Их Британийн Кумбриа тойрогт таксиний жолооч гал нээсний улмаас 12 хүн алагдаж, 25 хүн шархдсан байна. Их Британид 1996 онд Томас Хамилтон гэгч этгээд бага сургуулийн 16 сурагчийг галт зэвсэгээр хөнөөснөөс хойш иймэрхүү аллага гараагүй агаад уг хэргийн дараа буу зэвсэг худалдан авах журмыг чангатгасан юм байна.
Зургадугаар сарын 2-нд гарсан энэ хэргийг таксины жолооч 52 настай Беррик Берд гэгч этгээд үйлдсэн хэмээн цагдаагийнхан сэжиглэж байгаа юм. Өөрийгөө буудаж хөнөөсөн сэжигтний цогцос Бүтсийн ойгоос олджээ. Цогцосны дэргэдээс аллага үйлдсэн байж болзошгүй хоёр бууг цагдаа нар олсон байна. Гэрчүүдийн мэдэгдэж байгаагаар сэжигтэн Кумбриа тойргоор давхиж явахдаа замдаа тааралдсан хүмүүс рүү гал нээж байсан гэнэ. Шархадсан хүмүүсийн гуравынх нь биеийн байдал хүнд байна.
Д.Бердийн аллага үйлдсэн шалтгааныг хэлэхэд арай эрт байна гэж албаны хүмүүс мэдэгджээ. Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн бүртгэлд түүний нэр байхгүй гэж орон нутгийн эмнэлэгийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Аллага гарахын урд орой сэжигтэнтэй уулзсан таксины жолооч Петер Ледер “Тэрбээр том, бага хоёр буу авч явсан. Гэхдээ сэжигтэй зүйл огт анзаарагдаагүй. Харин салахдаа “Баяртай. Дахиж уулзахгүй биз дээ” гэж хэлсэн” хэмээн “Channel 4 News” сувагт ярьсан байна.
Болсон явдалд ихээхэн цочирдож, түгшсэн Их Британийн хатан хаан Элизабет амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлээд, “Та бүхэнд болоод улс оронд учирсан уй гашууг хуваалцаж байна” гэжээ. Ерөнхий сайд Дэвид Камерун гашуудлаа илэрхийлэхийн зэрэгцээ “Айдаст автсан тойргийн ард иргэдийг тайвшруулах, тэдэнд туслахын төлөө Засгийн газар боломжтой бүхнийг хийх болно” гэв.
Одоо мэдэгдэж байгаагаар сэжигтэн эхнэр хүүхдээсээ салсан, ганцаараа амьдардаг нэгэн байсан агаад этгээд хачин зантай хүн байгаагүй гэнэ. Түүнтэй хамт ажилладаг хүмүүс болон найз нар нь түүнийг аллага хийх хүн биш гэж нэгэн дуугаар баталж байгаа аж.
Сүүлчийн жилүүдэд Их Британид буу хэрэглэн аллага үйлдсэн хэрэг жилдээ 100 хүрэхгүй гардаг нь харьцангуй бага үзүүлэлт агаад нийтдээ 600.000 орчим хүн хууль ёсоор зэвсэг эзэмшдэгийн олонх нь фермерүүд, анчид байдаг аж.