Бразилийн Амазон мөрний сав газарт барих аварга том усан цахилгаан станцын даланг босгох сонгон шалгаруулалтад есөн компанийн хамтарсан консорциум шалгарлаа. Нийт эрчим хүчнийхээ 80 хувийг усан цахилгаан станцаас гарган авдаг Бразилийн хувьд энэхүү усан цахилгаан станцыг барих зайлшгүй хэрэгтэй байгаа ч байгалв хамгаалагчид, нутгийн иргэдийн удаа дараагийн эсэргүүцэлтэй тулгарсан. Сонгон шалгаруулалтын дүн зарлах гэсэн Засгийн газрын оролдлого гурван ч удаа хойшилсны эцэст үр дүнд хүрлээ. “Бело Монт” далангийн ажлыг гүйцэтгэхээр болсон консорциумийг төрийн мэдлийн компани удирдана.
Хэмжээгээрээ дэлхийд гуравт бичигдэх энэ усан цахилгаан станц 23 сая өрхийг цахилгаанаар хангаж, нэг мегаватт эрчим хүчийг 57 доллараар үйлдвэрлэх юм. Сонгон шалгаруулалтын үр дүнг зарласан дөрөвдүгээр сарын 2-нь өдөр Бразилийн Эрчим хүчний агентлагийн гадаа 500 орчим хүн цугларан эсэргүүцлээ илэрхийлэв. Ялалт байгуулсан консорциум байгаль орчныг хамгаалахад зориулан 800 сая доллар гаргана хэмээн амлаж байгаа.
Гэвч байгаль хамгаалах хөдөлгөөнийхөн далан баригдсанаар 40.000 орчим уугуул иргэдийн амьжиргаа алдагдаж, экологийн тэнцвэр алдагдсанаар олон зуун км нутгийн унаган төрх алдагдана хэмээн эсэргүүцэж 1990-ээд оноос хойш төслийг зогсоох гэж оролдсон ч барсангүй. Далангийн ойролцоо нутагладаг индианы Зикрин Кайопо омгийн удирдагч Луис Зипайа гэгч “Манай омгийн 150 хүн далангийн ажил явж байгаа газарт очно. Хэрэв цус урсах юм бол Засгийн газар хариуцлагыг нь хүлээх болно” гэж Ройтерс агентлагт ярьсан байна.
О.ТОГОО "Өнөөдөр" Сонин
