Зүүн Азийн 11 орны бүсгүйчүүд өчигдөр Чингис зочид буудалд цуглав. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, тэгш байдлыг хангах арга замыг энэ уулзалтаараа тодорхойлохыг тэд зорьжээ. Азийн бүсийн уг чуулганыг Монголд зохион байгуулахаар болсон шалтгаан нь жаахан онцгүй. Зүүн Азийн бүсийн орнууд дотроо бүсгүйчүүдийн улс төр дэх оролцоогоор манай улс доороосоо гуравт жагсдаг гэнэ. Энэ талаар “хангалтгүй” гэсэн үнэлгээ авч, анхаарлын дохио дуугарч буй учраас Монголыг онцгойлон бага хурлаа зохион байгуулсан аж. Уг бага хурлыг Жендерийн тэгш байдлын үндэсний хороо, НҮБ-ын Хүн амын сан хамтран зохион байгууллаа.
ЖТБҮХ-ны дэд дарга Б.Долгор “Сонгуульд өрсөлдөх эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх нь”, Тимор Лестегийн Үндэсний парламентын дэд дарга Мария Пайксао “Сонгогчоос төлөөлөгч”, Жорж Вашингтоны их сургуулийн Олон улсын харилцааны Эллиот сургуулийн дэд захирал Ариана Лион Рабиндранат “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх уламжлалт бус арга замууд”, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Хөгжлийн бодлогын албаны дарга Ноэлла Ричард “Төрийн захиргааны байгууллага дахь жендерийн тэгш байдал” сэдвээр илтгэл тавьж, түүний дагуу хэлэлцүүлэг өрнүүлэв. Манай улс бүсгүйчүүдээ нам харгалзалгүйгээр дэмжиж, улстөрчдийг танилцуулах чиглэлээр ажиллаж буйгаа илтгэв.
Бүсгүйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх гол арга нь мэдээж хууль эрх зүйн орчин бүрдүүлэх явдал. Тиймээс квотын системийг нэвтрүүлэх, зөв хэрэглэх талаар оролцогчид нэлээд ярив. Манай улс өнгөрсөн онд Сонгуулийн тухай хуулиа шинэчлэн батлахдаа нэр дэвшигчдийн 20 хувь нь бүсгүйчүүд байхаар тусгасныг тэд сайшааж байсан. Энэ сэдвээр зарим хүний байр суурийг сонирхлоо.
С.ОЮУН: ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙГЭЭР НЬ СӨӨЛЖИЖ ЖАГСААЛТ ГАРГАХ ЁСТОЙ
-Квотын механизмийг манай улс хуульдаа тусгачихлаа. Одоо үүнийг хэрхэн зөв хэрэглэх вэ гэдэг асуудал байна. Энэ бол намуудын чухал үүрэг, хариуцлага болж байна. Одоо намууд дотроо нэр дэвшүүлэх журмаа ярьж байгаа. Үүндээ бүсгүйчүүдийн оролцоог бодитоор хангах учиртай. 28 хүний жагсаалтын доор хэдэн эмэгтэйн нэр зоочихоод “Хууль биелүүллээ” гэж нүд хуурах ёсгүй. Тиймээс нэр дэвшүүлэх журмаа батлахдаа эрэгтэй, эмэгтэйгээр нь сөөлжиж жагсаах гэх мэтийг шийдэх хэрэгтэй байна. Лидерүүд нь улс төрийн хүсэл зоригоо гаргаж шийдэхгүй бол ёс төдий юм болоод өнгөрнө. Энэ асуудлыг бүс нутгийн хэмжээнд ч ярьдаг юм байна.
-ИЗНН энэ асуудалд хэрхэн анхаарч байгаа вэ?
-Бид журмаа хэлэлцэж байна. Эмэг тэйч үүдийн байгууллагаасаа санал авна. Тойргийн системээр хүчтэй эрэгтэй лидер өрсөлдөж буй газар шинэ эмэгтэй улстөрчийг оруулчихвал бас ялах магадлалгүй болно. Тиймээс зөвхөн бүсгүйчүүд өрсөлдөх тойрог гаргах гэх мэтээр хуулийг хэрэгжүүлэх боломж, арга замыг нээх хэрэгтэй. Мөн шинэ улстөрч эмэгтэйчүүдийг зоригжуулах, санхүүжилтээр нь нам өөрөө дэмжих арга зам ч байдаг аж. Намууд хандив авдаг бол эсрэгээр босгож буй санхүүжилтээсээ эмэгтэй улстөрчдөө дэмждэг юм байна. Иймэрхүү дэвшилт аргууудыг намдаа нэвтрүүлэхийн төлөө тэмцэхгүй бол “бэлэг” барьж байгаа юм шигээр эрэгтэй улстөрчид шууд шийдээд өгөхгүй. Эмэгтэйчүүд улс төрд орсноор амьдралд хэрэгтэй олон шийдвэр гаргадаг. Энэ салбарын төсвийн хөрөнгө оруулалт ч нэмэгдэнэ.
Винни Бянима (НҮБХХ-ийн Нью-Йорк дахь төвийн Жендерийн багийн захирал): МОНГОЛЧУУДАД СУРАЛЦАХ ЗҮЙЛ ИХ БАЙНА
-Манай улс 2015 он гэхэд бүсгүйчүүдийн улс төрийн оролцоог 30 хувьд хүргэнэ гэж Мянганы хөгжлийн зорилтод тусгасан. Үлдсэн богино хугацаанд энэ зорилгодоо хүрэхийн тулд ямар арга зам хэрэглэх ёстой бол?
-Хүн ам цөөтэй, хоёр том хөрштэй Мон гол Улсын хөгжил шат шаттайгаар явж байгаа. Азийн зарим оронд зэвсэгт мөргөлдөөний дараа л сая нэг хуульдаа квот тусгаж байсан. Монголд энэ асуудал тайван замаар, алхам алхмаар урагшилж байгаа. Хямралын дараах үеийн болон тогтвортой хөгжиж буй улс орнуудад зориулсан арга замын талаар энэ хурлаар ярина. Тиймээс богино хугацаанд хэрхэн амжилт олох талаар эндээс Монгол Улсад сурах зүйл их бий.
-Ази тивийн тухайд байдал ямархуу байна вэ?
-Ази тивийн эдийн засгийн хөгжил хурдасч, хүүхдүүд сургуульд хамрагдах нь ч нэмэгдэж байна. Гэхдээ Латин Америк зэрэг бусад тивээс суралцах зүйл их байгаа. Юуны өмнө квотын системийг нэвтрүүлэх хэрэгтэй. Мөн сонгуулийн зардлыг бууруулах, хэвлэл мэдээллээр эмэгтэйчүүдийн эерэг дүр төрхийг сурталчлах хэрэгтэй байна.
Б.Долгор (ЖТБҮХ-ны дэд дарга): УЛС ОРОН БҮРТ ТОХИРСОН СТРАТЕГИ БОЛОВСРУУЛНА
-Энэ бага хурлын зорилго юу вэ?
-Зүүн Азийн орнуудын бүсгүйчүүд бүс нутагтаа эмэгтэйчүүдийн оролцоог яаж нэмэгдүүлэх, амжилтад хүрсэн улс орнуудын туршлага, цаашид юу хийх зэргээ ярилцаж байна. Зарим орон Парламентын гуравны нэгийг бүсгүйчүүдээр бүрдүүлсэн байхад зарим нь нэг ч эмэгтэй гишүүнгүй байна. Тиймээс бүс нутагтаа бүсгүйчүүдийн улс төр дэх оролцооны дундаж үзүүлэлтийг нэмэх, тааруу байгаа улс оронд анхаарах талаар ярилцаж байгаа юм.
-Нэр дэвшүүлэх квотоос гадна түгээмэл хэрэглэж байгаа, үр дүнтэй ямар аргыг оролцогчид санал болгож байна?
-Суудал хуваарилах квотыг л тусгах ёстой. Үүний тулд эрэгтэй улстөрчидтэй ажиллах хэрэгтэй. Ийм квотгүй бол нэр дэвшигчийн квотыг өндөр тогтоож, сонгогчдод сонголт хийх боломж бүрдүүлэх нь чухал. Мөн улс төрийн намууд дүрэмдээ квот тогтоох учиртай. Энэ хурлын дараа Азийн бүс нутаг болон улс орон бүрт тохирсон стратег боловсруулна. Үүн дээр тулгуурласан төлөвлөгөө гаргаж ажиллах учир үр дүнгээ өгнө гэж бодож байна.
-Азийн орнуудад бүсгүйчүүдийг дорд үзэх хандлага их. Хууль эрх зүйн орчин бүрдүүлэхээс гадна сонгогчдын сэтгэл зүйг өөрчлөх нь чухал…
-Эрэгтэй улстөрчдөд ойлгуулах замаар квот тогтоосон туршлага нь их байна. Сонгогчдод ойлгуулахад цаг хугацаа их орно. Манай улс Сонгуулийн хуульдаа квот тогтоочихсон учраас одоо сонгогчдын сэтгэл зүйд найдаж байгаа. Гэхдээ үүний тулд нэр дэвшсэн бүсгүйчүүдийг хэвлэл мэдээллээр дэмжих хандлагыг нэмэгдүүлэх нь чухал байгаа. Бид энэ чиглэлээр ажиллаж байгааг өнөөдөр сайн туршлагын жишээ болгож ярьж байна.
С.ТУУЛ