Японы “Асахи” сонины явуулсан судалгаагаар Ерөнхий сайд Юкио Хатоямагийн Засгийн газрын нэр хүнд дөрвөн хувиар унаж, 17 болжээ. Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн үзүүлэлт 70 хувьд хүрсэн байна. Нэр хүнд нь унах гол шалтгаан нь Ерөнхий сайд Юкио Хатояма өнгөрсөн
сонгуулийн үеэр АНУ-ын цэргийн баазыг Окинава арлаас нүүлгэнэ гэсэн амлалтаа биелүүлж чадахгүй болсноо зарласан явдал аж. Тэрбээр тавдугаар сарын 28-нд энэ тухайгаа олон нийтэд мэдэгдээд, уучлалт гуйсан. Үүний дараа Социал демократ нам Ерөнхий сайд Ю.Хатоямагийн тэргүүлдэг эвслээс гарч буйгаа зарлаад, “Ерөнхий сайд сонгуулийн үеэр хэлсэн амлалтаа биелүүлж чадсангүй” хэмээн шүүмжилжээ.
Тус нам эвслийг орхисноор Ю.Хатоямагийн Засгийн газрыг огцруулах нөхцөлийг нь бүрдүүлж чадаагүй ч нэр хүндийг нь ихээхэн унагасан нь “Асахи” сонины тавдугаар сарын 29-30-нд явуулсан санал асуулгаар ил боллоо. Өдөр тутмын нэр хүндтэй хэвлэлүүдийн нэг “Йомиури” сонин энэ хугацаанд мөн санал асуулга явуулсан агаад оролцогчдын 81 хувь нь цэргийн баазыг үлдээх тухай шийдвэрийг эсэргүүцэж, 60 орчим хувь нь үүнийхээ төлөө огцрох ёстой гэсэн санал өгчээ. Дээрх хоёр сонин санал асуулгаа утсаар авсан бөгөөд “Асахи” сонины санал асуулгад 1106, “Йомиури” сониныход 1111 хүн оролцжээ.