангаж ажиллахаа мэдэгдсэн юм. Ташрамд дурдахад, УИХ дахь МАН- ын бүлэг өчигдөр 10.00 цагаас хуваарийн дагуу хуралдсан ч олон нийтэд мэдээлэл өгсөнгүй.