Дайны хөлд туйлдсан Афганистан төмөр, зэс, алт болон бусад ашигт малтмалаар баян орон болох нь тогтоогдоод удаж байгаа ч дэлхий нийт саяхныг болтол мэдэхгүй байсан юм. АНУ-ын Батлан хамгаалах яам Афганистаны нөөцийг нэг их наяд доллараар үнэлэгдэнэ хэмээн мэдэгдсэн. Пентагоны үзэж байгаагаар Афганистан байгалийн баялгаа ашиглан хөгжих боломжтой байгаа нь дайныг зогсоох сонирхол буй болгохоос гадна ирээдүйдээ итгэх итгэлийг тус улсын иргэдэд өгөх гэнэ.
Гэхдээ байгалийн баялагтай нутгийн зарим хэсэг зэвсэгт бүлэглэлүүдийн хяналтад байгаа нь хугацаа алдах, бэрхшээл үүсгэх нөхцөл болж мэдэхээр байгаа юм.
Тагнуулын төв газрын зөвл өх асан Брюс Райдел “Хэрэв АНУ Афганистаны уул уурхайн салбарт аюулгүй байдлын баталгаа гаргаж өгч чадах юм бол хувьцаа нь маш хурдан өснө. Гэвч дайн, авлига, өрсөлдөх чадвар сул гээд бэрхшээл их байгаа” гэжээ. Тэрбээр өнгөрсөн жил АНУ-ын Афганистан дахь стратегийн бодлогыг шинэчлэх ажилд зөвл өхөөр оролцож байхдаа “Обамагийн хийх дайн амин чухал байхаас гадна улам бүр ярвигтай болно” хэмээн хэлж байсан юм.
Афганистаны байгалийн баялгийн судалгааны дийлэнхийг Зөвлөлтийн геологчид хийсэн агаад тус улсын эрдэмтэд судалгааны тайлан, мэдээллийг нууж байгаад 2001 онд Засгийн газартаа эргүүлэн өгчээ.
Пентагоны тооцоогоор Афганистаны баялгийн тал хувь болох төмрийн хүдрийн нөөц 420 тэрбум, зэсийнх 273 тэрбум доллараар тус тус үнэлэгдэх гэнэ.
Баялаг тойрсон шуугиан тус улсад нүүрлээд байгаа хээл хахуулийг улам хөөргөднө гэж ажиглагчид үзэж байгаа юм. “Аль-Каида”-гийн мэдэлд байсан Кабулаас зүүн өмнө зүгт байх Аянак бол дэлхийн хамгийн том зэсийн орд. Хятадууд аль хэдийнэ гараа дүрээд амжсан. Афганистаны уул уурхайн сайд асан Мохаммед Ибрахим Адель тус зэсийн ордод олборлолт хийх гурван тэрбум долларын гэрээг Хятадын “Metallurgical Group” корпорацитай хийж, 20 сая долларын авлига авсан тухай өнгөрсөн оны арваннэгдүгээр сард АНУ-ын албаны хүн мэдээлсэн. Гэвч М.Адель энэ бүхнийг няцаагаад “Бүх зүйл хуулийн дагуу болсон” хэмээн мэдэгдсэн.
Ерөнхийлөгч Х.Карзайн хэвлэлийн төлөөлөгч Уахид Омар “Нэг их наяд долларын баялгийн тухай энэ мэдээлэл Афганистаны ард түмэнд том бэлэг. Энэ баялаг хүн бүрт ногдох ёстой. Бид хамтдаа үүнийг хийж чадна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.