Цэргийн нисдэг тэрэг жолоодох дамжаа амжилттай дүүргэсэн Британийн хунтайж Харри ирэх оны эхэн гэхэд сурч мэдсэнээ Афганистанд туршиж магадгүй гэж “The Daily Mail” сонинд бичсэн байна.
Цэргийн нисдэг тэрэг жолоодох дамжаанд 16 сар суралцсан хунтайж Харри өнгөрсөн сарын 29-нд төгсөлтийн туршилтаа амжилттай хийжээ. Одоо Их Британийн Хатан II Елизаветагийн ач хүү “Lynx”, “Apache” нисдэг тэрэг жолоодох эрхтэй болсон байна.
Тэрбээр дасгал сургууль хийж байхдаа эдүгээ байлдааны ажиллагаанд идэвхтэй ашиглаж буй “Apache” нисдэг тэргэний жолооны ард сууж үзэхсэн гэж хүсдэгээ нуудаггүй байжээ. Хунтайж Харрийн нэг адил дамжаа дүүргэсэн Британийн нисэгчдийн ердөө хоёр хувь нь дээрх нисдэг тэрэг жолоодох эрхтэй байдаг тухай “The Daily Mail” сонинд бичсэн байна. Харин армийн нисэхийн командлал энэ сарын эхээр Харри ямар нисдэг тэрэг жолоодохыг шийдэх ажээ.
Хунтайж Харри цэргийн нисдэг тэрэг жолоодох дамжааг дүүргэснийхээ дараа дахин нэгэнтээ Афганистаныг зорьж, тэнд байрлаж буй Британийн цэргүүдтэй нийлэх бодолтой байгаа тухай дээрх сонинд бичжээ. Гэхдээ тэрбээр нисдэг тэрэгний жолоочоор Афганистанд дахин очихын тулд хагас жилийн бэлтгэл хийх шаардлагатай бөгөөд тэгсний эцэст түүнийг сая байлдааны ажиллагаанд оролцож болно гэж үзэх юм байна. Хатан хааны ач хүү бэлтгэл сургуулилалтаа амжилттай хийж дуусгасан тохиолдолд өөр ямар нэгэн асуудал байхгүй бөгөөд 2011 оны нэгдүгээр сар гэхэд Афганистанд оччихсон байх юм хэмээн “The Daily Mail” сонинд бичжээ.
Үе залгамжилсан хунтайж Чарльзын отгон хүү хунтайж Харри 2007-2008 онд Афганистанд арван долоо хоног алба хаасан бөгөөд Хатан хааны морьт гвард болон Гильменд мужид байрлаж буй драгуны хорооны хуягт танкийн тагнуулын ротын дарга байсан билээ. Тэр үед түүний байгаа газрыг чанд нууцалж байсан. Гэвч 2008 оны хоёрдугаар сарын сүүлчээр хунтайжийн байгаа газрын талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээ гарч эхэлсэн учраас аюулгүй байдлыг нь хангах үүднээс түүнийг Афганистанаас татсан юм.
Б.БУЯНЦОГ