Иракийн нийслэл Багдадад дөрөвдүгээр сарын 23-нд дараалсан дэлбэрэлтүүд болсны улмаас 58 хүн алагдаж, 100 гаруй хүн хүнд хөнгөн шархадсан байна. Шийтийн сүм хийдүүд дэлбэрэлтийн гол бай боллоо.
АНУ болон Иракийн цэргүүд дөрөвдүгээр сарын 18-нд тусгай ажиллагаа амжилттай явуулж тус улс дахь “Аль-Каида”-гийн салбарыг толгойлдог Абу Омар, Абу Аяаб аль-Масри нарыг суннитүүд суудаг Тикрит хотын ойролцоо устгасны хариуд эдгээр дэлбэрэлтийг зохион байгуулсан гэж албаны хүмүүс мэдэгдэж байгаа юм. “Аль-Каида” бүлэглэл хоёр толгойлогчоо алагдсан гэдгийг нотолсон ч, дэлбэрэлтийг зохион байгуулсан талаар ямар нэг мэдэгдэл хийсэнгүй. Хэдэн халдлага болсон талаар эх сурвалжууд зөрүүтэй мэдээлэл дамжуулж байна.
Барагцаагаар 6-13 дэлбэрэлт болсон гэсэн мэдээлэл байна. Мөн өдөр харьцангуй тайван байдаг Анбар мужийн Халидиа хотод халдлага болж долоон хүн алагджээ. Шинжээчид хэдэн бөмбөг, хэн дэлбэлсэн нь хамаагүй, сонгуулийн дараа улс төрийн нөхцөл байдал тодорхойгүй байгаа энэ үед алан хядагчид шашин хоорондын зөрчил өдөөх гэж шийтийн сүм хийдүүдэд мөргөлийн цагаар халдаж байна гэжээ.