Словакийн Парламентын сонгуульд консерватив намуудын эвсэл 78 суудал авч ялах нь тодорхой боллоо. Ерөнхий сайд Роберт Фицогийн тэргүүлдэг зүүний намуудын эвсэл 150 суудалтай парламентед 63 суудал авчээ.
Роберт Фицогийн эвсэл ялагдсан шалтгааныг Засгийн газрын өр ихэссэн, намын санхүүжилттэй холбоотой дуулиан, хөрш Унгартай харилцаа муудсанаас болсон хэмээн ажиглагчид дүгнэв. Үндэсний цөөнх унгарчуудаас голдуу бүрддэг Мост-Хид нам барууны хүчний Эрх чөлөө, эв нэгдэл, Христийн ардчилсан намтай эвсэл болон сонгуульд орж ялалт байгуулсан юм. Тус эвслийн тэргүүн Ивета Радичова “Бидний гол зорилго бол өрийг багасгаж, эдийн засгийн өсөлтийг хангах. Эдийн засгийн өсөлтөөрөө Европын бар гэгдэж байсан нэр хүндээ эргүүлэн олж авах” хэмээн мэдэгдэв. Сонгогчдын 58.7 хувь нь саналаа өгчээ.
Словакийн Үндэсний нам таван хувийн босгыг арайхийн давж есөн суудалтайгаар Парламентад хөл тавьсан бол, Р.Фицогийн эвсэлд багтсан Социал демократ нам таван хувийн босгонд бүдэрч хоосон хоцров.