Европ руу хүрэх өргөн царигийн төмөр зам тавих талаар 10 гаруй жил ярилцсан төсөл удахгүй хэрэгжих гэж байна гэж Газета.ру сайтад мэдээлжээ.
Энэ замыг тавьснаар Европын орнуудад Азийн бүс нутгаас маш хурдан бараа хүлээн авах боломжтой болохоос гадна зардал багасах юм.
Братиславт Оросын төмөр замын эрх баригчид Словакийн Кошице хотоос Австрийн Вена хот хүртэл төмөр зам тавих хэлэлцээр байгуулжээ. Оросын өргөн царигийн төмөр зам нь 1520 мм өргөн бол Европт жирийн төмөр зам нь 1435 мм өргөнтэй байдаг аж. Европыг холбох өргөн царигийн төмөр замыг Словак-Украины хилээс Братислав болон Вена хүртэл тавих юм. Германы “Роланд Бергер стратеги” компанийг хөрөнгө оруулалтын гэрээний гол гүйцэтгэгчээр сонгожээ.
Оросын төмөр замын компани, Словакийн “Татравагонка” компани мөн ачааны чиргүүл үйлдвэрлэх хамтарсан компани байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурах юм. Энэ төслүүдэд ойролцоогоор 2-3 тэрбум долларын хөрөнгө оруулах аж.
Өргөн царигийн төмөр замыг өргөжүүлснээр Оросын төмөр зам Транс-Сибирийн замын дагуух Ази-Номхон далайн бүс нутгаас Европ хоорондын төмөр замын үйлчилгээгээ өргөжүүлэх юм. Үүнд ачаа тээвэрлэх ажиллагаа мөн хамрагдана. Түүнчлэн тус компанийн орлого ч нэмэгдэх давуу талтай ажээ.
С.Отгонбаяр "Монцамэ"