“Нацист Германы удирдагч Гитлерийг устгах төлөвлөгөөг Зөвлөлтийн тусгай албад дайны жилүүдэд хоёр удаа боловсруулсан ч И.Сталин тухай бүрт нь хүчингүй болгосон” гэж ОХУ-ын Дотоод хэргийн сайдаар 1995-1998 онд ажиллаж байсан өдгөө “Цэргийн удирдагчдын клуб”-ийн тэргүүн генерал Анатоли Куликов Москвад болсон хэвлэлийн хурал дээр мэдэгдэв.
Гитлерийг устгах төлөвлөгөөг 1943, 1944 онд боловсруулсан агаад сүүлчийнх нь тун ч нямбай бодож боловсруулсан ажиллагаа байсан гэнэ. Гитлер амьд байх нь ялах нь тодорхой болсон И.Сталинд хэрэгтэй байсан аж. Учир нь, Гитлер ямар нэгэн байдлаар алагдсан тохиолдолд оронд нь гарч ирсэн хүн Их Британи, АНУ-тай дайн зогсоох энхийн гэрээг хийх аваас Москвад ашиггүй төдийгүй улс төрийн туйлын аюултай нөхцөл үүсгэнэ гэж И.Сталин үзсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд У.Черчиль улаан, хүрэн хоёр тахлыг хоёуланг нь жигшдэг хүн байсан агаад хоёр муугаас арай дөнгүүрийг нь Москваг хэмээн үзэж Гитлерийн эсрэг холбоо байгуулсан байна. Түүнийгээ ч нууж байсангүй. “Гитлер тамд очлоо гэхэд бид шуламтай нийлэн түүнийг дарах болно” хэмээн улаан цайм хэлж байв. И.Сталин ч британичуудыг холбоотноо хэмээн үзэж хайрлаад сүйд болдоггүй төдийгүй өнөөгийн нөхөр, маргаашийн дайсан хэмээн тооцдог байв.
Тэрбээр дайн дуусмагц холбоотнуудтай үзэлцэнэ хэмээн шийдчихээд байсан аж. Гитлерийг устгах төлөвлөгөөний талаарх нарийн ширийнийг өгүүлсэн “Дэлхийн хоёрдугаар дайн” номоо А.Куликов удахгүй хэвлүүлэх юм байна.